• Өнөөдөр 2025-12-18

Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн

2025-12-18,   225

           ....2007 оны арваннэгдүгээр сард Төв аймгийн Айдсын даваа орчимд зам тээврийн ноцтой осол болж, автомашинд явж байсан хоёр хүн амиа алдсан гэх харамсалтай хэрэг гарсан. Ийн тухайн  үед автомашинд зорчиж явсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жанлавын Наранцацралт зуурдаар таалал төгсөж, монголын төрийн нэгэн од тэнгэр харавсан гашуун түүхтэй. Хууль хяналтын байгууллагаас уг хэргийг согтуу жолоочийн хайхрамжгүй үйлдлээс болсон санамсаргүй осол хэмээн хаасан ч, Ерөнхий сайд асан Ж.Наранцацралтыг өнөөдрийг хүртэл учир битүүлгээр насан эцэслэсэн гэдэг итгэж боломгүй эргэлзээ тээнэгэлзэл олон хүний зүрхэнд хадаатай үлджээ...   

  


     “...Би аавыгаа осолд орсны жил ангаахын төгсөх дамжааны оюутан байлаа. Том эр болчихсон юм шиг санаж, бодож явсан надад тэр уйтай мэдээг сонссон цагаас л тэнгэр хөмөрчих шиг болсон. Аавынхаа ослын тухай ярихад одоо ч надад хөндүүртэй байдаг юм. Тухайн үеийн Сайд нарын Хоёрдугаар эмнэлэгийн бөөрний эмч н.Жаргалсайхан ах аавын дотнын найз юм л даа.

         Осол болсны дараа над руу залгаад “Аав нь осолд орчихлоо” гэсэн. Би тэр үедээ гайхаж балмагдсан ч “Та адилхан эмч хүн надад үнэнийг хэлээрэй. Аав байна уу, байхгүй юү” гэж асуухад “Байхгүй болсоон” гээд л утас тасарсан. Осол болсон газар яваад очиход машин нь зам дээр эргэчихсэн харах аргагүй л байлаа. Хөөрхий ээж минь ухаан балартан харж чадахгүй хүндхэн байсан. Ээж, дүү хоёртоо хань бараа болохыг бодож, тайвшруулахаас өөр бодол миний толгойд орж ирэхгүй байсаар хөөрхий аавыгаа нартаас үдчихжээ... гэж харуусан боддог. Хожим аав минь төр түмэндээ хүндлэгдсэн, амь ахуйдаа өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн байжээ гэж бодох өдрүүд олон байдаг” хэмээн дурсах хүн бол Ерөнхий сайд асан Ж.Наранцацралтын хүү Соёмбо. Аавыгаа амьд ахуйд анагаахын сургуульд суралцаж, эмчийн мэрэгжил эзэмшсэн тэрбээр өдгөө улс төрд ороод багагүй хугацааг өнгөрөөсөн байна. Ийн түүнтэй Монголын төрийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан намын лидерүүдийн нэг, Ерөнхий сайд асан Ж.Наранцацралтын амьдрал, улс төрийн замналынх нь талаар үргэлжлэл буландаа урьж ярилцлаа.

    “Тантай аавын тань талаар ярилцах санал тавиад нэлээд удлаа” гэхэд “Цаг зав  таарахгүй үе байлаа. Үнэнийг хэлэхэд би аавынхаа талаар яриахаас эмээдэг хүн л дээ. Аавыг минь сайхнаар дурсах хүн олон байгаа ч, аавынхаа нэрийг бариад яриад яваад байх юм гэж шүүмжлэх хүмүүс ч байдаг юм. Сүүлд  надад нэг хүн хэлсэн. “Чи Наранцацралтын хүүхэд шүү гэж дуудуулахаас илүү, Соёмбо гэдэг хүний аав чинь тэр хүн юм билээ” гэж дуудуулах нь чухал шүү гэж захисан нь миний сэтгэлд үлдсэн юм. Тиймээс би аавынхаа тухай ярих нь ч зөв юм байна  гэж ойлгосон” хэмээн бидний яриа эхэлсэн.

ЭМЧ ГЭР БҮЛЭЭС ТӨРСӨН ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН

         “Миний аав 1957 онд Улаанбаатар хотод төрсөн. Өвөө, эмээ хоёр минь Дундговь аймгийн Өлзийт сумын хүмүүс. Хоёулаа ангаахын салбарын хүмүүс л дээ. Аавыг төрөх үеэр өвөө анагаахын оюутан, одоогийн Ханддорж Чин вангийн өргөөний хашаанд амьдарч байсан гэсэн.

          Ингээд 1957 оны зургадугаар сарын 10-нд эмээ өвдөөд, тухайн үед одооных шиг түргэн тусламж байхгүй учраас өвөө маань эхнэрээ түшээд, төрөх рүү явж байхдаа нэг их гоё үзүүрлэсэн харандаа олсон гэсэн. Ингээд “Би мундаг эрдэмтэй хүүхэдтэй болох юм байна” гэж их билэгшээн мөнөөх харандаагаа хадгалж байснаа хожим надад өгсөн юм. Аавын нэрийг эмээгийн төрсөн дүү түүхийн ухааны профессор Д.Хүүхэнбаатар өгсөн юм билээ. Наранцацралт гэдэг багшийнхаа нэрийг өгсөн. Хүний хувь тавилан гэж сонин юм шүү. Сүүлд би нагац ахынхаа багш Наранцацралт багшийнх нь ач охинтой гэрлэсэн.

        Аав эхээс тавуулаа. Нэг эгч, дөрвөн эрэгтэй дүүтэй. Социлизмын үед яг л бусдын адил хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдарч байсан гэдэг. Өвөө минь уг нь сахил хүртсэн лам хүн байсан юм билээ. Хэлмэгдүүлэлтийн үед амь гарсан ламхай нарын нэг. Насанд хүрээгүй байсан учраас амьд, цөлөгдөлгүй үлдсэн учраас лам гэдгээ нууж цэргийн албанд явсан. Өвөө хэлмэгдүүлэлтийн гашуун түүхийг харсан болоод ч тэрүү үг дуу цөөтэй хүн байлаа. Намайг оюутан байхад өвөөгийн бие өвдөж, би сахидаг байсан юм. Тэр үед өвөө багынхаа зүйлсийг их ярина. “Тийм ном сурч байсан. Сүм хийдийг ингэж шатаадаг байсан. Би нэг бурхан нууж байсан юм. Гэхдээ нуусан бурхнаа эргэж олоогүй” гээд л ярьж байсан.

Өвөө их сайхан хоол хийдэг хүн байсан. Тогоочийн хоёрдугаар зэрэгтэй. Манай гэрийн эрчүүд ер нь их сайхан хоол хийдэг юм шүү. Эмээ минь хүний бага эмч. Эмээ өвөө хоёр хоёулаа л эмчээр ажилладаг учраас тун завгүй. Өвөө эмээ хоёр “Манай таван хүүхдээс бага хүү Ж.Билэгтхүү их толгой сайтай, их юм дуулгах хүүхэд” шүү гэж ярьдаг байсан гэсэн. Харин манай аав их хичээнгүй, даруу төлөв, хөдөлмөрч, үнэнч, шударга хүүхэд байсан гэсэн.

      Аав  Дундговь аймагтаа арван жилийн сургууль дүүргэж, ОХУ-д газар зохион байгуулалтын мэргэжлээр суралцахаар явсан. Өвөө үг дуу цөөтэй хүн учраас хүүхдүүддээ их зүйл хэлдэггүй байсан гэсэн. Аав өвөөгийн хоёр үгийг дагасны нэг нь ОХУ руу сургуульд явсан. Нөгөө нь Ерөнхий сайд болсон. Тэр үед өвөө “Ерөнхий сайд болно гэдэг чинь хэр баргийн хүний хийгээд байдаг ажил биш шүү дээ, хүү минь” гээд аав Ерөнхий сайд болсон юм билээ.

ТАВАН ХАНАТАЙ ГЭРЭЭС АМЬДРАЛАА БОСГОСОН ТҮҮХ

         “ОХУ-д сурч байхдаа ээжтэй тань танилцсан гэдэг байх аа” гэхэд “Тийм ээ, ээж аав хоёр сургуульд явж байгаад галт тэргэнд танилцсан. Галт тэргэнд явж байгаа ээжийн гар дээр “ЯТОЛ” гэж бичээд л үерхэж эхэлсэн гэдэг юм. Би эхээс хоёулаа. Уг нь миний дээр нэг эгч байсан юм билээ. Харамсалтай нь, удаагүй алдчихсан гэсэн. Ээж минь сүүний үйлдвэрийн технологич, зайрмагны үйлдвэрт ажилладаг байсан. Тухайн үеийн гоё зайрмагнуудыг идэж өслөө, би. Аав ОХУ-д газар зохион байгуулалтын инженер гэх ховорхон мэргэжлээр суралцаж төгссөн. Тиймдээ ч Монгол орноо бүтэн тав тойрсон газар зүйн байрлалыг хамгийн сайн мэддэг хүн байлаа. Хаана ямар газар байдаг, ямар замаар явдаг бүгдийг нь андахгүй сайн мэднэ. Ингээд сургуулиа төгсөж ирээд тухайн үеийн Хөдөө аж ахуйн яамны Газар зохион байгуулалтын институдад инженерээр ажиллаж эхэлсэн. Хөдөө гадаа их явдаг. Одны байршил сайн мэднэ. Газрын зураг дээр заагаад төлөвлөсөн газартаа тэдэн цагт очно гэхэд яг л очдог байлаа.

