Ташкент 2022 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энхтайваны Ариунболдтой ярилцлаа. Тэрбээр Парис 2019 их дуулгын хүрэл, Фужайра 2019 Ази тивийн аваргын хүрэл, цэргийн дэлхийн наадмаас хүрэл медаль хүртэж байсан манай улсын 60 кг-ын жингийн шилдэг бөхчүүдийн нэг юм.
-Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе. Чехийн Д.Пулкрабек, Нидерландын Т.Цакадоев, Италийн А.Пантано, Узбекистаны Д.Баратов гээд амаргүй өрсөлдөгчийг буулгаж авсаар финалд шалгарсан. Эдгээрээс хамгийн хүчтэй, хэцүү өрсөлдөгч нь хэн байв аа?
-Дэлхийн дэвжээнд сул өрсөлдөгч гэж байхгүй. Бүгдээрээ л өөр, өөрийн улс, орноо төлөөлөн шалгарч ирсэн, нэг номерын шилдэг жүдочид. Тийм болохоор бүгд л хүнд, хэцүү өрсөлдөгч байлаа.
-Италийн бөх Пантаног үүрэх мэхээр цэвэр ялсан. Жүдо бөхийн гайхамшгийг харуулсан их гоёмсог, ганган техник харуулсан шүү. Ер нь өөрийн чинь барилдааныг харахад жүдогийн сонгодог техникийг гаргаж, уран гоё, мэдрэмжтэй барилдаан хийдэг. Үүрэх мэх өөрийн чинь дархан мэх үү?
-Италийн бөх Пантония маш эвгүй, хүчтэй өрсөлдөгч байсан. Үүрэх мэх ерөнхийдөө миний дархан мэх байгаа юм. Бага байхад маань анхны багш нар зааж сургасан мэх. Миний барилдааны гол онцлог лав золгооны барилдаан биш. Монгол барилдааны онцлог гэхээр зүйл байхгүй . Тийм болохоор би жүдогийн үндсэн сонгомол техникээр барилдахыг хичээдэг. Лав золгооны барилдааныг тэр болгон хийгээд байдаггүй.
-Хагас шигшээ барилдаанд дэвжээний эзэн орны бөх Дилшобек Баратовтой барилдсан. Түүнийг нутгийн дэвжээн дээр нь ялж, узбекчуудыг чимээгүй болгосон. Ордны уур амьсгал, хөгжөөн дэмжигчдийн шуугиан чимээ амаргүй байсан уу?
-Узбекистаны тамирчин Баратов нутгийн дэвжээн дээрээ барилдаж байгаа болохоор давуу талтай байв. Хөгжөөн дэмжигчдийн дуу чимээ ихтэй байсан. Би түүнийг нэг их хүндээр тусгаж аваагүй л дээ. Хамаг анхаарлаа зөвхөн барилдаандаа л төвлөрүүлэхийг хичээсэн. Үзэгчдийн чимээ, шуугианаас дасгалжуулагчийнхаа зөвлөмж, зөвлөгөөг ялгаж, салган сонсож чадсан. Эзэн орны бөхийг нутгийн дэвжээнд нь ялж, хагас шигшээ барилдаанаас финалд шалгарч гарсан гэдэг үнэхээр сайхан байсан.
-Олимп, дэлхийн аварга Наохиса Такатотой дэлхийн аваргын төлөө барилдахдаа биеэ жаахан барьчихсан уу. Дэвжээнд гарахдаа ямар тактик боловсруулж гарав аа?
-Манай багийн дасгалжуулагч, багш нар миний өрсөлдөгч тамирчдыг ямар мэх хийдэг вэ гэдгийг нарийн судалдаг. Яаж хамгаалах, ямар тактикаар барилдаж болох вэ гэдэг дээр маш нарийн судалгаа шинжилгээ хийдэг л дээ. Тэр тактикаар барилдахыг хичээсэн. Дэлхийн аваргын цугларалт, бэлтгэл дээр судалгааны дагуу бэлтгэл хангагч тамирчинтайгаа бэлтгэл хийж байсан болохоор хүндрэл гараагүй.
