Өнгөрч буй долоо хоногт улс төр, нийгэм, эдийн засагт болж өнгөрсөн томоохон үйл явдлыг Эргэлт.мн сайт тоймлон хүргэж байна. Манай улс коронавирусийн халдварыг дотооддоо алдсанаар улс орон даяар Бэлэн байдлын зэрэгт шилжээд буй. Үүнтэй холбоотой Засгийн газраас иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих чиглэлээр арга хэмжээ авч, Ерөнхийлөгчийн зүгээс цар тахлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газарт санал хүргүүллээ. Мөн халдварын голомт нэмэгдэж, долоо хоногийн сүүлч гэхэд халдвар авсан хүний тоо 557-д хүрэв. Эдгээр үйл явдлыг "Эргэлт"-ийн тоймоор сануулж байна.
Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж, хүүхдийн 100 мянган төгрөгийг долдугаар сарын 1 хүртэл олгоно
Коронавирусийн нөлөөгөөр нийгэм, эдийн засгийн амаргүй нөхцөл байдал үүсэж, Засгийн газраас цар тахлын үед хэрэгжүүлэх 23 арга хэмжээг зарласан. Тухайлбал, хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг өнгөрсөн дөрөвдүгээр сард нэмэгдүүлж, хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийг 80 мянган төгрөг болгосон. Мөн хүнсний талоны үнийг дүнг хоёр дахин нэмэгдүүлж, нийгмийн халамжийн сангаас иргэдэд олгодог 188 мянган төгрөгийн тэтгэвэр, тэтгэмжийг тус бүр 100 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргаж байв.
Тэгвэл өнгөрсөн лхагва гарагийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар цар тахлын үед хэрэгжүүлэх эдгээр арга хэмжээг долдугаар сарын 1 хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гаргалаа. Түүнчлэн аж ахуйн нэгжийг дэмжих чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авсан. Тухайлбал, нийгмийн даатгалын шимтгэлээ хуульд заасан хугацаанд төлөөгүй аж ахуйн нэгж, байгууллагыг алданги, торгуулиас чөлөөлөх, худалдааны төв, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь нотлогдвол татварын хөнгөлөлт үзүүлэхээр болов.
Иргэдийн хувьд хамгийн тулгамдсан асуудал болох зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэр гаргаснаар иргэд долдугаар сарын 1 хүртэл гэрээг сунгах боломжтой боллоо.
Ерөнхийлөгч өрх бүрд нэг сая төгрөг олгох санаачилга гаргалаа
Энэ долоо хоногийн олны анхаарал татсан гол сэдвийн нэг нь яах аргагүй Ерөнхийлөгчийн санаачилга байв. Тэрбээр цар тахлын үед зайлшгүй хэрэгжүүлэх зургаан арга хэмжээг нэрлэж, Засгийн газарт санал хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн гаргасан өрх бүрт нэг сая төгрөг олгох санал иргэдийн талархлыг хүлээгээд байв. Уг арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 900 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд 200 мянган төгрөгийг нь бэлнээр, үлдсэнийг нь ваучир хэлбэрээр олгох санал гаргасан. Ингэхдээ иргэд 800 мянган төгрөгөөр зөвхөн үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах бөгөөд үүнд архи, тамхи, согтууруулах ундааны бараа, бүтээгдэхүүн орохгүй гэдгийг тусгасан байв. Мөн өөрийн хамаарал бүхий хоёр компанийг дээрх үйл ажиллагаанд оролцуулах талаараа дурдаж, санхүүжилтийг олон улсын зээл тусламжаар цугласан мөнгөн хандиваас гаргах боломжтой гэлээ.
Харамсалтай нь, дээрх саналыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хүүхдийн мөнгө, хүнсний талон зэрэг үйл ажиллагаатай санал нь давхцаж байна гэх шалтгаанаар хүлээж авсангүй. Ерөнхийлөгчийн гаргасан зургаан саналаас дөрвийг нь Засгийн газрын 23 арга хэмжээнд тусгасан гэж Сангийн сайд мэдээлсэн.
Коронавирусийн халдвар голомтлон тархаж, халдвар авсан иргэдийн тоо нэмэгдсээр байна
Эрүүл мэндийн яамнаас хамгийн сүүлд өгсөн мэдээллээр Монголд коронавирусийн батлагдсан тохиолдол 557 боллоо. Үүнээс дотоодод илэрсэн тохиолдол 122 болж, Улаанбаатар хотоос гадна таван аймагт коронавирусийн халдвар илрээд байна. Тодруулбал, нийслэлд 33, Сэлэнгэ аймагт 53, Дархан-Уул аймагт 16, Дорноговь аймагт зургаа, Орхон аймагт 13, Говьсүмбэр аймагт нэг тохиолдол нэмж бүртгэгдээд байна. Ийн халдварын тохиолдол хурдацтай нэмэгдэж байгаа нь төмөр замаар дамжин вирусийн халдвар тархаж байж болзошгүй гэдгийг албаныхан хэлж байгаа юм.
Төрийн цагдааг ажлаа хийсний төлөө хов зөөж, чуулганы хуралдаанд зургаа үлдээсэн гишүүд
Бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой УИХ-ын чуулганы хуралдаан цахимаар үргэлжилж байгаа. Гишүүд байгаа газраасаа хуралдаандаа цахимаар оролцох ёстой байтал зарим гишүүн зургаа үлдээгээд хүүхдээ харж, гэрийн эзэнтэйн ажлаа хийлээ. Үүнийгээ эрхэм төрийн түшээд Ц.Мөнхцэцэг “Онлайн хурал хийхэд хүүхэд, гэрийнхэн үймүүлэх зүйл бишгүй байх юм. Тиймээс гишүүд үг хэлээгүй үедээ чээж зургаа тавих, камераа хаах зэргээг бүтэн өдрийн чуулгандаа оролцож байгаа шүү” хэмээн өөрийгөө өмгөөлөв. Үнэхээр чуулганы хуралдаандаа бүтэн суусан бол өмнөх гишүүдийнхээ асуултыг давтаж, бусдынхаа цагийг үрэх хэрэг байна уу гишүүнээ.
Шинэ гишүүдийн балаг үүгээр дууссангүй. Төрийн ордонд гэнэт дуудагдсан гишүүнийг цагдаа шалгаж, түр саатуулсныг чуулганы хуралдааны онцолж, гомдол мэдүүлэв. Өнгөрсөн лхагва гарагт Төрийн ордонд дуудагдсан Г.Дамдинням гишүүний бичиг баримтыг цагдаа шалгасныг “Цагдаа нарын харилцаа муу, халдвар хамгааллын дэглэм зөрчигдөж байна” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайдад хов зөөлөө. Гэвч түүний энэ үйлдэл олны дургүйцлийг хүргэсэн тул уг үйлдэлдээ уучлалт гуйж "Цагдаа зогсоосон талаар зохимжгүй жишээ авсанд уучлаарай. Олон түмний санал шүүмжлэлийг хүлээн авч хичээн ажиллах болно" хэмээн дахин сенсаци тарив.
ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Өрх бүрд нэг сая төгрөг өгөхийг санаачлахад Засгийн газар нь сандарч, УИХ-ын гишүүн нь ард түмнээ хууран мэхэлж, корона голомтолсон нь илэрсэн долоо хоног |
|