Жадамба гуай “Юун бяруу ирээд хотны захад үхчихдэг байна аа. Аягүй бол хээрийн амьтанд шоглуулсан айлын мал биз” хэмээн үглэсээр шалавхан хувцаслаад гарчээ. Гэтэл Вьетнам руу гурван жилийн өмнө ачуулсан хүрэн азарга нь яс, арьс болтлоо хэрзийтэл турж, эцээд босох ч тэнхэлгүй бөөдийсөн хар “юм” болчихсон хотныхоо хойно хэвтэж байх нь тэр. Жадамба гуай итгэж ядан, гайхаж, баярлахын “завсар” зогсохдоо зангирсан хоолойгоор “Үгүй ээ, энэ чинь миний муу хүрэн азарга уу даа” хэмээн уулга алдан азарганыхаа толгойг түшиж, “Эвий минь” хэмээн илж суусан гэдэг. Хүрэн азарга ч эзнээ таньж байгаа бололтой толгойгоо дааж ядан өргөөд, сулхан үүрсэж, адуу, эзэн хоёр гурван жилийн дараа дахин учирчээ. 1961 онд вьетнамчуудад тусламж болгон илгээсэн хүрэн азаргаа амьтанд бариулж, гол, усанд живэхдээ живж, шавар шалбаагт шигдэн барин эх нутаг, ижил сүрэгтээ тэмүүлэн, тэмүүлсээр ирнэ чинээ санаагүй Жадамба гуай магнайгаа хагартал баярлаж байгаа нь тэр ээ.
Цахим сүлжээнд “Вьетнамаас нутаг руугаа гүйсэн монгол азарганы түүх” нэрээр гарч байсан цөөн өгүүлбэрийн мөрөөр бид хүрэн азарганы эзнийг олон сар, жилээр хайсны эцэст олсон юм. Адуун сүргийнхээ сүлд, хийморь болж, олны хараа булаан дүүхэлзэж явсан хүрэн азарганы эзэн бол Төв аймгийн Мөнгөнморьт сумын малчин Жадамба гуайн гурав дахь охин Ж.Лхам юм. Тэрбээр зүү, төөнүүр заслын эмчээр ажиллаж байсан бөгөөд өдгөө гавьяаныхаа амралтыг эдлэн тайван сайхан амьдарч байна. Ж.Лхам гуай “Эгч нь хүрэн азаргаа Вьетнамаас хэдэн мянган бээр газрыг хэрхэн туулж, зовж ирсэн бол, монгол адуу эцсийн мөч хүртлээ эх нутаг руугаа л тэмүүлдэг, “Нутаг амьтай гайхамшигт амьтан юм даа” гэж дандаа боддог юм. Аав минь хүрэн азаргаа Вьетнам руу явуулсандаа ихэд харамсдаг байж билээ, хөөрхий” хэмээн хүрэн азарганыхаа түүхийг ярьж өгөхөөр зэхсэн юм. Ингээд тураг шувуу үл хүрэм, туурайт хүлэг туулж үл барам тэр хол газраас олон ус, мөрөн гаталж, олон улсын хилээр нэвтэрч, замын хүнд хүлэгдэж, чоно, нохойд хөөгдөн шарх, сорви болсон ч нутагтаа “гүйж” ирж чадсан монгол адууны гайхамшигт түүхийг уншигч таны өмнө дэлгэж байна.
