Итали Улсын Милан хотод 2009 онд болсон сонирхогчдын боксын 15 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 17 настай нэгэн хүү 51 кг-ын жингийн шилдгүүдийг сөхрүүлэн дэлхий даяар шуугиан дэгдээсэн билээ. Гадаадын боксын мэргэжилтэн, багш, дасгалжуулагч нарын тооцоонд огт байгаагүй хэний ч мэдэхгүй нэг хүү дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв. Тэрхүү Миланд сенсаци дэгдээн шинэ нээлт болон цойлон гарч ирсэн тэр жаахан хүү бол монголын боксчин Нямбаярын Төгсцогт байлаа.
Италийн Миланы ДАШТ-ээс хойш Н.Төгсцогт маань Ази тивийн аваргын хүрэл, оюутны дэлхийн аварга болж, олимпын наадмын мөнгөн медальтай Монгол Улсын гавьяат тамирчин болчихсон явна. Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт 1992 оны зургадугаар сарын 23-нд Улаанбаатар хотод мэндэлжээ. Өвөө нь түүнд өөрийн өвөг эцэг Богдын Даншиг наадамд 1888 онд түрүүлж байсан “Улам-Өрнөх” Төгсцогт тайжийн цол нэрийг хамтад нь өгчээ. Харин төрсний гэрчилгээ авахад хэтэрхий урт нэр байна гэж “Улам-Өрнөх” гэсэн цолыг нь хасаж Төгсцогт гэдэг нэрийг нь үлдээжээ.
Даншиг наадмын арслан цолтой өөрийн өндөр өвгийн нэрийг авсан Н.Төгсцогт бөх болохоор жүдогийн дугуйланд орсон байна. Сахилгагүй, дэггүй хөдөлгөөнтэй зан чанар нь түүнийг жүдочин болоход том саад болсон байж магадгүй. Ямартаа ч нэг их удалгүй жүдогийн дугуйлангаас гарсан байдаг. Бичэн жилд мэндэлсэн дүрсгүй хүүг гэрийнхэн нь тэрхүү дэггүй амьтантай зүйрлэн хочилдог байсан гэхээр ямархуу хөдөлгөөнтэй хүүхэд байсан төсөөлөгдөх биз ээ.
Н.Төгсцогт Бээжингийн олимпын аварга, МУГТ Э.Бадар-Ууганы сурч байсан 79 дүгээр дунд сургуулийг төгссөн нь бас л сонин. Гэр хороололд өссөн хүүхдүүдийн адил гудамжинд бөмбөг өшиглөж, үе тэнгийнхэнтэйгээ гар зөрүүлэн дэггүйтдэг түүнийг “Гэзэгт атаман” гэж хочилдог байжээ. Гудамжинд хүүхдүүдтэй гар зөрүүлэх дуртай түүнийг өвөө нь боксын дугуйланд оруулснаар төрөлх авьяасыг нь нээж хөгжүүлэх чухал алхам болсон байна.
Хэдийгээр Н.Төгсцогт дунд сургуулийн сурагч байхдаа дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн ч бусад боксчдын туулсан ачаалал ихтэй хүнд бэлтгэл сургуулилалтын замыг тойрч гараагүй, дайрч гарсан. Спортын өндөр зэрэглэлд хүрсэн тамирчид их хөдөлмөр, хөлс хүч, тэсвэр тэвчээр, сэтгэл зүрх, цаг заваа зарцуулж байж амжилтад хүрдэг. Тэр бүхнийг Н.Төгсцогт амссан. Хоол сойх, хагас өлсглөн явж жин хасахын зовлонгоор зөвхөн тамирчин хүний зовлонг төсөөлж болохгүй. Даралт унах, тамирдах, толгой эргэх, чих шуугих, уруул ам хатах, ходоод гэдэс өвдөх,нойргүйтэх хэцүү хүнд үеийг тэрбээр туулсан. Ялалт амжилт гаргахын төлөө сэтгэл зүйгээ төвлөрүүлэн захирч сурах гээд тоочоод байвал олон бэрхшээл бий. Тэр бүхнийг Н.Төгсцогт давж туулан олимп, дэлхийн хос медальтан болж чадсан билээ.
Түүний хүсэл мөрөөдлийн ноён оргил нь мэдээж бусад тамирчдын адил олимпын наадам байсан. Хүн төрөлхтний спортын хамгийн том наадам гэдэг утгаараа “Лондон 2012” олимп Н.Төгсцогтын хувьд хамгийн үнэ цэнтэй тэмцээн болж байв. Лондонгийн олимпын наадмын рингэнд эхний тойргийн тулаандаа Азербайжаны Элвин Мамишзадыг 18:11-ийн харьцаатай оноогоор буулган авсан. Харин хоёрдугаар тойрогт Бээжингийн олимпын хүрэл медальт, 2007 оны Чикагогийн ДАШТ-ний хүрэл, Европын аваргын хошой хүрэл медальт Италийн алдарт боксчин Винчензо Пикардиг 17:16-ийн харьцаагаар ялсан билээ.
Улмаар гуравдугаар тойрогт 2011 оны Бакугийн ДАШТ-ний хүрэл медальт Узбекистаны Ясурбек Латиповыг 15:10-ын харьцаагаар хожсон. Хагас шигшээ тулаанд 2011 оны Бакугийн ДАШТ-ээс алтан медаль хүртэж түрүүлсэн дэлхийн аварга ОХУ-ын алдарт боксчин Миша Алойаныг 15:11-ийн харьцаагаар сөхрүүлсэн нь гайхалтай байв. Ийнхүү тэрбээр Лондон 2012 оны олимпын аваргын алтан медалийн төлөө тулалдах эрхийг өвөртөлсөн билээ.
Харин олимпын аваргын төлөө Кубын залуу боксчин өсвөр үеийн дэлхийн аварга, Пан Америкийн аварга Робейси Рамирез Каразанатай тулалдаж шүүгчдийн саналаар 14:17-ийн харьцаатай оноогоор ялагдал хүлээж, Лондон 2012 олимпоос мөнгөн медаль хүртсэн түүхтэй. Шүүгчид Кубын залуу боксчны талд илт оноо нэмж, манай Н.Төгсцогтын оновчтой цохилтын оноог дутуу дарж байсныг олимпын тулааны бичлэгээс харж болно.
Н.Төгсцогт Кубын боксчин Робейси Рамирез Каразанатай зоримог шийдэмгий тулаан хийж байсан билээ. Кубын боксчин оноо авахаар оновчтой цохилт хийж чадаагүй гэдэгт одоо хүртэл би итгэдэг. Робейси Рамирез Каразана Н.Төгсцогтын оновчтой хүчтэй олон цохилтыг арай ядан тэсэн гарч цагаа дуусгасан. Н.Төгсцогтыг ялалт авсан гэдэг олон хүн итгэлтэй байсан. Гэтэл шүүгчид эсрэгээр ялалтыг Кубын тамирчинд өгсөн юм.
Шүүгчдийн энэ “маапаан”-тай шүүлт нь монголын бокс сонирхогчдыг ёстой нэг “шок”-д оруулсан луйвар болсон. Хэрэв мэргэжлийн боксын бээлийтэй. Дуулгагүйгээр тулалдсан бол Н.Төгсцогт Кубын боксчинг унагах байсан байж магадгүй. Сонирхогчдын боксын шүүгчдийн энэ мэт олон луйвраас болж мэргэжлийн бокс руу олон тамирчин орж байгаа билээ. Шударга тэмцэл, шударга тулааныг боксчид мэргэжлээс хайх болсон. Шүүгчдийн луйврын золиос болсон Н.Төгсцогт маань олимпын медалийн тавцанд гарч медалиа гардан авахдаа гонсгордуу харагдсан.
Харин тэрбээр олимпын дараа “Би мөнгөн медалиа голж чамлаагүй. Олимпын медаль гэдэг том зүйл. Том амжилт. Медаль авсандаа баярласан ч алтан медаль хүртэж чадаагүйдээ сэтгэл дундуур үлдсэн. Медалийн тавцанд гарахдаа өөрийгөө зэмлэж, үүнээс илүү тулалдах боломж байсан. Тэр боломжоо би өөрөө л алдлаа даа хэмээн бодсон” гэж билээ.
Н.Төгсцогт Инчеоны 2014 оны Азийн наадамд Өмнөд Солонгосын боксчныг нутгийн рингэ дээр нь гурван үе илт илүүрхсэн. Гэвч шүүгчдийн алдаатай шүүлтийн улмаас медальгүй хоцорч байсан юм. Тэр ялагдал хүлээснээсээ болж, түүнийг мэргэжлийн боксод орсон гэж олон хүн ярьдаг. Харин Н.Төгсцогт “Тэр ялагдал миний хувьд юу ч биш байсан. Миний багын мөрөөдөл мэргэжлийн бокс байсан” гэж хариулсан байдаг юм.Н.Төгсцогт AIBA Олон улсын сонирхогчдын боксын холбоос 2010 анх зохион байгуулсан “Дэлхийн лиг”-т Азербайжаны “Баку Файерс” багийн бүрэлдэхүүнд багтаж тулалдаж байсан нь түүний мэргэжлийн бокс руу орох эхлэл байжээ. Хагас мэргэжлийн гэж хэлж болох тус лигт чамгүй амжилт гаргаснаар тэрбээр мэргэжлийн рингэн дээр гарах анхны алхмаа хийсэн юм билээ.
Н.Төгсцогттой хамтран ажиллаж байгаа Жо Гуссений тухайд Дэлхийн боксын “Алдрын танхим”-д нэрээ мөнхөлсөн, Габриэль болон Рафаэль Руелэс, Диего “Чико” Корралес, Майкл Нанн, Терри Норрис, Шейн Мосли зэрэг дэлхийн аваргыг төрүүлсэн дасгалжуулагч юм. Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын “IBO” холбооны аваргын тулааны туршид тасралтгүй довтолж, удаа дараалсан оновчтой цохилтууд хийж, өрсөлдөгчөө хүнд байдалд оруулснаар ялалт байгуулж, аваргын бүсийг авсан билээ.
Мэргэжлийн тулаанч “King Tug” Н.Төгсцогт |
|
2025-02-05 16:13:14
2025-02-05 14:51:17
2025-02-05 14:44:05
2025-02-05 14:12:33
2025-02-05 12:58:45
2025-02-05 12:05:52
2025-02-05 10:42:29
2025-02-05 10:41:42
2025-02-05 10:36:02
2025-02-05 10:00:00
2025-02-05 09:53:41
2025-02-05 09:35:59
2025-02-05 09:13:00
2025-02-05 08:36:36
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 06:00:00
2025-02-04 16:37:18
2025-02-04 16:05:43
2025-02-04 15:49:12
2025-02-04 15:44:23
2025-02-04 15:40:52
2025-02-04 15:27:54
2025-02-04 14:05:37
2025-02-04 13:47:16
2025-02-04 13:29:04
2025-02-04 12:27:23
2025-02-04 12:17:34
2025-02-04 11:48:11
2025-02-04 11:36:26
2025-02-04 11:17:30
2025-02-04 11:16:42
2025-02-04 10:28:30
2025-02-04 10:18:23
2025-02-04 09:44:30
2025-02-04 09:37:51
2025-02-04 08:48:33
2025-02-04 08:40:53
2025-02-04 07:20:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |