• Өнөөдөр 2024-04-30

Ж.ОРГИХ: Төв цэнгэлдэх хүрээлэнгээр дүүрэн “Хангай, Хангай, Хангай” гээд наадамчин олон уухайлж байсан нь үнэхээр сайхан санагдсан

2024-02-11,   39178

-ХҮҮ МИНЬ ЕСДҮГЭЭР АНГИД БАЙХДАА ХОЁР ШУУДАЙ ТӨМС ҮҮРЭЭД ЗООРИНД ОРУУЛЖ БАЙСАН. БИ ТЭР ҮЕД Л ХҮҮГЭЭ ИХ БЯРТАЙ ЮМ ГЭЖ МЭДСЭН ДЭЭ-

   Монгол Улсын аварга О.Хангайгийн аав Ж.Оргих гуайтай уншигч та бүхнийг уулзуулж байна. Төрийн наадамд арав даван түрүүлсэн идэрхэн аварга ямар айлын хүүхэд, зан араншин хийгээд удам судрынх нь талаар хөөрөлдсөн юм. Тэрбээр “Өвгөн ах нь ганц хүүгээ төрийн наадамд түрүүлснээс хойш хөл газар хүрэхгүй л баярлаж байна. Буянт голынхоо шимт хөрсөнд хүнсний ногоо тарьж, энэ насаараа ард түмнээ эрүүл хүнсээр хангах гэж зүтгэж байгаа эгэл жирийн тариаланч хүн. Хүү минь тариалангийн талбайд  өссөн юм  шүү дээ” гэсээр биднийг угтсан билээ. Аваргын аавтай ийнхүү хөөрөлдлөө.

-Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмаар монголчууд тэр дундаа Ховд нутгийн ард түмэн сайхан наадлаа. Ховд аймгийн Буянт сумаас аварга цолтон төрж, олон түмнийг ёстой чиг цэнгүүллээ. Хүүгээрээ бахархаад таны сэтгэл санаа жигтэйхэн сайхан байна уу. Таны сэтгэгдлээс яриагаа эхлүүлье гэж бодлоо?

    -Ах нь үгээр хэлэхийн аргагүй баярлаж байна. Би гурван охин, ганц хүүтэй хүн. Хангай маань айлын том хүү. Хүүгийн минь олон жилийн хөдөлмөрийн үр дүн гарч, Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн баяр наадамд түрүүлж, нутгийнхаа уул, ус, ижий аавынхаа нэрийг өндөрт өргөж, аварга хэмээх эрхэм хүндэт цол хүртлээ. Үнэхээр их баярлаж, хүүгээрээ бахархаад, хэдэн өдөр хөл газар хүрэхгүй, хүүгээ гайхуулж ярих хүн мундахгүй сайхан байна. Хүү аварга болох үнэхээр сайхан байдаг юм байна. Цээжин дотор баяр төрөөд, хүнтэй юм ярихаараа л инээгээд баймаар ч юм шиг болоод. Үнэхээр хүний сэтгэл ханамж гэдэг энэ байх. Миний сэтгэл ханамж 12-ны оройноос дээд цэгтээ тулчихсан, ёстой бахдаж, бахархаж явна даа.

-Хүү тань Б.Орхонбаяр арсланг даваад туг тойрч байх тэр үед та ёстой өндөлзөж байв уу?

   -Би хүүгээ “Энэ жил заан цол асуудалгүй хүртэнэ” гэж бодож суусан. Гэтэл гарди цолонд хүрэхээр нь түрүүлчих юм шиг санагдаж, огшоод эхэлсэн дээ. Тэгээд бэлдэж очсон хувцсаа өмсөж байтал хажууд сууж байсан хүмүүс “Та яагаад хувцсаа солиод байгаа юм бэ” гэж асууж байна. Би “Энэ барилдаад байгаа Хангай чинь миний хүү юм шүү дээ” гэсэн. Гэтэл хүмүүс “Та эртхэн хэлж байхгүй. Одоо гялс зураг авахуулъя. Дараа та олдохгүй юм байна” гээд л ойр хавийн хүмүүс ч догдлон баярлаад ер нь л бүгд жигтэй нь аргагүй хөөрцгөөгөөд эхэлсэн. Тэгж байтал хүү ч арслан цолны болзол хангасан. Би тэр үед дотроо “Бороо л битгий ороосой” гэж залбирч суулаа. Ёстой хүслээр минь болж, бороо ороогүй. Хэрвээ бороо орох юм бол халтирч унах гэдэг юм уу, өөрөөс нь шалтгаалахгүй асуудал гарч мэднэ шүү дээ.

 

Цээжин дотор баяр төрөөд, хүнтэй юм ярихаараа л инээгээд баймаар ч юм шиг болоод. Үнэхээр хүний сэтгэл ханамж гэдэг энэ байх. Миний сэтгэл ханамж 12-ны оройноос дээд цэгтээ тулчихсан, ёстой бахдаж, бахархаж явна даа

-Хангай аваргыг наймын даваанд С.Мөнхбат аварга амлаж авсан. Та хүүгээ даваасай гээд захыг нь мушгиж суусан байх. Тэр үед юу бодогдож байв?

   -С.Мөнхбат аварга гурван бөхөөс ам авах байсан. Би тэр үед эцэг хүний зөн совингоор ч юм уу С.Мөнхбат аварга л миний хүүг авчих юм шиг санагдаад байсан. Яагаад гэхээр С.Мөнхбат аварга, Ч.Санжаадамба аварга, манай хүү нар допингийн эсрэг тууштай явж байгаа шүү дээ. Тийм болохоор хүүг маань дэмжээд амлачих болов уу гэж дотроо бодож, түгшиж суусан. Гэтэл яг хүслээр минь болсон доо.

Ховд нутгийн анхны аварга боллоо. Бахархаад, бахархаад ханашгүй

-Таны хүүг ээжийнхээ талаас улсын арслан Ш.Ванчинхүү, аавынхаа талаас дархан аварга Ш.Батсуурийн садан төрөл гэж сонслоо. Ер нь Ш.Батсуурь аварга танай төрөл хамаатан садан мөн үү. Энэ талаар цахим сүлжээгээр хүмүүс маргалдаад байсан. Таныг Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат болохоор хүмүүс ингэж шуугиад байна уу?

    -Ш.Батсуурь аварга нутагтаа очихоороо хамгийн түрүүнд манайхаар ирдэг байсан. Манайд хонож, өнжиж байгаад л буцдаг байсан даа. Ш.Батсуурь аварга манай эмээг “Эгч ээ” гэдэг байсан шүү. Бас нутгийн настай хүмүүс нэг биш удаа “Батсуурь аварга танай эмээтэй хамаатан” гэдэг байсан. Энэ жил Батсуурь аваргын 100 жилийн ой болно. Би хүүгээ дагуулаад очно. Юм гэдэг учиртай. Тэр том аваргын 100 жилийн ой болох гэж байхад хүү маань улсын баяр наадамд түрүүлж, аварга цол авлаа. Хүү минь аавынхаа талаар бол Говь-Алтай аймгийн Жаргалан сумынх. Нэг үгээр бол 100 жилийн дараа тэр том аваргын нутаг уснаас дахин аварга төрж байгаа юм болов уу гэж бэлгэшээж байна даа. Үүнээс гадна миний хүү Ховд нутгийн анхны аварга боллоо. Бахархаад, бахархаад ханашгүй. Хүмүүсийн маргаад байгаа Ш.Батсуурь аваргатай төрөл мөн үү, биш үү гэдэг дээр удахгүй тайлбар өгнө өө. Яг одоо бол хамаатан мөн, биш гэж хэлэхэд эрт байна. Яагаад гэхээр зарим нэг хүнтэй уулзаж, тодруулах зүйл байгаад байна.

-Хангай аварга маань бэлтгэлээ хэрхэн, яаж хийдэг вэ?

      -Миний хүү үнэхээр хөдөлмөрч. Өнөө өглөө хүртэл эрт босоод, бэлтгэлээ хийхээр гарсан. Аварга болсон хүн чинь нэг өдөр амарч болно шүү дээ. Гэтэл зорьсон зүйлтэй, өмнөө зорилго тавиад бэлтгэл хийж байгаа нь хүүг маань амжилтад хүргэж байгаа гэдгийг ойлгожээ. Өдрийн хэдэн цаг, яаж, хэрхэн бэлтгэл хийдэг гэх мэт нарийн зүйлийг ах нь мэдэхгүй.

-Аварга цол хүртсэн хүүдээ хамгийн түрүүнд юу гэж хэлмээр санагдсан бэ?

     -Миний баримталдаг зарчим бол нэг л зангаараа байх. Тийм ч болохоор хүүдээ “Нэг л зангаараа амьдарна шүү. Аварга болсон ч нэг зангаараа, ямар ч нөхцөлд нэг л зангаараа амьдарна шүү” гэж хэлсэн. Нэг л хэлсэн, олон хэлээд байх шаардлага байхгүй. Түүнээс өөр зүйл надаар хэлүүлээд байхааргүй хүмүүжил, боловсролтой, бодолтой хүүхэд.

би сумын баяр наадамд барилдаад, үзүүрлэж л явлаа. Даанч тэр наадмаар намайг давж, түрүүлсэн н.Батдалайд заан цол өгчихөөд, надад цол өгөөгүй

-Хангай аварга ер нь ямар зан ааштай хүн бэ?

      -Миний хүү их дөлгөөхөн. Элдэв муу зан ааш, зуршил байхгүй. Ямар ч хүнтэй эвээ олоод танилцаад, хамтраад, нөхөрлөчихдөг харилцаа сайтай. Бусдыгаа инээлгэж, баясгаж байгааг нь харахад хошин талдаа шиг санагддаг. Үүнээс гадна хүүхэд байхын л сурлага сайтай, их хичээмтгий, ер нь зогсолтгүй хөдөлмөрлөдөг байсан.

-Та өөрөө барилдаж байв уу?

     -Би оюутан байхдаа ОХУ-ын Эрхүү хотод дадлагын ажлаар очиж байлаа. Тухайн үед Монгол Улсын баяр наадам болж таарсан. Эрхүү хотын монгол оюутнууд наадмаа тэмдэглээд, үндэсний бөхийн барилдаан зохион байгуулахад би түрүүлж байлаа. Шагнал нь манай гэрт бий. Үүнээс гадна би сумын баяр наадамд барилдаад, үзүүрлэж л явлаа. Даанч тэр наадмаар намайг давж, түрүүлсэн н.Батдалайд заан цол өгчихөөд, надад цол өгөөгүй.

Чөлөөт бөхөөр аймгийн аваргад 41 кг жинд гуравдугаар байр эзэлж байсан

-Яагаад өгөөгүй юм бол ямар нэг шалтгаан байв уу?

    -Хэн мэдэх вэ дээ. Ховд аймгийн Буянт сумын барилдаанд үзүүрлэсэн. Даанч сумын начин цолоо надад өгөөгүй. Өгөхгүй байхад нь би авъя гээд явалтай биш, тийм биз дээ.

-Та залуудаа бөх болъё гэж бодож байв уу?

      -Ийм бодол төрж байгаагүй ээ. Яах вэ, бага байхдаа чөлөөт, жудогоор барилддаг л байсан. Тухайлбал, сумаас аймагт барилдуулахаар арай хөдөлгөөнтэй хүүхдүүдийг авч явдаг байсан л даа. Чөлөөт бөхөөр аймгийн аваргад 41 кг жинд гуравдугаар байр эзэлж байсан. Олон газар барилдаж, хобби, мөрөөдлөө болгож яваагүй ээ.

Хүү маань өвөөдөө их эрх. Ер нь хүүхдүүд маань юм бүхний түрүүнд “Хөгшин аав, хөгшин аав” л гэж ярина, их сайхан

-Хангай аварга зан араншингийн хувьд аав, ээжийнхээ хэнийг илүү дуурайсан бэ?

    -Ер нь ээжтэйгээ их адилхан. Миний хань их дөлгөөн хүн байдаг. Тийм ч болохоор хүү минь ээж шигээ их намуухан, тайван хүн шүү дээ. Хангай гэлтгүй манай хүүхдүүдийг хүн болгосон хүн бол хадам аав Ширчинжав маань. Одоо 90 настай сайхан хөгшин бий. Биднийг хотоос ирэхийг хүлээгээд, тогтож чадахгүй л сууж байгаа. Хүү маань өвөөдөө их эрх. Ер нь хүүхдүүд маань юм бүхний түрүүнд “Хөгшин аав, хөгшин аав” л гэж ярина, их сайхан. Тэр хүний үг, захиасаар хүн болж, хүмүүжсэн болохоор арга ч үгүй юм даа. Хадам аав маань “Буянтын соёл нэгдэл” гэж байхад насаараа тэндэхийн нягтлан хийж байгаад, тэтгэвэртээ гарсан хүн.

-Газар тариалангийн бизнес олон хүн эрхэлдэг. Зарим нь бүтэлгүйтэж, ургац авч чадахгүй байгаа талаар ч сонсогддог. Та энэ талаар сайн мэдэх хүний хувьд зөвлөгөө өгч болох уу?

          -Газар тариалан эрхэлж байгаа хүний Үндсэн хууль нь хөрс боловсруулалт гэж болно. Газраа сонгоод, зөв сайхан хагалаад, тохирох бордоо хийх нь ургацын 60 хувь юм шүү дээ. Тийм болохоор хөрс боловсруулалтдаа л анхаарчихвал ургац алдана гэж айлтгүй.

Буянтын хөрсөн дээр ургуулсан ургац үржил шимтэй, амт сайтай байна вэ гэхээр ус сайтайдаа болов уу гэж боддог

-Зарим хөрсөн дээр ургахгүй, тохирохгүй ногоо гэж байдаг уу?

      -Мэдээж байлгүй яах вэ, гэхдээ бас ногоо ургуулахад хөрснөөс гадна ус их чухал. Яагаад гэхээр Ховд аймгийн Манхан суманд тарьсан тарвас манай Буянт суманд тарьсан ижил үрийн тарвасаас өөр амттай байдаг. Тэгэхээр Буянт голын усанд учир байх шиг санагддаг. Тийм ч болохоор бидний тарьж байгаа ургац их сайхан амттай болдог байх. Түүнээс биш, манай Буянтад манжийн үеэс л ногоо тарьж байсан юм билээ. Олон жил ургац ургуулсан хөрс шороо муудаж, үржил шим бага болох нь дамжиггүй шүү дээ. Энэ талаар өмнө хотоос очиж байсан эрдэмтэд, судалгааны ажилчид хэлж л байсан. Гэтэл яагаад Буянтын хөрсөн дээр ургуулсан ургац үржил шимтэй, амт сайтай байна вэ гэхээр ус сайтайдаа болов уу гэж боддог.

-Наадмын маргааш намар гэдэг шүү дээ. Намар болохоор малчид, тариаланчид хадлан, ургацаа хураана. Та энэ жил ургацаа хэдийгээр хураах төлөвлөгөөтэй байгаа вэ?

      -Энэ жил найман сарын 10-даас эхлээд ногоогоо хураана. Ажил маш их байгаа. Би уг нь өдийд талбай дээрээ байж байдаг хүн. Хүүгийнхээ баяр цэнгэлийг хуваалцаад, харих завгүй явна, одоохондоо. Гэхдээ ургацын талбай дээр охид, хүргэд маань арын албыг хариуцаж байгаа.

-Хангай аварга тарьж, ургуулсан тарвасаа өөрөө зардаг. Багаасаа л тариалангийн талбай дээр өссөн байх. Та хүүтэйгээ тариалангийн дээр өнгөрүүлсэн дурсамжаасаа сонирхолтой яриа дэлгэвэл?

    -Миний хүү есдүгээр ангийн сурч байсан. Би талбайгаас ачааны машинаар төмс ачиж ирээд, гэртээ орчихоод гараад иртэл Хангай хоёр шуудай төмс үүрээд зооринд оруулах гээд явж байсан. Би “Миний хүү болохгүй шүү дээ, нуруунд нь юм орно. Яаж дааж байна аа” гэтэл “Аав энэ хүмүүс үүрээд байна шүү дээ” гэчихсэн инээж зогссон. Би тэр үед л хүүгээ их бяртай юм гэж мэдсэн дээ. Тэгээд хүүгээ бөхийн сургуульд өгье гэхэд эхнэр “Чи ганц хүүгээ бөхийн сургуульд оруулж яах гээд байгаа юм” гэж зарлигдсан. Хүү минь ХААИС-ийн Газар зохион байгуулалтын ангид элсэж, төгссөн.

Үүнээс гадна хүү минь нэг Цагаан сарын барилдаанд үзүүрлээд, нутагтаа очиж байсан нь санаанаас огт гардаггүй. Манай гэрийнхэн тосож, аваад хуучилж суухдаа “Давахаар чинь ээж чинь үсэрч, биднийг хөөргөөд, бид бас үсэрцгээгээд” гэтэл Хангай “Ээж үсэрсэн гэж үү” гээд инээлдэж суусан даа. Охин дүү нар, ээж нь, би гээд бүгд давах болгонд нь үсрээд л баярлаж байсан хэрэг.

Миний хүү 21 настайгаасаа барилдсан ч бөхийн цолуудыг асар богино хугацаанд ёстой гуядаж авсан

-Энэ жилийн бөхийн барилдааныг хэдийн даваанаас нь үзсэн бэ. Хүмүүс ер нь л тавын даваанаас хойш үзсэн байдаг шүү дээ?

   -Ардын хувьсгалын түүхт 100,101 жилийн ойн баяр наадмаа Төв цэнгэлдэх хүрээндээ суугаад нэгийн даваанаас нь үзсэн. Наадам их сайхан боллоо, наадамчин олон ч жаргаж байх шиг байсан. 

-Та хүүгийнхээ барилдааныг анх цэнхэр дэлгэцээр үзэж догдолж байсан тэр үеийн дурсамжаасаа хуваалцаж болох уу?

          -Миний хүү сумын заан байхдаа “Нутгаа дурсана” гээд барилдаанд Төв аймгийн Баянхангай сумын харьяат Б.Батмөнх зааныг давж байсан. Тэр үед Б.Батмөнх заан ид шуугиулж явсан үе л дээ. Тэр том зааныг давахаар нь хүүдээ үнэхээр их урам орж, бахархаж байлаа. Ер нь тэр цагаас хүүгээ “Их мундаг бөх болох юм байна” гэж бодсон. Мөн Ховд аймагтаа түрүүлж, арслан цол хүртээд хотод ирээд, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд үзүүрлэж байлаа. Тэр барилдаанд улсын өсөх идэр начин Ч.Батчулуун түрүүлж байсан. Барилдаан бүрийг нь цэнхэр дэлгэцээр үзээд, захыг нь мушгиад л сууна шүү дээ. Тэр үеийн сэтгэл хөдлөлүүдийг үгээр хэлэхийн аргагүй л дээ. Миний хүү 21 настайгаасаа барилдсан ч бөхийн цолуудыг асар богино хугацаанд ёстой гуядаж авсан. Харин Улсын харцага цол аваад нэлээд удаж байж аварга цолонд хүрлээ. Яах вэ, өмнө жилүүдэд бэлтгэл дутуу байсан уу, эсвэл сэтгэл зүй нь тогтворгүй байсан уу үүнийг нь мэдэх юм алга. Гэхдээ бүх юм өөрийн цаг хугацаатай, учир ерөөлтэй байдаг. 100 жилийн барилдаан ахиж болохгүй, тэр жилийнх нь аварга миний хүү боллоо. Дахин давтагдашгүй, түүхэн сайхан аварга боллоо, хүү минь.

-Та бөх үзээд сууж байхдаа эхнэртэйгээ утсаар хэр олон ярьсан бэ. Хүү маань нэг давлаа, хоёр давлаа гээд ойр ойрхон утас цохив уу?

           -Үгүй ээ, тэгэх боломж байсангүй. Хамаг анхаарал хүү рүү л чиглэж байсан болохоор утсаар ярих сөхөө байгаагүй. Намайг ярьсан, яриагүй манай гэр бүлийнхэн цэнхэр дэлгэцээрээ үзээд сууж байгаа шүү дээ. Харин нэг санаа зовоож байсан зүйл нь тэнгэр жаахан бүрхэг байсан.  Дотроо “Бороо л битгий ороосой” гэж их бодсон доо. Яагаад гэхээр бороо орохоор бөхчүүд маань халтирч унаад, бүтэн жилийнх нь хөдөлмөр үгүй болж магадгүй шүү дээ. Гэхдээ бас миний бодож байгаа шиг тийм бүтэлгүй юм ч гэж хаа байх вэ. Зүгээр өөрийнхөө хэмжээнд санаа зовж байгаа царай нь л тэр.

  Монголынхоо ард түмэнд маш их баярлалаа. Хүү минь Монгол Улсын аварга боллоо. Хүүг минь аварга болохыг Монголын ард түмэн хүсэн хүлээж байсан гэдгийг би цэнгэлдэхэд бөх үзэж суухдаа мэдэрсэн. Төв цэнгэлдэх хүрээлэнгээр дүүрэн “Хангай, Хангай, Хангай” гээд үзэгч, дэмжигчид уухайлж байсан нь үнэхээр сайхан санагдсан. Миний хүүг Монголын ард түмэн түрүүлэхийг нь багагүй хугацаанд хүлээж байсныг үнэхээр ойлгосон. Хамгийн гол нь жаахан хүүгээ түмэн олондоо хайрлагдаж, хүндлэгдсэн том бөх болсныг мэдрэх ямар сайхан байв аа. Нийт монголчууддаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Би аваргын аав болсон. Тийм болохоор зөв сайхан амьдарч, хүүхэд залуустаа үлгэр жишээ нь байхыг хичээж амьдарна гэдгээ амлаж байна. Яагаад гэхээр хүүгийн минь энэ том цол, нэр алдартай хамт надад ч, манай гэр бүлд ч өндөр том хариуцлага ирж байгаа юм шүү дээ.

Дотроо “Бороо л битгий ороосой” гэж их бодсон доо


Ж.ОРГИХ: Төв цэнгэлдэх хүрээлэнгээр дүүрэн “Хангай, Хангай, Хангай” гээд наадамчин олон уухайлж байсан нь үнэхээр сайхан санагдсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 30
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-12 22:08:42
    Монгол: Их сайхан наадам болж бараг анх удаа бөх үзсэн байх шүү.Түрүүлсэн,үзүүрлэсэн бөхчүүд минь сайхан залуус бсан .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-12 18:24:25
    Энхболд: Дархан аварга болоорой сайхан шинэлээ рээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-12 06:29:12
    Амжилт амжилт амжилт: Үнэхээр сайхан аварга нүдэнд их дулаан, дөлгөөн хүү дээ Би 80 шахаж байгаа хөгшин, миний аав барилддаг аймгийн начин цолтой хүн байсан.тийм болоод ч тэр үү бөх их үзнээ Хангай аваргыг байнга дэмждэг Саяын ЦС барилдаанд мөнч бахтай барилдсан ганцаараа огшиж суулаа Аваргатаа олон жил сайн барилдаж түрүүлэхийг хүсэн ерөөе
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-12 00:06:41
    Болдбаатар: Сайхан хүү төрүүлжээ ах баярлалаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-11 21:46:15
    Зочин: Аав ёстой зөв сайхан ярьдаг ухаалаг хүн байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-11 17:49:24
    S: S XUSNG XUSLEER80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-11 12:26:45
    зочин: Бөх хүнд ээж тал гололдог шүү. Тэгээд ч буянт голын хөвөөнд тэр сайхан нутгийн унасан бие угаасан ус байхад тэр л нутгаараа овоглохгүй бол заяа нь гомдох бусуу Баруун Монгол түмний голомт нутаг шүү дээ. Ховд Алтай хоёр зэргэлдээ орших ихэр уул адил нэг шахуу нутаг шүү дээ хоёр чандмань хоёр дарви цэцэг жаргалант тонхил халиун хөх морьт гээд ховд алтайн залгаа сумд сутай жаргалантынхаа энгэрт нэг л нутаг ахуй айлсан сайхан налгар аж төрдөг ард түмэн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-12 13:51:03
    Балжир Түвшинжаргал: Та сайн хүүгээрэй бахархах хүний нэг ажаад байхад үнэхээр хүлээцтэй шүү Би дүүгийнхээ Бат эрдэнэ хүүтэй бөх үзээд түрүүлхээр нь гадаа гараад дүү хүү Хангай түрүүллээ гээд хашгирч байлаа тэр хүүг шавиар нь өгнөө тэр орой бид бөх ярьсан түүх шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-12 12:55:38
    Эгчийг : Сая олж үзлээ. Их аврага баяр хүргэж амжилт хүсьё. Сайн хүү сайхан гэр бүлд өсч бойжсон юм бна. Өвгөн ах нь орос хэлний багш агсан Бачинхүү арслангийн ганц охин Тонятой нэг ангид 7 жил сурч байсан хүн. Тэхээр Баажаа арслантай ямар хамаатан байсаныг сонирхож бна. Тоня бол яг эр хүн шиг зан чанартай агуу их ажилсаг нэгэн байсан. Манай ангийн Зандантай сууж 7 хүүхэд тарүүлсэн гэж дуулсан. . Баажаа арслан бол их ажилласаг өндөр боловсролтой агуу хүн байлаа. Удамт хүний үр сайн байдаг жамаар миний хүү сайн хүн болно . Чамайг төрүүлсэн аав ээжид чинь халуун баяр хүргэё.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-23 15:16:05
    zochin: Аваргын аав их сайхан энгийн, эгэл хүн байна, тэгэхээр хүү нь ийм аварга бололгүй яах вэ. Олон удаа түрүүлж наадамчин олон түмнээ баясгахыг хүсэн ерөөе
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-22 20:40:00
    Цэндаюуш: Миний дүү чинь ухаантай хүүгээ зөв хүмүүжүүлсэн хөдөлмөрч хүн шүү дээ бахархаад барахгүй манай сумын хүмүүс хүртэл надад баяр хүргэж зарим нь бүр тэмдэглээд байна лээ .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-22 16:35:36
    З.Бахатбол: Нутгийн аваргадаа баяр хүргэж,сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-21 18:05:46
    Ариунаа : Монголчууд маань өөрсдийгөө үгээр илэрхийлэхдээ тааруу байдаг аваргын аав маань харин яасан сайхан баярлаж бахадсан сэтгэлээ илэрхийлээ вэ. Огшиод зангираад уншлаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-19 12:56:39
    Л.Наваан : Хангай аврагадаа болон төрүүлэж өсгөсөн аав, ээж Оргих найздаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Түүхт 100жилийн ойн баярын түрүү болхыг бид төдийгүй монголын бүх ард түмэн хүсэн мөрөөдөж давалгайлж байлаа ИЛҮҮ амжилт хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-19 08:46:09
    Ц.Гүррагчаа.: Оргихынхоо ярилцлагыг уншаад аав, ээж удам дээдсийг нь сайн мэдэх хүний хувьд сэтгэл их хөдөллөө. Аргагүй л заяа, буян тэгш сайн сайхан хүмүүсийн үрсээс аварга хүү төржээ. Ховдын уул, ус тэр нэгэн жил Батсуурь аваргыг маань харж цэргийн арслангаас шууд улсын арслан цол хайрлаж байсан бол Буянт голын хөвөөнд төрсөн Алтайн Жаргалангийн удамт хүү Ховд, Алтай нутгаа дуудуулан аварга цолонд хүрсэн нь аргагүй учир холбогдол, бэлгэ дэмбэрэлтэй санагдлаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-19 06:32:38
    Атарбаян Доржсүрэн: Аав ээж ахан дүүс зон олноо баярлуулан МОНГОЛ УЛСЫН АВАРГА цол хүртсэн ОРГИХЫН ХАНГАЙ танд болон танаы гэр бүлд аз жаргал амжилт бүхний дээдийг ерөөе ээ. ДАРХАН АВАРГА ШАРАВЫН БАТСУУРИЙН 100 жилийн ойгоор, дахин давтагдахгүй түүхт ойн түрүү бөхөөр тодорч түмнээ баясгасанд маш их баярлалаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-18 22:24:40
    Д Зоригт: Жалчин жоожоогийнхон угаасаа сайхан нуруутай хүмүүс л дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-18 19:01:09
    Нагважав Алтангэрэл: Аварга хүүд нь болон найзынхаа гэр бүлд баяр хүргэж эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-18 18:28:40
    Byambaa Purew: Үндэсний бөх үүсэж наадам хийдэг болсон түүхийн бүх цаг хугацаанд манай нутгаас АВАРГА төрөөгүй. Ий сайхан аваргатай болоод хотол олон даяараа огшин баярлаж байна даа. Оолио ах минь баярлаж огшилгүй яахав. Та нартаа дахин2 баяр хүргэе!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-18 18:00:03
    Sh : Энгийн гэр бүлээс ёстой сайхан аваргатай боллоо...шагналаа хүртэл эх нялсын төвд хандивласан сайхан залуу маань Би Монгол хүн гэж дууг ёстой энгийн хүдэр хоолойгоор амилуулсаныг сонсож таашаацгаагаарай....Ажилсаг ухаалаг аварга хүүдээ улам их амжилт хүсэн ёрөөё
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-18 17:57:54
    З. Бахатгүл : Монгол Улсын аварга мундаг дүү О. Хангайдаа баяр хүргэе. Нэгэн үе аав Оргих, ээж Баярлах эгч нартай хамтран ажиллаж, төрөлх Буянт сумандаа сайхан амьдарсан. Нутгийн хүргэчүүлдээ ээлтэй нэр шигээ буянтай сайхан нутгийн минь буян заяа түшжээ. Аав, ээж, өвөө, хадам аав, ээж дүү нарт нь гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Аваргатай болсон Ховдчууддаа баяр хүргэе.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-18 17:27:49
    Jige: Buhiin udam busgui talaa dagadagaa gj eej talaasaa bl yaltachgui mundag udamtai hun yum bn lda. Minii medeheer manai nutgiin batzorig zaan bas eejiin talaa duuraisan hun yum bgn.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-18 17:06:12
    Диго: Даамай сайхан аваргатаа баяр хүргэе. Хүндэт аав ээжид нь эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-18 17:00:17
    Баянжаргал: Оргих гуатай нэг удаа таарч нэг юм аваад 2лаа сайханбуу халлаа даа тэгэхэд та говь алтайн хүн хүүгээ яагаад ховдоор овоглодог юм бн гэж асуухад миний хүү буяннт голын хөвөөнд төрж уснаас нь ууж өссөн болхоорбуянтаараа овголж яваарай гэж ярьж билээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-18 16:08:01
    HULAN: Awargiinhaa aawd bolon ger bvlden az jargal ervvl enhiig xvsie
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-18 16:07:43
    HULAN: Awargiinhaa aawd bolon ger bvlden az jargal ervvl enhiig xvsie
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-18 15:21:01
    tomorchodor: uhaantai saihan hvn shvv tand ervvl enh hamgiin gegeen saihan bvhniig hvsie
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-18 15:05:42
    Д. Бүтээлч: Уншаад л урсгачихлаа... нулимс жолоогүй юм бна Тэр орой миний дэргэд байсан бүх хүн надаас холдоод явчихсан байсныг бүүр сүүлд л анзаарсан ккк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-18 15:00:58
    Баатар : Сайхан ярилцлага болсон байна даанч Батсуурь аваргатай хүчээр холбох гээд энэ сэтгүүлч нар уу өвгөн Ховд аймагтаа гээд байхад л
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-18 14:39:51
    Бавуудорж Нармандах: Сайхан ярилцлага бна..100..н 101 н жилийн түрүү аварга О.Хангайдаа гэр бүл..аав ээжид нь сайн сайхныг хүсье..Монгол түмнийг даяар нь баярлуулсан нь гайхамшиг байлаа..Түмэн олны хишиг буян залуу аварга дээр буулаа..Зам нь дардан..Заяа нь тэгш байг ээ..
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188