-Такато аваргаас гадна Рюжү Нагаяама гээд японы өөр нэг дэлхийн аварга бөх бий. Нагаяаматай таарч барилдаж байсан уу. Япон, Солонгосын бөхчүүдийг энгэр, ханцуйны барилдаанаас ялах амаргүй гэдэг. Харин хав золгосон барилдаанд тэднийг тааруу гэх юм аа?
-Ер нь Нагаяаматай хоёр удаа таарч барилдаад байгаа. Түүнтэй анх 2015 онд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн Японы Нагояа хотод болоход хагас шигшээ барилдаанд таарч үнэлгээ салгаж авчихаад, цаг дуусахын өмнө үүрэх мэхэнд нь орж ялагдаж байлаа. Өнгөрсөн зургадугаар сард “Улаанбаатар гранд слам 2022” дээр хоёр дахь удаагаа хагас шигшээ барилдаан дээр таарч, мөн л цаг дуусахын өмнө наалгуулж базари алдаж, ялагдаж байсан. Түүнийг хожих боломж байгаа. Нагаяамагаас гадна японы өөр нэг бөх Кога Гэнки гэж бий. Алдарт Кога аваргын хүү. Түүнтэй би 2021 оны Парисын гранд сламаар хүрэл медалийн төлөөх барилдаан дээр тааран ялж, хүрэл медаль авсан. Өмнөд Солонгосын Ли Харим гэж надтай нэг үеийн бөх байгаа. Түүнийг би Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн барилдаанд ялсан юм. Харин сүүлд Парисын гранд сламд ялагдсан.
-Сүүлийн хэдэн жил монголын 60 кг-д олон тэнцүүхэн өрсөлдөгч бий болсон. Гэвч олимп, дэлхийд төдийлөн амжилт гаргах тамирчин төрөн гарахгүй нэлээд удлаа. Тэдний амжилтын салхийг хагалан дэлхийн аваргын медальтан боллоо. Таны гаргасан амжилт тэдэнтэй холбоотой биз?
-Тэгэлгүй яах вэ. Мэдээж “Хамтын хүч амжилт” гэдэг манай холбооны уриа бий. Жүдо бөхөд “Өрсөлдөгч олон байгаа учраас чи оршин байж амжилт гаргаж, ялж, ялагддаг юм” гэсэн ухагдахуун байдаг. Тийм болохоор тэнцүү өрсөлдөгч нар нэг, нэгнийгээ хурцалж өгдөг. Тэр ч утгаараа манай Монголын 60, 66, 73 кг-ын жин дэлхийд дээгүүр үнэлэгддэг. Олимп, дэлхий олон медалийг бага жингийн тамирчид хүртсэн байдаг. Монголын бага жингийн дотоодын өрсөлдөөн маш чанга, ширүүн. Сая дэлхийн аваргын өмнө сорил хийж, дэлхий аваргад явах бөхчүүдийг сонгосон. Манай 60 кг-д тэнцүүхэн өрсөлдөгч олонтой, хэн нь ч хэнийгээ ялж мэднэ. Тийм болохоор тэдний хэн ч нь гадаад руу гараад барилдсан ч ижил амжилт гаргах боломжтой. Доороос шинээр гарч ирж буй авьяаслаг дүү нар зөндөө бий.
-Жүдо бөхөөр хичээллээд хэдэн жил болж байна вэ. Ер нь яагаад жүдо бөхийн спортыг сонгон хичээллэх болов?
-Жүдо бөхийг сонгож хичээллээд 13 жил болж байна. Багш, дасгалжуулагч нар ч хэлдэг. “Та нар бүгд шилдэг тамирчин болох албагүй. Гэхдээ бүгд сайн, зөв хүн болон төлөвших ёстой шүү” гэж үргэлж, хэлж захидаг.
-Танд жүдо бөхийн эрдэм заасан анхны багш хэн бэ?
-Анхны багш гэвэл гурван хүн бий. Би 2009 онд “Монголын жүдо академи”-д орж ОУХМ Эрдэнэбаатар, ОУХМ Батсайхан Дайки Ура багш нарын шавь болж байлаа.
Жүдо бөхийн спортоос би дорно дахины ард түмний мэндлэх, хүндлэх ёс, уламжлал, хүн, хүнээ, өрсөлдөгчөө хүндэтгэх ёс зүй, хүмүүжлийг суралцаж байгаадаа баяртай байдаг.
-Шинэ он гарахаас өмнө ямар тэмцээнүүд хүлээж байна вэ. Абу Дабигийн их дуулгыг манай жүдочид өнжсөн. Токиогийн их дуулгад та барилдана биз дээ?
-Дэлхийн аваргын дараа хэсэг хугацаанд сэргэлт, амралттай байж байгаад саяхан бэлтгэлдээ орлоо. Бэлтгэлийн хуваарь гарсан. Төлөвлөгөөний дагуу бэлтгэл, сургуулилалт эхлээд явж байгаа. Абу Даби их дуулгад манай бөхчүүд оролцохгүй өнжсөн. Бакугийн их дуулга руу залуу тамирчид явна. Миний хувьд Токиогийн их дуулгад оролцох төлөвлөгөөтэй байгаа.
-Мэдээж таны цаашдын зорилго олимпын наадам байх. Гэхдээ Э.Сувъяабазар, Сүхбат, Б.Энэбиш, Б.Цогт-Очир гээд дотоодын амаргүй өрсөлдөгчид таныг хүлээн байна уу?
-Дэлхийн аваргын энэ мөнгөн медаль дан ганц миний амжилт биш. “Хамтын хүч амжилт” МЖБХ-ын удирдлага, холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл ах, хамт олон, шигшээ багийн ахлах дасгалжуулагч гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатар, дэлхийн аварга, гавьяат тамирчин Ганбаатарын Болдбаатар, ОУХМ Чимэд-Ёндонгийн Болдбаатар, Пүрэвдоржийн Нямлхагва, Бүүвэйбаатарын Хишигбаяр, гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа, Доржготовын Цэрэнханд, терапист эмч Масашидо Нишикидо, Сүрэнцацрал, шигшээ багийн үеийн найзууд, хамт олон, бэлтгэл хангагч дүү нар, тамирчид гээд маш олон хүч хөдөлмөр шингэсэн. Мөн Батсүмбэрийн “Чемпионс кемп”, манай Зэвсэг хүчний “Алдар” спорт хороо, “Мөнхийн үсэг” болон “Талын хишиг” группийн хамт олонд талархсанаа илэрхийлж, маш их баярлалаа гэж хэлмээр байна.
Дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд: Дэлхийн дэвжээнд сул өрсөлдөгч гэж байхгүй |
|
2025-02-05 16:13:14
2025-02-05 14:51:17
2025-02-05 14:44:05
2025-02-05 14:12:33
2025-02-05 12:58:45
2025-02-05 12:05:52
2025-02-05 10:42:29
2025-02-05 10:41:42
2025-02-05 10:36:02
2025-02-05 10:00:00
2025-02-05 09:53:41
2025-02-05 09:35:59
2025-02-05 09:13:00
2025-02-05 08:36:36
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 06:00:00
2025-02-04 16:37:18
2025-02-04 16:05:43
2025-02-04 15:49:12
2025-02-04 15:44:23
2025-02-04 15:40:52
2025-02-04 15:27:54
2025-02-04 14:05:37
2025-02-04 13:47:16
2025-02-04 13:29:04
2025-02-04 12:27:23
2025-02-04 12:17:34
2025-02-04 11:48:11
2025-02-04 11:36:26
2025-02-04 11:17:30
2025-02-04 11:16:42
2025-02-04 10:28:30
2025-02-04 10:18:23
2025-02-04 09:44:30
2025-02-04 09:37:51
2025-02-04 08:48:33
2025-02-04 08:40:53
2025-02-04 07:20:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |