• Өнөөдөр 2025-04-02

ДУЭЙН ЖОНСОН: ЯДУУСЫН ХОРООЛОЛД ТӨРЖ, ГЭМТ ХЭРЭГ ДУНД ӨСӨХДӨӨ НАСАН ТУРШДАА ГАДУУРХАГДАЖ, ЯДУУ АМЬДАРНА ГЭЖ БОДДОГ БАЙСАН

2024-06-21,   333

Холливудын адал явдалт, тулаант киноны супер од “The Rock” хочит Дуэйн Жонсоны амьдралын түүх маш адармаатай басхүү “адал явдал”-тай ч гэгддэг. Үзэгч, дэмжигч болгондоо кинон дээрх шигээ хүчирхэг, дийлдэшгүй баатрын “дүр”-ээр харагддаг түүний амьдрал ядуурал, гэмт хэрэг, сэтгэл гутрал дунд өнгөрсөн. Гэхдээ Дуэйн Жонсон өөрийгөө ялан дийлж, өнөөгийн түвшиндээ хүрсэн гадна талаасаа ч хүчирхэг, дотор талдаа ч сэтгэлийн хаттай нэгэн. Нэгэн цагт ядуусын хороололд амьдарч, гэмт хэрэгт холбогдож байсан тэрбээр өдгөө бүгдийг ардаа орхиж, Холливудын хамгийн гайхалтай жүжигчдийн нэг, гэр бүлдээ ч цаг гаргаж чаддаг, хайрлаж, халамжилдаг үлгэр жишээ аав болсон билээ. Тэгвэл “The Rock” Дуэйн Жонсонтой түүний үлгэр мэт амьдралын талаар ярилцсан “Lenta.Ru” сайтын хөрөг ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

-ДОТРОО Ч, ГАДНАА Ч ХАД, ЧУЛУУ ШИГ ХҮЧИРХЭГ Д.ЖОНСОНЫ ТҮҮХ-

2017 оны тавдугаар сард Холливудын супер од Дуэйн Жонсон “Ерөнхийлөгчийн төлөө" хэмээн карьерынхаа векторыг улс төрийн чиглэл болгон өөрчлөх боломжтой гэдгээ хагас хошигнол хэлбэрээр зарлаж байв. Гэхдээ улс орноо нэгтгэх хүсэл эрмэлзэл, сонирхол байгаа ч өөрийн үнэн хүсэл нь биш байсан гэдэг. Хэдий сэтгүүлчид, олон нийт ч түүнийг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дуртайяа  нэрээ дэвшүүлэхийг хүлээн зөвшөөрөөд байсан нэрт жүжигчин улс төрийн тухай бодлоо өөрчилж, гэр бүлдээ цаг хугацаагаа зориулах шийдвэр гаргасан нэгэн.

                           Харин Дуэйн Жонсон энэ тухайгаа “Би эх орон, ард түмэндээ хайртай ч хамгийн гол нь үр хүүхдүүддээ, аавын үүргээ биелүүлэхдээ хайртай. Ерөнхийлөгч завгүй гэдгийг би төсөөлж байгаа бөгөөд үүний төлөө гэр бүлээ орхиод, хувийн цагаа зориулахад бэлэн биш байна” хэмээн мэдэгдэж байлаа. Хэдий “The Rock” үндэстний удирдагч болоход бэлэн биш байсан ч ийм боломж нь жирийн америкчуудын дунд урам зориг төрүүлж, букмейкерүүдийг жүжигчний сонгуульд ялах боломжийг нухацтай үнэлэхэд хүргэсэн ч гэж болно.

“Newsweek” сэтгүүлээс явуулсан санал асуулгаар америкчуудын 46 хувь нь түүнийг АНУ-ын Ерөнхийлөгчөөр харахыг хүсэж буйгаа илэрхийлж байлаа. Ийм үр дүнд хүрэх бүх шалтгаан бий. Дуэйн Жонсонд зориулсан шүтэн бишрэгчдийн армийн хайр үнэхээр агуу бөгөөд түүний нэр хүнд бараг л өөгүй. Гэсэн хэдий ч жүжигчний амьдрал тэс өөрөөр эргэж, үлгэр жишээ блокбастерийн баатрын оронд дахин гэмт хэрэгтэн болж ч болох байсан.

 

Жүжигчин болохоосоо өмнө Д.Жонсон тулааны спортоор буюу "нохой зодоонч" байсныг хүмүүс мэдэх биз ээ. Харин түүний WWE-ийн дэвжээнд тулалдах болсон нь тийм ч хэцүү сонголт байгаагүй гэнэ. Нөгөөтээгүүр Дуэйны гэр бүл спортод хайртай. Түүний өөв, аав, авга ах, хоёр үеэл нь тулаанч. Тэр бүү хэл эмээ нь Полинезийн эмэгтэйчүүдийн тулааны лигийн тэргүүн байв шүү...

 

Дуйэн Жонсоны  багад гэр бүл нь маш ядуу байсан бөгөөд нэг газраа удаан тогтолгүй байнга нүүдэг байжээ. Дуэйн Калифорнид төрсөн боловч хүүхэд насаа Шинэ Зеландад ээжийнхээ төрөл төрөгсөдтэй өнгөрөөж, дараа нь Хавайд эцэг, эхтэйгээ нийлж, 16 настайдаа Америкийн эх газарт буцаж иржээ. Гэр бүл нь Пенсильванид суурьшиж, аав нь дэвжээнд гарч, тэр байтугай багийн аварга болж. Гэсэн ч Дуэйний эцэг, эхийн орлого бага байсны улмаас байрны түрээсийн төлбөр төлөх мөнгөгүй болж, гудамжинд ч гарч байсан түүхтэй. Энэ үйл явдал 15 настай хүүд маш хүндээр туссан бөгөөд тухайн үед Рок "Ирээдүйд их мөнгө олно. Дахиж хэзээ ч ийм байдалд орохгүй" гэж хатуу шийдсэн" талаараа хэлж байв.

Дуэйн “Аав маань түрээсийн мөнгө төлөхийн тулд маш их хөдөлмөрлөсөн. Ээж ч адилхан. Аз болоход би нийтэч хүүхэд байгаад олон найзтай байсан учир найзуудаа дагаж фитнессээр хичээллэж эхэлсэн. Миний биширдэг бүх эр булчингаа сайн хөгжүүлсэн залуус байлаа. Тиймээс л тэднийг дуурайж булчингаа хөгжүүлье гэж бодсон шүү" гэв. Тэрбээр өсвөр насандаа гадаад төрхөөрөө бусдаас ялгардаг. Тиймдээ ч өөрийгөө амжилтад хүрнэ, сайхан ирээдүйтэй болно гэдэгт эргэлзэж байсан гэнэ. Жонсон үеийнхэн дундаа өндөр байсан бөгөөд 13 настайдаа л насанд хүрсэн шиг харагддаг байж. Гэсэн ч том биетэй ч гэр бүлээ даган байнга нүүдэг байсан тэрбээр сургууль шилжиж, шинэ сургуульд орох бүрдээ дээрэлхүүлдэг байсан гэдэг.

 

                             Гэхдээ Дуэйн хэдий өөртөө эргэлздэг ч дээрэлхэлт, ялгаварлан гадуурхлыг чимээгүй тэвчээд өнгөрдөг хүү биш байж. Ямарваа нэгэн асуудал гарахад нударгаараа шийдэхийг илүүд үздэг нь түүнийг сайн замд хөтлөхөөсөө илүүтэй сургуулийн удирдлага, багш нарын хараанд байдаг сурагч болгож. Харин түүний эцэг, эх салахад Дуэйн ердөө 14-тэй байв. Гэр бүл салж, аав, ээж нь хоёр тийш болсонд Дуэйн уурлаж, түүнээс хойш муу хүмүүстэй холбогдож, зодоон хийж, жуулчдаас мөнгө, үнэт эдлэл хулгайлж, дээрэмдсэн хэргээр олон удаа цагдаад баригдаж байжээ. Энэ тухай тэрбээр "17 хүрэхдээ хэдийнэ есөн удаа баривчлагдчихсан байсан. Үнэндээ 13 настайгаасаа хойш их асуудалтай байж, зодоонд холбогдож, хулгай хийж байсан. Би торны цаана амьдралаа дуусгана л гэж боддог байлаа. Гэхдээ аав, ээж минь салчихсан ч намайг хоёул хайрлаж, халамжилсан. Том болох тусмаа би хайрлагдах, хайрлах ямар чухал болохыг ойлгосон юм" гэлээ.