Намрын нэгэн өглөө Жадамба гуай сүрдсэн дуугаар гэрийнхнээ “Босоорой, босоорой. Хулгар хүрэн чинь ирчихсэн байна. Хурдхан хадаг аваад ир” гэжээ. Түүний гэргий Д.Дэндэвдулам гуай “Яваад олон жил болсон адуу юу гэж ирэх вэ дээ” гээд тоосон шинжгүй цайгаа уудалчихаад хадаг аваад очихдоо мөн л итгэж ядан “Ээ, хүлэг минь, хулгар минь мөн үү. Ямар хачин юм бэ” хэмээн сөгдөж, адууныхаа толгойг өвөр дээрээ тавиад, том том нулимс унагасан гэдэг. Тэгээд мориныхоо хүзүүнд хадаг зүүж, Жадамба гуай туурайных нь дотор “Ум” хэмээн сүүгээр бичиж, Мижид ахынхаа анч, үнэрч нохойгоор мөрийг нь хөөлгөсөн боловч, хаанаас ирснийг нь мэдэж чадаагүй гэдэг. Шарх, сорвиндоо баригдаж, босох ч тэнхэлгүй болсон хулгар хүрэнээ хурдан тэнхрүүлэхийн тулд тэднийх мэдэх, чадах бүхнээ хэрэглэж, даруйхан хонь, ямаа төхөөрч, халуун арьсаар нь азаргаа хучиж, сэвсээр нь бургуй тавьж, хүч сэлбэх тариа хийжээ. Азарганых нь гуянд атгасан гарын дайтай хилийн торны арзгар төмөр шигдсэн нь идээлж, буглаад хэцүүдсэн байжээ. Жадамба гуай азарганыхаа гуянд шигдсэн төмрийг сайн төмөртэй хутгаар махтай нь аваад марль чихэж, шарханд сайн гэгддэг шингэн эм, тариагаар арчиж, Тэрэлжийн усаар шавшсан гэдэг. Тэр өдөр азарганы жинхэнэ эзэн болох Лхам охин гэрийнхээ хамаг ажлыг ганцаараа шахуу хийж, татаж дийлдэггүй байсан тугалаа хүртэл суга, суга татаж, эцэж, цуцахаа мэдэхгүй хэсэг гадуур таваргажээ. Тэд азаргаа гүйж ирсэн гэдгийг айл, амьтанд мэдүүлэхгүйн тулд нууж байсан гэдэг. Орой нь, Жадамба гуай хадланд авч явдаг майхнаа барьж, ах Мижид нь буу, нохойтойгоо хулгар хүрэнийг нь манаж хоножээ. Азарга нь гэрийнхээ гадаа ирж хоносон эхний шөнөө л унага байсан шигээ амархан сэргэж, ам, хамраас нь цус, идээ гоожиж, өлссөн бололтой газар үнэрлэж байсан гэнэ. Мижид гуай ийн босоод ирэхээр нь азаргаа манах хэрэггүй боллоо гэж үзээд үүрээр гэртээ орж, халуун цайгаа оочилж суусан гэдэг. Ийнхүү Лхамын хулгар хүрэн азарга өдөр өдрөөр тэнхэрч, баргийн эр барьж дийлэхээргүй эмнэг болсон гэдэг.
Энд хулгар хүрэн азарганы түүхийг эхнээс нь сийрүүлье. Жадамба гуайнх Төв аймгийн Мөнгөнморьт суманд хэдэн үеэрээ нутаглажээ. Тэднийх Гурван Жаргалантын өвөрт өвөлжиж, Хэрлэн мөрнийхөө хөвөөг өгсөж, уруудан хаваржиж, намарждаг байсан гэнэ. П.Жадамба гуайнх нэг жилийн цагаан сараар гурав дахь охин Лхамдаа том гэдэстэй, жигтэйхэн номхон хүрэгч гүүгээ бэлэг болгон өгснөөс хойш тэр гүүг “Лхамын хүрэгч” хэмээн нэрлэх болжээ. Тэднийх цаг сайхан бол Тэрэлжийн Дөрвөлжинд өвөлждөг байж. Тухайн жил Жадамба гуайнх Мижид ахынхтайгаа Дөрвөлжинд айл өвөлжжээ. Харин адуугаа Хэрлэнбаян-Улаан суманд отроор өвөлжүүлсэн гэдэг. Тэдний адууг ах нар нь голдуу хариулдаг байж. Цас ханзрах яагаа ч үгүй байсан нэг сайхан өглөө Лхамын нагац ах болох Мижид гуай сунайсан уургаа бариад адуундаа явжээ. Маргааш нь Лхамын аав, ээж хоёр “Морь хөтөлчихсөн хүн наашилж байна” хэмээн байн, байн ээлжлэн дуранджээ. Удалгүй Мижид ах нь Лхамын хүрэн гүү унагалаад унага нь осгож, чих нь хөлдөөд “мод” болчихсон, туурай нь цайчихсан байхтай нь таарч, унагыг нь дүүрч, эхийг нь уурганыхаа хуйваар хөтөлж иржээ. Жадамба гуайнхан сандралдаж, гэрээ бушуухан зайчилж, хүүхдүүд нь осгосон унаганыхаа чихийг гараа даартал цасаар үрж, гэртээ оруулж, эхэд нь өвс хаяж өгөөд хашжээ. Тэд унаганыхаа чихийг ээлжээр үрж, бор цай шимийн архитай хольж ам руу нь цутгахад унага нь залгиж чадахгүй бээрчихсэн байсанд бяцхан Лхам унагаа “Мал болохгүй нь” хэмээн өрөвдөн уйлж байжээ.
Лхамын ээж Д.Дэндэвдулам гуай барилдах, ан хийхээс бусдыг хийж, арьс, шир элдэж, аргамжаа сур бэлдэж, ах, дүү нартайгаа морь уяж, гүү барьж, тогоо нэрж, сургуульд сураагүй ч хүүхдүүддээ үлгэр уншиж өгдөг чадмаг эмэгтэй байж. Тийм тулдаа унаганыхаа хамарт муутуу цаас уяж, бүлээн цай залгидаг болгож, гэсгээгээд бөөн баяр болцгоосон гэдэг. Унагаа хөдлөх тэнхэлтэй болсон даруйд нь Д.Дэндэвдулам гуай хүрэн гүүгээ сааж, гал уургаар нь унагаа угжиж хоноод, эхэд нь хөхүүлж, пүнзэнд хэд хонуулахдаа хөлдөж, харласан чихний үзүүрийг нь үйлийн хайчаа халааж байгаад хайчилж, хулгар болгосон гэдэг. Тэднийх цас ханзарсан даруйд адуугаа отроос авчирч, сайхан хүрэн гүүгээ хулгар хүрэн унагатай нь адуундаа нийлүүлснээр Жадамба гуайн адуун сүрэг нэг сэргэлэн унагаар нэмэгджээ. Гүү барих цагт Жадамба гуайн хүүхдүүд “Хулгар хүрэн унагаа түрүүлж уяна” гээд хүзүүнд нь хадаг зүүхээр барих гэтэл дийлдэхээргүй чадалтай болсон байсанд тусад нь гадас хатгаж, өглөө бүр арайхийж бариад, эхийг нь саадаг байжээ. Удалгүй хулгар хүрэн унага нь Жадамба гуайн адууны сор болж, нутгийн адуучдын ярианы сэдэв болсон гэдэг.
1961 оны үед вьетнамчууд Америктай дайтаж, манай улс вьетнамчуудад вагон вагоноор нь адуу бэлэглэсэн гэдэг. Тэр жил н.Жамган захирагчтай мото буудлагын хорооны бага даргын ротод алба хааж байсан С.Халзан гуайн ротыг түргэний дохиогоор жагсаажээ. Төдөлгүй дарга нар ирж, тус хорооноос 300 орчим цэрэгт үнэмлэх олгож, дээл өмсүүлж, төмөр замын буудалд хүргээд Вьетнам руу адуу хүргэх тушаал өгсөн байна.
...Айлуудаас агт цуглуулж байх үед Жадамба гуайн ихэнх адуу тэнцээгүй гэдэг. Тэрбээр сэтгэл санаа таагүй, тогтворгүй бол овоон дээрээ тамхиа татаад суучихдаг байсан гэнэ. Аавыгаа ийн удтал суухыг нь ажигласан Ж.Лхам ээжээсээ “Аавд юу тохиолдсон юм бол. Овоон дээр суугаад л байх юм” гэтэл “Агтанд явуулах морьд нь тэнцэхгүй байна гэнэ. Чиний хулгар хүрэн л үлдчихээд чамд хэлж чадахгүй байх шиг байна. Аавыг нь нам, засгийн шийдвэр биелүүлэхгүй бол хэсгийн төлөөлөгч дуудах байх даа” гэж. Лхам аавыгаа хэсгийн төлөөлөгчид дуудуулахгүйн тулд “Хулгар хүрэнийг минь өгвөл өгөхгүй юү дээ” хэмээн сулхан дуугаар хэлжээ. Тэгээд Мижид ах нь хулгар хүрэн азаргыг нь барьж ирээд уяагаа нар зөв тойруулан хөтөлж явтал азарга нь хангинатал янцгааж байсан гэдэг. Азаргаа хараад сэтгэл нь өвдсөн Лхам гэрийнхээ хойно уйлж суусан гэдэг. Тэднийх азаргаа ачуулах өдрөө тухайн үед агт туудаг байсан арслан Дугар гэгчийг тусгайлан дайлж, “Манай азаргыг харж, хандаж, сайн хүргэж өгөөрэй. Танай цэргүүд морьдыг төмөр шилбүүрээр шилбүүрддэг гэсэн шүү” хэмээн захиж байсан гэдэг. Ингээд Лхамын хулгар хүрэн азаргыг аав нь нагац ах нартай нь хүргэж өгөхөөр явжээ. Тэднийг хөдөлсөн даруйд Лхам гуай “Миний азаргыг буцаагаад хөтлөөд ирдэггүй л байгаа даа” хэмээн битүүхэн горьдож, хүлээсэн гэдэг. Гэтэл аав, ах нар нь удалгүй “Азаргаа Хонхорын өртөөнд Дугар тэргүүтэй агт туугчдад хүлээлгэж өгөөд, воганд ачуулчихлаа. Хулгар хүрэн минь хоёр удаа зугтах гэж оролдсон. Ер нь л захалж яваад байна лээ. Цэргүүдэд морио сайтар захисан” гээд мориныхоо хазаарыг барьчихсан, дэл, сүүлнээс нь буян хишгийг нь авсан” гэсээр иржээ.
