-Тэргэнцэртэй сэлэмний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Азийн аваргаас паралимпод оролцох эрхээ авсан юм уу?
- Амны билгээс ашдын билэг гэдэг дээ. Ерөөл бат оршиг ээ. Одоохондоо паралимпын эрхээ хараахан аваагүй байна аа. Тавдугаар сард Бразилд болох тэмцээн паралимпын оноо олгох хамгийн сүүлийн тэмцээн болно. Түүний дараа зургадугаар сард бүх оноолтууд гарна.
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу. Хаана төрж өсөв?
-Намайг Дамбийбалжирын Цолмон гэдэг айлын хоёр хүүхдийн бага нь, Дорнод аймгийн Баянтүмэн суманд 1992 онд мэндэлсэн. 1999 онд Улаанбаатар хотод ирсэн. Түүнээс хойш одоо хүртэл суурьшин амьдарч байгаа.
–Тэргэнцэртэй сэлэмний спортоор хэд дэх жилдээ хичээллэж байна?
- Анх 2019 онд найзаасаа сонсоод хичээллэж эхэлсэн. Одоо тав дахь жилдээ хичээллэж байна. Энэ хугацаанд дунд нь унаж босох үе зөндөө гарч байсан. 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээнээс хойш эргэлт буцалтгүй хичээллэж эхэлсэндээ.
- Энэ спортын чухам юу нь өөрийн тань сонирхлыг татах болов. Яагаад туялзуур сэлэмний спортыг сонгон хичээллэх болсон бэ?
-Би өөрөө цагаан өнгөнд дуртай. Цагаан өнгө тийм нэг гэгээлэг, ариунхан, тансаг, эрхэмсэг мэдрэмжийг төрүүлдэг, тайтгарлыг бий болгодог юм шиг санагддаг. Туялзуур сэлэмний хувцаснаас нь эхлээд л бүх юм нь цав цагаан эрхэмсэг тансаг мэдрэмж өгч байсан. Сэлэмний спорт хүний дотоод сэтгэлийн дайчин чанар, мэдрэмжийг сэрээдэг юм билээ. Хувцас хэрэгсэл, эрхэмсэг байдал, эмэгтэй хүнээс гарч болох дайчин чанарыг дотоод сэтгэлээс түрж гаргах тэр мэдрэмжээс нь болоод энэ спортод дурласан даа.
-Манай улсад тэргэнцэртэй сэлэмний спортоор хичээллэдэг эмэгтэй тамирчин хэр олон байдаг вэ?
-Манай улсад 50 гаруй тамирчин бий. Одоо шигшээ багт 7-8 тамирчин эрчимтэй бэлтгэлд хамрагдаад явж байна. Энэ спортоор хичээллэхийг хүссэн хүн бүхэнд манай үүд хаалга нээлттэй шүү.
-Үүнээс өмнө спортын өөр төрлөөр хичээллэж байсан уу?
-Тийм ээ. Би ер нь багын урлаг, спортод дуртай хүүхэд байсан. Өмнө нь тэргэнцэртэй марафонд уралддаг байлаа. 2010 оноос эхлэн тэмцээн уралдаанд орж эхэлсэн. Хамгийн сүүлд 2012 онд Монголын бүх ард түмний XIII их наадамд оролцож 800 м-ийн зайд алтан медаль хүртсэн. Тэгээд л марафоноос зодог тайлсан даа. Марафоноор яагаад хичээллэхээ больсон бэ гэхээр, том булчинтай болох юм байна гэж бодоод больж байсан. Тэр үед Эрдэнэтөгс ах анхны спортын суурийг минь тавьж өгсөн. Их мундаг тамирчин хүн бий. Ахдаа үргэлж, баярлаж,талархан явдаг.
–Тэргэнцэртэй сэлэмний спортын төрлөөр өөрийн гаргаж байсан амжилтууддаа сонирхуулахгүй юу?
-2019 онд тэргэнцэртэй сэлэмний анхны тэмцээнээс алтан медаль хүртэж байсан. Тэрнээс хойш нийт 11 алтан медаль хүртсэн байна. Энэ дундаас улсын аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа түрүүлж, гурван алтан медаль хүртсэн байгаа. Хамгийн сүүлд сая Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн амжилт гаргаад байна.
