-Өмнөх Засгийн газар, сайд, дарга нарынхаа төлөвлөсөн ажлыг дараагийн томилгооны эзэн үгүйсгэж, ул мөргүй баллаж, гацаах зэргээр үгүй хийдэг жишиг төрийн бодлого алдагдах суурь болдгийг битгий мартаарай-
Засгийн газрын тогтворгүй байдал улсын хөгжилд тодорхой сөрөг нөлөө үзүүлж буй. Уг нь Үндсэн хуулийн шинэчлэлээр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, Засгийн газар тогтвортой ажиллах боломж бүрдүүлж байгаа хэмээн эрх баригч намынхан ихэд олзуурхаж байв. Гэвч У.Хүрэлсүхийн шинэ Засгийн газар долоон сарын настай байлаа. Энэ удаад Засгийн газар урьд урьдынхаас илүү онцлогтой огцорсон. УИХ-ын гишүүд нь Засгийн газраа магтаж, харамсан, халаглан огцруулсан гайхмаар үйл явдал болж өнгөрлөө. Үүнийгээ тэд хариуцлагын Засгийн газар хэмээн нэрийдэв. Үйл явц маш хурдан өрнөж дараагийн Засгийн газар бүрдээд гурав хонож байна.
У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлаас буухдаа “Миний хийж байсан ажлыг үргэлжлүүлэх олон залуу манай намд бий” хэмээсэн нь цаанаа учиртай болов уу.Засгийн газрынхаа хийж байсан ажлыг үргэлжлүүлэх улс төрийн залгамж халаа манайд хэрэгтэйг сануулсан хэрэг. Засаг унахад зовлонг нь ард иргэд үүрч, өмнөх ажлаа үгүйсгэдэг байдал нь эдийн засгийг улам бүр доройтуулдаг билээ.
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Засгийн газрын бүрэлдэхүүн олны хараанд өртөж, хуучин Засгийн газрын бодлогын залгамж чанарыг үргэлжлүүлж чадах эсэх нь анхаарал татаж байна. Намын даргын хувьд өмнөх сайд нараа улираан томилох саналтай байгаагаа У.Хүрэлсүх илэрхийлсэн ч 16 сайдын найм нь шинэ сайд байв. Цар тахлын хүндрэлтэй, эдийн засгийн амаргүй цаг үед өмнөх Засгийн газрынхаа эхлүүлсэн ажлыг үгүйсгэж, халаа сэлгээ хийхгүй эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлэх нь юу юунаас илүү чухал байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ намрын чуулганаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө батлуулсан. Уг хөтөлбөрийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд нийцүүлэн боловсруулсан гэдгээрээ онцлог гэгдэж буй.
Тэгвэл ирэх дөрвөн жилд Монгол Улсын Засгийн газар ямар бодлого баримтлан ажиллахаар төлөвлөснийг танилцуулах нь зүйтэй.
Засгийн газрын ирэх дөрвөн жилд дагуул хот байгуулж, орон сууцны хангамжийг нэмэх талаар мөрийн хөтөлбөртөө тусгаад байв. Улмаар дэд бүтцийг өргөтгөх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, экспортыг нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллахаар төлөвлөсөн байна. Эрчим хүчний дотоодын хэрэгцээг бүрэн хангах нөөц бий болгох төлөвлөгөө гаргасан. Ингэхдээ Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай, Чойбалсан, Эрдэнэт, Дулааны гуравдугаар цахилгаан станц, Амгалангийн дулааны станцыг өргөтгөж, Тавантолгойд дулааны цахилгаан станц, барих амлалт өгсөн.
Зам тээврийн салбарт Тавантолгой-Зүүн баян чиглэлийн 414 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 46 км төмөр замыг ашиглалтад оруулахаа мэдэгдсэн. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх геологи, судалгааны ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх талаар тодорхой шийдэлд хүрнэ гэв.
Үүний хүрээнд Салхитын мөнгөний орд, Зүүн цагаан дэлий жоншны далд уурхайг ашиглалтад оруулах, Дорноговийн Сайхандулааны Цагаан толгойн цахиурын ордуудыг ашиглалтад оруулж, экспортын хэмжээг нэмэгдүүлнэ хэмээн Засгийн газар мөрийн хөтөлбөрөө батлуулсан.
Боловсролын салбарт ирэх дөрвөн жилд боловсролын шинэчлэлийн ажилд анхаарал хандуулна хэмээгээд УИХ-д хэд хэдэн лобби бүлэг байгуулсан. Харин салбарын сайд нь боловсролын салбарыг том, жижгээр нь эрэмбэлэх боломжгүй гэдгийг дурдаж, бүх хэсэгт хүрч ажиллахаа мэдэгдэж байв. Хамгийн томоохон зорилтод ажил нь нүхэн жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох ажлыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт болгон тусгасан.
Сүүлийн үед анхаарал татсан гол асуудал нь их, дээд сургуулийн сургалтын төлбөр. Үүнтэй давхцан оюутны хөнгөлөлттэй зээлийг олгох эсэх асуудал ч сөхөгдөж буй. Хамгийн сүүлд БШУ-ны сайдаар ажиллаж байсан Л.Цэдэвсүрэн 2020-2021 оны хичээлийн жилд тэргүүлэх чиглэлээр 2.8 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа 2782 оюутны зээл олгохоор болсныг дуулгасан. Түүнчлэн тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцаагүй 5000 гаруй оюутанд ирэх хичээлийн жилээс боловсролын зээлийн сангаас олгох асуудлыг судална хэмээн мэдэгдээд буй.
Хэдийгээр эрүүл мэндийн салбарт үүссэн асуудлаас шалтгаалж, У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсон ч энэ салбарт өнгөрсөн долоон сарын хугацаанд багагүй ажил өрнөсөн. Иймдээ ч салбарын эмч, ажилчид нь “Сайдаа үлдээе” гэж дуугаа нэгтгэж байв. Тухайлбал, хавдрын хагалгааны 25 хувийг иргэдээс төлдөг байсныг зогсоож, Эрүүл мэндийн даатгалын тухай, эрүүл мэндийн тухай, эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай, эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулснаар хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангаар олгох боломж бүрдсэн юм.
Харин 2020-2024 оны Засгийн газрын хөтөлбөрт өвчнөөс урьдчилан сэргийлэх, нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэх, монгол хүний дундаж наслалтыг 74 хүргэх том зорилт тавиад байв.
Цаашлаад Засгийн газраас нийслэлийн хэмжээнд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын нэг нь Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулах. Уг томоохон төслийг БНХАУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд эхлүүлсэн бөгөөд төслийн нийт өртөг 267 сая ам.доллар байхаар тооцож, 2022 он гэхэд шинэ төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулах төлөвлөгөө бий.
Мөн Үндэсний урлагийн их театр, “Чингис хаан”, Байгалийн түүхийн музей, Хүүхдийн соёл, хөгжлийн төв, Соёл, урлагийн ажилтны мэргэжил дээшлүүлэх институт зэргийг барьж ашиглалтад оруулах төлөвлөгөө гаргасан. Хамгийн сүүлд Соёлын яамны санаачилгаар “Хүүхдийн төлөө фонд” хандивын аян өрнүүлж, Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театр барихаар болсон.
Цар тахлын үед аж ахуйн нэгж, иргэдийн орлогыг дэмжих чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ Засгийн газраас авсан. Цахилгаан дулааны үнийг хөнгөлөх, банкны зээлийн хүүг хойшлуулах зэрэг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулсан шийдвэр шинэ Засгийн газрын үед үргэлжлэх үү гэх асуултууд ч ар араасаа хөвөрч байв.
Энэ мэт нийгэм эдийн засагт нөлөөлөх олон бүтээн байгуулалтын ажил хүлээгдэж буй. Эдгээрийг онцлон дурдсаны учир нь шинэ Засгийн газар дээрх ажлуудыг үргэлжлүүлэн авч явах уу, гацааж орхих уу харах л үлдлээ.
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗАР БОДЛОГО ҮРГЭЛЖЛҮҮЛЭГЧ БАЙХ УУ, ГАЦААГЧ БОЛОХ УУ |
|