-Нийтийн тээвэр хамгийн аюулгүй унаа гэсэн чинь яасан бэ, Хотын даргаа-
Нийтийн тээврийн үйлчилгээнд явсан автобусны жолооч коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Автобусны жолоочийг арваннэгдүгээр сарын 30-наас хоёрдогч хавьтал болохыг тогтоож, тусгаарлаад байсан юм. Түүнээс вирус илэрсэн нь үнэн" гэх тайлбар өгөөд буй.
Хөл хориог хязгаарлаж эхэлсэн өдрөөс нийслэлд хувийн автомашин явуулахыг хориглож, тусгай зөвшөөрлөөр зайлшгүй шаардлагатай 13 чиг үүргийн байгууллагын автомашиныг хязгаартай цагаар зорчуулах талаар УОК-оос удаа дараа шийдвэр гаргаж байв. Мөн эдгээр байгууллагын ажилчдыг нийтийн тээврээр явахыг анхааруулж байлаа. Түүнчлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийтийн тээврийн үйлчилгээтэй танилцаж, өөрөө дотор нь сууж явсан удаатай. Үүгээрээ нийтийн тээвэр хамгийн аюулгүй унаа гэх ойлголтыг олон нийтэд өгөхөөр оролдож байв, хотын дарга. Гэвч өнөөдрийн байдлаар нэг дор олон хүнд халдвар тархаах магадлалтай хамгийн аюултай унаа нийтийн тээвэр болчихоод байна.
Хөл хорионы үеэр УОК, нийслэлийн удирдлагууд нийтийн тээврээр зорчуулахтай холбоотой ямар байр суурь илэрхийлж байсныг эргэн сануулъя.
Д.Сумьяабазар: Бид сонголтгүй сонголтод орж байгаа шүү
УОК-ын арваннэгдүгээр сарын 17-ны хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Ковид-19 дэлхий нийтэд өндөр эрсдэл дагуулж байгаа. Тиймээс хөл хөдөлгөөнийг илүү чангатгах арга хэмжээ авахгүй бол болохгүй байна. Хатуу хөл хорио тогтоохоос өөр аргагүй байгаа. Нийтийн болон автомашины тээврийн хэрэгслийг 6:00-10:00 цагийн хооронд орой 17:00-21:00 цагийн хооронд зорчиж байсныг нэг цагаар багасгаж байна. Энэ өөрчлөлт нь нийтийн тээвэрт бас нөлөөлнө. Бид сонголтгүй сонголтод орж байгаа шүү” хэмээсэн. Ийн нийтийн тээвэрт цагийн хязгаар тогтоосон нь автобусанд бөөгнөрөл үүсгэх гол шалтгаан болж байв. Мөн нийслэлийн Засаг даргын зүгээс “Халдвар хамгааллын дэглэмээ баримтлан нийтийн тээврээр зорчих хэрэгтэй” гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байлаа.
Я.Содбаатар: “Нийтийн тээврийг санал болгож байгаа бол буруу” гэж би хэлж байсан
УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар 2020 оны арванхоёрдугаар сарын 2-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байх үеэр нийтийн тээврээр иргэдийг зорчуулахтай холбоотой сэтгүүлчийн асуултад хариулт өгсөн юм. Тодруулбал, “Автомашиныг QR кодоор зорчуулж эхэлсэн ч нийтийн тээвэрт бөөгнөрөл үүссэн хэвээр байна. Цаашид иргэдийг хувийн автомашинаар зорчуулах, такси үйлчилгээг явуулах боломж бий юү” гэх асуултад тэрбээр “УОК-оос хэзээ ч нийтийн тээврийг санал болгоогүй. Хувийн машинаар явахыг чухалчилж байгаа. Нийтийн тээврийг санал болгож байгаа бол буруу. Гэхдээ тээврийн хөдөлгөөнд хязгаарлалт тавьж байгаа. Хувийн машин чөлөөтэй гээд хэлчихээр аав, ээж, ах дүү рүүгээ очих гэсэн хөдөлгөөн бий болчих гээд байна. Үүнийгээ дагаад хөл хорионы дэглэм алдагдах гээд байна. Нийтийн тээвэр өөрөө нэг хэсэг иргэдийн хэрэгцээ учраас дотроо цөөн хүнтэйгээр явуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэл өгч ажиллаж байгаа. Дэлхий нийтэд баримталж байгаа бөөгнөрөл үүсгэхгүй байх зарчмыг баримталж байна” гэсэн юм.
Ийн төрийн удирдах байгууллагуудын гаргасан шийдвэр уялдаа холбоогүй, нэг чиг, баримтлалгүй байгаагаас үүдэн ард иргэд хөл хорио тогтоогоод аль хэдийнэ 22 хоночихоод байхад хэрхэхээ мэдэхгүй хэвээр байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар, УОК, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийсдлэлийн онцгой комисс тэргүүтэй удирдах байгууллагуудад толгой алга.
ЭСРЭГ ТЭСРЭГ БАЙР СУУРЬ: "Нийтийн тээврээр зорч", "Нийтийн тээврээр зорч гэж би хэлээгүй" |
|