“Уулнаас самар түүж зараад долоо хоногт хоёр сая төгрөг олох боломж байна, хамт явах уу” гэсэн нагац ах нарынхаа хүсэлт, ятгалгын дагуу хоёр ээлжийн хувцас, нимгэн хөнжил цүнхлээд өглөө эртлэн хотоос гарсан билээ. Самарт бүү хэл, гүзээлзгэнэд ч явж үзээгүй мөртлөө яагаад тийм дуулгавартай, уулгамч зөвшөөрснөө мэдэхгүй. “Долоохон хоногт хоёр сая төгрөг, болж байна” гэсэн шунал л байх. Хотоос гарч давхиад Хонхорт ирмэгцээ нагац ах нартайгаа нийлж, хүнсний дэлгүүрээс хэрчсэн гурил, гоймон, бас бус хүнсний ногоо, хонины нэг хаа зэргийг авч хүнсээ базаагаад баруун урд дүнхийх Богд уулын зүг хөдөллөө. Үд дундын үед “Harrier”, “Портер” хоёрын тэнхлэг тулж, тэнхээ барагдах газарт нь хүрч зогсоод, хүрэх газар хол тул хурдхан шиг хиам, талхаар цайлаад, ачаагаа хувааж үүрээд дээш явган өгссөн юм.
Мөр шүргэлцэн зөрөх зайтай нарийвтар жимээр цуварч яваа бид километр гаран яваад хэсэг амарна. Уул өөд өгсөх тусам ачаа хүндэрч, замын бартаа ихсэх мэт санагдана. Долоо хоногийн хүнс, хөнжил гудас, хийн плетик, тогоо, гар тээрэм зэрэг нийлээд гурван хүнд таарсан боловч замын холд ахадсан ачаа болж хувирах ажээ. Нэгэнт “За, тэгье” гээд гарсан хойно буцалтай биш. Харин “Алаагүй баавгайн арьсыг арав хуваана” гэдэг шиг отоглох газраа хүрээ ч үгүй байж буцахдаа яаж уулнаас самраа үүрч буух тухай л санаа зовж явлаа.
Ах нар тамхилж, таван хором амрах зуурт л хоёр, гурав, заримдаа 10-аад хүнд гүйцэгдэж орхино. Бас өөдөөс тус бүр нь 50,60 килограмм болов уу, том шуудайтай самар үүрсэн долоон хүн зөрж буув. Энэ ууланд лав л сум суурин бий болсон бололтой. За тэр ч яахав, гол нь яаж бууна аа гэх бодол үе үе орж ирсэн хэвээрээ. Хоёр нагац ахын хувьд нэг нь хөдөө ан гөрөө, түлээ түлшний мод чулуунд уул хадаар яваад дасал болчихсон хүн. Нөгөө нь хот газар байдаг ч угийн яс сайтай, эрүүл чийрэг эр. Аль аль нь нас 50 хэвийж буй. Ахыг нь Бадай, дүүг нь Балжаа гэж дууддаг юм.
Баримжаагаар 15, 16 километр газар алхав бололтой. 22:00 цагийн үед зорьсон газраа ирлээ. Энд тэнд түүдэг асаж, хүмүүс дүнгэнэлдэнэ. Том, жижиг урц, майхан чийдэнгийн гэрэлд орох бөгөөд нэгнээсээ нэлээд зайтай байрлажээ. Бид ч мөн хүмүүсийн чөлөөг харж явсаар заримаас нь 100, заримаас нь 50 метр бараатай байрлаж, отоглолоо. Отоглох гэх нь хэтэрхий гоёдох байх. Нагац ахын ууланд авч явсаар сарампай болсон жижиг бор майхныг босгоод, тус тусынхаа гудас хөнжлийг дэвсэж, хаяагаар нь хоол хүнс, цүнхтэй хувцсаа чулуудаад, үүднийхээ хажууд тээрмээ тавиад уяагаар бэхэллээ.
Ингээд л бидний отог. Газан плетик дээрээ гоймонтой шөл пор хийлгэх зуур шөнийн харанхуйд ойр тойрныг дэмий л ажиж суулаа. Чимээ шуугиантай, түгжирсэн, зав чөлөөгүй, түмэн хүн бужигнасан хотоос холгүйхэн, ердөө нэг уулын хоёр талд ийм тэс өөр ертөнц байх гэж. Ертөнц гэсний учир нь энд мянга хол давсан хүн байгаа гэж өгсөж явахад зөрсөн хүмүүсээс сонссон юм. Гэтэл өтгөн хушин ой дунд тас харанхуй байгаа болоод ч тэр үү, тийм олон хүний дунд байгаа мэдрэмж огт төрөхгүй. Кинон дээр ой модон дунд хэдэн мянган цэрэг хуаранлаж хонодог шиг. Тийм сонин мэдрэмж.
