• Өнөөдөр 2025-12-18

БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ

2025-12-16,   871

ХОЛБООЧИН Б.ЦЭНДСҮРЭНГИЙН АЧААР ДУГУЙГАА ЭВДЭРСЭН ГЭДГИЙГ МЭДСЭН 

1971 оны зун.

      Тэр өдөр салхитай байсныг ч хэлэх үү Ингэт толгойн сангийн аж ахуйд буух ёстой байсан “царцаа ногоон” гэгдэх АН-2 онгоц цагаасаа хоцорч газарджээ. Тухайн өдөр тэндэхийн шуудан зөөгч Аюуш гуай онгоцноос илгээмж авах, дайх үүрэгт ажлаа холбоочин Б.Цэндсүрэнд даатгаад өөрөө хол газар яаралтай илгээмж хүргэхээр явсан гэдэг. Холбоочин Д.Цэндсүрэн шуудан зөөгч Аюуш гуайн захиж, хэлсэн ёсоор онгоц газардахыг дөхүүлээд хоёр километрын цаадах онгоцны буудал руу алхжээ.Түүнийг шуудангаар ирсэн илгээмжүүдээ аваад хэдэн хүнтэй уулзаад зогсож байтал нисгэгч нар онгоцоо асааж гэнэ. Д.Цэндсүрэн онгоцыг газраас хөндийрч, хөөрөн хөөртөл нь тасралтгүй харж зогсохдоо онгоцыг овоолсон шорооны дөнгөж дээр гармагцаа айхавтар дайвалзах шиг болохыг нь анзаарсан байна. Мөн зөв талын дугуй нь доошоо нэлээд унжчихсан байх юм гэнэ. Онгоцны талаар ямар ч ойлголтгүй, онгоц яаж хөөрдөгийг хараад алмайрч зогссон түүнд онгоцны дугуй эвдэрчихсэн юм шиг санагдаад болдоггүй гэнэ. “Нисгэгч нар дугуйгаа эвдэрсэн гэдгийг мэдэхгүй л хөөрчих шиг боллоо доо. Дугайгаа эвдэрсэн гэдгийг мэдэхгүй ниссээр байгаад газардах үедээ осолдож, олон хүн сүйдэх вий дээ” гэж бодохоос л дотор нь харанхуйлж, Булганы онгоцны буудал руу яаралтай хэл хүргэхээр илгээмжүүдээ үүрээд холбоо руугаа гүйсэн гэдэг. Тэгээд Булган аймгийн онгоцны буудлын Лхагважав гэдэг хүнтэй холбоо тогтоож, нисгэгчдэд дугуйных нь талаар газардахаас нь өмнө дуулгахыг захижээ. Холбоочин Д.Цэндсүрэнгийн тэрхүү гярхай, ажигч зан чанар, бусдын төлөө гэсэн сайхан сэтгэлийн ачаар онгоцны нисгэгч нар мэргэжлийн онцгой ур чадвар, мэдлэг, туршлагаараа дугуйгүй онгоцыг ямар ч аюулгүй газардуулж, 12 хүний алтан амийг аварсан байдаг. Чадварлаг нисгэгчид чухам яаж өрөөсөн дугуйгүй онгоцоо газардуулж, олон хүний амь аварсан талаар Хөдөлмөрийн баатар, гавьяат нисгэгч Р.Батнасантай ярилцлаа.

-Тухайн үед та бүхэн онгоцны дугуй эвдэрсэн гэдгээ холбоочин Б.Цэндсүрэнгийн ачаар мэдсэн үү. Өөрсдөө мэдчихээд нисэж байсан уу?

     -Бид холбоочин Б.Цэндсүрэнгийн ачаар дугуйгаа эвдэрсэн болохыг мэдсэн. Нэгэнт хөөрчихсөн байсан учир дугуй эвдэрсэн эсэх нь төдийлөн мэдэгдээгүй. Булган аймагт газардахаас хэдхэн хормын өмнө холбоогоор мэдээлэл ирсэн. Онгоцныхоо түлшийг дундлахын тулд хэсэг эргэлдэж байгаад өрөөсөн дугуйн дээрээ хүч тэнцүүлэхээс гадна буултаа зөв тодорхойлсны ачаар аюулгүй газардсан. Бас онгоц буух ёстой зурвас дээрээ бууж болохгүй гэдгийг би нэгдүгээр нисгэгчдээ хэлж, өөр газар төлөвлөж буусан. Хэрвээ буух ёстой зурвас дээрээ буучих юм бол биднийг аврах дараагийн онгоц хаана буух билээ дээ. Энэ мэтчилэн маш нарийн болоод ур ухаан,овсгоо самбаа шаардсан буулт болж байсан юм. Аюулгүй газардаж, зорчигчдоо буулгах хүртлээ бид эвдрэлийн талаар зорчигчдод мэдэгдээгүй.

-Тухайн үед та хэр туршлагатай нисгэгч болчихсон байсан бэ. Онгоцны дугуй эвдэрсэн гэдгийг мэдээд айж, сандарч байв уу?

     -Тэр үед би сургуулиа төгсөж ирээд удаагүй, 21, 22 настай залуухан нисгэгч байлаа. Онгоц газардаад, зорчигчдоо буулгах хүртэл би лав айж, сандраагүй. Харин бүх хүн буусны дараа буюу онгоц аюулгүй болсны дараа өвдөг чичирч байснаа тод санадаг юм. Түүнээс өмнө би шаардлагатай арга хэмжээг авах тухай бодож, ухаан санаа зөвхөн түүнд л анхаарч байсан хэрэг шүү дээ. Харин буучихаад яаж аюулгүй газардсан юм бол гэж бодсон. Зорчигчид эсэн мэнд бууснаа мэдээд бидэнд баярласан сэтгэгдэлээ илэрхийлж байсан. 

-Цаг агаар, байгалийн давагдашгүй нөхцөл байдлын улмаас нислэгт хүндрэл бэрхшээл нэлээд тулгарч байсан байх. Тэр бүхнийг та хэрхэн даван туулж байсан бэ?

      -Булганд дугуйгүй онгоц газардуулсны дараахан Завхан аймагт нислэг үйлдэж байхдаа хоёр удаа бэрхшээлтэй тулгарч байсан. Нэг нь, агаарт нисэж байтал мотор унтарч ажиллахаа больсон. Нөгөөх нь газраас хөөрөх явцад түлш шүүрч, хөөрөх гэтэл гал гарч байлаа. Түүнийг би нисгэгчийнхээ чадвараар даван туулж, зорчигчдоо саадгүй буулгаж байсан юм. Энэ мэтчилэн нисгэгч бүрд бэрхшээл тулгарч байдаг. Түүнийг зөвхөн нисгэгчийнхээ ур чадвар, самбаагаар давж гарах юм бол онгоц осолодох нь төдийлөн гайгүй. 

ХӨЛ НҮЦГЭН ХОНЬ ХАРИУЛЖ ЯВАХДАА Л БИ НИСГЭГЧ БОЛОХЫГ МӨРӨӨДСӨН. ХАРИН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БОЛНО ГЭЖ ЗҮҮДЛЭЭ Ч ҮГҮЙ

-Онгоцны нисгэгч болох хүсэл мөрөөдөл нь хэзээнээс, юунаас эхлэлтэй вэ?

       -Би Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд тэр дундаа мөнх цаст Цамбагарав уулын энгэрт төрж, өссөн. Багаасаа хонь, мал хариулж, хурга, ишигтэй тоглож өссөн миний хувьд онгоцны нисгэгч болно гэж мөрөөднө гэдэг сонин л доо. Гэвч би ухаан орсон цагаасаа хойш бараг өдөр болгон цавчим өндөр уул, хад дамжин гүйж, холын бараа ширтэн мал сүргээ хариулж, харж явсантай минь холбоотой. Намайг Цамбагарав уулынхаа энгэрт малын бэлчээр дээр дэрвэж явахад тухайн үеийн онгоц миний харааны түвшинд заримдаа бараг уулын дээх нь байгаа надаас доогуур шахуу нисдэг байсан гээд л бод. Онгоцонд яваа хүмүүсийн толгой шоволздог байсныг нь би тод санадаг. Тэгээд л би онгоцны жолооч болохыг малынхаа бэлчээр дээр хөл нүцгэн гүйж байхдаа мөрөөдөж эхэлсэн юм даа. Тэр үедээ, Орос руу сургуульд явахдаа, сургуулиа төгсөөд ирэх хүртлээ би зүгээр л онгоцны нисгэгч болох юм сан гэж чин зүрхнээсээ мөрөөдөж явсан юм. Харин хэзээ ч би Хөдөлмөрийн баатар болно, гавьяат нисгэгч болно гэж мөрөөдөж байгаагүй. Гэхдээ жинхэнэ нисгэгч болно гэж чин зүрхнээсээ мөрөөддөг, түүнийхээ төлөө уйгагүй зүтгэдэг, ажлаа давуулан биелүүлдэг байсан хором мөч бүхэн намайг Хөдөлмөрийн баатар, гавьяат нисгэгч болгосон юм даа. Үнэндээ би чин зүрхнээсээ мөрөөдөж чадсан. Бас 3600 метрийн өндөрт зусаж, уулын өөд, уруу гүйж өссөн минь нисгэгч болсон надад бага даралтад дасан зохицох чадвартай болгосон гэж боддог. Бас нисгэгчдэд заавал шаардагддаг хурц хараа, сонсголыг өсөж, төрсөн нутаг минь тэр тусмаа Цамбагарав хайрхан минь хайрласан гэж шүтэж, дээдэлж явдаг юм.