Дуэйн Жонсоны ирээдүйг өөрчилсөн зүйлсийн нэг нь спорт. Өсвөр насандаа гэхэд хэдийнэ хэд хэдэн гэмт хэрэгт холбогдож, сургуульдаа түрэмгий нэрээрээ танигдсан өндөр биетэй хүү Пенсильванид нүүж очиход нь сургуулийнх нь америк хөл бөмбөгийн дасгалжуулагч олж харжээ. Дасгалжуулагч түүний биеийн хэмжээ, биеийн тамирыг үнэлж, сургуулийнхаа багт тоглох санал тавьсанаар Дуэйн "шинэ амьдрал"-д хөл тавьсан байна.

Тэрбээр сургуулийн хөл бөмбөгийн багийн сонгон шалгаруулалтад тэнцэж, улмаар бэлтгэл, сургуулилтад идэвхтэй оролцож, багийнхныхаа хамт тэмцээнд орох болсон нь спортын амжилтаасаа гадна хувь хүний сэтгэл зүйн байдал, зан чанарт ч эерэг нөлөөж үзүүлжээ. 17 насандаа л сургуулийнхаа хөл бөмбөгийн багийн од болсон тэрбээр өмнөх асуудлуудаа бүгдийг нь ардаа орхиж. Улмаар сургуулиа төгсөөд Майамигийн их сургуулиас тэтгэлгийн санал хүлээн авсан бөгөөд тус сургуульд криминологийн чиглэлээр суралцахын зэрэгцээ их сургуулийн хөл бөмбөгийн шилдэг багуудын нэг "Miami Hurricanes"-д тоглох шийдвэрээ гаргажээ.

 

                     Ахлах сургуульдаа тоглож байсан сайн формтой их сургуулийн багт нэгдсэн Дуэйн клубийнхээ гол тоглогчдын нэг болж, дасгалжуулагч нар ч түүнийг NFL буюу Америкийн Үндэсний хөл бөмбөг лигийн тамирчин болно гэдэгтэй санал нэгдэж байв. Тэрбээр "Тэр үед миний толгойд тамирчин болохоос өөр бодол байгаагүй. Би азын тасалбар атгасан. Одоо бодсон ч дотор огшдог. Би заавал амжилтад хүрнэ, их мөнгө олно" гэж боддог байлаа" гэсэн юм. Гэсэн ч түүний америк хөл бөмбөгийн од болох мөрөөдөл биелэх хувьтай байсангүй. Их сургуулиа амжилттай төгсөж, Америкийн лигийн урилга хүлээлгүй Канадын лигт тоглов. Гэхдээ гэрээ байгуулж, тоглож эхэлснээс хойш ердөө нэг улирлын дараа нуруундаа хүнд гэмтэл авснаар Дуэйны спортын карьер төгссөн юм.

Бүх зүйл өөрийнх нь санаснаас орвонгоороо эргэж, дахиж хэзээ ч мэргэжлийн тамирчин болж чадахгүй гэх мэдээ сонссон нь Дуэйныг дахин сэтгэл гутралд оруулжээ. Тэр тухайн үед 23 настай байж. Спортын карьер нь дуусаж, найз бүсгүй нь түүнийг орхиж, хэтэвчиндээ ердөө долоон ам.доллартой үлджээ. Эргээд л цөхрөнгөө барж. Улмаар спортын мөрөөдлөө хаяж, эцэг, эх дээрээ, гэртээ очиж амрахаар шийдсэн гэнэ. Харин тэр бүх хугацаа, сэтгэл гутралыг давахад түүний урьд өмнө асуудлуудаас төрөн гарсан сэтгэлийн хат хүчтэй нөлөөлжээ. Үнэндээ спортын карьераа орхих болсон нь түүний учирсан анхных биш гэнэ. Дуэйн сэтгэл гутралын улмаас 15 настай байхдаа ээжийнхээ дэргэд амиа егүүтгэхийг ч оролдож байсан гэдэг. 

 

                     1980-аад онд дэлхий нийт сэтгэл гутралыг ноцтой өвчинд тооцдоггүй байв. Харин ч Дуэйнийг ажлаас залхуурсан гэж үзэж, ойр тойрнынхон нь ч түүнийг ажил хайхыг тулгажээ. Гэсэн ч түүнд ажил хийх ч хүсэлгүй байсан талаар Дуэйн "Би гутраад л байсан. Ядарч туйлдаж, сэтгэлээр унасан. Юу ч хиймээргүй, хаашаа ч явахын хүсэхгүй байсан. Гэхдээ гэр бүлийнхэн, найзуудын маань намайг гадагш гарахыг хүсэж, ажилд оруулах гэж байсан нь зөвхөн миний төлөө гэдгийг удаж байж ухаарсан" гэв.

Улмаар Дуэйн өөрийн эмзэг байдлаа хүлээн зөвшөөрч, ганцаараа гуниглаж, асуудлыг шийдэх гэж оролдох бус үнэнтэй эвлэрч, цаг хугацаагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх шийдвэр гаргажээ. Тэрбээр "Сэтгэл гутралыг дутуу үнэлж болохгүй. Хэт ачаалалтай, өөртөө итгэлгүй эсвэл сэтгэлээр унасан үедээ тусламж хүсэхээс айхгүй байх нь хамгийн зөв арга. Бусдаас тусламж хүсэх нь сул тал биш. Харин супер хүч" гэв. Ингээд дотроо тэмцэлдэж, ганцаараа асуудлыг шийдэх гэж оролдохоо больсон Дуэйн Жонсон мэргэжлийн хөл бөмбөгч болж чадаагүй ч аавынхаа замналыг дагаж, тулаан болох шийдвэрт хүрчээ. Тэрбээр олон нийтэд нохой зодоон гэдгээрээ танигдсан WWE-ийн анхны тулаандаа 1996 онд орсон байдаг. "The Rock" нэрээр амьдралаа, спортоо замналаа дахин шинээр эхэлсэн Дуэйн Жонсон WWE-ийн хамгийн залуу аваргуудын нэг болсон бөгөөд уг хэргэмийг дахин долоон удаа хүртэж, дэлхийн хошой аварга, WWE-ийн тив хоорондын хошой аварга, 2000 онд болсон "Хаадуудын тулаан"-ын аварга болсон билээ.

 

Тулааны спортоо том амжилт үзүүлсэн Дуэйн олсон мөнгөөрөө ээждээ байшин худалдан авч, аавдаа тэтгэмж өгч эхэлжээ. Улмаар ядуусын хороололд амьдарч байсан жаахан хүүгийн мөрөөддөг байсан "Rolex" цагаа авч зүүсэндээ үнэнхүү сэтгэл хангалуун байсан талаараа ярьсан юм. Дэмжигчид нь түүний сэтгэл татам байдал, уран үгс хэлдэгт дуртай байсан нь Дуэйнийг "нохой зодоо"-оос кино урлагт шилжих түлхэц болсон гэнэ. Гэхдээ тулааны спортоос кино урлаг руу орсон хүн Рок ганцаараа биш. Түүнээс өмнө Халк Хоган, Родди Пайпер, Стив Остин, Жесси Вентура зэрэг олон тулаанч кино урлаг руу орсон байдаг. Харин тэр жагсаалтаас зөвхөн Дуэйн Жонсон л Холливудын супер од болж чадсан юм.

 

Өнгөц харахад Д.Жонсоны жүжигчин болох шийдвэрээ гаргасан нь "Сонголтгүй" мэт боловч яг тийм биш гэнэ. Тэрбээр "Америк хөл бөмбөгийн карьер маань бүтэлгүйтсэний дараа боломжид итгэхээ больсон. Гэхдээ сэтгэл гутралаа даван гарах, дахин өндийх 10 жилийн төлөвлөгөө гаргасан байсан. Тэр дунд эзэмшсэн мэргэжлээрээ Тагнуулын төв газарт криминалист болох эсвэл Холливудын номер нэг нь болох сонголт байсан" гэлээ. Хэдий их сургуульдаа криминологийн чиглэлээр сурсан ч хөл бөмбөгт дийлэнх цагаа зориулж, хуулийн боловсрол бага эзэмшсэн нь түүнийг эхний сонголтоо шууд орхиход хүргэж. Харин хоёр дахь сонголт дээр тулаанчийн карьер хэдий богино ч 29 нас хүртлээ тулалдаад улмаар жүжигчний ангид зорилготойгоор нохой зодоон болсон аж. Энэ тухайгаа ч Дуэйн "Жүжигчин болохоосоо өмнө тамын тойргийг туулсан. Гэхдээ миний зөн хэзээ ч урмыг минь хугалж байгаагүй. Би Холливудад амжилт олох гэж олон жил хичээсэн. Гэхдээ алдсан ч дансандаа ямар мөнгөгүй учир эрсдэл гаргахаас айгаагүй" гэсэн юм.

Дуэйн Жонсон Холливудад хөл тавиад анхны киногоо 2001 онд хийж байсан бөгөөд "Мумми эргэн ирсэн нь" кинонд дүр түээж байв. Хэдий тус кинонд туслах дүр бүтээсэн ч Холливудын жишгээр хагас сая ам.доллароор цалинжсан гэдэг. Улмаар томоохон кино студи, продакшнуудын найруулагч, продюсеруудын анхааралд орж, 2002 онд түүний дүр бүтээсэн "Хилэнцэт хорхойн хаан" кино "Бокс оффис"-т өндөр амжилт үзүүлж, Дуэйн уг киногоор 5.5 сая ам.доллар ашиг олсон нь Гиннесийн номонд бичигдэх том амжилт байв. Тухайн үед түүнийг тайзны урлагт Арнольд Шварцнеггерийг үргэлжлүүлэх хүн хэмээн онцолж байсан юм.

 

2000-аад оны дунд Дуэйн жинхэнэ тулаант киноны од болжээ. Тэрбээр хүн төрөлхтнийг аврагчийн дүрд, инээдмийн дүрд тоглохоос ч халширдаггүй, хайхардаггүй өөрт олдсон бүх боломжоо ашиглаж, дүр бүтээж байв. Ингэхдээ "Галзуу хурд", "Жуманжи", "Улаан мэдэгдэл", "Сан Андреас" зэрэг 40 гаруй төсөлд оролцсон байдаг.

 

 

 

                          Өдгөө 51 настай Дуэйн Жонсон одоо ч спортоор хичээллэж байх үеийнх шигээ булчинлаг, хүчирхэг хэвээр. 196 см өндөр, 118 кг жинтэй тэрбээр 140 кг хүртэл жинтэй штанг шахаж, 240 кг жинтэй өргөлт хийдэг. Үүнийхээ зэрэгцээ биеийн формоо хадгалахын тулд олон цагаар бэлтгэл хийж, хоол хүнсэндээ хяналт тавьдаг.  Дуэйн "13 насандаа фитнесст очоод 60 кг хэвтээгээс шахах гэтэл даалгүй дарагдаж байлаа. Үнэхээр ичгүүртэй явдал байсан. Гэхдээ аавтайгаа хамт, түүний удирдлага дор бэлтгэл хийхэд надад үнэхээр сайхан байсан. Аавтайгаа хамт бэлтгэл хийсэн минь сайн формтой байх, сайн тамирчин байх эхлэл болсон" хэмээсэн юм.

Рок шиг хүчтэй, тэсвэр тэвчээртэй байхын тулд долоо хоногт 10 гаруй цагийн бэлтгэл хийх шаардлагатай болно. Зөвхөн бэлтгэлээс гадна булчин хөгжүүлэх дасгал идэвхтэй хийж, хооллолтондоо ч анхаарах хэрэгтэй. Тэрбээр сонгодог бодибилдингийн дасгалуудыг энгийнээс илүү хүнд жинтэй туухай, штангаар дундаа минутын завсарлагаатайгаар 12 удаа давтаж хийдэг гэнэ. Мөн хүчний бэлтгэлээс гадна өглөө бүр цэвэр агаар 30-50 минут гүйдэг. Харин хооллолтын хувьд Дуэйн өдөр 5-7 удаа хооллодог гэнэ. Өдөр тутамдаа үхрийн мах, тахиа, өндөг, загас, далайн гаралтай бүтээгдэхүүн, овъёосны будаа, брокколо, хүнсний ногоо, спортын нэмэлт бүтээгдэхүүн ашигладаг. Гэхдээ сайхан биеэ хадгалахаас гадна өөрийгөө "эрхлүүлэх" дуртай нэгэн гэнэ. Жишээ нь, пицца, шар айраг, текилла, виски авч хэрэглэн өөрийгөө эрхлүүлдэг ажээ.

 

Гэхдээ зөвхөн карьераас гадна гэр бүлийн амьдрал ээдрээтэй. Өөрөөр, Дуэйн хэзээ ч хайр дурлалтай холбоотой шуугиан дэгдээж байгаагүй нэгэн. Энэ бүхний шалтгаан нь их сургуулиа төгссөнийх нь дараа өөрийг нь хаясан бүсгүйтэй холбоотой. Тэр бүсгүйгээс салсан нь ч Рокын сэтгэл гутралд их нөлөөлсөн гэдэг. Харин Дуэйн кино урлагт хөл тавиад удаагүй байхдаа кино продакшны продпсерээр ажилладаг Дани Гарсиа гэх бүсгүйтэй танилцаж, хосууд 1997 онд гэрлэсэн байдаг. Тэд охинтой болж, аз жаргалтай амьдарч байсан ч хосуудын амьдрал 11 жил үргэлжлээд салсан байдаг. Хэдий хосууд салсан ч хуучин эхнэр нь Дуэйн, охин Симон хоёртойгоо цаг өнгөрүүлдэг, ажилд нь тусалдаг гэнэ. Энэ тухай Рок "Дани бид хоёр их эвтэй салсан. Магад бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн "сайхан" салалт байх. Үнэндээ зүгээр л бидний хамт амьдрах үе өнгөрсөн юм. Гэхдээ одоо ч бид сайн найзууд. Тэр миний сайн найз, охин үнэнч ээж хэвээр үлдсэн" гэсэн юм. Харин Дуэйны хувьд удалгүй Лорен Хашиан гэх дуучин эмэгтэйтэй гэр бүлж, хоёр дахь хүүхдээ өлгийдсөн байдаг. Тэд 2018 онд хуримаа хийсэн аж.

Энэ бол Холливудын супер од Дуэйн Жонсоны амьдралын үнэн түүх. Тэр баян тансаг гэр бүлд төрж өсөж, цатгалан амьдралд ороогүй. Хайртай бүсгүй нь түүнийг хаяж, хүсэл мөрөөдөл нь байсан спортоо бэртэл гэмтлийн улмаас орхих болсон. Гэхдээ Дуэйн хэзээ ч бууж өгөөгүй. Амьдралд, бэртэл гэмтэлд, сэтгэл гутралд ч бууж өгөлгүй тэр дандаа шинийг зорьж, тэмүүлсээр өнөөгийн Рок(хад, чулуу шиг)-ыг бүтээж чадсан юм.

 


ДУЭЙН ЖОНСОН: ЯДУУСЫН ХОРООЛОЛД ТӨРЖ, ГЭМТ ХЭРЭГ ДУНД ӨСӨХДӨӨ НАСАН ТУРШДАА ГАДУУРХАГДАЖ, ЯДУУ АМЬДАРНА ГЭЖ БОДДОГ БАЙСАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188