Монгол Улс коронавирусын халдварыг дотооддоо алдсанаа өчигдөр зарлалаа. Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч тусгаарлалтын 21 хоногийн хугацаагаа дуусгаад гэртээ гарсны дараа түүнээс халдвар илэрч, улмаар эхнэр болон хадам ээж, хадам дүү нь халдвар аваад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан УОК-оос нийслэлээс гарах хөдөлгөөнийг гурав хоног хааж, хичээл сургууль, олон нийтийн арга хэмжээг түр зогсоох шийдвэр гаргаад байна. Хүн бүр л айж, сандарцгаан хүнсээ нөөцөлж, улмаар хүнсний үнийг хөөргөх, хомсдол бий болгох нөхцөл үүсгээд байгаа юм. Өнгөрсөн 10 сарын хугацаанд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж, дотооддоо халдвар алдаагүй улсаар нэрлэгдэж, ДЭМБ-аас манай улсын туршлагыг судалсан баримтат кино хүртэл хийсэн. Гэвч Ковид-19 өвчнийг дотооддоо алдаагүй гэдэгтээ хэт бардсан уу, эсвэл залхсан уу хаа, хаанаа хариуцлага суларсаар ийм байдалд хүрлээ.
Өнөөдөр энэ өвчнийг хэрхэн даван туулах, цөөхөн хүн амтай манай улс цаашид хэрхэн арга хэмжээ авах вэ гэдэг асуудалд төр, засгийнхан “толгойгоо гашилгаж” байна. Коронавирусын халдварыг зогсоох нь нэн тэргүүний чухал асуудал хэдий ч үүгээр далимдуулан олон чухал ажил, асуудал орхигдох вий, намжих вий.
Тухайлбал, хариуцлага нэхэх болон тооцох хэргүүд, нэн тэргүүнд яаралтай хэлэлцэх хуулийн төсөл болон улсын төсвийг батлах зэрэг чухал ажил мундахгүй олон бий. Халдвар тархсантай холбогдуулан Төрийн ордонд хэсэгчилсэн хөл хорио тогтоож, уулзалт, хурал, цуглааныг цуцлаад байгаа юм.Коронавирусын мэдээлэлд дарагдаад мартагдаж мэдэх хэргүүдийн талаар танилцуулж байна.
-“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ШИЛЭН ДАНС БА Х.БАДАМСҮРЭНГИЙН ТАНСАГЛАЛ-
Өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн хувьдаа “завшсан” хөрөнгийн талаар бараг бүх хэвлэл бичсэн. Охиныхоо сургалтын төлбөрийг үйлдвэрийн мөнгөөр төлүүлсэн, уран зураг, массажны сандал худалдаж авсан, хагас тэрбумын үнэтэй автомашин худалдан авах тендер зарласан гэх мэдээллүүд нь ил болсон. Гэвч энэ асуудалд хэн ч тайлбар хэлээгүй, хариуцлага хүлээгээгүй өнөөдрийг хүрч буй. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн зарим удирдлага орон сууцны түрээсийн төлбөртөө сар бүр 6-12 сая төгрөгийг үйлдвэрийн данснаас бэлнээр гаргуулж авдаг байсан нь анхаарал татаж байгаа юм. Тэдний энэ мэт “идэж, уусан” гэх хэргүүд коронавирусын шуугианд дарагдаад өнгөрөх магадлал өндөр. Иймд холбогдох албад, хууль, хяналтынхан уг асуудлыг хэрхэн үргэлжлүүлэн шалгаж, бодит мэдээлэл өгөхийг олон нийт хүлээж буйг мартаж болохгүй юм.
-ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬ 400 ГАРУЙ ОЮУТНЫГ ХОХИРООСОН ХЭРГИЙН МӨРӨӨР-
Үндэсний тодотголтой Батлан хамгаалахын их сургуулийн удирдлагуудыг АТГ-аас шалгаж эхэлсэн мэдээлэл бол хэзээ ч мартаж, орхиж болохгүй сэдэв. Учир нь, тус сургуулийн удирдлагууд 2016 оноос Боловсрол, шинжлэх ухааны яаманд бүртгэлгүй мэргэжлээр элсэлт авч, 400 гаруй оюутныг хохироогоод байгаа юм. Одоогийн байдлаар ҮБХИС-д дөрвөн жил суралцаж төгссөн ч мэргэжлийн дипломоо авч чадаагүй 120 гаруй оюутан байгаа бол 280 орчим нь удахгүй төгсөх гэж байгаа. Уг мэдээллийг хаа, хаанаа хүлээн зөвшөөрсөн ч хэн ч тайлбар өгч чадахгүй, хохирсон гэх оюутнууд нь сургуулийн удирдлагуудаасаа эмээж ямар нэгэн гомдол, санал хэлэхийг хүсэхгүй байгаа юм. Салбар хариуцсан яам нь ч энэ асуудалд ямар байр сууринаас, хэрхэн анхаарч ажиллаж байгаагаа илэрхийлээгүй байна.
-ТӨРИЙН МӨНГИЙГ ХУВЬДАА ЗАВШСАН БАНКНЫ ЭЗЭД-
Түүнчлэн “Чингис хаан”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны эздэд АТГ, Эрүүгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар манай сайт өмнө нь мэдээлсэн. Дээрх хоёр банкны гүйцэтгэх захирал, зээлийн мэргэжилтэн, хувь эзэмшигчдийг үгсэн тохиролцож, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрсдөдөө маш бага хүүтэй зээл олгосон гэх үндэслэлээр буруутган мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрийн мөнгийг зээл нэрээр хувьдаа завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан ноцтой хэргийг хууль хяналтынхан илрүүлэн шалгаж байна. Мөн Монголбанкны удирдлагууд ч банк дампууруулах үйл ажиллагааг нь таслан зогсоолгүй, улсын мөнгийг үрэн таран хийх боломж олгосон гэдгээр буруутгагдан шалгагдаж эхэлсэн. Гэвч энэ хэргийн талаар албаныхан мөн л ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан хэвээр байна.
-500 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВЧ БАЙГААД БАРИГДСАН Д.БЯМБА-ОЧИРЫГ АТГ-ААС ДАХИН ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ-
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Бямба-Очирыг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр АТГ-аас дахин шалгаж эхэлжээ. Дахин гэхийн учир нь түүнийг 2018 оны аравдугаар сарын 14-нд АТГ-аас баривчилсан байдаг. Тэрбээр бусдаас 500 сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ Эрүүгийн цагдаагийн ажилтнуудад баригдсан гэдэг. Мөн тухайн үед түүнийг хувьдаа 87 ширхэг орон сууцтай гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаж байсан билээ. Тэрбээр 2016 оны есдүгээр сарын 21-нд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон ч хахууль авсан хэргээр 2019 онд ажлаасаа чөлөөлөгдсөн юм.
-УИХ-ЫН ГИШҮҮН С.АМАРСАЙХАНЫГ АТГ-ААС ШАЛГАЖ БАЙНА-
Хотын дарга асан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан болон Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, "Моннис групп"-ийн ерөнхийлөгч Б.Чулуунбаатар нарыг АТГ-аас шалгаж эхэлжээ. Тодруулбал, тэднийг нийслэлийн нийтийн тээвэрт хийж байгаа парк шинэчлэл болон сургуулийн автобустай холбоотой тендерийн хэргээр шалгаж байгаа юм.
-ГААЛИЙН ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГА О.ЦОГТБААТАР АВЛИГА АВЧ БАЙГААД БАРИГДЖЭЭ-
Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Гаалийн хяналт, шалгалт хариуцсан орлогч дарга О.Цогтбаатар авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан хэрэг саяхан гарсан. Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр нэгэн ресторанд тэрбээр нэр бүхий аж ахуйн нэгжийн захирал, ажилтантай уулзан, авлига авах гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг. Түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан ч ганцхан хонуулаад суллаад байгаа юм. Түүнчлэн О.Цогтбаатар өмнө нь бусдаас удаа дараа авлига авдаг байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Түүнийг одоогоор ажлаас нь чөлөөлөөд байгаа юм. Энэ мэт олны танил болон улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн холбогдсон хэргүүд коронавирусын халдвар дотооддоо алдсан дуулиан шуугианд дарагдан хариуцлага хүлээхгүй үлдэх вий.
Коронавирусийн шуугианаар дарж болохгүй ХЭРГҮҮД |
|