Ууланд 05:00 цагт үүрийн гэгээ орж байна. Гэгээ оров уу, үгүй юү хүмүүс босчихсон шуудай, мунаа үүрээд ажилдаа орцгоох аж. Үнэхээр л олон хүн байна. Энд тэндгүй майхан. Үүдэндээ хэд хэдэн шуудай самар овоолоостой. Бид ч урьд шөнийн алхаж ирсэн ядралтаа аль болох мартаж, ажлын эхний өдөр тул эрч хүчээр дүүрэн байхыг дор бүрнээ хичээцгээлээ. Хөнгөхөн цайлаад ажилдаа орцгоолоо, Өглөөний 06:00 цаг.
Баян хангайн хишиг гэж сайхан юм. Хэд алхаад л газраар боргоцой хөглөрнө. Шуудай чирсэн, боргоцой түүж тонголзсон хүмүүс зэрвэс харахад будаа тоншиж буй тагтаа ч юм шиг. Энд ёстой л найман настай балчраас наян настай буурал цуглажээ. Дөрвөн настай болов уу, гэмээр хүүхэд дагуулсан эмэгтэй ч явж байна. Хааяа тэврээд, тэгсэн мөртөө самраа үүрээд яваа харагдана. Яаж энд алхаж гарч ирсэн юм бол гэмээр ахмадууд ч явж л байна.
Манай орон үнэхээр баян юм. Самар гэхэд л бидний очсон Богд уул, Цэцээ гүн рүү зүүнээсээ өгсөх орчим буюу Улаанбаатар хотын ногоон бүсээс гадна Архангай, Баян-Өлгий, Булган, Төв, Завхан, Хэнтий, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл аймагт нийт 683,9 мянган га талбай хушин ойтой. Самар нь 5-7 жилийн давтамжтай их ургадаг бөгөөд энэ жил тэр их ургацийн жил нь тохиож буй аж. Энэ үед самар нэг килограмм нь 5-10 мянган төгрөг хүрдэг. Нийгэм даяараа мөнгөний эрэлд гарцгааж буй энэ үед хөгшин, залуу бүгд самарт явж байгааг гайхах зүйлгүй ажээ.
Бид шуудайлсан боргоцойгоо үүрч, майхандаа авчирлаа. Эхний өдөр гэхэд 10 шуудай. Түүнийгээ тээрэмдэж цайруулна. Боргоцойноос нь самраа салгаж авахыг тийн нэрлэдэг ажээ. Боргоцойгоо түүх нэг хэрэг. Харин цайруулах л хамаг ажлыг уядаг аж. Цайруулсны дараа өнөө олон шуудай боргоцой маань ердөө хоёр шуудай самар. “Голох юм биш шүү” гэж Бадай амандаа бувтнаж суув аа.
Эхний өдөр шунаад яахав гэж харуй бүрийгээс өмнө ажлаа дууссан юм. Орой нь харин самрын отгийнхний жинхэнэ аж байдлыг нүдээр үзлээ. Өнгөрсөн шөнө оройтож ирсэндээ ч тэр үү, юуг нь ч мэдээгүй байжээ. Энэ ууланд байхгүй юм бараг л алга. Манай отгийн урдах том саарал майхан дэлгүүр, зүүн хойно байх эрээн майханд биеэ үнэлэхээр ирсэн гурван эмэгтэй байдаг гэнэ.
Оройн хоолны дараа “Ууланд яваа эрчүүд байна, хийморио сэргээнэ” гэж нагац ах нар 0.5 литрийн архи задалж, майхныхаа үүдийг нээн сууцгаалаа. Ийм хэмжээтэй архи энд дөрвөн килограмм самар буюу ойролцоогоор 20 мянган төгрөг байдаг аж. Дэлгүүрийн бараа тэнгэрт хадсан үнэтэй байдгийг мэдсэн бол самар түүх биш наймаа хийх байсан юм хэмээн тэд маазарч суулаа.
Биднийг ирэхээс хоёр хоногийн өмнө манайхаас хоёр майхны цаадах отогт нэг хүн амиа алдаж, цагдаа шүүх болж бужигнасан учир архийг хавтгайруулж, нэг отогт олноор зарахгүй байгаа тухай дэлгүүрийн худалдагч бүсгүй нагац ахад ярьжээ. Гэсэн ч энд тэнд халамцуу, “Миний ээж сайхан ээжээ..” гэх дуу сонсогдоно. Амиа алдсан эрийн хувьд хотоос архины шоктой ирээд гэнэтийн ачааллаас болж зүрх нь зогссон гэнэ. Гэр бүлтэй л байсан байж таарна. Хотод дэмий архи ууж байхаар самарт яваад ахиу мөнгө олж ирэг, боломжийг ашиглаад өр дарж, амьдралаа өөд татъя гэж харж хүлээж л суусан байх. Дотор нэг л сонин.