        Аав сургуулиа төгсөж ирээд Сэлбийн ойролцоо таван ханатай гэр бариад ээжийг сургуулиа төгсөөд ирэхэд нь хүлээж авсан гэдэг. Ээж оюутан байхдаа жирэмсэн болсон учраас хоёр жилийн дараа төгссөн юм билээ. Тэд ганц төмөр орноос өөр эд хогшилгүй гэрт амьдарлаа эхэлж байсан гэж ярьдаг юм. Манайх үртсэн зуухтай байсныг би бүүр түүрхэн санадаг юм. Багаадаа би даараад үхэх шахсан гэсэн. Тухайнд хашаа эзэн хөрш айлын Санжаа гэдэг эмч миний амийг аварсан гэж ээж аав хоёр хэлдэг юм.   Ингээд Газар зохион байгуулах институдэд аавыг ажиллаж байхад Л.Энэбиш дарга дуудаад “Би чамд байр өгье. Миний дэргэд ажиллаач гэж” хэлсэн гэдэг.

        Тухайн үед газар зохион байгуулалтын инженерийн цалин өндөр. Хотын захиргааны цалин бага ч аав байртай болох сонголтыг хийснээр манайх гэдэг айл анх байранд орж байлаа. Манайх байранд ч орсон, аав ч улс төрд орсон. 1996 онд аав Нийслэлийн газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн албаны даргаар ажиллаж байгаад Нийслэлийн засаг дарга болсон юм. 1996 онд Ардчилсан нам нийслэлд олонх болж чадаагүй шүү дээ. Гэхдээ аав ажил албандаа сайн, хүмүүстээ яриа тохироо их сайн хийдэг нөлөөтэй хүн байгаа юм. Ингээд Нийслэлд МАН олонх болсон ч АН-аас аав хотын дарга дарга болж байсан түүхтэй.  Аав минь хүн ойлгодог, зөөлөн хүн байсан гэж нөхөд нь ярина. Ардчиллын анхны гишүүдийн нэг Дундговийн МоАХ-ын тэргүүн н.Батжаргал ах “Аав чинь хүнтэй учир зүйгээ сайн олдог хүн байлаа. Бидний үед хөдөө орон нутагт нам засгийн талцал нэлээд байсан. Ингээд сонгуулийн үеэр уулзалт хийгээд аавтай чинь уулзсны дараа эсрэг намын хүн байсан ч санаа бодлыг эргүүлчихдэг байсан юм” гэж дурсаж байсан. Миний аав Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа Улаанбаатар хотын газар зохион байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан”.

1990 ОНЫ СОНГУУЛЬД ЭМЭГТЭЙ ХҮН ГЭЭД ЯЛАГДАЖ БАЙЛАА

        Аавын улс төрийн замнал түүх дандаа дардан байгаагүй. 1990 оны Ардын их хурлын депатутадаар аав нутагтаа нэр дэвших гээд Өлзийт рүү томилолтоор явах болсон юм байна. Ингээд л Ардчилсан намынхан шүдэнзний хайрцаг дээр бурхны зураг хэвлүүлээд сонгуулиар тараахаар унаанд хувиарлаад тал тал тийш гарч. Тухайн үед аав Өлзийт сумаас нэр дэвших эрхээ өвөртөлсөн юм билээ. Өлзийт сум чинь засмал замгүй. Ингээд аав унааны зардалгүй, сурталчилгаагаа хийхээр явж чадахгүй сонгуульд ялагдаж байсан гэсэн. Тэр үед хамаатан садан нь хүртэл Ж.Наранцацралт гэдэг чинь эмэгтэй хүн гэсэн шүү дээ гээд саналаа өгөөгүй гэж инээж байсан юм

       Аав тань утга уран зохиолд дуртай, их дэмждэг хүн байсан гэдэг гэхэд“ Аав яруу найрагч Р.Чойномын Сүмтэй бударын чулуу гэдэг шүлэгт жигтэйхэн дуртай байсан. Яруу найрагчид манайхаар орж гардаг байсан. Ардын уран зохиолч, П.Бадарч, Д.Пүрэвдорж гуайтай найз. Тэр тусмаа яруу найрагч Ц.Хулан эгч аавтай минь их ойр. Би ч хүндэлж явдаг. УИХ-ын гишүүн асан  Л.Одончимэд гуай “Яруу найрагчдын би нэг цуглуулна, эсвэл Нааяа цуглуулж чадна” гэж ярьдаг байсан юм.

ЕРӨНХИЙ САЙДААС УЛС ТӨРИЙН  ШАХАЛТАНД ОРООД БУУСАН ГЭЖ БОДДОГ

       Аавын Ерөнхий сайдаар ажилласан он цаг хугацаа амар байгаагүй. Ерөнхий сайдаас унагаасан ОХУ руу Эрдэнэт үйлдвэртэй холбоотой нууц захиа явуулсан гэдэг шалтгаанаар унаж байв. Би одоо ч гайхдаг юм. Сүүлд би судалж үзэхэд  аав тухайн үедээ Орос руу “Эрдэнэт үйлдвэрийн хувиа та нар зарах гэж байгаа бол манай тал зараарай” гэсэн утга бүхий захидал явуулсан юм билээ. Гэхдээ тэр захидал нь нөгөө талд очиж чадсан юм уу, үгүй юү гэдэг нь ч тодорхойгүй. Түүнийг нь тухайн үеийн МАХН одоогийн МАН-ынхан улстөржүүлсэн юм болов уу гэж боддог. Аавыг Ерөнхий сайдын суудлаас шахаж буулгасан гэж би боддог. Тухайн үед Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын казиногийн хэрэг олны дунд дуулиан тарьчихсан. Түүнийг нь дарах гэж аавыг Ерөнхий сайдаас нь буулгасан юм болов уу гэж бодсон. Харин тэр үед яруу найрагч Ц.Хулан эгч МАХН-д өндөр албан тушаал хашдаг байсан хэрнээ Болор цомд аавд зориулж шүлэг уншиж байсныг олон хүн мэднэ. Аавыг Ерөнхий сайдаас буухад нь би эзгүй байж тарсан юм. АНУ-д сургуульд сурч байх хугацаанд аав Ерөнхий сайд болоод буцаж ирэхээс өмнө уначихсан юм. Сүүлд аав надад “Чи над руу миний аав наад хүмүүсээ битгийн царай алдаарай” гэж хэлсэн. Тэр үг чинь надад их хүрч, миний сэтгэл амарсан гэж байсан юм. Тэр үед би 10 хэдхэн настай хүүхэд байлаа шүү дээ.  Аав минь Ерөнхий Сайдын албыг хашиж байх үедээ Монгол Улсын газрын тухай хуулийг батлалцаж, Иргэнд газар өмчлүүлэх үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зохицуулах, хэрэгжүүлэх үйлсэд гар бие оролцож, хүч чадлаа дайчилж явсныг, нутаг эх орон, нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсныг Монголын ард түмэн мартаагүй.

        Манай аав улс төрд тод дүр болж, улстөрчдөд стандарт тогтоосон гэж боддог. Сүүлд аавын үлдээсэн бичиг баримтыг цэглэж байгаад харсан юм. Сонгуульд оролцох схемээ хүртэл нарийн боловсруулсан байлаа. 2000-2004 онд Ардчилсан намаас ганцаараа сонгогдож УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Аав “Би мөнгөтэй болох гэж улс төрд ороогүй” гэж хэлдэг байсан юм.

         Миний аав газар зохион байгуулалтын интитудэд мэргэжилтнээс эхлээд хотын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд гээд төрийн өндөр дээд албан тушаал хашиж,  он цаг хугацаандаа өөрийгөө бүтээсэн” гэлээ.

ОСОЛ БОЛСОН ГАЗРААС БУУНЫ СУМ, НҮҮРС ГЭЭД СЭЖИГТЭЙ ЭД МӨРИЙН БАРИМТ ОЛДСОН Ч СОГТУУ ЖОЛООЧИЙН БУРУУ ГЭЭД ХЭРГИЙГ ХААЧИХСАН

        Аав тань цаг зуураар хорвоогийг мөнх бусыг үзсэн. Тухайн ослын талаар олон эргэлзээ байдаг. Та аавынхаа ослын талаар дахин судалдсан уу “Тэр үедээ хэрэг үүсээд л хаагдсан. Хаагдсан шалтгаан нь зам тээврийн осол, согтуу жолооч барьж явсан гэдэг дүгнэлт гарсан. Би дараа нь осол болсон газар очсон. Тэр зам нь хурдан осолдчихоор хэцүү зам биш. Огцом биш, алсуур тойрдог зам байсан. Ослын газарт, бууны сум, нүүрс гээд сэжигтэй эд мөрийн баримтууд байсан. Аавын машинд ямар буу байгаагүй. Би тухайн үед хэнд итгэж хандахаа ч мэдээгүй. Цагдаагийн байгууллагад хандсан. Би аавыгаа алдснаас, цаг зуураар алдснаас хойш харуусал дүүрэн өдрүүдийг туулсан. Гэхдээ одоо би хохирогчийн дүрд тоглоод гундуухан байж болохгүй.

