• Өнөөдөр 2024-05-19

ҮНДЭСНИЙ БӨХӨД ШИНЭ ҮЕИЙН ДАВЛАГАА ХҮЧ ТҮРЛЭЭ

2023-02-20,   11792

           Үндэсний бөхөд шинэ үеийн салхи сэвэлзээд эхэллээ. Олон жилийн түүхтэй уламжлалыг залуус үргэлжлүүлдгийн тод нэгэн жишээ болов. Тухайлбал Д.Дамдин, С.Цэрэн, Ч.Бээжин, Б.Түвдэндорж хэмээх халхын цуут аваргуудын залгамж халааг олноо хоёр Мөнх хэмээн алдаршсан Х.Баянмөнх, Ж.Мөнхбат залган авч наадамчин олноо баясгасан түүхтэй. Он цаг үргэлжилж буй хугацаанд шинэ түүх бий болсоор байна гэдэг. Яг үүн шиг үндэсний бөхийн түүх уртаас урт үргэлжлэх биз ээ. Монгол бөхийн ёс уламжлалыг ойролцоогоор 1600-аад жилийн түүхтэй гэж үздэг. XI зууны сүүл үеэс бөхчүүдэд харцага, бүргэд, гарди, шонхор зэрэг жигүүртэн амьтны нэрээр цол олгож эхэлжээ. XII зууны дунд үеэс тулгат, шандас гэдэг цол нэмэгдэн олгогдож байсан нь түүхийн хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ. XIII зууны дунд үеэс начин, заан, арслан аварга зэрэг нэрээр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох болсон байна.

-АВАРГУУДЫН ХАЛААГ ЗАЛГАМЖИЛСАН ХОЁР МӨНХ-

             Наадмын зүлэг ногоон дэвжээн дээр үе үеийн аваргууд эгнээд суучихсан байх үед “За муусайн борог өвснүүд юу байна даа. Ургаж яваа ногоог амлаад унагачих чадал байна уу. Сачий чинь хүрвэл амлаад хаячих” гэж хэлж хүн бол Ж.Мөнхбат аварга. Хэрвээ өөр бөх тэгж хэлсэн бол аваргууд амлаж аваад, амаар нь шороо үмхүүлэх байсан нь гарцаагүй. Ааг омог, эр баяр нь тэгширсэн хүрэн бор баавгай шиг дүүлж чадах Ж.Мөнхбат аварга болохоор хэн ч  “Амныхаа зоргоор аархлаа”гэж бодоогүй байх. Нэгэн цагийг хамтдаа эзэгнэн төрсөн “Хоёр Мөнх”-ийн домог олон зууны турш ам дамжигдан яригдах үндэсний бөхийн бахархал байх дамжиггүй. Хорьдугаар зууны сүүл хагаст “Үнээ саалгадаггүй хоёр Мөнх” гээд амтай болгон ярьж, сүсэглэж явсан нь нууц биш.

               Бараа бараагаа харалцаж, нэг нэгнийхээ өмнө хөндөлсөн дүүхэлзэж асан хоёр уул. Хэдэн жилийн өмнө Х.Баянмөнх аварга нэг залуу бөхөд унаж байгааг үзэж суусан Ж.Мөнхбат аваргын нүдэнд нулимс цийлгэнэн “Аргагүй хүчинд автагдах гэдэг хэцүү юм” гэж амандаа сулхан хэлж байхыг гэргий Ө.Тамир нь сонсжээ. Тэгвэл Х.Баянмөнх аварга Ж.Мөнхбат аваргыг нэгийн даваанд унахад “Би үнэхээр эвгүй байдалд орсон. Мөнхбат аваргыг унахыг хараад бөхийнхөө дэвжээн дээр анх удаа айсан. Би өөр хүнтэй барилдаж явтал нүдний буланд Мөнхбат аваргатай адилхан хүн унах шиг болоход зог тусаад хартал аварга босож ирж байсан. Тэгэхэд би их эвгүй байдалд орж итгэл алдарч, учраа бөхөө арай гэж л давсан” гэж өгүүлсэн байдаг. Нэгэндээ хачин их хайртай хоёр Мөнх наадмын дэвжээг эзэгнэж явсан нь саяхан. Зөөлөн нь хатуугаа иднэ гэгчээр цагийн эрхэнд тэдний баяр тэнхээг үргэлжлүүлж, наадамчдыг баясгах залуу үе хүч түрэн гарч ирсэн. Нэгэн цагт аваргуудын цуваа хоёр Мөнхөөр  үргэлжилж, үнээгээ саахгүй наадмын талбайд чуулдаг байлаа. Дийлдэшгүй домог болсон хоёр аваргын буухиаг үргэлжлүүлсэн хүчит бөх бол Б.Бат-Эрдэнэ аварга юм.

-ХОЁР МӨНХИЙН ХАЛААГ ЗАЛГАСАН ДАРХАН АВАРГА Б.БАТ-ЭРДЭНЭ, О.БАЛЖИННЯМ АВАРГА, П.СҮХБАТ ГАРДИ-

             Дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нарын араас залгаж, үндэсний бөх домог болсон аварга бол яах аргагүй Б.Бат-Эрдэнэ. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ дунд сургуулиа төгсөж, гурван жилийн цэргийн алба хааж, дахин их сургуульд сурсныхаа дараагаар үндэсний бөх рүү эргэлт буцалтгүй орсон байдаг. Түүнийг найз нөхөд нь “Их богино хугацаанд сайжирсан хүчтэн” хэмээн ярих нь олонтой. Төрийн наадамд дараалан түрүүлэх он жилүүд нь эхэлж, наадамчид “Энэ жилийн наадамд дахиад Б.Бат-Эрдэнэ түрүүлэх нь дамжиггүй” хэмээгдэж байсан үед П.Сүхбат гарди өвдөг шороодуулж байсан удаатай. Тус наадамд Б.Бат-Эрдэнийг өвдөг шороодуулаад байсан П.Сүхбат гарди, О.Балжинням аваргад өвдөг шороодон үзүүрлэсэн түүхтэй. О.Балжинням, П.Сүхбат нарыг “Дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй нэгэн цаг үед төрөөгүй бол төрийн наадамд хэд хэд түрүүлчих чансаатай бөх” хэмээн наадамчид ярьцгаах нь бий. Үндэсний бөхийн бахархал болж нэгэн цаг үеийг эзэгнэсэн гурван хүчтэний араас залуу зургаан заан залгасан түүхтэй.

-ЗАЛУУ ЗУРГААН ЗААН БА ШИНЭ МЯНГАНЫ ЭХЭН ҮЕ-

                  -“Он цаг өөрөө сайн сайхан бүхнээ нэвсийтэл дагуулаад ирдэг” хэмээн их найрагч Б.Лхагвасүрэн гуай нэгэнтэй хэлсэн нь бий. Шинэ мянган буюу 2000 оны эхэн үе бөхөд хайртай монгол түмэндээ зургаан залуу зааны уран хурц барилдааныг дагуулан ирсэн. Тэдний үзүүштэй, чинхүү үнэнч барилдааныг үзэхээр монголчууд тал бүрээс цугладаг байлаа. А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар нарын тэргүүтэй бөхчүүд төрийн наадмын үзүүр, түрүүний таамагт нэрлэгдэж явсан эд үе нь. Залуу зургаан заан наадмын талбайд хоорондоо л өрсөлдөж, нэг нь түрүүлдгийн жамаар түрүүлдэг байлаа. Залуу зургаан заантай өрсөлддөг нь И.Доржсамбуу гарди, М.Жамъянпүрэв начин гэх мэт хэдэн хүчтэн байв.

           Тэднээс А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар монгол бөхийн дээд цолд хүрсэн бол Д.Сумъяабазар улсын аварга, Б.Ганбат арслан, Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг нар гарди цол хүртээд байна. Тэд хамтдаа улсын наадмын найман үзүүр, түрүү хүртжээ. Зургаан хүчтэнээс наадмын үзүүр, түрүүнд хамгийн түрүүнд хүрсэн нь Сумъяабазар. Тэрбээр 1998 оны наадмын долоогийн даваанд хүчит арслан Д.Мөнх-Эрдэнэтэй барилдахдаа шахаж татаад, нэг хөл дээрээ долоон удаа догонцоод давсан нь өвөрмөц барилдааны тоонд зүй ёсоор орно. Улмаар наймын даваанд Цэрэнпунцагийг хавирахад нь дагуулж тахимдаад давж, цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнэтэй түрүү булаалдахаар үлдэж байсныг бөх сонирхогчид санаж буй биз ээ.  Үүний араас Д.Ганхуяг арслан гарч ирэн төрийн наадамд түрүүлж байв. Үүнийг бөх сонирхогчид андахгүй биз ээ. Энэ үеэс үндэсний бөхөд шинэ салхи үлээж, даян аварга Н.Батсуурь, улсын аварга Ч.Санжаадамба, П.Бүрэнтөгс аварга, Э.Оюунболд арслан, Р.Пүрэвдагва арслан тэргүүтэй бөхчүүд шинэ мянганы бөхийн бахархал боллоо. Эдгээр бөхийг танихгүй хүн ховор. Харин эдгээр хүчтэнийн араас О.Хангай аварга хүч түрэн гарч ирж богино хугацаанд улсын бол хүртсэн. Харин 30 насныхаа босгон дээр аварга хэмээх эрхэм цолыг хүртсэн юм.

-ҮНДЭСНИЙ БӨХӨД ШИНЭ ҮЕИЙН ДАВЛАГАА-

          “Цаг цагаараа байдаггүй” хэмээн монголчууд ярьдаг. Өнөө цагийн үндэсний бөхийн хувьслыг залуучууд хийгээд эхэллээ. Нэг үгээр бол үндэсний бөх шинэ үеийн бөхчүүдээр хүрээгээ тэлж байна.  Шинэ үеийн залуучууд хүчтэй нь аргаггүй сэвэлзэж байна. Идэр залуу догшин бар шиг зүлэг ногоон дэвжээндээ архиран дүүлээд эхэллээ. Энэ эрч хүчтэй залуу үеийн төлөөлөл бол Б.Орхонбаяр арслан, М.Лхагвагэрэл заан, О.Цэцэнцэнгэл начин, аймгийн арслан Э.Мөнхжаргал нараар тэргүүлүүлжээ. Б.Орхонбаяр дөнгөж 24 насандаа төрийн наадамд ес даван үзүүрлэж, улсын арслан цол хүртээд байна. Мөн Архангай аймгаас хүч төрөн гарч ирж аймгийн арслан Э.Мөнхжаргал  заалны барилдаануудад эзэгнэнхэн байна. Тэрбээр Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн түүхт ойн баяр наадамд дээгүүр таамаглагдаж байсан ч хоёрын даваанд өвдөг шороодсон билээ. Үүнээс гадна сумын заан цолтой байхдаа заалны барилдаанд бужигнуулж явсаар цагаан сарын барилдаан түрүүлсэн. Энэ цагийн үеийн насаар залуу бөхчүүд болох М.Лхагвагэрэл, О.Цэцэнцэнгэл нар үндэсний бөхөөр барилдахын сацуу дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг гаргаад буй тамирчид юм. Шинэ мянганы эхний хагасыг эзэгнэн төрхөөр илгээгдсэн мэт хүчтэнүүд түүхийн хуудсыг шинээр нээх нь дамжиггүй биз. Бөхөд хайртай, бөхөө хүндэлдэг монголчууд дээлийнх нь засахыг мушгиад Төв цэнгэлдэхдээ сууна даа. Он цагийн эзэд болохоор үндэсний бөхөд шинэ үеийн салхи сэвэлзээд эхэллээ.    

 


ҮНДЭСНИЙ БӨХӨД ШИНЭ ҮЕИЙН ДАВЛАГАА ХҮЧ ТҮРЛЭЭ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188