• Өнөөдөр 2025-03-16

ТАНИЛЦ:Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ гэж хэн бэ

Ерөнхий сайдаар хоёр удаа томилогдож, Ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд намаа төлөөлж, хүч үзэх  хамгийн нөлөө бүхий улстөрчөөр У.Хүрэлсүх нэрлэгдээд буй. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд МАН үнэмлэхүй олонх болоход түүний үүрэг их байсан гэх нь бий. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн талаарх 10 баримтыг хүргэж байна.
 

Баримт-1

 
Ухнаагийн Хүрэлсүх нь 1968 оны зургадугаар сарын 14-нд Улаанбаатарт төрсөн. 1985 онд нийслэлийн хоёрдугаар дунд сургуулийг төгсжээ. 1989 онд Батлан хамгаалахын их сургуулийг улс төр судлаач мэргэжлээр, 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.Түүнийг эгэл жирийн жолоочийн хүү хэмээн тодотгодог. 
 

Баримт-2

Ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч хийж байсан түүнийг 1991 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан болжээ. МАХН-ын удирдлагууд тухайн үеийн УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх болгон томилсноор өдөөгөөг хүртэл улс төрд зүтгэж байгаа юм. Төрийн дээд албан тушаалыг олон жил хашсан улс төрчдийн тоонд зүй ёсоор багтдаг. Тэрбээр МАХН-ын хамгийн хүнд гэгдэх цаг үе буюу 1990-ээд онд намаа хамгаалан өлсгөлөнгийн эсрэг өлсгөлөн зарлаж байжээ.  2000-2004 оны нэг хүний засаглалтай МАХН-д ганцаараа сөрөг хүчин болж, намынхаа шатсан тугны тасархайг толгойдоо зүүн М.Энхболдын Засгийн газрыг авч үлдэхийн төлөө тэмцэж буйгаа илэрхийлсэн байдаг.

Баримт-3

У.Хүрэлсүх 2000 онд УИХ-ын ээлжит сонгуульд Хэнтий аймгаас нэр дэвшиж, парламентын гишүүнээр сонгогдсон. Улмаар 2004-2012 онд УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож байсан түүхтэй. Тэрбээр УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын алба хашиж байв. Мөн 2008 онд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон. Тухайн үед УИХ-ын сонгуулийн үр дүнд эсэргүүцсэн жагсаал болж, МАХН-ын байрыг шатааж байсан түүхтэй. Энэ үед У.Хүрэлсүх намын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож, үнс нурман дундаас одоогийн Тусгаар тогтнолын байрыг барьсан хэмээн үнэлэгддэг. 
 

Баримт-4

Түүний эрс шийдэмгий зан байдал нь өнөөдрийг хүртэл  улс төрд нөлөө бүхий байр суурийг эзлэхэд нэлээд дэмжлэг болсон гэж харж болохоор. Гаргасан шийдвэр, хийж буй үйлдэл нь үүнийг илтгэнэ. Учир нь, тэрбээр намынхаа генсек байхдаа хуучин нэрээ сэргээнэ хэмээн намын удирдлагуудынхаа өөдөөс сөрөн “Намын нэрийг сольсноор ялагдвал би хариуцлага хүлээнэ” хэмээн МАХН-ыг МАН болгосон түүхтэй. Ингэснээрээ МАН, МАХН хэмээн хуваагдаж, энэ нь УИХ-ын сонгуулийн дүнд нөлөөлсөн гэдэг. Үүний дараа тэрбээр намынхаа ерөнхий нарийн бичгийн даргийн албан тушаалыг хүлээлгэн өгсөн байдаг.
 

Баримт-5 

2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ намын жагсаалтын хоёрт бичигдэж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтэй өөрөө гаргаж байжээ. Тухайн үедээ үүнийгээ ар гэрийн гачигдлаас болсон хэмээн тайлбарласан байдаг. 

Баримт-6

У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байх хугацаандаа буюу одоогоос 13 жилийн өмнө  "Хадгаламж" банкны 14.2 тэрбум төгрөгөөр казинодсон хэрэгт нэр холбогдож байв. Ингэснээр Монгол Улсын түүхэнд анх удаа парламентын гишүүн шүүхээс ял сонсон гишүүн болжээ. Уг хэрэгт  Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс гадна, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай нар холбогдсон түүхтэй. 
 

Баримт-7

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би хэлье гэснээ хэнээс ч айлгүй хэлчихдэг, цэх шулуун зантай офицер хүн” хэмээн өөрийгөө тодорхойлжээ. УИХ-ын чуулганы үүдэнд УИХ-ын гишүүн асан Г.Баярсайханыг хэвлэлийнхний өмнө заамдан авснаа ч ийн тайлбарласан байдаг. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны  үеэр  Г.Баярсайхан гишүүнийг салаавч гаргалаа хэмээгээд Төрийн ордонд сэтгүүлчдийн өмнө шанаадсан түүхтэй. Үүнийгээ  “Би цэргийн алба хаасан эр хүн. Доромжлолыг тэвчсэнгүй. Өнөөдрийн үйл явдлын төлөө би та бүхнээс уучлал гуйж байна. Тэвчээрт хязгаар бий” хэмээн тайлбарласан юм.
 

Баримт-8

УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, БНСУ-д эхнэрээ эмчлүүлсэн гэдэг ч удалгүй Австрали Улсыг зорьсон байдаг. Тухайн үед түүний төрсөн дүү У.Отгонбаяр болон том охин нь тус улсад суралцаж байжээ. Ийн 2014 онд эх орондоо ирж, Монгол Улсын шадар сайдаар томилогдсон юм. 2016 онд М.Энхболдын Засгийн газарт Шадар сайдаар улираан томилогдов.  Гэвч тэрбээр Шадар сайдаар ажиллаж байх хугацаандаа Засгийн газраа унагаж өөрөө Ерөнхий сайд болсон юм. Тухайн үед МАН-аас УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн асан Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх нар өрсөлдөж, санал хураалтаар У.Хүрэлсүх 188, Ө.Энхтүвшин 101, Н.Энхболд тав санал авснаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх болов. Тэрбээр “шударга ёсыг тогтоож, Монголын төрд бугшсан булхай луйврыг үгүй хийнэ” хэмээсэн нь иргэдийн талархлыг хүлээсэн. 
 

Баримт-9

Ерөнхий сайдын хамгийн их чихийг нь халууцуулдаг хэрэг бол ЖДҮХС-аас зээл авсан хэрэг. 2016-2019 онд УИХ-ын нэр бүхий 49 гишүүн ЖДҮХС-гаас хамаарал бүхий компанидаа 2017 болон 2018 онд хоёр жил дараалан 250-950 сая, зарим нь 1.2-3.2 тэрбум хүртэлх төгрөгийн зээлийг эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан авсан нь баримтаар нотлогдсон. Хуучин парламентын нэр бүхий 49 гишүүнээс  гадна Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү нь У.Давхарбаяр ЖДҮХС-аас 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. 

Баримт-10

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх хоёр удаагаа томилогдон “Мэргэжлийн” гэх тодотголтой шинэ Засгийн газрыг байгуулан ажиллаж буй.
 
 

ТАНИЛЦ:Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ гэж хэн бэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-15 22:08:35
    Зуршиг: Анх 1997 онд МСЗХ гэдэгт байхдаа 70 000$н хэрэгт ор байсан ч тэгсгээд намжсан байдаг. 2-3 жилийн дараа 100 000$-р хадгаламжтай болж амжсан байдгиййн.. тэр үед ямар ч бизнессгүй хүн хаанаас тийм их мөнгөтэй болсон байж таарах вэ? Анхнаасаа л худалч хуурамч гар. Хатуу ширүүн дүр эсгэж жинхэнэ адгийн хор найруулдаг хүн дээ..
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188