Төд удалгүй ууланд хэтэрхий гоёдсон гэмээр яагаан куртиктэй 30 гаруй насны эмэгтэй отгуудын дундуур холхиж эхлэв. Насанд хүрсэн хэн ч харсан ямар зорилготойг нь гадарлаж болмоор тийм алхаа, ааль гаргах аж. Ойртож очсон нэгнээс бол шууд асууна, “Яриа байна уу” гэж. Хэрвээ яриа байвал 10 килограмм самарнаасаа салах хэрэгтэй болдог байна. Ууланд ер нь биеэ үнэлэгч, хулгайч, архины шагчин, агсам согтуу тавигч гээд цөм ирцгээжээ.
Мэдээж бүх тооцоо нь бэлэн бусаар буюу самраар хийгдэнэ. Бас ахлах ангийн болов уу, гэмээр охид хөвгүүд энд олон. Хөдөлмөр хийж яваа нь сайн ч даанч зан харилцааны доголдолд яаж яваад орчихсон юм бүү мэд. Н..вш..., П...д... гэх хараалыг нэгэн рүүгээ, ахмад хүмүүс рүү ч урсгана. Бүр уур нь хүрвэл боргоцой шидэж, гүйж очоод шуудайтай боргоцойг нь асгаж, хоосон уутыг нь аваад зугтана. Гэхдээ бүл цөөтэй яваа отогийн, аль бяр тэнхээ муутайг ингэж дээрэлхэх нь муухайгаас муухай үзэгдэнэ.
Маргаашнаас нь бид түүсэн жаахан самраа хоёр цагаар ээлжлэн манаж хонохоор шийдсэн. Ганц манайх ч биш бүгд манаа гаргадаг ажээ. Учир нь, энэ ууланд самар түүгчидтэйгээ ижил тооны хулгайч бий. Намар ууланд, хувцастайгаа, дан гудсан дээр, нэлмэгэр майханд унтах хүйтэн. Гэсэн ч өдрийн ажилдаа алжаасандаа эрхгүй нойр хүрнэ. Харин манааны ээлж дээрээ унтах эрхгүй. Эс тэгвэл хоосон буцна гэсэн үг. Аз болж Балжаа ойр хавийн баавгай ч үргэхээр хурхирах нь манааны үед унтахгүй байхад нэмэр болж байлаа.
Гэрээсээ гарсан гурав дахь өдөр, түүж эхэлсэн эхэлсэн хоёр дахь өдрөөсөө бид ажилдаа гаршиж эхэлсэн. Өнөө самраа үүрээд уулнаас яаж бууна аа гэсэн бодол нэг л мэдэхэд алга болсон байв. Харин ч ахиухан, хурдхан түүе гэж улайрах болов. Бадай отогтоо үлдэж самраа цайруулангаа, цайруулсан самраа манана. Балжаа бид хоёр боргоцой түүж авчирна.
Энэ маягаар бид гурав ууланд тав хонов. Хүнс дуусаж, түүж цайруулсан самартаа сэтгэл ханацгаалаа. “Баян хангайн хишгийг үүнээс илүү хүртэх гэж улайраад яахав” гэж Бадай буцах шийдвэр гаргаж, Балжаа бид хоёр дагалаа. Одоо уулнаас 30 шуудай цайруулсан самраа буулгах том ажил үлдлээ. Төв аймгийн малчин залуучууд хоёр гурав хоног самар түүгээд мориндоо тэгнээд л буугаад явчихдаг юм байна. Харин бид гурав бол өөрсдөө үүрээд буухаас аргагүй. Яая гэхэв. Үлдсэн жаахан хүнсээ шавхаж, хоол хийж идээд өдрийн 14:00 цагт отогоо буулгаж, хөдөлсөн билээ.
Нэг хүн 10 шуудай самар 100 метрээр өртөөлөн зөөнө. Нэг шуудай самраа үүрээд 100 метр яваад буулгаж үлдээгээд, буцаж ирээд дахин нэг шуудайг үүрч авч явна. Ингэж өртөөлөхгүй бол бусад самраа хулгайд алдах эрсдэлтэй. Уулнаас самраа буулгахын тулд бид 23 цаг өртөөлсөн. Дунд нь хоол идэж, хоёр цаг унтсан. 15 километр зам туулахын тулд нийт 3000 орчим удаа 100, 100 метрээр нааш цааш явжээ. Яаж ингэж чадсанаа мэдэхгүй ч өөрсдөөрөө бахархаж байв. Самраа машиндаа ачаад уулнаас буух үед мэргэжлийн хяналт, цагдаагийнхантай таарчих нь тэр. “Үхрийн сүүлэн дээр хутга” гэж, яаж түүж, цайруулж, үүрч дүүрч буулгалаа даа.