...Арав орчим вагонд дүүрэн адуу ачсан байх бөгөөд нэг вагонд дунджаар 40-50 адуу багтсан байжээ. Вагон бүрд 7-8 цэрэг хуваарилагдан өвс, усыг нь өгөхөөр болж. Цэргүүд “С.Халзан гуайн хариуцсан вагонд хур дэлтэй, урт сайхан сүүлтэй, тэгш дүүрэн хондлойтой хүрэн халзан морь, нөгөө вагонд нь бас нэг сайхан хар хүрэн морь явна” хэмээн ярилцаж явж. Цэргүүд явах замдаа тэр хоёр морийг шагшин магтаж, “Ийм сайхан амьтдыг хүний нутаг руу яах гэж явуулдаг байна даа” хэмээж байсан гэх. Онцолсон хоёр морь ч вагонд хамт яваа морьдоо хазахыг нь хазаж, тонгорохыг нь тонгорч, явах тусам л догширч байсан бөгөөд өвс, усыг нь цонхоор өгдөг байжээ. Ингээд морьдыг буулгах галт тэрэгний зогсоол дээр ирэхэд вьетнамчууд төмөр замын буудлын гадна өндөр хашаа барьж, битүү торлон хамгаалаад буулгасан адууг шууд торон хашаанд оруулж, нарийн хоолойгоор цааш нь дамжуулан авахаар бэлтгэсэн байж. Вагоны хаалгыг онгойлготол хулгар хүрэн торон хашаан дээгүүр хүрэн халзан морьтой цуг харайн гараад, ойн шугуй руу давхин алга болжээ. Цэргүүд хойноос нь хөөж, хүрэн халзан морийг нь барьж ирсэн боловч хулгар хүрэнийг тэр чигт нь алдсан гэдэг.
Жадамба гуай харийн газраас нутгаадаа хоёр жил гаруйн турш гүйж ирсэн хулгар хүрэнээ бүрэн тэнхэрснийх нь дараа “Нуруун дээр чинь салхинаас өөр зүйл гарахгүй” гэж шивнээд хэдэн гүү хураалгаж, сэтэрлэсэн гэдэг. Тухайн үед тэднийд гэрэл зургийн аппарат байгаагүй учраас домогт хүрэн азарганыхаа зургийг авч чадаагүй гэнэ.
Хожим Лхамыг амралтаараа гэртээ очиход аав, ээж нь “Лхамын хэд хаана яваа бол. Хулгарын хэд хаана яваа бол” гэж ах нараас нь асууж, Лхамд харуулах гэж бэлчээрээс нь хүртэл тууж ирдэг байж. Зун нь хулгар хүрэнгийнхээ хэдэн гүүг ч сааж чадахгүй, барааг нь холоос харж, тоог нь бүртгэчихээд л явчихдаг байж. Агтны морь туудаг байсан арслан Дугар гэгч Жадамба гуайнд сүүлд ирэхдээ “Танай адууг өдөржин дагалаа. Вьетнам явуулдаг хүрэн азаргатай чинь усны дусал шиг адилхан азарга байна. Адуу чинь ирчихсэн юм уу. Намайг даанч ойртуулсангүй” гэжээ. Гэтэл Жадамба гуай “Чи манай морийг вагонд оруулж өгсөн гэдэг биз дээ. Тэр үнэн бол юу гэж ирэх билээ дээ” гэхэд өнөөх нь “Тийм, тийм баараггүй ачуулсан” гэсэн ч эргэлзэнгүй цайгаа оочилж суусан гэдэг.
ВЬЕТНАМААС ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА НУТАГТАА “ГҮЙЖ” ИРСЭН ХУЛГАР ХҮРЭН АЗАРГАНЫ ГАЙХАМШИГТ ТҮҮХ |
|
2025-05-04 09:04:50
2025-05-04 08:42:32
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |