• Өнөөдөр 2024-04-20

Үдлэгийн бага сургуулиас өдөлж нисэх “шувуухайнууд”

2020-08-30,   735

Хүүхдүүд нусаа татах, түс тасхийн мод шатах чимээ, багшийн ярианаас өөр аниргүй таван ханатай гэрт модон самбар дээр багш шинэ үсгээ зааж, улаа бутарсан царайтай, монгол дээл өмссөн арав гаруй хүүхэд таран сууж, хичээлээ хийнэ. Энэ бол өдийгөөс 25 жилийн тэртээх Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн бага сургуулийн дүр төрх. Сумын төвөөсөө 20 орчим км-ын зайд байрлах тус сургууль 1994 онд байгуулагджээ. Монгол гэрт гурван ээлжээр хичээллэж, айлын байшинд хүртэл үйл ажиллагаа явуулсан тэд өнөөг хүртэл багагүй зүйл үзэж туулсан. Харин өдгөөгийн байр нь 1999 онд ашиглалтад орсон ч сургуулийн бус, зөвхөн хоёр ангид л хүүхэд хичээллэх зориулалттай, үлдсэн өрөөнд багийн захиргаа, эмч нь байрладаг байжээ. Хожим багийн захиргааны байр ашиглалтад орсноор тус байр сургуулийн мэдэлд шилжсэн байна. Ийн тэд хонгилын хэсэгт хана хийж, давтлагын анги гаргаснаас гадна хуучин эмчийн өрөөг номын сан болгон тохижуулж, багш нарын өрөөтэй хүртэл болжээ.
 
Батсүмбэр сумын ерөнхий бо­ловс­ролын сургуулийн бага ангийн сур­галтын менежер Т.Мөнхтуяагаар газарчлуулан Үдлэг багийн бага сур­гуу­лийг зорив. Батсүмбэр сумын сур­гууль 1340 хүүхэдтэйгээс бага ангид 742 хүүхэд суралцдаг. Тэднээс Үдлэг багийн бага сургуульд 49, Баян­гол багийн бага сургуульд 73 су­рагч сурдаг аж. Сумын сургуулийн харьяа учраас Баянголын бүх бүлэг "д" харин Үдлэгийнх "е". “Хүүхдүүдийг бага насанд нь эцэг, эхтэй нь ойр байл­гаж, сурах орчин нөхцөлөөр хан­га­хын тулд багийн сургуулиудыг байгуулсан” хэмээн Т.Мөнхтуяа багш ярилаа. 

СУРГУУЛИЙНХАА СПОРТЫН АВАРГА АХ, ДҮҮ ХОЁР

Жижигхэн модон хашаа тойруу­лан хатгасан нэг давхар шар бай­шин­гийн гадна ирсэн нь Үдлэг сумын бага сургууль. Шар дэвсгэр дээр хараар Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн бага сургууль хэмээн монгол бичгээр бичжээ. Төд удалгүй мотоцикльд хоёр хүү сундалсан, 40 орчим насны эр ирсэн нь тус сургуулийн сурагч Баярхүү, Баянхүү нар болон тэдний аав аж. Хүүхдүүд мотоцикльноос уралдах шахам буун, сургууль руугаа гүйлдэв. Хоёр хүүгийн том нь болох Ч.Баярхүү нь дөрөвдүгээр анги бол дүү Ч.Баянхүү нь гуравдугаар анги аж.
 
Тэдний гэр сургуулиас хол тул аав нь явдлаа хэмнэж, нэг дор хоёуланг нь авчраад, орой хамтад нь авдаг аж. Дүүгээ хичээлтэй байх хооронд ах нь номын сангийн өрөөнд шагайгаар тоглох, ном унших гэх мэтээр өдрийг өнгөрөөдөг бол дүү нь үдээс хойш ахыгаа хүлээнэ. Ах, дүү хоёр өглөө 09.00 цагтай уралдан сургуульдаа ирдэг, орой 18.00 цагийн орчимд харьдаг аж. Тэд мөн өнгөрсөн жил болсон сургуулийнхаа спартакиадàíä аваргалжээ. Тэгэхдээ дүү нь түрүүлж, ах нь удаах байранд орсон гэнэ. 

Ч.БАЯНХҮҮ: ХИЧЭЭВЭЛ Ч ОНЦ СУРНА Л ДАА

Түрүүхэн хажуугаар дайрчих шахам гүйгээд өнгөрсөн ах, дүү хоёрын ах нь номын сангийн өрөөнд шагай тоглож байв. Ах Ч.Баянхүүтэй нь ярилцлаа.
 
