• Өнөөдөр 2024-05-15

УИХ-ын сонгуульд нам, эвсэл 6.4 тэрбум, тойрогт нэр дэвшигч 1.5 тэрбум төгрөг зарцуулахаар зардлын дээд хэмжээг тогтоожээ

2024-02-29,   488

          УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоожээ.
       
       Үндэсний аудитын газар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Төрийн аудитын дээд байгууллага нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг ээлжит сонгуулийн жилийн гуравдугаар сарын 01-ний өдрөөс өмнө энэ хуулийн 50.2-т заасан аргачлалын дагуу тогтоож, нийтэд мэдээлнэ” гэж заасан. Үүний дагуу УИХ-ын  2024 оны ээлжит сонгуульд нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг батласан төлөвлөгөө, хөтөлбөрийн хугацаанд тогтоож, нийтэд мэдээлсэн байна.
 
Зардлын дээд хэмжээ тогтоохдоо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасан
 
2.1. Сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах;
2.2. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах;
2.3. Хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж, талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах;
2.4. Сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх;
2.5. Ухуулах байр ажиллуулах;
2.6. Радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах;
2.7. Цахим орчин ашиглах
зэрэг сонгуулийн сурталчилгааг явуулах арга хэлбэр, мөн хуулийн 13, 36, 37, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 49, 52-т заасныг тус тус харгалзан тооцоолол хийснээ мэдэгджээ.
 
          Улмаар Үндэсний аудитын газраас Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам руу 2024 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 08/232 дугаартай албан бичгээр зардлын дээд хэмжээний саналыг авахаар хүргүүлсэн бөгөөд хоёрдугаар сарын 27-ны байдлаар нэр бүхий 13 нам саналаа ирүүлсэн байна. Намуудын саналыг харгалзан сонгуулийн зардлын дээд хэмжээ тогтоожээ.
 
       Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 6,434.5 сая төгрөг, тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 894.7-1,526.1 сая төгрөгийн хооронд тогтоосон.

УИХ-ын сонгуульд нам, эвсэл 6.4 тэрбум, тойрогт нэр дэвшигч 1.5 тэрбум төгрөг зарцуулахаар зардлын дээд хэмжээг тогтоожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188