ТЭМҮҮЛЭЛТЭЙ ХҮН Л “НИСДЭГ”

-Та онгоцны нисгэгч болоод ямар онгоцууд жолоодож байв. Та 52 жил нисэхийн салбарт ажиллахдаа хэчнээн цагийг агаар өнгөрүүлсэн байна вэ?

      -Оросын нисэх хүчний шилдэг багш нараар нисгэгчийн цагаан толгой заалгаж, ЯК-18А, АН-2 онгоцоор анхны нислэгүүдээ үйлдэж байлаа. Сургуулиа төгсөж ирээд удалгүй АН-2 онгоцны даргаар томилогдож, тухайн цаг үедээ шалгарч, онцгойрч явжээ. Тэрхүү сайхан цаг үед АН-24, ТУ-154, Б-2, ТУ-154М, БОИНГ-727, БОИНГ-737 агаарын хөлгийг жолоодож явлаа. Монгол Улсын 21 аймаг, 30 гаруй улсын нийслэл, 70 гаруй хотод энэ сайхан онгоцуудыг жолоодож хүрсэн байна. Нислэгийн цагаа сар, жилтэй дүйцүүлж тооцоолохоор тэнгэрт дөрвөн жил амьдарч, дэлхийг 200 удаа тойрсонтой дүйх хугацааг агаарт өнгөрүүлсэн байдаг.

-Чухам ямар чадвар, өгөгдөлтэй хүн нисгэгч болж чаддаг юм бэ. Та шавь нараа бэлдэхдээ юунд нь илүүтэй анхаардаг вэ?

      -Нисгэгчийн сэтгэх чадвар маш хурдан байх ёстой. Би энэ мэргэжлийг хариуцлагатай, эр зоригтой, ухаантай хүнд залгуулах ёстой гэж боддог. Бас эрүүл мэнд, ур чадварт тавигдах шаардлагуудаас гадна асар их тэмүүлэлтэй хүн нисгэгч болдог. Тэмүүлэлтэй хүн л нисдэг. Ер нь тэгээд олон аавын хүүхдээс шигшигдэж байж л нисгэгч болдог юм даа. Хэн хүссэн нь ч юм уу эсвэл мөнгөтэй нисгэгч болж чадахгүй. Олон хүний амь, эд хөрөнгө үрээд дуусна шүү дээ. Энэ тэнд онгоц сөнөлөө, сүйрлээ гэж дуулддаг. Сонсоод, ажиглаад байхад ур чадваргүй нисгэгчид л тийм алдаа гаргадаг. Харин миний бэлдсэн шавь нар хэзээ ч тийм алдаа гаргахгүй гэдгийг би бардам хэлж чадна.

-Нисгэгчийн багш байна гэдэг хэцүү юү?

       -Хамгийн хэцүү ажил. Тэр хүнд жолоодох онгоцыг нь төдийгүй хэдэн зуун хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, өөрийнх нь амийг нь хариуцуулж, даатгаад нисгэх хүртэл нь бэлдэнэ гэдэг хэцүү. Тэднийг хүний амь хариуцах чадвартай болтол нь сургана гэдэг өдрийн бодол, шөнийн зүүд байдаг юм шүү дээ.

-Таныг нисгэгч болоход нь аав, ээж нь юу гэж захиж байсан бэ?

     -Аав, ээж минь намайг “Алт, мөнгө шүтэхийн оронд олны тоосонд багтаж явахыг хичээ. Хүнээс сайныг нь сурч, мууг нь гээж яв” гэж л захидаг байсан даа. Аав, ээж минь ч намайг багаас даруухан зантай болгож өсгөсөн нь хожим надад их хэрэг болсон доо.


БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-17 09:03:05
    Tseveendorj Tserenhand: Сайхан байжээ 20гарантай хүмүүс,гэтэл одооны 30 гарантай залуучууд хаана нь ч хүрэхгүй.Мундаг хүн бна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-16 09:42:52
    МОНГОЛ: Сайхан хүн шүү
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188