• Өнөөдөр 2026-01-22

Эрчим хүчний үнэ, тарифийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна

Эрчим хүчний яам болон Эдийн засаг, хөгжлийн яамны удирдлагууд  Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага, бодлогын уялдааг хангах талаар /2026.01.22/ өдөр санал солилцох уулзалтыг зохион байгууллаа. 
 
Уулзалтаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эрчим хүчний салбарын мөнгөн хөрөнгийн дутагдал, санхүү, эдийн засгийн байдал, үнэ тарифын талаар мэдээлэл өгсөн юм.  Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзий Монгол Улсын эрчим хүчний салбар нь эх үүсвэрийн дутагдал, өсөн нэмэгдэж буй хэрэглээ, тоног төхөөрөмжийн насжилт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан эрсдэлтэй нөхцөл байдалд орж буйг онцлон тэмдэглэв. Эрчим хүчний салбарын тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор хамтарсан судалгаа, дүн шинжилгээ хийх, бодлогын шийдэл, хөтөлбөр боловсруулах чиглэлээр нягт хамтран ажиллахаар тохиролцов. Энэ хүрээнд ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах нь чухал болохыг онцоллоо.
 
Мөн Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр эрчим хүчний салбар нь эдийн засгийн өсөлт, аж үйлдвэржилт, бүс нутгийн хөгжлийн суурь нөхцөл болохыг онцолж, салбарын хөрөнгө оруулалтыг дунд болон урт хугацаанд тогтвортой нэмэгдүүлэх, томоохон эх үүсвэрийн төслүүдийг эрчимжүүлэх, санхүүжилтийн шинэ механизм, төр, хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ.
 
Талууд эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх, хэрэгжиж буй болон төлөвлөж буй төслүүдийг улсын хөгжлийн бодлоготой уялдуулах, салбар хоорондын зохицуулалтыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдэв.  Улмаар Эрчим хүчний үнэ, тарифийн асуудлаар Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болов.

Эрчим хүчний үнэ, тарифийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188