-Сая Азийн аварга шалгаруулах тэмцээнд хэдэн тулаан хийж, хэд ялж, хүрэл медаль хүртэв?
-Азийн аваргын тэмцээнд тойргийн тулаанаар таван орны тамирчинтай тулалдсан. Өмнөд Солонгос болон Хонконгийн хоёр тамирчинд хожигдсон. Харин Тайланд, Энэтхэг, Японы тамирчдыг ялж оноолтоороо дөрөвт орж гоц мөргөсөн. Тэгээд хасагдах шатны тулаанд орж шигшээ наймд шалгарч үлдсэн. Медалийн төлөөх тулаанд хэсэгтээ надтай тулалдаж 5:3-аар хожсон Хонконгийн тамирчинтай тулалдаж 11:13-ын харьцаатай ялалт байгуулж хүрэл медалийн болзол хангасан. Мөнгөн медалийн төлөөх тулаанд Тайландын тамирчинд ялагдсан. Паралимпын хэд хэдэн удаагийн медальтай, Тайландын домог болсон туршлагатай тамирчинтай тулалдсандаа баяртай байгаа.
-Тэргэнцэртэй сэлэмний спортоор паралимпын эрх авсан манай улсын тамирчид бий юу?
-Одоогоор паралимпын оноолт гараагүй байгаа. Манайхаас эрэгтэйчүүдээс Даваасүрэн тамирчин өндөр хүлээлттэй байгаа. Сая Азийн аваргын медалийн төлөөх тулаанд ороод 10:15-аар тулаанаа дуусгасан.
-Туялзуур сэлэмний спорт манай улсад шинэ тутам хөгжиж байгаа спорт. Хэрэглэл материал хэр хангалттай байдаг вэ?
-Хувцас хэрэглэлийн хувьд их өртөг өндөртэйд ордог спорт. Бид нар түрүү жил Өмнөд Солонгос руу тэмцээнд явах үедээ тулааны зориулалтын хоёр тэргэнцэрийг Солонгос Улсаас зээлээр аваад ирсэн. Одоо болтол мөнгийг нь өгч чадаагүй байгаа. Ер нь сэлэм гэхэд л тулааны үеэр их хугардаг. Япон Улсаас бидэнд анх олон улсын тэмцээнд ороход тэргэнцэрийн суурь бэлэглэж байсан.
-Монголд пара спортын тамирчид хичээллэх зориултын спорт, заал танхим байхгүй. Тэргэнцэртэй бэлтгэл, сургуулилалтад явахад хүндрэл бэрхшээл их тулгарна биз?
-Тийм шүү. Анх намайг хичээллэж байх үед манай заал хоёр давхарт байдаг байсан. Багш ирсэн тамирчин болгоныг дээш нь өргөж гаргадаг байж билээ. Харин одоо бид нар Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын хороонд бэлтгэлээ хийж байгаа.
-Уучлаарай өөрийн тань энэ хөгжлийн бэрхшээл олдмол, осол гэмтлийн улмаас болсон уу?
- Би хүүхэд байх даа их хөдөлгөөнтэй бүжиглэх дуртай хүүхэд байлаа. Бас их алхдаг хүүхэд байсан. 2005 онд нуруу нугасны хавдраас болоод тэргэнцэр дээр суух хувь тавилантай нүүр тулсан. Хавдраас болж суганаас доош мэдээ алдаж тэргэнцэр дээр суудаг болсон. Гэхдээ өөрийн энэ хувь тавиланд одоо хүртэл харамсаж байсан удаа байхгүй ээ. Хавдрын өвчнийг даван туулан гарч, амьд яваа минь их хувь тавилан, аз завшаан юм. Хүний амьдралд зовлон, жаргал ээлжилдэг хорвоо, ертөнц шүү дээ. Амьдралын өмнө сөхөрч, гудайлгүй, эрүүл саруул хүмүүсийн адил амьдарч яваадаа баяртай байдаг даа.
-Спорт хүнийг тэсвэр, тэвчээр, сэтгэлийн хаттай болгодог. Тэргэнцэртэй сэлэмний спортоор хичээллэхээс өмнө сэтгэл санаагаар унаж, гутардаг байсан уу?
-Ер нь би өөрийгөө сэтгэлийн хаттай гэж боддог. Спортоор хичээллэхээс өмнө хөгжлийн бэрхшээлтэй болсондоо сэтгэл санаагаар унаж үзээгүй ээ. Хүүхэд байсан болохоор дэврүүн, өөдрөг хүсэл, тэмүүлэлтэйгээр өөрийгөө алхдаг болно л гэж боддог байсан. Гадуур тэргэнцэртэй явах үед хүмүүс над руу их харна. Тэр үед гэнэн хүүхэд зангаар, намайг хөөрхөн болохоор л харж байна гэж боддог байж билээ. Энэ бүхэнд намайг сэтгэл, өөдрөг, хүсэл тэмүүлэлтэй болгон хүмүүжүүлсэн ээжийн минь хүмүүжлийн ач тус их бий . Бүр бага байх үеэс ээж маань “Миний охин хөөрхөн гээд код суулгачихсан” юм. Өөртөө итгэлтэй, сэтгэлийн хаттай амьдрах хэвшил дадлыг надад суулгаж өгсөн ээждээ их баярлаж явдаг.
-Хаана аль клуб дээр бэлтгэл, сургуулилалт хийдэг вэ?
-“Wheelchair fencing”-ийн дасгалжуулагч Мөнхтулга, Гэрэлмаа, хүчний бэлтгэлийн дасгалжуулагч Хүсэлтүвшин нарын удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийдэг.
-Одоо паралимпын эрхийн тэмцээний бэлтгэлээ хаана базаах вэ?
-Одоо тавдугаар сарын 21-ний өдөр Бразил Улсад паралимпын эрхийн тэмцээн болно. Тийм болохоор тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тэмцээний бэлтгэлдээ орно.
–Спортоор хичээллэдэггүй, хичээллэх боломжийг гаргаж чадахгүй, мэдээлэлгүй гэртээ байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хандан юу гэж хэлэх вэ?
-Та ч, би ч адилхан хүмүүс. Бидэнд хөгжих бүрэн боломж байна. Энэ спортоор хичээллэхийг хүсвэл үргэлж манай үүд хаалга нээлттэй. Өөрийгөө хөгжүүл, өөдрөг амьдар. Амьдрал баялаг шүү дээ. Зовлонг мартаж, жаргалд тэмүүлж амьдрах хэрэгтэй гэж хэлмээр байна.
Мөн энэ завшааныг ашиглан “Wheelchair fencing Mongolia”-ийн сэлэмний дасгалжуулагч Мөнхтулга, Гэрэлмаа, хүчний бэлтгэлийн дасгалжуулагч Хүсэлтүвшин, Тэргэнцэртэй сэлэмний холбооны нарийн бичгийн дарга Анударь, тэмцээний зардлыг гарган өгдөг Паралимпын биеийн тамирын хорооны хамт олондоо талархаж явдаг гэдгээ илэрхийлье. Хамтдаа зүтгэж буй баг тамирчиддаа баярлалаа.
Д.ЦОЛМОН: Сэлэмний спорт сэтгэлийн дайчин чанар, мэдрэмжийг сэрээдэг юм билээ |
|
2025-02-08 14:45:40
2025-02-08 13:30:34
2025-02-08 12:39:30
2025-02-08 12:15:21
2025-02-08 12:05:36
2025-02-08 11:34:52
2025-02-08 11:11:45
2025-02-08 08:42:58
2025-02-08 08:34:41
2025-02-08 08:27:05
2025-02-07 18:26:11
2025-02-07 16:36:35
2025-02-07 15:55:19
2025-02-07 15:32:47
2025-02-07 14:47:26
2025-02-07 14:47:00
2025-02-07 14:18:30
2025-02-07 14:06:21
2025-02-07 13:30:28
2025-02-07 13:20:04
2025-02-07 12:41:47
2025-02-07 12:36:06
2025-02-07 11:06:14
2025-02-07 11:05:44
2025-02-07 10:56:21
2025-02-07 10:54:00
2025-02-07 10:23:50
2025-02-07 10:15:01
2025-02-07 09:17:54
2025-02-07 09:00:18
2025-02-07 08:42:57
2025-02-07 08:15:00
2025-02-07 08:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |