Гол, мөрөн, нуурын усны түвшин эрс нэмэгдсэн ойрын өдрүүдэд үерийн аюулаас сэрэмжлэхийг холбогдох байгууллагаас анхааруулсаар буй. Гэвч гол гатлах гэж байгаад суух, эрэг дагуу зугаалж яваад унах зэрэг явдал гарч байна.
Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг, Ширээ булаг гэдэг газар “Портер” загварын дунд оврын ачааны машинтай хүмүүс Хараа гол гатлах гэж яваад сууж, улмаар усанд урсахад ойрхон болсон байсныг аврагчид татаж гарган, гурван хүний амийг аварчээ.
Түүнчлэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг Тээл багийн Тэгш булан гэдэг газарт Сэлэнгэ мөрөнд завь хөмөрснөөс долоон хүн осолдсон харамсалтай хэрэг гарсан. Аврагчид дөрөвдүгээр сарын 21-нээс тавдугаар сарын 2 хүртэл эрэн хайх ажиллагаа явуулж, дөрвөн иргэний цогцсыг гаргасан бол гурвыг нь олоогүй учраас ар гэрийнхэнтэй нь зөвшилцөн эрлээ зогсоогоод байсан билээ.
Тэгвэл энэ сарын 4-нд нэг хүний цогцос олдсон учраас бусад хоёрынх нь ар гэрийнхэн хүсэлт гаргаснаар өнгөрсөн баасан гаргаас хойш 50 настай Г, найман настай Б нарыг хайж эхэлжээ. Сэлэнгэ мөрний урсгал дагуу эрлийн хоёр өдөр, харанхуй болтол нэлээд олон км газарт самнасан ч одоогоор олоогүй байна.
Сэлэнгэ мөрөнд осолдсон хүмүүсийг дахин хайж байна |
|