Соёлын сайд Ч.Номин цар тахлын үед баяр наадмыг тэмдэглэх асуудлаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Удахгүй улсын баяр наадам болох гэж байгаатай холбоотой цар тахлын нөхцөл байдлыг зайлшгүй тооцож үзэх нь зүйн асуудал билээ. Хүн бүр санаа зовниж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байгаа ч бид аливаад ул суурьтай хандах нь чухал. Тиймээс дараах хэдэн зүйлийн тайлбарыг хүргэж байна.
Нэгдүгээрт, Монголчууд бид эртнээс уламжилж ирсэн өв соёл, төрт ёс, зан заншлын хэлхээ баяр наадамдаа өндөр ач холбогдол өгдөг хэдий ч энэ хүнд цаг үед эрэмбэлэн үзвээс нийгмийн эрүүл мэндийг хамгаалах нь нэн тэргүүний ажил яах аргагүй мөн.
Хоёрдугаарт, Баяр наадмыг зохион байгуулах нь шадар сайдын эрхлэх ажилд хамаардаг бөгөөд есөн салбар хорооны хамтарсан баг ажилладаг. Энэ нь дан ганц Соёлын яам хийдэг ажил биш юм.
Гуравдугаарт, Баяр наадмын төсөв Соёлын яаманд бус нийслэл Улаанбаатар хотод хуваарилагдсан байдаг бөгөөд яамны зүгээс болон бусад байгууллагууд үйл ажиллагаагаа хамтран хийж, хэрэгжүүлдэг билээ. Харин хувь хүнийхээ тухайд хүн олноор цугласан арга хэмжээг хийхгүй байх нь зөв гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай эцсийн шийдвэрийг төрөөс албан ёсоор гаргаагүй байгаа тул та бүхэн дархлаагаа унагалгүй, хүлээцтэй байж, олон нийтийн сүлжээнд удаа дараа гарч буй ташаа мэдээлэлд авталгүй албан эх сурвалжаас баттай мэдээлэл авч байхыг хүсье” гэжээ.
Ч.Номин: Баяр наадам тэмдэглэх талаар эцсийн шийд гараагүй |
|