               Аав тань хүүхдүүддээ юуг захиж сургадаг байсан бэ  “Аав надад битгий хог цуглуулаарай. Амьдрал тэр чигтээ хоосон чанар дээр тогтдог. Өнөөдөр чамд чухал санагддаг байсан зүйл маргааш хэрэггүй болж болно. Тэгэхээр үнэ цэнтэй зүйл бүтээхийн төлөө амьдраарай. Хүнд битгий царай алдаарай гэж хэлдэг байсан.  Аав чөлөөт зах зээлийг их дэмждэг хүн байсан. Аавтай миний мэтгэлцдэг байсан нэг зүйл нь эрүүл мэндийн салбар. Аав эмнэлэгийн байгууллагын чөлөөт зах зээлийн зарчмаар өрсөлдөөнд оруулах ёстой. Эрүүл мэнд бол хүний өмч. Хүн өөрийнхөө өмчийг хайрлана. Түүнд нь эмч нар дэмжлэг үзүүлдэг байх хэрэгтэй. Тэгэхээр хүмүүс сайн эмнэлэгт очиж үйлчүүлж, эмнэлгүүд сайн эмчийг авахын тулд өндөр цалин амалдаг байх ёстой” гэж ярьдаг байсан. Таныг эмчийн мэргэжлийг сонгоход аав тань нөлөөлсөн үү гэхэд “Би багаасаа эмч болно гэж ярьдаг мөрөөддөг хүүхэд байлаа. Аав минь гэхдээ сүүлд хэлж байсан юм. “Би аавынхаа мэргэжлийг өвөлж чадаагүй учраас чамайг эмч болоосой гэж бодсон” гэж. Тэгэхээр нөлөөлсөн байж ч магадгүй юм. Би эмчээр сурч байхдаа сургуулиасаа гарна гэж аавтайгаа маргаж байсан. Гэхдээ аав хүнд диплом хэрэгтэй сураад төгсчих. Төгсөөд яах нь чиний дур гэж бид хоёр тохирсон юм. Би улс төрд орсон ч анагаахын салбараа ор тас орхиогүй. Одоо эмч, хуульч найз нартайгаа нийлээд эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх хөтөлбөр боловсруулж байгаа. Болж өгвөл 2028 оны сонгуулиар Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт багтаана.

        Аавын тань одоо ч хүмүүс сайхнаар дурсаж, хүндэлж хайрладаг болов уу “Миний аав их олонтой хүн байсан. Би хөдөө гадаа явж байхдаа аавынхаа тухай олон сайхан түүхийг сонсож байлаа. Хүмүүс ч аавыг хүндэлж хайрладаг байсан. Аав хүнд урам өгдөг, залуусыг дэмжиж ажиллаж чаддаг хүн байсан. Манай найз сүүлд надад дурсаж байсан юм. МУИС-ийн Солонгос хэлний оюутан болоод удаагүй хөдөө орон нутагт томилолтоор явж. Дөнгөж суралцаж байсан шинэхэн оюутан орчуулга хийхэд амаргүй. Хэл мэдэхгүй гэж нутгийн хөгшид дургүйцнэ. Ингэж явсаар нэг хүн дээр орсон “Миний дүү  эхлээд бал цаасаа гаргаад ир дараа нь мэдэхгүй бич. Тэгээд миний хэлснийг орчуулаарай” гэж захисан гэсэн. Хожим бид найзлаж нөхөрлөөд явсан танай аав надад маш том урам өгсөн гээд баярлаж байсан юм.  Энэ мэтчлэн аавын минь амьдралын зам мөр дардан байсан учраас үр хүүхдүүд биднийхээ хувь заяаг тэгшилсээр яваа гэж боддог. Аавынхаа гэгээн дурсалд зориулан хөшөөг нь богсож, амьд ахуйдаа үүсгэн байгуулсан Ж.Наранцацралт сангийнх нь үйл ажиллагааг үргэлжүүлсээр байна” хэмээн бидний яриа өндөрлөсөн юм.  

 


Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188