-Өдөржингөө сургууль дээр байгаад уйдаж байна уу?
-Уйддаггүй. Шагай тоглодог, заримдаа найзындаа очдог. Бас ном уншдаг. Миний хамгийн дуртай ном “Хэрэмний хүүхдүүд”.
 
-Чи байнга дүүтэйгээ мотоцикльтой ирдэг юмуу?
-Дулаахан үед аав дүү бид хоёрыг мотоциклиор сургуульд хүргэдэг. Өвөл бид хоёр морь унадаг айлындаа суудаг.
 
-Гэртээ байх, айлд байхын аль нь гоё вэ?
-Гэртээ байх гоё.
 
-Айлд хэр удаан байдаг вэ?
-Цас хайлтал. 
 
-Цас хайлахыг удаан хүлээдэг үү?
-Хүлээдэг. Заримдаа байнга өвөл байх юм шиг, дулаарахгүй юм шиг санагддаг. 
 
-Аав, ээж нь юу гэж захидаг вэ?
-Айлд томоотой байгаарай. Нээх их битгий үймүүлээрэй гэдэг.
 
-Чи хэд сурдаг вэ?
-Дундуур.
 
-Яагаад онц сурдаггүй юм бэ?
-Онц сурах гэж хичээдэггүй л дээ. Хичээвэл ч онц сурчихна л даа. 
 
-Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?
-Бөх болно. Би саяхан сумынхаа тэмцээнд барилдаад түрүүлсэн. Бүр гурван алт авсан гэв. 

ДОЛООН СУРАГЧТАЙ 1Е АНГИ

Сургуулийн үүдээр ороход далай дотор орчихвуу гэмээр орчин угтсан. Хүүхдүүдийн дуртай хүүхэлдэйн киноны баатар немо болон түүний найзууд хананд “амилж”, сурагчдын бүтээлүүдийг өлгөсөн харагдана. 2х3 метр хэмжээтэй жижиг ангид 1е ангийнхан хичээллэж байлаа. Хүүхдүүд гурван эгнээ ширээнд ганц ганцаараа суух бөгөөд тус анги долоон сурагчтайгаас нэг хүүхэд ирээгүй байв. “Гэр нь хол учраас байнга хоцордог” хэмээн ангийн багш Ө.Одонтунгалаг хэлж дуусаагүй байтал Н.Жупар аав, ээж хоёр дүүгийн хамт орж ирлээ. Аав, ээж нь хоёр дүүг нь цэцэрлэгт өгч, Н.Жупарыг ангид нь оруулж өгөөд буцав. Н.Жупар машинтай, мотоцикльтой, заримдаа явган хичээлдээ ирдэг гэнэ. Эхний цаг монгол хэл тул ангийн багш “о” үсэг зааж байлаа.
 
Ө.Одонтунгалаг багш энэ сургуульд 1996 оноос хойш буюу монгол гэрт хичээллэж байснаас нь хойш өдийг хүртэл ажиллаж байгаа, олон жилийн туршлагатай, багш нараа ахалж ажилладаг нэгэн. Энэ анги бол түүний тав дахь удаагийн I ангийнхан. Үүнээс гадна тэрбээр 4е ангийг хариуцдаг. “Хүүхдүүд өсөж байгаа орчноосоо хамаараад жил бүр өөр өөрийн онцлогтой байдаг. Энэ удаагийнх сэргэлэн, цовоо, хэл үг сайтай юм шиг хэрнээ сурах талаасаа учир дутагдалтай. Орчин үеийн хүүхдүүдийн нийгмээс авч байгаа мэдээлэл хэтэрхий их. Харин тэр олон мэдээллээсээ хэрэгтэйг нь шүүж авах чадваргүй учраас ой тогтоолт жаахан удаан байх шиг. Анх би 1998 онд нэгдүгээр анги авч байлаа. Тухайн үед хүүхдүүдэд сурах бичиг байхгүй, би ганцхан Цагаан толгойн номтой байлаа.  Гэсэн ч хүүхдүүд арванхоёрдугаар сарын сүүлч гэхэд уншиж, бичээд сурчихсан байдаг байсан. Гэтэл одоо алгуурхан заагаад л байна. Тэгсэн хэрнээ үр дүн муутай байгаа. Хүүхдүүдийн гаднаас авах мэдээлэл нь ихдээд, сургуулиас авах нь багадчихаад байх шиг байна” хэмээн ярив. 
 
Энэ жил бүртгэл явуулахад I ангид орох хүүхэд багийн хэмжээнд ердөө тав байжээ. Сургуулийн удирдлага тавхан хүүхэдтэй анги нээж байхаар сумын төв рүүгээ хүүхдүүдээ татъя хэмээн төлөвлөж байсан ч дараа дараагийн жилүүдээ бодон, эцэг, эхчүүдэд муу зан сургахаас сэрэмжлэн цөөхөн хүүхэдтэй ч гэсэн анги нээжээ. Үүний хүчинд тав байсан хүүхдүүд долоо болон нэмэгдсэн гэнэ. 1е анги гурван хүү, дөрвөн охинтой. Тэдний нэг болох Б.Батсайхан хөгжлийн бэрхшээлтэй. Хэдий тийм ч тэрбээр тусгай сургуульд сурч байсан учраас ангийнхнаасаа дутахгүй уншиж, бичдэг. Ө.Одонтунгалаг багш “Манай Батсайхан тоондоо сайн, бусад хүүхдээс илүү” гэхэд тэрбээр жуумалзана. Түүнийг дооглож болохгүй, ийм хүүхдүүд олон байдаг тухай ангийн багш нь сургуулийнхаа бүх хүүхдийн өмнө тайлбарлаж хэлжээ. Тиймээс түүнийг дооглож, тохуурхах хүүхдүүд цөөхөн гэнэ. “Манай Батсайхан бас сахилгагүй ээ. Зүгээр сууна гэж байхгүй шүү дээ. Гараад нооцолдчихоод байна” хэмээн Ө.Одонтунгалаг багш ярив. Түүнчлэн ангийнхан нь Батсайханыг байнга өмгөөлж, хамгаалдаг гэнэ. Бусад ангийнхан жаахан ч болов дооглох гэвэл гүйж ирээд л багшдаа ховлоно.
 
Цөөхөн хүүхэдтэй гэдгийг мэдэх учраас эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ тулж ажиллах нь муу аж. Тиймээс сургалтын хөтөлбөрөөс гүйцэж түрүүлэх нь бага. Гэхдээ багш хүүхэд бүртэй ажиллах боломжтой. Хичээл зааж байх хугацаандаа хүүхдүүдийн бичгийн хэв, хэрхэн бичиж байгааг хэд хэдэн удаа харах, засах, сайжруулах боломжтой гэнэ. “Бид бусад сургуулийн хүүхдүүдээс хэт түрүүлэхгүй, бас хоцрохгүй байхыг хичээдэг. Багш цөөхөн учраас давтлага өгөх боломж бага. Нэг ангитай багш л давтлага өгөх боломжтой байдаг” хэмээн Ө.Одонтунгалаг багш ярив. 
 
Өглөөний ээлжинд нэг, хоёр, гуравдугаар ангийнхан, үдээс хойш дөрөв, тавдугаар ангийнхан хичээллэдэг. Өнөөдөр /өнгөрсөн пүрэв гараг/ биеийн тамир орох учраас хүүхдүүд ихэвчлэн биеийн тамирын хувцас өмсөæ ирсэн байв. Дараа нь бид 3е ангид ороход мөн л монгол хэлний хичээл орж байлаа. Ангийн багш Т.Энх-Улирал Говь-Алтай аймгийн Цогт сумынх ч энэ нутгийн бэр. Тиймээс оюутан байхаасаа тус сургуульд дадлага хийж, багшаар ажиллаад хоёр жил болжээ. “Анх ч хэцүүхэн байсан. Одоо ч арга эвээ олдог болсон” хэмээн тэрбээр ярив. Т.Энх-Улирал багш мөн 5е ангийг хариуцдаг.
 
Сургууль хонхгүй учраас багш нар өөрсдөө цагаа зохицууж, хүүхдүүдээ завсарлуулах аж. Хоёрдугаар цагийн завсарлагаанаар хүүхдүүд дасгал хийцгээлээ. “Номхон, алхаад марш” гэх командаар тэд сургуулиас гарч, сургуулийн үүдэнд дасгалаа хийнэ. Ингэхдээ тэд ээлжлэн, хүүхдүүдийг удирдан дасгал хийлгэдэг гэнэ. Энэ өдөр 3е ангийн сурагч О.Гэрэлт-Одын ээлж. Хүүхдүүд дасгалаа 1-8-ын тоонд оруулан нэгэн дуугаар чанга дуугарч, дасгалаа хийнэ. 
Үргэлжлэл бий.

Үдлэгийн бага сургуулиас өдөлж нисэх “шувуухайнууд”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188