• Өнөөдөр 2024-05-04

ЭНРИКЕ ИГЛЕСИАС: ДАХИЖ ДУУ ЗОХИОХ, ДУУЛАХ УРАМ, ХҮСЭЛГҮЙ БОЛЧИХООД ТАЙЗНААС БУУЖ БАЙХДАА ДЭЛХИЙН ПОПЫН ШИЛДГҮҮДИЙН НЭГ БОЛНО ГЭЖ ТӨСӨӨЛӨӨ Ч ҮГҮЙ

2024-04-25,   1357

Латин хэлтний дуу хөгжимд хамгийн их борлуулалттай уран бүтээлч болж “Латин попын хаан” гэгдэх болсон Испанийн нэрт ая зохиогч, дуучин Энрике Иглесиасийн нэгэн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

                            Дуучин Энрике Иглесиас 1975 онд Испанийн алдарт дуучин Хулио Иглесиасийн отгон хүү болон мэндэлсэн байдаг. Тухайн үед аав нь латин хэлтний дуу хөгжимд томоохон байр суурь эзэлдэг байсан нь Энрикег дуу хөгжим хөтөлжээ. Улмаар Энрике 1995 онд 20 насандаа уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн бөгөөд ердөө таван жилийн дотор 50 сая ам.долларын үнэлгээтэй дуучин болж, зөвхөн латин хэлтний бус дэлхийн поп хөгжмийн урсгалын шилдгүүдийн нэг болсон байдаг. Эл ярилцлагыг нэрт дуучин Энрике Иглесиас 2014 онд Египетэд зохион байгуулагдсан дэлхийн хөгжмийн фестивальд оролцох үеэрээ өгсөн бөгөөд түүнтэй Египетийн “Daily News” сонины сэтгүүлч Шариф Бади Аль-Нур ярилцжээ.

-ДУУЧИН ГЭДЭГ УРАН БҮТЭЭЛЧ БИШ, ЗҮГЭЭР Л БАРАА ТӨДИЙ. ХҮМҮҮСИЙН ХАМГИЙН ИХ ХҮСДЭГ БАРАА УЧРААС Л ДУУЧИН МӨНГӨ ОЛДОГ ГЭДГИЙГ ОЙЛГОСОН-

-Ярилцлага хийх саналыг минь хүлээн авсанд баярлалаа. Миний аав таны аав, алдарт дуучин Хулио Иглесиасын том шүтэн бишрэгч. Харин би тэр том дуучны хүү, таны шүтэн бишрэгчдийн нэг гэдгээ ярилцлагын өмнө хэлье гэж бодлоо...

                            -Би ч мөн танай “Daily News” сонинд ярилцлага өгөх болсондоо баяртай байна. Энэ ташрамд таныг аавынхаа сонсож байгаа манай аавыг дууг сонсолгүй минийхийг сонсож байгааг чинь дуулаад үнэхээр хөгжмийн мэдрэмжтэй хүн юм байна гэж ойлголоо (инээв).

 

-Таныг 1995 оноос уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн гэдэг. Харин түүнээс өмнө дуу хөгжимд хайртай болж, энэ зам мөрөөр амьдрах эхлэлийг аав тань тавьж өгч байв уу?

                            -Аав минь надад ямар нэгэн зам засаж өгч, зөөлрүүлэх шаардлагагүй байсан юм л даа. Багаасаа л аавтайгаа ойр өссөн болохоор түүнийг ямар ааш аранштай, юунд хэрхэн хандахыг мэддэг юм. Тиймээс аав надад тусалж, энэ туулж яваа замыг минь хялбар болгож өгөхгүйг мэддэг байсан

 -Аав тань танд юу гэж захидаг байв. Таны ааваасаа сурсан хамгийн том зүйл юу вэ?

                            -Бага байхаас минь л надад зургаа дахь мэдэрхүйн тухай ярьж өгдөг байсан. Өөрөөр, аав минь миний зургаа дахь мэдэрхүйг хөгжихөд хамгийн их тусалсан хүн. Магад үүнтэй ч холбоотойгоор одоо би итгэж болох хүн, намайг хуурч болзошгүй хүнийг ялгаж таньдаг болсон. Хүүхэд насны хамгийн тод үлдсэн дурсамжуудын нэг аавынхаа тоглолтыг үзэх гээд олчиход болсон юм. Аав тайзан дээр гарч дуулах үеэр би тайзнаас хамгийн хол зогсож байгаа хүмүүсийг харав. Дуулж байхад нь нэг ч анхаарал хандуулж, сонсоогүй хэрнээ тоглолт дуусах үеэр тайзны дэргэд ирээд “Үнэхээр сайхан тоглолт боллоо”, “Тэр урьд өмнөхөөсөө илүү сайн дуулсан”, “Ганц хором ч амралгүй сонслоо” гэхчлэн хэлэхийг нь сонсдог юм. Тэр үеэс л уран бүтээлч хүн байнга хоёр нүүртэй хүмүүстэй тулгарах болдгийг ойлгосон.

-Үзэгч, сонсогчид уран бүтээлчдэд ямар нэг бараа, бүтээгдэхүүнтэй харьцаж байгаа юм шиг ханддаг гэж ойлгож болов уу?

                            -Тийм ээ, анх дуулж эхэлж байхад хүмүүс яг л тийм зан гаргаж байгаа нь намайг үнэхээр шаналгадаг байсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нэг их санаа зовж, тоодоггүй болсон. Ямар нэг барааны тэмдэг болохдоо санаа зовохоо больсон (инээв). Одоо би бараа, бүтээгдэхүүний Энрике, хүн төрөлхтөн дундах Энрике хоёр ялгаж салгаж сурсан. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд миний ойлгосон хамгийн том сургамж бол уран бүтээлч хүн дуу дуулсныхаа төлөө мөнгө авдаггүй. Харин хүмүүсийн ихээр хүсдэг “бараа” учраас л мөнгө олдог.

 -Та уран бүтээлчийн гараагаа эхэлж байхдаа олон дуу зохиож байсан шүү дээ. Харин яагаад гэнэт дуу зохиохоо больчихсон юм бэ?

                            -Энгийнээр хэлье, дуу зохиож чадахаа больчихсон. Би үүнийг хүлээн зөвшөөрнө. Хариулт нь хүмүүст таалагдах эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ одоо би уран бүтээлээс илүү амьдралаас таашаал авахыг илүүд үзэж байгаа. Яах вэ, дуучин болох гараагаа эхэлж байхдаа өөрөө өөртөө зориулж дуу зохиож байсан л даа. Баяр баясгалантай, уйтгар гунигийн гээд олон дуу зохиосон. Харин одоо дуу зохиохоосоо илүүтэй дуулахад л анхаарал хандуулна.

-Гэхдээ уран бүтээлчийн гараагаа эхэлж байсан Энрике ард хоцорсон. Харин өнөөгийн Энрике поп хөгжмийн карьерынхаа хамгийн дээд цэгт хүрч чадсан болов уу?

                            -40 нас хүртлээ дуулна гэж боддог. Дараа нь, тэтгэвэртээ гараад, завь худалдаж аваад өдөржин загасчлахыг хүсэж байна. Мексикт амьдарч үзмээр байна.

-Таны уран бүтээл дэх олон нийтийн шүүмжлэл, хариу үйлдлийг та хэрхэн хүлээж авдаг вэ?

                            -Ихэнхдээ тайван байдаг. Гэхдээ зарим нэгийг дуулаад санаа зовох үе бий.

-Аавын тань нэр таныг уран бүтээлийн гараагаа эхлүүлж, карьераа босгоход нөлөөлсөн гэж боддог уу?

                            -Яг ч нөлөөлсөн гэж хэлж чадахгүй. Миний уран бүтээлийн гараагаа эхлүүлж байх үеийн эхний гурван жил үнэхээр хэцүү байсан. Олон ч удаа урмаа хугалуулж, дуулах, дуу зохиох хүсэлгүйгээр тайзнаас бууж байсан юм шүү.

 -Гэхдээ тэр хүслээ гээлгүй явсаар өнөөдөр дэлхий дахин Энрике гэх том дуучинтай, та ч дэлхийн хэмжээний олон шүтэн бишрэгчтэй гайхалтай дуучдын нэг болсон шүү дээ. Энэ их амжилтын дараа эргэж харах ямар мэдрэмж төрүүлдэг юм бэ?

                            -Хааяа үнэхээр гайхалтай зам сонгосон шиг санагддаг. Цомгийг минь худалдаж аваад, тоглолтыг минь үзэх гээд догдлол дүүрэн ирж байгаа хүмүүс байгаа гэдэгт одоо ч бүрэн итгэж чаддаггүй. Энэ зүйл дэлхий дээрх хамгийн сайхан мэдрэмж гэхээс өөрийг хэлж чадахгүй юм. Үнэндээ уран бүтээлийн гараагаа эхлүүлж байхдаа ирээдүйд хэн нэгэн надаас ийм асуулт асууна гэж төсөөлж байсангүй (инээв). Би ердөө л хийдэг зүйлдээ дуртай, түүнийхээ төлөө шаргуу ажилладаг нэгэн.

 -Таны үзэгч, сонсогчдын дунд явуулсан нэг судалгаагаар эмэгтэй сонсогч олонтой дуучин гэсэн байдаг. Та энэ тухай юу гэж боддог вэ?

 

- (инээв) Тодорхой хэмжээгээр тийм л байх. Миний тоглолтыг үзэхээр 5-85 насны үзэгч, сонсогчид ирнэ. Залуус ирдэг хэдий ч дийлэнх нь эмэгтэй байх шиг санагддаг шүү.

 

-Таныг удахгүй хуримаа хийх гэж байгаа гэж дуулсан. Энэ үнэн үү?

                            -Тийм ээ, үнэн. Хараахан хуримандаа урих хүмүүсийнхээ жагсаалтыг гаргаагүй л байна. Гэхдээ гэрлэж, хуримаа хийх бодолтой байгаа ч хүүхэдтэй болох тухай төлөвлөөгүй. Хүүхэдтэй болбол үр хүүхдэдээ цаг заваа зориулах хэрэгтэй шүү дээ. Тиймээс ч уран бүтээл хөөж байгаа энэ үедээ аав болоход арай бэлэн биш байна.

 -Дэлхийн олон эмэгтэйн хайртай эр болсон Энрике Иглесиас хүүхдийн талаар ярихаар хүмүүст сонин байх. Одоо уран бүтээлдээ анхаарч байгаа ч хэзээ хүүхэдтэй болох тухайгаа бодоогүй гэж үү?

                            -Би хүүхдэд хайртай. Магад 10 эсвэл 15 жилийн дараа хүүхэдтэй болж болох л юм. Миний өвөө 80 гарсан ч хүүхэдтэй болж байсан. Би хэдий аав болохыг хэчнээн их хүсэж байгаа ч одоохондоо гэрлэлт, уран бүтээлдээ л анхаарах бодолтой байна.

-Магад бидний энэ ярилцлагыг уншиж суугаа эрчүүдэд эмэгтэй хүнтэй хэрхэн харьцах талаар зөвлөгөө өгч болох юм гэж бодлоо?

 

-Үнэн хэрэгтээ би эмэгтэй хүнтэй харьцах тал дээр маруухан хүн шүү дээ. Ахлах сургуульд, их сургуульд сурч байхдаа охидтой тийм ч сайн харилцаатай байгаагүй. Гэхдээ өөрийн чадахаараа хариулбал хайртай хүнтэйгээ өдөр бүр шинэ зүйлсийг туршиж байгаасай гэж хэлмээр байна.

 

-Хэрэв нууц биш бол шинэ цомгийнхоо тухай яриа дэлгэхгүй юү. Та хэзээ шинэ цомгоо үзэгч, сонсогчдын хүртээл болгохоор төлөвлөж байна вэ?

                            -Шинэ цомог маань бэлтгэлийн шатандаа явж байгаа. Үнэндээ цомгийнхоо дууг сонгоход хэцүү. Цомогтоо оруулах гэж байгаа дуугаа хэдэн зуун өөр хувилбараар дуулж бичсэн байдаг. Тиймээс ч аль нь арай сайн болсон, алийг нь цомогтоо оруулах вэ гээд дууны сонголт хүндрэлтэй. Бүх ажлаа дуусгаад цомгоо бэлэн болготол дахиад хэдэн сар зарцуулах байх.

-Олон хүн таныг “Реал Мадрид” клубийн хөл бөмбөгч Криштиано Роналдотой адилхан гэж ярьдаг. Та энэ тухай сонсож байв уу?

                            -Бид хоорондоо тийм ч адилхан биш. Үнэнийг хэлэхэд Роналдо зарим зүйл дээр намайг дуурайж байгаа нь их бухимдуулдаг. Тиймээс багийнх нь босс Зинедин Зидан руу гомдол хүргүүлэх бодолтой байгаа.

-Та Испийн хөл бөмбөгийн “Реал Мадрид”, “Барселона” гэсэн хоёр том клубээс алийг нь дэмждэг вэ?

                            -Би “Реал Мадрид” клубийн хамгийн том фанатуудын нэг. Гэхдээ тэглээ гээд “Барселона” муу баг гэж боддог гэсэн үг биш шүү.

-Та өөрийнхөө тухай намтар ном бичих үү. Эсвэл өөр хэн нэгний тухай бичих бол хэний тухай бичих вэ?

                            -Өөрийнхөө намтрыг бичнэ гэж бодохгүй л байна. Хэрэв бичих бол ээжийнхээ тухай бичнэ.

 

Испанийн нэрт дуучин, ая зохиогч Энрике Иглесиас хөгжмийн ертөнцөд маш богино хугацаанд цойлж гарч ирсэн гайхалтай амжилттай байдаг ч хувийн амьдралдаа төдийлөн анхаардаггүй талаар зарим үзэгч, сонсогч нь шүүмжилдэг байсан. Тэрбээр 2001 оноос хойш Оросын теннисчин Анна Курниковатай үерхэж байсан ч гэрлэлтийн тухай төдийлөн ярьдаггүй байв. Харин нэрт дуучин эл ярилцлагаараа сүйт бүсгүй Анна Курниковатай гэрлэж, хуримаа хийх гэж буй тухайгаа зарласан бөгөөд өдгөө хосууд гурван хүүхдийн аав, ээж болж өнөр өтгөн, аз жаргалтай амьдарч байгаа билээ.

 

 


ЭНРИКЕ ИГЛЕСИАС: ДАХИЖ ДУУ ЗОХИОХ, ДУУЛАХ УРАМ, ХҮСЭЛГҮЙ БОЛЧИХООД ТАЙЗНААС БУУЖ БАЙХДАА ДЭЛХИЙН ПОПЫН ШИЛДГҮҮДИЙН НЭГ БОЛНО ГЭЖ ТӨСӨӨЛӨӨ Ч ҮГҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188