Тэр бол их тайгын эзэн. Залуу наснаасаа хөвчийн гүн тайгыг хамгаалах хүндэт үүргийг хүлээснээс хойш амьдралынхаа 30 гаруй жилийн хугацаанд сүрлэг тайгын хуулийг үг дуугүй дагаж амьдарсан. Тэгэхдээ хилийн шугаманд ч, онцгой нөхцөлд ч үүрэг аван зогсдог. Бүсэлхийгээр татсан цастай агуйд хэд хоног цасанд боогдохдоо “Энд ээ үлдэх үү, амьд гарах уу...” Тэр үргэлж л ийм амь эрсэдсэн сонголттой тулгардаг. Гэсэн ч нэг ч удаа үүргээсээ няцаж, ухарч, буцаж байгаагүй. Гал, ус, бороо, цас, хуй салхитай өдөр буу зэвсэг, ирт мэс гээд эрсдэлтэй бүхэн рүү тэр зүгээр л үүргээ биелүүлж байна гээд алхаад орчихдог.
Хэзээ ч хамаагүй үүрэг аваад гарахад эхнэр нь нөхрөө “Албандаа гарах нь” гэдгийг харцнаас нь ойлгоод дөрвөн хүүхдээ ганцаараа л хүний зэрэгт хүргэсэн. Энэ бол байгаль хамгаалагч, Улаан тайгын улсын хамгаалалтын газрын дарга Ж.Төмөрсүх. Бид тайга гэж сонсож байснаас тайгын гүнд, түүний бөглүү ойд чухам юу болж өрнөдгийг мэдэхгүй. Тэгвэл ертөнц доторх ертөнц болсон түүний доторхыг амь биеэрээ мэддэг нь байгаль хамгаалагч гэж хэлэхэд хилсдэхгүй байх.
Одоогоос 34 жилийн өмнө Ж.Төмөрсүх сургуулиа төгсөөд Хөвсгөл нуурыг хамгаалах үүргийг өөрийн сэтгэлийн дуудлагаар хүлээн авсан гэдэг. Үүнийгээ дархадын цэнхэр нутагт эгэл борог амьдралд, ажлын дөртэй өссөнтэй холбон ярьдаг юм билээ. Ингэж л Хөвсгөлийн улаан тайга өөрийн гэсэн чин сэтгэлийн хамгаалагчтай болж, ховордож, мартагдсан амьтад нь эрх чөлөөтэй өсөж үржих эрхтэй болжээ. Тэрбээр энэ талаар “Би ямар азаар байгаль хамгаалах ажлыг хийсэн юм гэж үргэлж боддог. Хэрэв би энд ирээгүй бол байгаль хамгаалагч хийгээгүй бол яаж амьдрах байснаа төсөөлдөггүй юм” гэсэн. Харин бид түүн шиг байгаль хамгаалагч байгаагүй бол өнөөдөр олон хүн зорьж очиж нүд, сэтгэлээ баясгадаг Улаан тайгын ой онгон дагшинаараа байхгүй байсан байх.
Эмх замбараатай, дэг журамтай, тогтвортой байгаль хамгаалагчдын үе бол түүний өмнөх үе. Тэр үед нийгэм, улс төрийн асуудал ч их цэгцтэй, тайван байсан байна. Тэрбээр “Намайг байгаль хамгаалагчаар ажиллаж эхлэх үед Монголын нийгэм өөрчлөгдөж эхэлсэн юм. Бидний өмнөх үеийн байгаль хамгаалагч, өнөө цагийн байгаль хамгаалагч хоёрын хооронд тэнгэр, газар шиг зөрүү бий. Ерөөс энэ зааг ялгаа бидний үеэс эхэлж, эмх замбараагүй, хууль эрхзүйн байдал байхгүй хориод жил явсан” хэмээнэ. Хууль эрх зүйн байдал гэж тэр хэдэнтээ онцолно. “Нээрээ л байгаль хамгаалагчдыг хуулиар хамгаалсан нь юу билээ. Хамгааллаа ч тэдэнд ойр, тэдний жаргал зовлонг ойлгох хууль бий бил үү" гэхэд тэр нүд нь том болж ирээд л “Өнөөдөр байгаль хамгаалагчид гар хоосон, улаан нүүрээрээ л улаан гал руу орж байна. Хэн ч туслахгүй. Дуудах гээд ч дуудах хүн байхгүй. "Гал гарлаа" гэсэн дуудлага гарахад, гал команд багаараа ирээд галыг унтраана. Хэрэг зөрчил гарлаа цагдаагийн арми, салаагаараа хэргийн араас явна. Харин байгаль хамгаалагч хариуцаж авсан газар нутагт нь ямар нэгэн эрсдэл учирч, аюул осол гарахад хамгийн түрүүнд ямар ч хамгаалах хэрэгсэлгүй ганцаараа улаан шугаманд зогсоно. Тухайлбал, баавгай малчны хот руу дайрлаа гэхэд хамгийн түрүүнд байгаль хамгаалагч л очно. Тэгээд мал, малчинг идүүлэхгүйн тулд байгаль хамгаалагч улаан гараараа өнөө баавгайтай үзэлцэнэ. Тэгэхээр энэ их эрсдлийн өмнө улаан нүрээрээ, нүцгэн гараараа зогсож байгаа байгаль хамгаалагчийг хамгаалах хууль хэрэгтэй. Хууль, хуульдаа хувцас хэрэгсэл, багаж зэвсгээр хангаж, ар гэрийнх нь асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй” гэж тэр эрс шийдэмгий хэлнэ. Тэгээд тэр халуун байранд цэвэрхэн хувцаслачихаад хууль гэдгийг цаасан дээр гаргадаг эрхмүүд бидний уулын амьдралыг даанч мэдэхгүй. Үүнийг чинь яс, махаараа туулж, зовлон, жаргалынх мөрөөр явж ирж л илүү ойлгоно гээд санаа алдана. Үнэхээр бөглүү зэрлэг тайгад, тэгээд бүр ан гөрөө араатан жигүүртэн, алт зэс, ургамал цэцэгс дүүрэн Улаан тайга руу санаархахгүй, халдахгүй хэн байх билээ.
Ж.Төмөрсүх гуай “Би Хөвсгөлийн хойд тайгыг хамгаалахын төлөө амьдралынхаа 30 гаруй жилийн хугацааг зарцуулж, сайн, муу бүхнийг үзэж, чадах чинээгээрээ зүтгэсээр өнөөдөрт хүрлээ. Үнэхээр сэтгэл хангалуун байна. Учир нь зах зээлийн нийгэм болоход энэ тайгад зэрлэг амьтан цөм устсан байсан. Ерөөс цас цоолох нэг ч амьтангүй болсон. Тэгвэл өнөөдөр энэ тайгад хаана л бол хаана хүдэр, хандгай буга явна. Энэ бол хамтран зүтгэсэн нөхдийн минь гавьяа. Мөн Монголын цэвэр усны гайхамшиг болсон Хөвсгөл нуурын эхэнд 7000 нинжа цуглаж, алт ухсан. Тэнд ямар ч хууль хяналт хэрэгжээгүй. Тэгвэл бидний хичээл зүтгэлээр 2012 оноос хойш өнөөдрийг хүртэлх хууль бус алтны хэрэг цөм буурсан. Тэгэхээр бидний ажлын үр дүн гарсан байгаа биз” хэмээн инээмсэглээд, "Ингэж л байгалиа хамгаалмаар байгаа юм. Тэгэхгүй “Байгаль хамгаалагч” гэх нэр зүүгээд л сумын төвдөө шигдчихээд байвал тэр байгаль хамгаалагч биш. Байгаль хамгаалагч гэдэг чинь хөвчийн тайгадаа, хээр талд, ойн хөндийдөө байдаг юм" гэж байлаа.
Үзсэн, сонссон, хийснээ ам бардам ярих хүний үг үнэн сонсогддогийн том жишээ тэр байв. Харин түүний хэлсэн нэг үгийг энэ хэсэгт нэмэхэд “Ажлыг хүн сэтгэлээрээ хийхэд давахгүй даваа, бэрхшээл байхгүй” гэж олон залууст захьсан юм. Харин сэтгүүлчийн хувьд “Байгаль хамгаалагчдыг дэмжих, хамгаалах дорвитойхон хуультай болчихвол, түүн шиг байгаль хамгаалагчид олон төрнө дөө” гэх бодол л төрж байлаа.
ИХ ТАЙГЫН ЭЗЭН |
|
2025-09-17 06:00:00
2025-09-17 06:00:00
2025-09-16 21:34:11
2025-09-16 20:36:49
2025-09-16 20:30:23
2025-09-16 20:25:41
2025-09-16 15:56:03
2025-09-16 15:23:12
2025-09-16 15:15:48
2025-09-16 14:58:15
2025-09-16 14:48:47
2025-09-16 14:26:56
2025-09-16 14:26:06
2025-09-16 14:02:29
2025-09-16 13:58:58
2025-09-16 13:09:22
2025-09-16 12:30:26
2025-09-16 11:42:55
2025-09-16 11:34:53
2025-09-16 11:33:26
2025-09-16 11:19:30
2025-09-16 10:49:43
2025-09-16 10:23:02
2025-09-16 10:20:52
2025-09-16 10:13:22
2025-09-16 10:10:11
2025-09-16 09:24:30
2025-09-16 09:14:14
2025-09-16 09:14:08
2025-09-16 09:11:06
2025-09-16 09:03:21
2025-09-16 08:53:11
2025-09-16 08:46:56
2025-09-16 08:28:32
2025-09-16 08:14:20
2025-09-16 08:03:44
2025-09-16 07:54:49
2025-09-16 07:49:03
2025-09-16 07:20:00
2025-09-16 07:10:00
2025-09-16 07:08:13
2025-09-16 07:00:27
2025-09-16 07:00:00
2025-09-16 07:00:00
2025-09-16 07:00:00
2025-09-16 07:00:00
2025-09-16 07:00:00
2025-09-16 06:00:01
2025-09-16 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |