• Өнөөдөр 2024-04-19

Д.НЯМХҮҮ:ОЛИМП, ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХООСОО ӨМНӨ ЖҮДО БӨХӨӨС ЗӨВ ТӨЛӨВШИЛ ОЛЖ АВАХ ЁСТОЙ

2023-01-12,   2321

     Самбо бөхийн дэлхийн аварга, жүдо бөхийн Ази тивийн аварга, Азийн наадмын аварга Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нямхүүтэй ярилцлаа. Тэрбээр Эргэлт.мн сайт, Монголын жүдо академиас хамтран хүргэж байгаа “JUDO TALK” подкастын эхний дугаарын зочноор уригдан ярилцсан юм.

-Жүдо бөхийг хэдий үеэс сонирхож, хичээллэсэн бэ. Авга ах нарын чинь хичээл, зүтгэл бий биз ?

          -Сургуульд байхдаа сонирхлоороо жүдо, самбо бөхийн секцэнд орсон. Бөхтэй нөхөрлөхөд манай авга ах нарын нөлөө их байсан. Самбо бөхийн дэлхийн аварга, гавьяат Г.Жамсран, спортын мастер Г.Барсүрэн, ОУХМ Г.Баатарсүрэн ах гээд бүгд намайг их дэмжсэн. Ах нарынхаа барилдааныг үзэж, бөх болох хүсэл тэмүүлэл, мөрөөдөлтэй болсон.

- Жүдо бөхийн “Жуулчин” клубээс амжилтын гараагаа эхэлсэн бил үү?

         -Би ч эхлээд олон секц сольсон доо. Дараа нь “Жуулчин” клубт элссэн. Тэр үед намайг дэмжин, бэлтгэл сургалт сайн хийлгэж, өдий зэрэгт хүргэсэн хүн бол Москвагийн олимпын мөнгөн медальт, гавьяат тамирчин Ц.Дамдин болон Ш.Эрдэнэбилэг багш нар байгаа юм.

-Зах зээлийн нийгэм рүү шилжиж байсан хүнд үед бөхийн спорт руу орж байж дээ?

        -Бидний үе их сонин, нэг бодлын их азтай юм шиг, азгүй юм шиг эргэлзээтэй үе. Яг 1990-ээд оны нийгмийн өөрчлөлтийн хүнд үе таарчихсан. Улсын шигшээ багийн ах нарын ихэнх нь амьдралаа бодоод ганзагын наймаа руу орчихсон. Гэхдээ бүгд биш, бас нэг хэсэг нь тэвчээр зааж жүдодоо үнэнчээр үлдсэн.

         Тэдний төлөөлөл гэвэл Х.Болдбаатар, П.Нямлхагва, Д.Нармандах, Д.Баттулга багш нар байна. Тэд шигшээ багийн гал голомтыг унтраачихгүй үнэнчээр сахиж үлдсэн. 1997, 1998, 1999 он тэдний амжилтын үе, 2000 оны олимп дуусгаад ах нар маань шигшээ багаас гарсан. Гэнэт л нэг өдөр манай үеийнхэн шигшээ багийн нэг номерууд болчихсон. Харин Д.Цэрэнханд, Дашдулам, Э.Гэрэлтуяа, Х.Эрдэнэ-Од гээд эгч нар шигшээд үлдсэн. Эрэгтэйчүүдээс гэвэл  Жавхлантөгс, Мэндсайхан, Дашдаваа, Сүлдбаяр, Эрдэнэ-Очир, ах нараас гэхээр Одгэрэл ах, Одхүү начин, Б.Бат-Эрдэнэ аварга гээд цөөхөн хүн үлдэж байлаа.

-Хэдий үеэс улсын шигшээ багийн байдал тогтворжиж эхэлсэн бэ?

         -2003 оноос улс орны эдийн засаг тогтворжиж, спортдоо хөрөнгө, мөнгө хаядаг болж эхэлсэн. Тэгээд олон жил оролцож чадахгүй тасраад байсан Парисын гранд сламд 2003 онд оролцож байв. Бидний үед жилд таваас, зургаан тэмцээнд л орно. Европын хоёр л тэмцээнд явна. Тэгээд Азийн аварга, Азийн тоглолт, ДАШТ, олимпын гээд л бараг болно. Монголд 2001 онд Азийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Залуу бөх бидний хувьд олонд танигдаж эхэлсэн тэмцээн гэвэл тэр Азийн аварга байгаа юм. Түүний дараа жил ДАШТ болсон. Дэлхийн аваргад бид тааруу барилдсан. Ганцхан Д.Цэрэнханд эгч долдугаар байрт орсон. Харин  түүний дараа Азийн аваргад бид маш сайн амжилттай барилдсан. Эрэгтэй тамирчид бүгдээрээ медаль авсан. Х.Цагаанбаатар бид хоёр Азийн аварга болж байлаа.

-Та 2004 оны Афины олимпод Монголын багийнхаа тугч хийсэн. Олимпын барилдааныг хэр амжилттай хийж байв аа?

         -2003 онд Азийн аварга болчихоод дараа нь бэлтгэл дээр хүнд гэмтэл авсан болохоор тэмцээнд оролцохгүй удсан л даа. Арай гайгүй болсон юм шиг санагдаад Казахстанд болсон Азийн аваргад оролцоод бэртлээ сэдрээчихсэн. Амжилт үзүүлж чадаагүй. Тэр бэртлээ эмчилж чадалгүй Афины олимпод орсон. Бэртэлтэй байсан болохоор 2004 оны олимпод санасандаа хүртлээ барилдаж чадаагүй. Олимпын дараа Мөнхбаатар эхэлж хагалгаанд ороод араас нь би хагалгаанд орж байлаа.

          Биднээс өмнөх үеийн тамирчид чагтан холбоос татарсан бол хагалгаанд орж чадахгүй тамирчны карьераа дуусгадаг байсан. Бидний үеэс эхлэн гадаад руу явж хагалгаанд ордог болсон юм шүү дээ. Би хагалгаанд орсны дараа нэг жил бэлтгэл хийлгүй хэвтсэн. Хөл, гарын гантельтай хүчний дасгалыг бага багаар дасгаж хийж байгаад бэлтгэлдээ эргэн ирж байв. Дараа нь хэдэн сар гам барьж байгаад 2006 оны УАШТ-д ороод түрүүлсэн. Улмаар тэр жилээ Дохагийн Азийн наадмаас алтан медаль, Зүүн Азийн наадмаас хүрэл, Германы супер дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн.

-2006 онд Азийн наадамд  түрүүлэхдээ Японы бөх Онаг ялсан байх аа?

         -Түүнээс өмнө 2002 онд Азийн наадмаас би хүрэл медаль авч байсан л даа. “Дараа заавал Азийн наадмаас алтан медаль хүртэнэ” гэж дотроо бодож, өөртөө амлалт өгч байлаа. Онаг би  2003 онд  хоёр удаа хожиж байсан болохоор түүнийг ялна гэсэн итгэлтэй барилдсан.

-Мөрөндөө 2007 онд дахиад бэртэл авсан бил үү?

         -Тийм ээ, 2007 онд мөрөндөө бэртэл аваад түүнээс хойш мөр мултардаг болчихсон. Европын тэмцээний  нэг барилдаан  дээр бүр гурван удаа мултарч билээ. Хэвтэж байгаад эвийг нь олоод оруулчихна. Ахиад мултарчихна. Тэр тэмцээнээс хойш мөр нэг л болохгүй болчихсон.

-Хагалгаанд дахин орсон уу?

          -2007 онд МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат ах, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан ах, жүдогийн УШБ-ийн дасгалжуулагч Х.Болдбаатар, МАМСХ-ны генсек Д.Очирсүх ах, Эрдэнэтийн “Хангарьд”-ын Баясгалан дарга, Бат-Орших багш нарын дэм тусламжтайгаар Өмнөд Солонгост хоёр дахь хагалгаандаа орсон. Тэр үед цаашид барилдах уу, үгүй юү гэдгээ шийдэхээр болчихсон байлаа. Ийм хүнд үед тусалсан ах нартаа маш их баярлаж явдаг юм. Хагас жил огт барилдаж, бэлтгэл хийлгүй байж байгаад Бээжингийн олимп хүргэсэн.

-2008 оны Бээжингийн олимпын хүрэл медалийн төлөө барилдаад тавдугаар байрт орсон байх аа?

            -2008 оны Бээжингийн олимп бол өмнөх олимпоос өөр байсан. Эхний тойрогт Нидерландын дэлхийн аварга Г.Элмонтод шидо торгуулиар ялагдсан. Би хав золгож барилддаг. Элмонто болохоор зайнаас сэрвүү барьцнаас барилддаг. Бид хоёрын барилдаан ер нь таардаггүй юм. Тэгээд оноо авалцахгүй, торгуулиар би хожигдсон. Нэгдүгээр тойрогт ялагдчихаад “За одоо бүх барилдаан дууслаа даа” гэж бодсон. Тухайн үед дагаж барилддаг дүрэмтэй байв. Тэгсэн Элмонто ялаад дээшээ гараад ирсэн.

          Тэгээд би дагах барилдаанд Италийн бөх, Сиднейн олимпын аварга Жузеппе Маддалонитой барилдсан. Түүнийг мордох мэхээр ялсан. Дараа нь Монтенегрогийн Сржан Мрмалевич, дэлхийн аварга шалгаруулах  тэмцээний хүрэл медальт, Польшийн Роберт Кравчик нарыг цэвэр ялсан.

       Олимпын хүрэл медалийн төлөө Украины Роман Гонтюктай учраа таарав аа. Тэр үед Гонтюк олимпын мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальтай бөх байв. Барилдааны эхэнд юко үнэлгээ алдчихсан. Тэгээд л үнэлгээ дутуу болохоор дайраад дуусгая гэж бодсон. Таллаж бариад мушгиад дарчихъя гэж бодсон минь буруудсан. Зүүн хөлөндөө этүүлээд вазари алдсан. Тэгээд оноогоо хөөж вазаригаар торгуулиад ялагдсан.

        Бээжингийн олимпын өмнө Испанид болсон олон улсын тэмцээний үеэр бид хоёр 90 кг-д  жин өгсөн барилдаж, эхний тойрогт таарсан юм. Тэр барилдаанаа бодоод хонгодоод дарчихвал үнэлгээ авч болох юм шиг санагдаад хийсэн. Гонтук надаас илүү юмыг сэтгээд бодчихсон байсан юм билээ. Гэхдээ би тэр барилдаанд нэг их харамсаад байдаггүй. Ойрхон барилдаан болсон. Би өөрт байгаа боломжийнхоо хэрээр барилдахыг хичээсэн.

Хүрэл медаль авч чадаагүй хожигдсон ч өөртөө бол баяртай, барилдаандаа сэтгэл ханамжтай л байсан. Тэр үед би бэлтгэлгүй, формгүй, бэртэлтэй байж давгүй л барилдсан гэж боддог. Би медаль аваагүй ч манай багийн тамирчин алтан медаль хүртсэн. Тийм болохоор өөрөө медаль авсан юм шиг хагартлаа баярласан.

-Монголын жүдогийн сэргэн мандалтын үе 2001 оноос хойш эхэлсэн гэж үзэж болох уу?

         -Эхлэл нь бол 2001 он гэж болох байх. Жүдогийн шигшээ багт  2006 онд Халиуны.Болдбаатар багш орж ирээд сэргэн мандалтын үе эхэлсэн гэж хэлж болно. Х.Болдбаатар багш ”За та бүхэнд бүгдэд чинь дэлхий, олимпын медаль авах боломж байгаа шүү” гэж хэлсэн . Ер нь Болдоо багш тамирчдын сэтгэл зүйг их сайн өргөдөг. Бэлтгэл дууссаны дараа бүх тамирчныг суулгаж байгаад  маш их урам, зориг оруулах сайхан үгс хэлдэг. Жинхэнэ удирдагч, манлайлагч лидер хүн шүү.

-Жүдогийн улсын шигшээ багт анх орохдоо хэн багшийн гар дээр очиж байв аа?

        -2000 онд шигшээ багт ороод гавьяат дасгалжуулагч, ардын багш Ч.Насантогтох багшийнхаа шавь болсондоо их баярладаг. Улмаар “Хангарьд” спорт хорооны тамирчин болж байлаа. “Хангарьд”-ын Баясгалан дарга, Бат-Орших багшдаа талархаж явдаг. Эдгээр хүмүүсийн ач буянаар өдий зэрэгтэй яваа. Зарим багш нараа мартаад  нэрийг нь үлдээсэн бол уучлаарай. Монголын жүдо бөх гэсэн энэ том гэр бүл, хамт олондоо талархаж явдаг. Нэг тамирчны амжилтын ард маш олон хүний, олон жилийн хөлс хүч, хөдөлмөр, зүтгэл оршдог. Монголын жүдо бөхийн хөгжлийн төлөө зүтгэж яваа хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Бид дээд үеийн Нарка, Эрка, Эрдэнэбаатар, Ц.Очирбат гээд ах нараасаа суралцаж, үлгэр дуурайлал авч, тэдний хичээл, зүтгэлийн үр дүнд тамирчин болж төлөвшсөн юм шүү. Медаль хүртэж, олимп, дэлхийн аварга болохоосоо өмнө ямар ч тамирчин жүдо бөхөөс зөв төлөвшил олж авах ёстой. Жүдо бол бусдыг хүндэтгэх, ёс зүйтэй зөв хүн болох үндэс суурийг тавьж өгдөг агуу, гайхамшигтай спорт байгаа юм.

 


Д.НЯМХҮҮ:ОЛИМП, ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХООСОО ӨМНӨ ЖҮДО БӨХӨӨС ЗӨВ ТӨЛӨВШИЛ ОЛЖ АВАХ ЁСТОЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-12 21:53:03
    Zorro: Ene hoorhon ym yridag zaluu shuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-12 21:53:02
    Zorro: Ene hoorhon ym yridag zaluu shuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-12 20:27:00
    Болд: Мөн ч даруухан, ухаантай сайн хүү шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-12 19:11:17
    Жаргалан: Мөнч даруухан хүн юмаа миний нүдээр хүрэл мeдалиа луйвардуулсанан үнэн шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-12 18:46:53
    Дифлимпийн тамирчин : Мундаг ахдаа таны гэр бүлд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188