• Өнөөдөр 2025-03-15

Гаргаагүй төлөвлөгөө, боловсруулаагүй тактикийг Засгийн газар, УОК-оос нэхэх хэрэг байна уу

Жинхэнэ аюултай нүүр тулахад бэлдсэн төлөвлөгөөгөө тэд “Нөхцөл байдал цаг, минутаар өөрчлөгдөж байна. Хатуу хөл хорио тогтооно” гэдэг үгээр ам таглаад даруй долоо хоночихлоо. 

Аюул жилийн өмнөөс л  биднийг отсон. Засгийн газар, УОК-ынхон “Бид ажиллаж байгаа” гээд л “сагсуурч” ядарч, туйлдсанаа гайхацгааж байв. Гэвч ачир дээрээ ямар ч бэлтгэлгүй байсан нь одоогийн нөхцөл байдлаас тодорхой харагдаж байгаа биз. “Хэн ч гэрээсээ битгий” гараарай гэхээс өөр шийдсэн тодорхой арга хэмжээ тэдэнд алга. “Үүрэхийг нь чи үүр, аахилахыг нь би аахилъя” гэгчийн үлгэрээр эмч, эмнэлгийн ажилчид л хар толгойгоороо бүгдийг хариуцаж байна. Цар тахал дотоодод илрээгүй байхад л Засгийн газраас арга хэмжээ авч байна гэж бэлэн мөнгийг шуудай, шуудайгаар нь цацсан. Харин жинхэнэ аюултай нүүр тулахад бэлдсэн төлөвлөгөөгөө тэд “Нөхцөл байдал цаг, минутаар өөрчлөгдөж байна. Хатуу хөл хорио тогтооно” гэдэг үгээр ам таглаад даруй долоо хоночихлоо. 
Тоолоод өгөх бэлэн мөнгөгүй иргэдэд дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч л болж байна.
Гэтэл гэнэт тогтоосон хөл хорионд иргэд туйлдаж эхэллээ. “Одоо л ард иргэдэд мөнөөх дэмжлэг чинь хэрэгтэй байна шүү” гэхэд Сангийн сайд “Үнэндээ улсын төсөв коронад нэрвэгдэж байна” гэх тайлбар өгөөд зогсож байх жишээтэй. Аргаа барсан хүмүүс эхнээсээ тойргоос сонгогдсон гишүүддээ хандаж байгаа бололтой. Арга ч үгүй биз, хоногийн хоолоо арайхийн олдог иргэд 14 хоног “хоригдох”-оор юугаа идэж, юугаа түлэх билээ. Тоолоод өгөх бэлэн мөнгөгүй иргэдэд дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч л болж байна. УИХ-ын гишүүн болохдоо чухам л диваажинд амьдруулах мэтээр амлалт өгч байсан юм чинь тэнд учраа хэлэхгүй гээд хаачих билээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өчигдөр оролцсон гишүүд ээлж дараалан Шадар сайдаас цар тахлын үед бэлэн байдалд ажиллах төлөвлөгөө нэхсэн. УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар аль хэд хоногийн өмнө сэтгүүлчдэд ярьсан зүйлсээ л тоть шиг давтаж байгааг иргэд хараад нэлээд бухимдсан. 

Угтаа дайнд оролцож байгаа улсын ерөнхий командлагч нь галын шугамаа орхиод өдөржин хуралд сууж байгаагаас ялгаагүй зүйл өчигдөр Төрийн ордонд боллоо

Их хурлын гишүүд ч иргэдэд ажиллаж байгаагаа харуулах гэсэн үү, ээлж дараалан нэг асуултаа давтсаар чуулганы хуралдаан хэдэн цаг сунжирсан. Уг нь бол гаргасан төлөвлөгөө, хийх ажилтай байсан сан бол УОК-ын дарга олон цагаар тэнд сууж цаг алдах шаардлагагүй шүү дээ. Угтаа дайнд оролцож байгаа улсын ерөнхий командлагч нь галын шугамаа орхиод өдөржин хуралд сууж байгаагаас ялгаагүй зүйл өчигдөр Төрийн ордонд боллоо. Ер нь тэгээд иргэд өөрсдөө л арга зам хайж, хоногийн хоолоо залгуулахгүй бол Төр засгийг хүлээгээд нэмэргүй гэдгийг тэдний удаа дараагийн энэ мэт хурлаас харж болохоор байна. 
 
 

 


Гаргаагүй төлөвлөгөө, боловсруулаагүй тактикийг Засгийн газар, УОК-оос нэхэх хэрэг байна уу
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188