Тэд “Монгол Улсын иргэн хуулиараа 25 кг цайруулсан самар түүх, авч явах эрхтэй. Та нар хэмжээнээсээ ихийг түүсэн байна. Яаж зохицмоор байна” гэв. Балжаа бусдын аргыг олох, наагуур цаагуур ажил зохицуулахдаа сайн тул үсэрч буугаад, тэдэнтэй их л нухацтай ярилцан цааш явснаа төд удалгүй буцаж ирээд машиндаа суулаа. “300 мянган төгрөг өглөө. Бушуу явцгаая” хэмээн инээмсэглэв. Тэгснээ “Торгосон баримт ч алга. За яая гэхэв, бид өөрсдөө ашиг хонжоо хөөж, хууль зөрчиж яваа улс” гэх нь бага зэрэг харамссан шинжтэй. Биднийг отоглосон газарт ченжүүд нэг килограмм самрыг 5600 төгрөгөөр авч байсан. Хэрэв өөрсдөө уулнаас буулгаад Налайхад аваачиж өгвөл 7000 төгрөг. Зөрүү их тул бид Налайхад аваачиж өгөхөөр шийдсэн байлаа. Харин “Ууланд байх өнөөх ченж нарт самраа өгөөгүйд бидэнд өширхөөд байцаагч нарт матсан байх” хэмээн Балжаа үглэсээр, би хажуугийн суудалд нь хэсэг зуур дуг хийжээ.
Маргааш нь Налайхын ченж гэх хятад эрийн өвөрмонгол орчуулагчтай утсаар холбогдон, самраа аваачиж өгсөн. Налайхыг хятадууд “базжээ” гэвэл буруудхааргүй юм билээ. Тэд бидэнд их л саймширч, “Та бүхэн өнөөдөр үнэтэй байхад нь ашгүй амжиж ирлээ. Маргааш гэхэд үнэ нь унана” хэмээн мушилзах нь цаанаа л таагүй байсныг нуух юун. Ер нь самарны ханшийг хятадууд өөрсдийн дураар өсгөж бас унагадаг. Хөөрхий, самар өндөр үнэтэй байгааг нь дуулаад хэдэн бор цаасны төлөө нялх хүүхдээ дагуулаад ч хамаагүй ууланд амьдарч самар түүгээд буцаж ирэхэд нь үнэ нь уначихсан байдаг аж. Тэгээд л хятад ченжүүдийн хэлсэн ханшаар өгөхөөс өөр аргагүй.
Бас уулын хуш мод амьтай бол уйлж байгаа. Аварга том модон мунаар нүдэж, мөчрийг нь хугачин боргоцойг нь түүж буй “сэтгэлгүй” самарчидтай бид олон таарсан. Хууль хяналтынхан уулын аманд отож байгаад торгохоос өөр зүйл хийхгүй байгааг ч харлаа. Хүүхэд хамгаалал гэж ярьж байх зуурт ууланд бяцхан хүүхдүүд самар түүж, архидан согтуурал дунд даарч хөрч, зутарч явааг ч үзлээ. Тэтгэврийн хэдэн төгрөгөө зээлэндээ суутгуулж, цайны сүүгээ залгуулах гэсэндээ шуудай самар үүрээд таягаа тулан яваа ахмадуудыг ч өрөвдлөө. Хот газар гэх савнаасаа халиад ууланд гарчихсан хулгайч, биеэ үнэлэгчидтэй ч таарлаа.
Хамгийн гол нь бид өөрсдөө л байгаа бүхнээ, хамаг баялгаа хятадуудад хамж өгөөд, өөрсдөдөө хэдэн бор төгрөг авч хоол болгоод, дараа нь хоосон хоцорсондоо гоморхоод суугаа юм байна.
2020.10.08. Хонхор. Иргэн Ч. Лхагвадорж
Нялх үрээ тэврээд, 50 килограмм самар үүрээд ууланд явж байгаа эмэгтэйг харах хамгийн хэцүү байлаа |
|
2025-03-14 18:54:37
2025-03-14 17:18:01
2025-03-14 16:03:27
2025-03-14 15:22:44
2025-03-14 15:12:58
2025-03-14 15:01:03
2025-03-14 14:40:19
2025-03-14 14:13:05
2025-03-14 14:01:35
2025-03-14 13:58:00
2025-03-14 13:03:33
2025-03-14 12:06:37
2025-03-14 11:37:28
2025-03-14 11:30:43
2025-03-14 11:20:27
2025-03-14 10:21:56
2025-03-14 09:53:42
2025-03-14 09:50:57
2025-03-14 09:50:33
2025-03-14 09:44:12
2025-03-14 07:00:39
2025-03-14 07:00:00
2025-03-14 07:00:00
2025-03-14 07:00:00
2025-03-14 07:00:00
2025-03-14 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |