Риогийн олимпод медалиа луйвардуулсан ч “Олимпын домог” болсон тамирчин бол Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Азийн наадмын аварга Ганзоригийн Мандахнаран. “Аваргууд” академи, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Г.Мандахнарантай ярилцлаа.
-Таныг Төв аймгийн Ж.Зоригоо багшийн шавь гэдэг. Таны сонирхлыг чөлөөт бөхийн чухам юу нь татсан юм бол?
-Чөлөөт бөхийн тамирчид бусад тамирчдаас түрүүлэн олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн байдаг. Яах аргагүй олон түмэнд танигдсан Монголын номер нэг спорт. Тийм болохоор би чөлөөт бөхөөр хичээллэх хүсэл мөрөөдөл тээж явсан. Төв аймгийн БТСХ-ны бүжгийн дугуйланд бүртгүүлчихээд явж байхдаа бөхийн секц хичээллэж байгаатай таарсан юм. Тэгээд л бүжгээ болиод, Ж.Зоригоо багшийн бөхийн секцэнд орсон. Тэр үеэс хойш дунд сургуулиа төгстөл Ж.Зоригоо багшийнхаа чөлөөт бөхийн секцэнд хичээллэсэн.
-Швейцарийн тэмцээнд явахын тулд ээжийнхээ бүтэн зуны турш хөдөлмөрлөж олсон цалингаар замын зардлаа хийж байсан гэдэг. Тэр үед 19 настай хүү байсан гэв үү?
-Швейцарьт болсон залуучуудын олон улсын тэмцээнд анх удаа оролцсон. Тэр үед би оюутан болоод удаагүй байсан юм. “Алдар” спорт хороонд Цогоо, Хосоо багшийнхаа гар дээр ирээд удаагүй байсан үе л дээ. Өсвөр үе, залуучуудын УАШТ-д түрүүлж чаддаггүй байсан болохоор Азийн аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авч чаддаггүй байлаа. Харин Швейцарьт олон улсын тэмцээн болно гэхээр нь одоогийн улсын гарьд Б.Гончигдамба, ОУХМ Ц. Цогтбаатар, О.Золбаяр гээд нэг үеийн бид дөрөв тэр тэмцээнд явсан. Ээж маань барилгын засал, чимэглэл хийдэг. Зуны турш барилга дээр ажиллаад, намар сургууль орохын өмнө цалингаа бөөнөөр нь авсан юм. Ээжийн бүх мөнгийг аваад, тэр мөнгө нь замын зардалд хүрдэггүй. Түүнд дээр “Ганьт” компанийн захирал Ц.Эрдэнэбат ах мөнгө нэмж өгөөд явж байлаа. Тэр тэмцээндээ түрүүлсэн. Гадаадын тэмцээнд явж, гаднын бөхчүүдтэй анх удаа барилдаж үзэж байгаа нь тэр. Түүнээс маш их урам, сэтгэлийн хүч авсан. Гэхдээ тэр тэмцээнд ямар ч мөнгөн шагнал байгаагүй. Гэсэн ч хамгийн гоё нь цаашид улам хичээж барилдах сэтгэлийн эрч хүчийг олж авсан нь үнэ цэнтэй байсан л даа. Тэмцээнээс ирээд сэтгэл шулуудаад, бөх болох зорилго тавиад, МУИС-ийн Мэдээлэл, технологийн сургуулийн компьютер, инженерийн ангиа хаясан. Сүүлд ҮБДС-ийн багш, дасгалжуулагчийн ангийг төгссөн.
-Битүү морь наадамд түрүүлдэг шиг хэний ч мэдэхгүй залуу бөх Гуанжоу 2010 Азийн наадмаас алтан медаль хүртсэн. Японы бөхтэй гал гарсан барилдаан хийсэн шүү. Тэр тэмцээнийг эргэн дурсахгүй юу?
-Азийн наадамд анх 2010 онд түрүүлэхдээ би өсвөр, залуучуудын УАШТ-д ч түрүүлж үзээгүй байсан. Харин насанд хүрэгчдийн УАШТ-д хоёр удаа түрүүлчихээд байсан үе л дээ. Гэхдээ гадагшаа тэмцээнд төдийлөн явж үзээгүй шахам туршлагагүй залуу тамирчин байлаа. Ердөө 2009 оны Азийн аваргаас мөнгөн медаль хүртсэн л үе. Тэгээд 2010 оны УАШТ-д их л мундаг хүн орсон чинь Ням-Очир гавьяатад ялагдаж, медаль хүртэж чадаагүй. Тэр ялагдал надад том сургамж болсон. Зуны турш уйгагүй хичээж, бэлтгэл хийснийг маань багш, дасгалжуулагчид олж харсан юм билээ. Тэд “Бэлтгэл сайтай байгаа юм чинь Мандахыг Азийн наадамд авч явъя” гэж ярилцаад, шийдвэр гаргасан гэдэг.
