Засгийн газрын ээлжит хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хориог сулруулах эсэх асуудлыг хэлэлцлээ. Ингээд Сэлэнгэ, Архангай аймагт хөл хориог 10 хоног хэсэгчлэн үргэлжлүүлэх, Улаанбаатар хотын хол хориог ирэх даваа гарагаас цуцалж, 34 чиглэлийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн горимоор явуулах шийдвэр гаргалаа.
Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд ард түмнээсээ уучлалт гуйв. Тэрбээр “Хүндхэн 20 гаруй хоногийг бид ардаа үлдээлээ. Засгийн газар, УОК хүн амынхаа аюулгүй байдлыг хангах зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ хугацаанд халдвар илэрсэн голомтуудын ойрын болон дам хавьтлыг, тусгаарлаж, эмчилгээ шинжилгээнд хамрууллаа. Улсын хэмжээнд 577 мянга гаруй хүнээс коронавирусийн шинжилгээнд хамруулжээ. Энэ ажлын үр дүнгээс харахад халдварын тоо харьцангуй цөөрсөн. Ард түмэн ч хөл хорионы дэглэмээ ухамсартай биелүүлсэн нь үүнд хувь нэмэр орууллаа. Тиймээс иргэддээ талархал илэрхийлье.
Тиймээс ирэх долоо хоногийн даваа гарагаас нийслэлд бүх нийтийн бэлэн байдлын зэргээс өндөржүүлсэн бэлэн байдалд буцаан шилжүүлэх шийдвэр гаргаж байна. Зарим аймгийн хатуу хөл хориог сулруулахгүй. Богино хугацаанд шуурхай арга хэмжээ авсан учраас цар тахлыг цурманд орууллаа. Бид түүхэнд анх удаа бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио цээрийн дэглэм тогтоосон. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй асуудал их байлаа. Төрийн албаны ажил жигдрээгүйн улмаас хэрэгжих шатандаа хүндрэл гарсан. Үүнд УОК онцгойлон дүгнэлт хийж ажиллаж байгаа. Хариуцлага сахилга бат, дэг журмыг сайжруулах шаардлагатай байна.
Энэ асуудлаас болж ард иргэдээ бухимдуулсан, хүний алтан амь эрсдсэн. Энэ бүхэнд Монгол Улсын Засгийн газар уучлалт гуйж байна. Цаашид иргэдийнхээ амь насыг хамгаалахын төлөө бүх арга хэмжээгээ авч ажиллана. Бидэнд байгаа хамгийн сайн вакцин бол хувь хүний хариуцлага, сахилга бат юм шүү. Цаашид хорио цээрийн дэглэм суларч байгаа учраас сахилга баттай байгаарай” гэв.
У.Хүрэлсүх: Ард иргэдээ бухимдуулсан, хүний алтан амь хохирсон явдалд Монгол Улсын Засгийн газар уучлалт гуйж байна |
|