• Өнөөдөр 2026-02-23

УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО

       Монголын хөдөөд улстөрч, улаан тууз хоёроос их юм байсангүй, сар шинийн өдрүүдэд. Баахан том жийптэй, зурагчин, зураглаачдын багтай, гоё ганган рийлтэй, УИХ-ын гишүүд, сайд дарга нар малчдын хот руу уралдлаа. Үр дүнд нь, малчид махийж, иргэдийн татварын хэдэн төгрөг талийлаа.


            Хэдхэн жилийн өмнө улстөрчид учиргүй тууз хайчилдаг байлаа. Алд дэлэм газарт автозам тавьсан ч, ах, дүүгийнхээ дэргэд худаг гаргасан ч, автобусны буудал байгуулсан ч цагаан бээлий, хайч бариад дайрдаг байлаа. Тэр зургаа уралдаж ирээд сошиалд, сонины нүүрэнд нь төлбөртэй байрлуулчихдаг байсан. Тийм цаг үеийг иргэд эсэргүүцсээр хамжааргатай болгосон ч улаан туузны эрэн үе эхэлжээ. Бараг аймаг, сум болгоноос улсын аварга малчин “төрж”, 126 гишүүний 100 орчим нь, сайд, дэд сайд нарын талаас илүү нь “Ах аа, би танд шагналтай ирлээ” гэж байгаа мэт аахилаад дайрчихлаа. Ганцаараа яваад очихгүй, баахан дагуултай, баахан туслахтай. Монголын төр малчдаа урамшуулаад байгаа юм уу, улстөрчид нь урамшуулаад байгаа юм уу, бүү мэд. Хамгийн гол нь, малчдын энгэрт улаан тууз зүүж, гэрийнх нь хойморт хамтдаа зургаа авхуулах нь улстөрчдийн гол зорилго байлаа.

ЭНЭ ЖИЛИЙН ЦАГААН САРААР УЛСТӨРЧИД 315 ХҮНИЙ ЭНГЭРТ УЛААН ТУУЗ ЗҮҮЛЭЭ

Одон медаль тарааж, улаан тууз зүүснээрээ хөгжлийн манлайд хүрэхээр болсон, монголчууд. Тэр дундаа Монголын улстөрчид. Баахан одон медаль, цол тэмдэг тараагаад байдаг, гэтэл улс орон маань хөгждөггүй, өнөөх л бахь байдгаараа. Гэр хороолол, модон жорлон, агаарын бохирдол, автомашины түгжрэлээ өнөө хэр шийдэж чадалгүй, хорт хавдраараа дэлхийд цойлсоор. Өнгөрсөн хугацаанд олгосон Хөдөлмөрийн баатар, генерал, гавьяат, соёлын тэргүүний ажилтныхаа тоогоор бол Монгол Улс хөгжлийн манлайд хэдийнэ хүрсэн.

            Энэ жилийн цагаан сараар гэхэд л улстөрчид 315 хүний энгэрт улаан тууз зүүлээ. Тодруулбал, улсын хэмжээнд улсын аварга малчнаар 121, тэмээ голлон өсгөж байгаа улсын аварга малчнаар хоёр, улсын хошой аварга малчнаар найм, улсын аварга саальчнаар 10, улсын аварга фермерээр 10, улсын аварга тариаланч хамт олноор 12 аж ахуйн нэгжийг, Улсын аварга тариаланчаар 21 иргэнийг шагнасан байдаг. Малчид гэхэд л гэр бүлийн хоёр хүн улаан тууз зүүж байгаа юм. Ингэхээр улаан туузны тоо 315-аар ч тогтохгүй байж мэднэ.

Үүнээс гадна, эрх баригч намд олон жил зүтгэсэн төдийгүй сонгуулийн сурталчилгаагаар нэр дэвшигчийг сайн дэмжиж ажилласны төлөө шагнал олгодог болсон. Жаахан л танил талтай, бэл бэнчинтэй, ар өврийн хаалгатай бол хэнбугай ч, хэрэгтэн байсан ч төрийн одон, медалиар шагнуулдаг болсон. Дээр нь монголчууд одон медаль, гавьяа шагналд хэзээнээсээ дуртай хүмүүс. Энэ нь бүр цэцэрлэгийн наснаас эхэлж, хүүхдүүдийг мөлхүүлж медаль, өргөмжлөл олгох бөгөөд цаашлаад авьяаслаг, спортлог, тэргүүний сурагч, шилдэг төгсөгчөөр үргэлжилж, шагналд дурлах залуу хойч үеэ бэлдэж байна. Ямар сайндаа л Эрээнд тэмдэг, медаль үйлдвэрлэдэг эр “Би танай хүн амын тооноос хэд дахин олон одон, тэмдэг, медаль үйлдвэрлэсэн. Гэтэл одоо ч эрэлт буурахгүй байна” гэж ярих вэ дээ.

Шинэ жил, Цагаан сар, Үндэсний наадам, Улс тунхагласны баяр зэрэг тэмдэглэлт баяруудыг тохиолдуулан Ерөнхийлөгч хийгээд нийслэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нар шагнал, тэмдгийг баруун, солгойгүй “цацдаг”. Сүүлдээ бүр УИХ-ын гишүүд орон нутагт албаны болон албан бус ажлаар явахдаа төрийн дээд одон, медалийг гардуулдаг болсон. Үүнээс улбаатайгаар насан өндөр аав ээжийгээ шагналд тодорхойлж, ямар ч хамаагүй аргаар шагналыг нь авч өгөх гэсэн, өгөхгүй бол гомдоллогсдын бүхэл бүтэн “арми” бий болсон.

АВДРААРАА ДҮҮРЭН ӨРГӨМЖИЛТЭЙ, АРАВЧААРАА ДҮҮРЭН МЕДАЛЬТАЙ МОНГОЛЫН МАЛЧДЫН ШАГНАЛ “АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭД”-ЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

          Энгэрээрээ дүүрэн одон медальтай хэрнээ эмнэлгийн олигтой үйлчилгээ ч авч чадахгүй, төрийн хишиг нэртэй “төмөр”-өөс өөр зүйлгүй нэгэн насыг элээж байгаа буурал олон бий. Араас нь малчид орлоо. Нийгмийн даатгалаа төлж чадахгүй хэрнээ баахан туузтай, тамга тэмдэг болсон гэрэл зурагтай, авдраараа дүүрэн өргөмжилтэй, аравчаараа дүүрэн медальтай л болж байна. Араас нь залгуулаад, “Алтан төлийн эзэн” болгоод шагначихдаг тогтолцоо суурьшжээ. Хэчнээн “Алтан төлийн эзэн” хаанаас тодроод байгаа нь ч тодорхойгүй. Тогтсон тов, тодорхойлолт, шалгуур ч алга. Улсын аварга малчнаас мултрахаар нь, эсвэл урд жил нь аварга малчин болчихоор нь “Алтан төлийн эзэн” болгочихоод байгаа бололтой.

Өрнөөс өрний хооронд амьдарч, лизингээр байр, машин авч, үр хүүхдээ сайн сургуульд сургаж чадахгүй, эмнэлгийн үйлчилгээ авахын тулд эмчийн гар цайлгадаг бидэнд угтаа гавьяа шагнал нэртэй хоосон “төмөр” бус, нийгмийн асуудлыг шийдсэн бодит дэмжлэг хэрэгтэй. Өндөр хөгжилтэй олон оронд төр засаг нь гавьяа шагналд бус, иргэдийнхээ амьдралд хэрэг болох татварын хөнгөлөлт, нийгмийн бодлого, ажиллах таатай орчин, эрүүл, аюулгүй хүнс, сэтгэл зүйн тогтвортой нөхцөл, сэтгэл хангалуун ажиллаж, амьдрах орчинд л анхаардаг. Монголчууд бид нийтээрээ өнгө, хэлбэр төдий өнөө маргаашийн шагналд бус, ирээдүйд үр хүүхдэдээ өвлүүлж үлдээх нийгэм, агуулгад анхаарч, хандлагаа өөрчлөх цаг хэдийнэ болсон ч хэдэн улстөрч нь сэхэл авах аргагүй болтол шагнаж байна.

УЛСТӨРЧИД УЛААН ТУУЗНЫХАА АВШГИЙГ ХОЁР ЖИЛИЙН ДАРАА ХҮРТЭНЭ

      Хоёрхон жилийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Улстөрчид хэн хэнээс илүү уралдаж, “Шагналыг чинь би бүтээлээ шүү” гэж хэдэн малчны чихэнд шивнэж байгаа нь ийм учиртай. Усалгаа нь оройтчихоод аахилаад байгаа хэрэг л дээ. Алсуураа бол “Ирэх сонгуулиар ах, дүү, амраг садантайгаа, гол ус, нутаг хошууныхантайгаа намайг дэмжээрэй” гэсэн санаа. Тэгэхээр улаан тууз зүүж, малчдын хот руу уралдсан өдрүүдийнхээ хэргийг тэд ирэх сонгуулиар буюу хоёр жилийн дараа хүртэнэ. Ирэх жилийн цагаан сар энэнээс ч олон шагналтан төрнө. Түүний дараа буюу сонгуулиар жил...

 


УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188