• Өнөөдөр 2024-04-25

Бидэнд тохиолдсон хүндхэн хөгтэй явдлууд группийн админ Н.Цогзолбоо: Хошигнож чаддаг хүмүүс амьдралыг амттай, аз жаргалтай болгодог

2020-11-10,   6973

-Олон хүн группээ зарах уу  гэсэн санал тавьж байсан. Гэхдээ бидэнд төлөвлөсөн, зорьж байгаа зүйл олон бий-

   
“Бидэнд тохиолдсон хүндхэн хөгтэй явдал” нэрийг цахим сүлжээ ашиглаж буй хэн бүхэн андахгүй болсон гэхэд хилсдэхгүй билээ. Өөрт тохиолдсон хөгтэй явдлаа бусадтай хуваалцах, бусдын эерэг, гэгээлэг дурсамжаар аялах боломжийг бидэнд олгосон админ Н.Цогзолбоотой та бүхнийг уулзуулж байна. Дархан-Уул аймагт хүүгийн хамт амьдардаг тэрбээр цахим орчинд эерэг хандлага түгээж, энэ бүхнээсээ урам авах нь амьдралыг илүү амттай, аз жаргалтай болгодог хэмээсэн юм.
 
-Бидэнд тохиолдсон хүндхэн хөгтэй явдлууд группийн админ эмэгтэй хүн байсан нь сонирхолтой байлаа. Олон хүн өөрийг тань хөгжилтэй, ихэвчлэн хошигнож явдаг залуу байх болов уу гэж таамагладаг байсан байх. Анх ийм групп нээх санааг хэрхэн олж байв?
 
-Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Урьд нь "Бидэнд тохиолдсон хөгтэй явдлууд" гэдэг нэртэй групп байдаг байсан юм. Хүмүүс тэр группт хөгтэй явдлаа бичиж байгаа нь анхаарал татаж, нэлээд сонирхож уншдаг байв. Гэтэл тухайн үед жаахан хүнд сэдвээр пост бичихээр зарим хүн их дургүйцдэг, эсэргүүцдэг байсан. Заримдаа бүр хэрүүл маргаан болох тохиолдол ч гардаг байв. Тэгээд би "Яагаад хүндхэн сэдвээр бичдэг, түүнийг нь ойлгодог, бас эрч хүч, инээд, энерги авдаг групп байж болохгүй гэж" гэж бодоод 2013 оны арванхоёрдугаар сарын 13-нд энэ группээ нээж байсан. 
 
-Хуудсаа хөгжүүлэхэд, олон гишүүнтэй болоход хэр урт хугацаа зарцуулсан бэ?
 
-Группээ анх нээчихээд энд тэндээс хөгжилтэй зүйл, болсон явдал, онигоо гэх мэт инээд бэлэглэхээр зүйлсийг олж, группээ оруулаад л байдаг байсан. Хүмүүс бага багаар нэмэгдсээр хоёр жил өнгөрөхөд маш идэвхтэй болсон байсан. Идэвхтэй бичигч хэд хэд гарч ирсэн л дээ. Идэвхтэй уншигч ч олон болсон. 
 
-Та ямар ажил мэргэжилтэй юм бэ?
 
-Орчуулагчаар их сургуульд сурч байсан. Би одоо жижигхэн зээлийн газар ажилладаг. Өдөржин компьютер дээр ажилладаг болохоор группийн үйл ажиллагаандаа хяналт тавьж, идэвхтэй байхад нь анхаарч чаддаг.
 
-Санаанаас гардаггүй, хөгжилтэй постоосоо онцлохгүй юу?
 
-Байлгүй яах вэ. Хэсэг залуус хоорондоо зодолдоод, цагдаа ирсэн чинь сандраад хоёр машиндаа хуваагдаад суусан гэсэн. Гэтэл хоёр нь машинаа андуураад суучихсан байсан гэсэн. Эргэж уулзаж, хүнээ солилцож байсан түүхийг нэг хүн бичиж байсан нь санаанаас огт гардаггүй. Энэ түүхээр нь “Маск продакшн” нэг жүжгийнхээ сурталчилгааг хийсэн байдаг. Уншигчид санаж байгаа бол жүжигчин Баярмагнай “Би андуурчихсан уу. Та нар андуурсан уу” гэдэг сурталчилгаа байдаг даа. Бас Үндсэн хуулийн цэцийн нэгэн гишүүн Солонгосын онгоцны үйлчлэгч эмэгтэйн өгзөгт гараараа хүрсэн асуудал сөхөгдсөнтэй холбоотой нэг пост бий. “Солонгосчууд ганц өгзөгөн дээр сүржигнээгүй бол хонь, үрэлнээсээ өгөх л байсан юм” гэж нэг хүн бичсэн байсан. Коронавирусийн халдвар дэлхий дахинд тархаж, нийгэмд маш айдастай байх үед ийм хөгжилтэй зүйлсээр дархлаагаа сэргээж байсан нь онцлог санагддаг юм.
 
-Одоо танай групп хэчнээн гишүүнтэй вэ?
 
-Өнөөдрийн байдлаар 743 мянга гаруй гишүүнтэй. Ер нь өдөрт хэдэн зуун хүсэлт ирдэг. Гэхдээ бид аль болох жинхэнэ хаягтай, идэвхтэй хүмүүсийг бүртгэхийг илүүд үздэг. Мөн насанд хүрсэн байх гэсэн шалгуур тавьдаг.
 
-Та хошин шогийн мэдрэмж ихтэй хүн шиг санагддаг. Энэ нь ч танай групп сайн хөгжихөд нөлөөлсөн байх?
 
-Тийм шүү. Ер нь хошигнож чаддаг хүмүүст дуртай. Амьдралыг амттай болгодог зүйл нь инээд хөөр, сайхан дурсамж шүү дээ. Хошигнож чаддаггүй, хүсдэггүй хүмүүс үнэхээр уйтгартай санагддаг. Би амьдралыг илүү гэгээлгээр харах дуртай.
 
-Магадгүй групп нээснээс хойш танд олон хүн аз жаргалтай хөгжилтэй, эсвэл бүр ухаарал хайрлах зүйлсийг мэдрүүлсэн байх. Энэ группээ нээснээс хойш таны амьдралд гарсан өөрчлөлт юу байна вэ?
 
-Группээ санаандгүй нээсэн минь намайг маш олон танилтай болгосон. Урьд нь огт уулзаж байгаагүй хүмүүстэйгээ хэзээний найз нөхөд, ах дүү, хамаатан садантайгаа уулзаж байгаа юм шиг уулзах, ярилцах тохиолдол цөөнгүй байдаг. Манай групп “СТРЕССГҮЙ НИЙГМИЙН ТӨЛӨӨ” гэх уриалга дэвшүүлээд байгаа. Олон хүний стрессийг тайлахад тусладаг, буянтай ажил хийж байгаа гэж өөрийгөө хааяа дөвийлгөж боддог(инээв).
 
-Хүмүүс энгийн хэрнээ бодит зүйлийг илүүд үздэг. Зарим хүн худлаа юм зохиож, пост оруулаад бусдадаа “балбуулж” байгаа харагддаг.
 
-Тийм шүү. Худлаа юм бичээд, өөрийгөө “од” болгох, дагагчаа нэмэх гэсэн хүмүүсийн бичвэр шууд л танигддаг.
 
-Өөртөө тохиолдсон хөгтэй явдлаас групптээ одоо бичиж байна уу?
 
-Анх бичдэг байсан. Одоо бичдэггүй, хүмүүсийн бичсэнийг уншаад, гишүүдээ идэвхтэй байлгахад илүү анхаардаг болсон. Гишүүн нэмэгдэх тусам ачаалал ихэсч, ганцаараа админ хийхэд хүндрэлтэй болсон. Админуудаа цөөнгүй удаа сольж байсан. Одоо Гал, Цацууш гэсэн хоёр админтайгаа баг болон ажиллаж байна. Бид бараг л нэг гэр бүл шиг дотно найзууд болсон. Бид бүх постоо шүүж оруулдаг. Ёс зүйгүй, худлаа бичвэрүүдийг нэг бүрчлэн устгадаг. Заримдаа өдөржин завгүй ажиллаж байгаад нэг харахад хэдэн зуун хуурамч мэдээлэл хийчихсэн байх нь бий. Уншигч, гишүүд маань тиймэрхүү худал зүйлсийн зөв бурууг ялгадаг байгаасай гэж хүсдэг.
 
-Танай групп цахим орчин дахь хамгийн их хандалттай группийн нэг. Таны эхлүүлсэн ажил нийгэмд тодорхой хэмжээгээр нөлөөлөл үзүүлдэг хэмжээний болчихлоо. Цаашид группийн гишүүдтэйгээ хамтран хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил бий юү?
 
-Тиймээ манай групп Монголын хамгийн олон гишүүнтэй, хамгийн эерэг, хамгийн том групп болсон. Цаашид томоохон үйл ажиллагаа тогтмол зохион байгуулах санаа байгаа. Группийн идэвхтэй гишүүдтэйгээ хамтарч хэдэн жилийн өмнө сайн үйлсийн аян зохиодог байсан. Жишээ нь, нэн ядуу өрхийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл авч өгч, ууланд шувуудад байшин хийж өгч, Туул, Сэлбэ голын эргийг цэвэрлэж, хүүхдийн баяраар хүүхдүүдэд бэлэг тараах гэх мэт.  Гэхдээ хүмүүс ийм зүйлд нэгдэхдээ хойрго байдаг юм билээ. Тиймээс сайн үйлсийн аян гэхээсээ илүү өвчтэй, үнэхээр тус дэм хэрэгтэй хүмүүсийн хандивын аяныг дэмжих нь үр дүнтэй байдаг.
 
-Гаднын улсад танайхтай ижил групп олон байдаг байх. Цаашид группээ хөгжүүлэх талаар ямар нэг шинэ санаа байна уу?
 
-Гаднын фэйсбүүк группүүд манайхан шиг л чиглэл чиглэлийн зүйлсээ хийхээс гадна чанга дүрэм журамтай, маш эмх цэгцтэй байдаг юм байна лээ. Бид цаашид Монголын хамгийн том групп гэсэн тодотголоо улам баталгаажуулан хоёргүй сэтгэлээр ажиллах болно. Олон хүн группээ зарах уу  гэсэн санал тавьж байсан. Гэхдээ бидэнд төлөвлөсөн, зорьж байгаа зүйл олон бий. 
 
-Ярилцсан танд баярлалаа
 
-Баярлалаа
 
 

Бидэнд тохиолдсон хүндхэн хөгтэй явдлууд группийн админ Н.Цогзолбоо: Хошигнож чаддаг хүмүүс амьдралыг амттай, аз жаргалтай болгодог
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-12 20:11:35
    Зочин: Байнга ордог групп шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-11 03:58:25
    Лол : Ёоо миний краш. Чи минь дэндүү хөөрхөн үзэсгэлэнтэй шүү. Үнсэе хайр минь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-10 14:23:51
    г: Хөөрхөн бүсгүй байдаг юм бйна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-10 10:46:43
    Зочин: Мундаг шүү чи минь
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188