• Өнөөдөр 2024-04-26

Н.ЖАНЦАННОРОВ: Монгол Улсын морин хуурын чуулга дэлхийн өндөр түвшний тайзан дээр эгшиглэсэн нь түүхэн үйл явдал

2022-11-30,   491

       Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нарт 2022 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Эзэн Хааны ордонд бараалхав.
 
      Энэ үеэр Монгол Улсын Морин хуурын чуулгын хүндэтгэлийн тоглолтыг Япон Улсын “NHK Hall” танхимд тоглож сонирхууллаа. Өөрөөр хэлбэл, дэлхийн хэмжээний том театрт манай улсын Морин хуурын чуулгын үзүүлбэр эгшиглэв. Энэ том хэмжээний тоглолтын талаар Монгол Улсын Төрийн хошой шагналт,  Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровоос тодрууллаа.
 
       -Манай улс дэлхийн хэмжээний том театрт үндэсний хөгжмөө эгшиглүүллээ. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юү?
 
       -Дэлхийн хэмжээний том театрууд тодорхой шалгуураар тоглолт хийхийг шаарддаг. Монгол Улсын морин хуурын чуулга дэлхийн хамгийн өндөр түвшний тайзан дээр ямар нэг шалгуургүйгээр тоглолоо. Энэ бол түүхэн үйл явдал. Мөн эндээс хоёр орны харилцаа эдийн засаг гэхээсээ илүүтэй, оюуны харилцаа руу явах нь гэдэг нь ойлголт бий боллоо. Учир нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито өөрийн биеэр уг тоглолтыг үзэн сонирхож, маш таатай хүлээж авсан.
 
      -Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны хувьд энэ тоглолтыг хэрхэн хүлээж авсан бэ?
 
        -2007 онд ханхүү байхдаа Монгол Улсад айлчилж, Морин хуурын чуулгын тоглолтыг үзэж байсан. Түүнийхээ тухай онцолж, дурсаж байна. Энэ бол түүхэн үйл явдал гэж үзэж болно. Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан анх удаа манай улсын Ерөнхийлөгчийг хүндэтгэн ийм арга хэмжээнд оролцож байгаа юм байна. Хөгжимчдийн хувьд бид орчин цагийн болон бүх цаг үеийн сонгодог хөгжмийг сонгодог хөгжмийг тоглохыг хичээсэн. Мөн Япон алдартай дуу, хөгжмийн бүтээлүүдээс ч сонордуулсан. Энэ бол бидний хувьд оновчтой шийдэл байлаа. Цаашид хоёр орны хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлэх нь гэдэг нь тодорхой байна. Морин хуурын чуулгын тухайд дэлхийн олон танхимд тоглож байсан туршлагатай. Иймдээ ч бидэнд бэлдэхэд төвөгтэй зүйл байсангүй.

Н.ЖАНЦАННОРОВ: Монгол Улсын морин хуурын чуулга дэлхийн өндөр түвшний тайзан дээр эгшиглэсэн нь түүхэн үйл явдал
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188