Бээжингийн олимпоос манай тамирчид хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртсэн болохоор хүмүүс Азийн наадмаас түүнтэй ижил өндөр амжилтыг хүссэн, хүлээлт үүссэн байсан л даа. Манай олимп, дэлхийн шилдэг тамирчдын бүх тэмцээн дуусаад нэг ч алтан медальгүй явж байсан үед миний барилдаан таарсан. Монголчуудын хүссэн Азийн наадмын алтан медалийг олонд төдийлөн танигдаагүй залуу бөх гарч ирээд авсан нь хүмүүсийн сэтгэлд хүрсэн байх.
-Та их хор шартай юу. Барилдааныг чинь харахад их шийдэмгий, дайчин тэмцэж, асаж барилддаг. Барилдааны эхэнд оноо алдаад, хөөж барилдсаар ялж байгаа тохиолдол цөөнгүй байсан. Долоон оноогоор хожигдож яваад, хөөж барилдан хождог барилдаан үнэхээр гайхалтай байсан шүү. Энэ таны барилдааны онцлог уу ?
-Тамирчин хүний бэлтгэлжилт сайн үед өөртөө итгэлтэй, хожно, дийлнэ, чадна гэсэн итгэл, сэтгэлтэй болчихдог юм. Би багын л аливаа зүйлд бууж өгөх дургүй, эхэлсэн зүйлээ тултал нь хийхээс нааш санаа амардаггүй, аливаа зүйлийг болохоос нь болохгүйг хүртэл дуустал нь хийж үзэхийг хичээдэг хүүхэд байсан. Цаг дуусаагүй байхад хожигдол гэж байдаггүй юм гэдгийг үргэлж өөртөө сануулдаг байв. Одоо энэ үгээ шавь нартаа захиж хэлдэг. Барилдаан дуусах дохио өгөөгүй л бол нэг, хоёр секундын хугацаа байсан ч хамаагүй урагш дайрч оноо авах л ёстой. Цаг дуусаагүй байхад ялагдалтайгаа эвлэрэн шантарч бууж өгч хэзээ ч болохгүй. Урагш үргэлж дайрч, давших л хэрэгтэй. Спорт бол тэмцэл, ялалт, амжилтын төлөөх өрсөлдөөн. Үүнийг би мөрдлөгө болгохыг үргэлж хичээдэг учраас урагш дайрч, тэмүүлж, тэмцэж барилддаг байлаа.
Би барилдааны эхэнд өрсөлдөгчөө сайн мэдэрч чадаагүй учраас олон оноо алдаад байдаг юм. Өрсөлдөгчөө мэдрээд эхэлсэн үедээ барилдаан илүү гарч оноогоо нөхөж авдаг л даа. Тухайн хүний барилдааныг мэдэрч байж л ямар мэх хийх гэж байгааг мэднэ. Хариу мэх хийх, барьц, байрлал, сөрөг довтолгооны аргаа олно. Гавьяат М.Хойлогдорж гуай бас барилдааны эхэнд их олон оноо алддаг, хөөж нөхөн барилдаж ялдаг бөх байсан юм гэнэ лээ. Тэр үед одоогийнх шиг зургаан минут биш, есөн минут барилддаг байж.
Өмнө нь барилдаж үзээгүй хүнтэй барилдах их хэцүү. Тэр бөхөөс ямар мэх ирэх, ямар арга барил, техник, тактиктай бөх гэдгийг мэдрэх амаргүй. Надад нөхөж хөөж барилдаж, хожсон барилдаан нэлээд бий шүү. 2016 оны олимпын эрхийг 9:0-ээр хожигдож яваад нөхөж гүйцэж ялалт авч байв. Нэг л оноо алдахад 10:0 болоод хожигдох эгзэгтэй мөчид хөөж барилдаад 9:12 болгоод, цаг дуусахын өмнө цэвэр даран хожил авч байлаа.
Мөн Туркийн Яшар Догугийн Гран при тэмцээнд Италийн алдарт бөх, дэлхийн аварга Чамизотой анх удаа барилдахдаа 10:0-ээр хожигдож, мөнгөн медаль хүртсэн. Би “За яах вэ, дараагийн тэмцээнд чамайг заавал хожно” гэж бодоод л өнгөрсөн. Түүнээс таван сарын дараа Кунаевын тэмцээнд дахин аваргын төлөө таарч, түүнийг хожиж байлаа. Өрсөлдөгчийнхөө барилдааныг илүү сайн мэдэрч чадвал миний барилдаан сайн гардаг. Энэ л миний барилдааны онцлог байх.
- Хүнд нэг хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөр байхад амжилт гаргана гэж ярих нь бий. Танд хичээнгүй, шаргуу хөдөлмөрлөхөд юу хамгийн их нөлөө үзүүлдэг юм бол. Эрч хүч авдаг зүйл байдаг биз?
-Би үүнтэй 100 хувь санал нийлнэ. Надад үнэхээр барилдах авьяас байсан бол аль эрт өсвөр, залуучуудын УАШТ-д хэнд ч хожигдохгүй тасархай түрүүлчихсэн байх байлаа. Швейцарийн тэмцээнээс хойш би бөх болно гэж шийдэж, зорилго тавьсан. Тэр зорилгодоо хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөсөн. Тухайн үед өглөө, өдөр, орой “Алдар” спорт хороон дээр гурван бэлтгэлд ордог байв. Тэгж бэлтгэлээ хэтрүүлэн хийж байгаад бэлтгэл “цөмөрч” байлаа. Бэлтгэл цөмөрнө гэдгийг ч мэдэхгүй амьтан. Бэлтгэл их хийвэл сайн, өндөр амжилт гаргаж чадна гэсэн ганцхан бодолтой. Тэгээд УАШТ-д ороод байдаггүй ээ, “мултарчихсан”. Их хөдөлмөрлөх нь зөв. Гэхдээ амралт, сэргэлт, ачааллыг зөв тэнцвэржүүлэх хэрэгтэй гэдгийг ойлгож билээ.
-Та Будапешт 2013, Ташкент 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальтай. Тэр тэмцээнүүд мартахын аргагүй дурсамж үлдээсэн биз?
-Миний гаргасан хамгийн том амжилт гэвэл Будапешт 2013, Ташкент 2014 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалиуд байгаа юм. Энэ хоёр дэлхийн аварга мартахын аргагүй сайхан тэмцээн. Би жин их хасдаг байсан. Жингээ тааруулж хасаж чаддаггүй байсан нь илүү тогтмол амжилт гаргах боломжуудыг маань хаасан байх. 2013 оноос Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн солигдож, багш, дасгалжуулагчид өөрчлөгдсөн нь надад илүү боломжийг нээж өгсөн. Ц.Цогтбаяр багш маань шигшээ багийн дасгалжуулагчаар ирсэн. Тэр надад сайнаар нөлөөлж сэтгэл зүй, бэлтгэлд үр дүн үзүүлж, 2012-2016 оны олимпын цикльд тогтмол амжилт гаргах, өсөх үндэс болсон гэж итгэдэг.
-Нүдээ дов болтол, хавдтал мөргүүлдэг чинь хэдэн оны дэлхийн аварга вэ?
-Тэр Ташкентын 2014 оны дэлхийн аварга. Намайг мөргөдөг бөх Беларусын Нуриков гэдэг залуу. Тэр барилдаан хүнд, тэмцэлтэй өрнөсөн. Би барилдааны эхэнд олон оноо алдаад 8:0-ийн харьцаатай ялагдаж явсан. Оноогоо нөхөн гүйцэж авахын тулд хөөж барилдсан. Цаг дуусахад нэг минут 40 секундын хугацаа үлдсэн байлаа. Урагш явж нөхөж оноо авч, цаг дуусахаас өмнө Нуриковын хамаг тамирыг нь шавхаж дуусган, хялаалгаж байж хожсон. Нөгөөдөх чинь бүр сүүлдээ намайг дийлэхгүй болоод ирсэн. Ер нь ямар ч бөх барахгүй болоод ирэхээр хамаг л болох, болохгүй бүх л бохир, муу аргыг хэрэглэдэг л дээ. Тэр сүүлдээ бүх бохир аргаа хэрэглээд, гурван торгуулиар хөөгдсөн.
-Бид амжилт гаргасан тамирчнаа “Тэнгэрт тултал” нь шахуу магтаад, алдаа гаргасан тамирчнаа “Газар доогуур ортол” нь муулдаг зантай хүмүүс. Рио 2016 олимпын наадмаас таныг медаль хүртэнэ гэж олон хүн хүсэн, хүлээж байсан. Гэтэл Узбекстаны Наврузовт шүүгчдийн луйвраар ялагдсан. Олимпын дараа та багагүй шүүмжлэлд өртсөн биз?
-Олимпын дараа бусдын хэл ам, дайралт, дарамт их байсан. Тэр бүгдээс хол байхыг хичээж хөдөө явсан. Манай хөдөөний хүмүүс их сайхан сэтгэлтэй. Намайг ойлгож, сэтгэлийн урам дэм их хайрладаг байлаа. Нэг удаа хот руу орж ирээд найзыгаа автобусанд суулгаж өгөх гээд явж байв. Тэгсэн тэр автобусны жолооч цонхоо онгойлоод “Чи муу арчаагүй амьтан олимпоос медаль авчихаж чадахгүй ” гээд л элдвээр хэлж, давшилж баахан уур бухимдлаа гарган, загнаж билээ. Надад бүр хэлэх ч үг олдохгүй байсан. Хотод ер нь бараг л таарсан хүн бүхэн шахуу над руу дайрах нь дарамттай байлаа.
-Риогийн олимпын медаль ижил загвартай дурсгалын медалийг хэн танд бэлэглэсэн юм?
-Риогийн олимпын дараа монголчууд хоёр талцаад хэрэлдэж, маргалдаж байх үед, Чөлөөт бөхийн мастеруудын холбооноос дурсгалын медаль хийлгэж бэлэглэсэн. Бөхийг мэддэг, мэдэрдэг, спортыг ойлгодог хүмүүс л миний талд зогссон. Тэр хүмүүст одоо хүртэл баярлаж талархаж явдаг.
-Риогийн олимпын чөлөөт бөхийн тэмцээнийг үзэж байсан үзэгчид таныг ялсан гэж ордон даяар нүргэлтэл Монголиа, Монголиа, Монголиа гээд хашхирч байсан даа?
-Олимпын бөхийн төрлийг үзэж байгаа хүмүүс бөхийг ойлгодог, яс махаараа мэдэрдэг л дээ. Буруу, зөв шүүж байгааг андахгүй. Муу шүүгчээс дутахгүй илүү шүүнэ шүү . Тийм ч учраас миний ялалтыг дэмжиж, Монголиа, Монголиа, Монголиа гэж заал дүүртэл хашхирч дэмжсэн л дээ.
-Та яагаад барилдахгүй зугатаасан юм бэ. Зугтаагүй бол медаль авчих байсан юм биш үү?
-Зугтаах гэдэг арай өөр л дөө. Нуруугаа харуулаад буруу хараад гүйхийг хэлнэ. Би цаг дуусахаас өмнө ялалтын баяраа тэмдэглэсэн. Олимпын түүхэнд ийм баяр тэмдэглэсэн ялалт зөндөө бий. Орос, АНУ-ын олон олимпын аваргууд байдаг. Бичлэгүүд нь ч байгаа. Тэднийг хэзээ ч надад шиг торгож байгаагүй. Харин намайг барилдааны цаг дуусны дараа торгож ялагдал хүлээлгэсэн анхны тохиолдол байх.
-Наврузов өмнөх тойрогт дэлхийн аваргын мөнгөн медальтай Порта Рикогийн бөх Гомест ялаглдсан. Шүүгчид луйвардаж Наврузовт ялалтыг өгсөн. Шүүгчдийг буруу шүүсэн гэж олимпын наадмаас хөөсөн хэрнээ Гомест ялалтыг өгөлгүй луйвраар ялсан Наврузовыг цааш нь барилдуулсан байдаг?
-Дэлхийн бөхийн холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга нь узбек хүн байдаг. Узбек, Монгол хоёр олимпын сүүлийн өдөр хүртэл чөлөөт бөхөөр нэг ч медаль аваагүй байсан. Аль улс нь медальтай болох вэ гэдэг л байсан. Гэтэл шүүгчид Наврузовыг илт дэмжсэн бохир луйвар хийсэн. Наврузов олимпод 3-4 ялагдсан хэрнээ шүүгчдийн дэмжлэг, луйвраар дээш гарч медаль хүртсэн бөх шүү дээ. Аль эрт Гомест ялагдаад олимпыг орхих байсан бөх.
-Риогийн олимпын дараа сэтгэл зүйн хувьд их хүнд үеийг туулав уу?
-Риогийн олимпын дараа би монголчууддаа илүү ихээр танигдсан байх. Тэр үед сэтгэл зүйн хувьд маш хүнд байсан. Миний барилдаж эхэлсэн үеэс хойших 10-20 жилийн хөдөлмөрийн үнэ, цэнэ, хөлс, хүч, хөдөлмөр олимпын медаль хүртэхэд чиглэгдэж байсан. Тэр хөдөлмөр, зорилго, хүсэл тэмүүллээ луйвардуулан хүнд, хэцүү сэтгэлийг шархтай үлдсэн. Бизнестэй ижил зүйл. Хичээж, зүтгэж босгосон олон жилийн хөдөлмөр, бизнесийн амжилтаа бусдад луйвардуулж, хоосрох ямар байх вэ. Яг түүнтэй адилхан.
-Риогийн олимпын дараа танд Канадад амьдардаг Уянга гэдэг охин өөрийн медалиа бэлэглэж байсан сайхан дурсамж бий. Энэ тухайгаа дурсвал?
-Канад Улсад аав, ээжтэйгээ амьдардаг Уянга гэдэг охин сагсан бөмбөгийн тэмцээнээс авсан медалиа надад бэлэглэсэн. Монгол хүний сэтгэл ямар уужим, агуу юм бэ гэдгийг тэр жаахан охиноос мэдэрсэн. Тэр охинд “Би монгол хүн шүү” гэсэн омог бардам сэтгэл байсан. Миний хүнд байдлыг мэдэрсэн болохоор сэтгэлийн урам дэм болгож, медалиа явуулсан байв. Надад сэтгэлийн аз жаргал бэлэглэсэн тэр охинд баярлалаа гэдгээ дахин хэлье. Тэр охинд медаль нь үнэ цэнтэй байсан учраас надад бэлэглэсэн байж таараа. Би өөрийн тив, дэлхийгээс хүртсэн медальтай туузныхаа оройд тэр медалийг зүүсэн байгаа. Тэр жаахан охины сэтгэл ямар гоё гэгээлэг байна вэ.
-Риогоос ирэхэд Чөлөөт бөхийн холбооныхон таныг илт буруутгасан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Олимпын медалиа луйвардуулсан ч олимпын шинэ домгийг бүтээж чадлаа” гэсэн. Харин Б.Лхагвасүрэн гуай таны сэтгэлийг онгойтол үг хэлсэн гэдэг. Тэр ямар үг байсан юм бол?
-Би хэвийн амьдралдаа буцаж орох хүнд, хэцүү үетэй тулгарсан. Яг тэр үед Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гуай дуудаж, Төрийн ордонд хүлээн авч уулзан сэтгэлийн урам дэм хайрласанд нь их баярладаг. Хүн гэдэг сэтгэлийн амьтан гэдэг яах аргагүй үнэн. Ерөнхийлөгчийн хэлсэн тэр урам дэмээр тэжээгдэж, хүнд хэцүү сэтгэлийн шарх, дарамт бага боловч хөнгөрөх шиг болсон. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалсанаас, тэвдэж явахад тэвнээр тусла” гэдэг шиг л болсон. Хэсэг бүлэг хүн над руу дайрч, доромжилж байх үед Монгол Улсын маань Ерөнхийлөгч сэтгэлийн урам өгсөн нь хамгийн том, юугаарч хэмжээлшгүй том шагнал байсан шүү. Тэр үед би бараг л чөлөөт бөхөө үзэх ядах хэмжээнд очсон. Ахиж барилдахаа больдог ч юм бил үү гэж бодож явсан үе.
Харин Бавуугийн Лхагвасүрэн гуай “За, миний хүү чиний ялалт, ялагдал чамаас болоогүй ээ. Өнөөдрийн Монгол Улсын чинь байгаа байдал ийм л байна. Улс орон чинь уруу дорой болохоор бусдад дээрэлхүүлж байгаа юм. Америк, Япон, Герман, Орос зэрэг хүчтэй орныг цаадуул чинь хэзээ ч дээрэлхэж чадахгүй. Тал засаж зусардана. Энэ бидний амьдарч байгаа Монгол Улсын маань хөгжил, дэлхийн хэмжээнд ингэж үнэлэгдэж байна. Энэ муу ядарсан монголчуудыг яаж ч дээрэлхсэн ч яадаг юм гэж хандаж байна шүү дээ” гэж хэлсэн. Үнэхээр тэр үгийг би сонсох гэж хүлээж байсан юм шиг сэтгэл онгойгоод, дотор цэлмээд явчих шиг санагдсан. Б.Лхагвасүрэн гуайн үгнээс би “Монгол Улсаа залуучууд бид л хөгжүүлж, дэлхийн хүчирхэг гүрэн болгох ёстой юм байна” гэсэн ухаарлыг мэдэрсэн. Монголчууд минь чаддаг, мэддэг юм аа л сайн хий. Тэгвэл улс орон маань хөгжинө. Чадахгүй мэдэхгүй юмыг оролдож цаг битгий алдаарай. Миний чаддаг юм барилдах. Тийм болохоор би дасгалжуулагч хийж байна. Өөрийн мэддэг бүх зүйлээ хүүхэд, залууст зааж сургана. Энэ л миний эх орондоо оруулж байгаа хөрөнгө оруулалт, тус дэм юм болов уу.
-Олон улсын спортын арбитрын шүүхэд хандсан. Тэр асуудал ямар шатанд яваа вэ?
-Арбитрын шүүх “Хэлэлцэх шаардлагагүй асуудал байна” гэсэн. Тэгээд л өөр хандах газаргүй учраас хаясан.
-Монголын чөлөөт бөхийн холбоо уг нь тамирчныхаа эрх, ашгийг хамгаалах ёстой. Гэтэл таныг буруутгасан. Харин америкууд таныг их сайн дэмжсэн санагддаг. Хоёр дасгалжуулагчийн зурагтай “Аварга шиг барилд, Монгол шиг тэмц гэсэн уриатай” богино цамц гаргасан шүү дээ?
-Америк төдийгүй, бусад олон орны телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон шударга үзэгчид намайг ялсан гэдгийг баталж, харуулсан тэмцэл, эсэргүүцэл хийсэнд баярладаг. Энэ бол үе үеийн тамирчдад мартагдахгүй, үргэлж яригдах түүх юм даа. Одоо нэгэнт өнгөрсөн зүйлд харамсаад яах билээ. Хүнд хэцүү үеийг бие, сэтгэлээрээ туулаад л гарсан. Цаг хугацаа сэтгэлийн эмзэглэл, шархыг бүрэн эмчилсэн. Цаг хугацаа өнгөрөх тутам тэр дарамт, шахалт мартагдаж байна. Хамгийн гоё нь Риогийн олимпоос хойш гадаад, дотоодод ялгаагүй хүмүүс намайг тэр барилдаанаар таньдаг болжээ. Олимпын медаль авснаас илүүтэйгээр олны танил болсон байна лээ. Энэ л надад олимпын медалийн дайтай том шагнал юм даа.
Г.МАНДАХНАРАН: РИОГИЙН ОЛИМПЫН ДАРАА ГУНДУУХАН ЯВАХАД Б.ЛХАГВАСҮРЭН АХ СЭТГЭЛ СЭРГЭЭСЭН САЙХАН ҮГ ХЭЛСЭН ДЭЭ |
|
2025-02-05 16:13:14
2025-02-05 14:51:17
2025-02-05 14:44:05
2025-02-05 14:12:33
2025-02-05 12:58:45
2025-02-05 12:05:52
2025-02-05 10:42:29
2025-02-05 10:41:42
2025-02-05 10:36:02
2025-02-05 10:00:00
2025-02-05 09:53:41
2025-02-05 09:35:59
2025-02-05 09:13:00
2025-02-05 08:36:36
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 06:00:00
2025-02-04 16:37:18
2025-02-04 16:05:43
2025-02-04 15:49:12
2025-02-04 15:44:23
2025-02-04 15:40:52
2025-02-04 15:27:54
2025-02-04 14:05:37
2025-02-04 13:47:16
2025-02-04 13:29:04
2025-02-04 12:27:23
2025-02-04 12:17:34
2025-02-04 11:48:11
2025-02-04 11:36:26
2025-02-04 11:17:30
2025-02-04 11:16:42
2025-02-04 10:28:30
2025-02-04 10:18:23
2025-02-04 09:44:30
2025-02-04 09:37:51
2025-02-04 08:48:33
2025-02-04 08:40:53
2025-02-04 07:20:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |