• Өнөөдөр 2024-05-06

“ХҮНИЙ ЭЭЖ” КИНОГ ҮЗЭХ ТАВАН ШАЛТГААН

2023-09-11,   3321

             “Аримун” продакшны хоёр дахь бүтээл “Хүний ээж” кино энэ сарын 7-нд нээлтээ хийсэн билээ. Тус киног үзэх таван шалтгааныг хүргэж байна.

-НҮДЭЭ БООГООД СОНСОЖ, МЭДРЭХ ОРЧИНД СААТАХ-

       “Хүний ээж” кинонд ирсэн үзэгчид нүдээ боогоод орчноо сонсож, мэдрэх хэдэн хоромд саатна. Бид үргэлж харж, сонсож, ярьдаг ч сайхныг харж, сонсож, ярьдаг нь харин хэд бол гэдгийг ч мөн эргэцүүлэхэд хүргэнэ. Мөн бид амьдралын энэ хурдтай шуургад юуг ч анзаарах сөхөөгүй туугдан яваагаа ч ойлгох болно. Түүнийг эл киноны Баянаа, Ганчимэг хоёрын харилцдаг хэсэг болон бусад дүрээс илүүтэй мэдрэх юм. Тэгэхээр үзэгчид киноны турш тархи, сэтгэлээ амраах боломжтойгоороо онцлог.

-ЭНЭ ЦАГТ ХӨНДӨХ ЁСТОЙ СЭДЭВ-

          “Үр хүүхдэдээ сайн аав, ээж байж чадаж байна уу” гэдгээ нэг анзаарч, өөрсдөдөө үнэлгээ өгөхийг хүсвэл “Хүний ээж” кино танд нэгийг бодуулж, хайж буй хариултыг тань гарцаагүй өгнө. Өөрсдийгөө сайн аав, ээж гэж итгэн, хөнгөн бодож, угтаа үр хүүхдээ юу хүсэж яваа, юуг туулж явааг тэр бүр мэдэхгүй өнгөрч буй эцэг, эх өнөөгийн нийгэмд олон. Бүр “Амьдрал хэцүү байна” гээд хүүхдээ хаа нэг газар орхисноос болж хорвоог хүний ээж, аавын хайранд туулж яваа нь ч цөөнгүй. Магад энэ сэдэв хэний ч мэддэг энгийн мэт сэдэв боловч бидний хамгийн их алддаг алдааг тод харсан, энэ цагт хөндөх л ёстой санааг тэд киногоороо дамжуулан гаргасан.

-А.ГАНЧИМЭГИЙН ДӨРӨВ ДЭХ КИНО ЗОХИОЛ-

      А.Ганчимэгийг бид “Хэцүү анги” киноны эрх танхи мөртлөө хэрсүү Зулаагийн дүрээр нь илүү мэдэх билээ. Түүнээс хойш “Рашаантын 18”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч” зэрэг кинонд тоглосон уран бүтээлийн дүрээр нь ч андахгүй.Тэгвэл энэ удаад тэр уран бүтээлчийнхээ хувьд өсөн дэвшиж, өөрийн бодож, санаж, хөндөхийг зорьсон зохиолоо бичин, өөрийнхөө ертөнцийг үзэгчдийн өмнө дахин дэлгэж байгаагаараа онцлог юм. Ээж, эмэгтэй хүнийхээ хувиар тэр нийгэмд байх хамгийн чухал санааг кино зохиолоороо дамжуулан илэрхийлж, хүн бүхнийг нэгнээ хайрлаж, хэн ч хайраас холуур битгий яваасай гэж хүсэж байгаа аж. Тэгэхээр “Хүний ээж” киног үзэх нэг шалтгаан нь тэр юм.

-ДҮРИЙН СОНГОЛТ ШИНЭЛЭГ-

    Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг найруулагчийн сонгосон дүрүүд тун оновчтой содон байлаа. Мэдээж ээж, охины гол дүрд тэд өөрсдөө тоглосон ч киног үзэхэд дүр нь ямархан тохирч, нийцэж байгааг үзэгчид мэднэ байх.  Харин эсрэг дүрд жүжигчин, найруулагч П.Дэлгэрбаяр тоглож, арай зөөлөн амьдралыг ойлгодог, аргаддаг дүрд МУГЖ Ж.Мөнхсайхан тоглосон нь гоё сонголт байлаа. П.Дэлгэрбаяр уран бүтээлчийн хувьд өөрөө зөөлөн дөлгөөн хүн ч амьдралд хүний нүдэнд гэмгүй мэт харагддаг хүнээс эсэргээрээ юу ч гарч болдгийг харуулахыг зорьсноороо энэ сүпер дүр болжээ. Мөн ааштай ч сайхан сэтгэлтэй, гаднаа дуу чангатай ч дотроо өр зөөлөн сэтгэлтэй эхнэрийн дүрд жүжигчин Ш.Мөнхтуяа тун сайхан тохирчээ. Харин өөр өнгө төрх, шигтгээ нь “Gangbay” хамтлагийн дуучин С.Баянмөнх байлаа. Тэгэхээр эдгээр уран бүтээлчид хэрхэн зохицож, тус бүтээлийг амилуулж байгааг харах киноны нэг онцлог юм. Хүүхдүүдийн мөн харахгүй, сонсохгүй хүүхдийн дүрд тун чадварлаг тоглосон нь яах аргагүй онцлог байсан.

-ТӨГСГӨЛ БУЮУ КИНОНЫ ТАЙЛАЛ-

        Хэдий ээж нь түүнийг орхисон ч тэр ээжийгээ орхиогүй, үргэлж сэтгэлдээ тээж, бараадан явсан. Хамгийн сүүлд гэрт нь ирээд явахдаа ээж дээрээ магад бүрмөсөн ирсэн байх. Гэсэн ч “Чи анхнаасаа төрөх ёсгүй байсан юм, хайраас төрөөгүй юм чинь” гэж хэлсэн үгээр л ээж нь түүнийг бүрмөсөн орхиж, түлхэж, хүүхдээ гэж анхнаасаа бодоогүйг гарцаагүй ойлгосон охин нь гэрээс нь гарахдаа “Баяртай Солонгын ээж ээ” гэж хэлж байгаа нь тун сайхан тайлал гэмээр. Кино төгсөхөд үзэгчдэд үлдээх олон эргэцүүлэл энэ хэсгээс нь ургаж, цааш хөтлөгдөх юм. Магад бидний хийж байгаа сайн үйлдэл хажууд байгаа хүнд сайнаар нөлөөлнө, муу үйлдэл муугаар нөлөөлнө гэдгийг эл дүрийн төгсгөлөөр харуулахыг хичээсэн юм болов уу.


“ХҮНИЙ ЭЭЖ” КИНОГ ҮЗЭХ ТАВАН ШАЛТГААН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188