• Өнөөдөр 2024-04-26

Хар машины хар төрүүлэхээс аргагүй баримтууд

2020-10-15,   1166

Монголчуудыг 2012 оноос хойш талцахад, сонгууль бүхний дараа “Хар машин худлаа тоолдог, олонх болсон намынхан хар машинаар луйвар хийчихлээ” хэмээн хардаж үлдэхэд хүргээд байгаа хар машиныг Монголд хэн, хаанаас, хэзээ олж ирсэн талаарх түүхээс сөхье. Мөн хэрэглэж эхэлсэн цагаасаа л хэл ам таталсан сонгуулийн санал тоолох машинуудын сэжигтэй тохиолдлуудаас цөөн баримт дурдъя.

Сонгуулийн санал тоолох энэхүү төхөөрөмж монголчуудын хувьд Америкийн “Dominion Voting Systems” компанийн машин гэхээс өөр олигтой мэдээлэлгүй өнөөдрийг хүрсэн. Тэгвэл тус машиныг “Dominion Voting Systems” компаниас төлөөлөн ажиллахаар Канад Улсын иргэн Даллас Аллен Ньюбай ахалж, Канадын гурав, Сербийн хоёр, Голланд Венесуэл, АНУ-ын тус бүр нэг инженер Монголд ирж, программыг нь тохируулах ажил хийжээ. Мөн эдгээр есөн инженерээс гадаа Серби, Канад, АНУ-аас дөрвөн иргэнийг эл асуудалтай холбогдуулан манайд оршин суулгах виз гаргуулахаар СЕХ Гадаадын иргэн харьяатын газарт хандаж байсан удаатай. Өөрөөр хэлбэл, монгол инженерүүдээ сургах бус гаднын инженерүүдээр хянуулахыг эрх бүхий хүмүүс хүссээр ирсэн билээ. 

Санал тоолох машиныг бүтээсэн  XIX зууны сүүлчээр “Сонгуулийг луйвраас хамгаалж, саналаа өгөхийг энгийн, хурдан, нууц боллоо” хэмээцгээж байжээ.  Уг машиныг анх 1892 онд Нью-Йорк мужийн Lockportin тойргийн сонгуульд хэрэглэсэн ба хүний өндрийн дайны цахилгаан-механик болхидуу машин байсан нь өнөөдрийн электрон сонгуулийн эхлэл байв. Гэвч уг машин өнгөрсөн бүх цаг үед сонгогч, сонгогчдыг хуурсаар ирснийг дараах зарим баримтаар хүргэе. 

АНУ-ын ардчилсан намын төлөөлөгч Al Gore АНУ-ын 2000 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ж.Бушаас саналын тоогоор давамгай, бүр ялсан хэмээн зарлаж баяраа тэмдэглэж байсан боловч санал тоолох машины эцсийн дүнгээр ялагдсан юм. Жишээ нь, Florida мужийн Volusia County тойрогт сонгуулийн машин Al Gore-ийн төлөө өгсөн саналуудыг хасаж тоолж бүүр -16 022 санал (өөрөөр хэлбэл, Ал Гор ийм саналын өртэй гарсан гэсэн үг юм) гэж гаргасан нь тогтоогдсон юм. Яагаад сонгогчийн саналыг маш найдвартай, үнэн зөв тоолдог гэж сурталчлаад байсан машин бүүр хасах дүн гаргав. Хасах тэмдэгтэй дүн гарах өөрөөр хэлбэл, саналын "өртэй" гарах огт боломжгүй билээ. Энэ асуудлыг комисс томилж, шалгуулсан гэх боловч саналын машинуудын санал хадгалагч электрон картууд нь алга болсон гэдэг шалтгаанаар юуг ч яг таг тогтоож нотолж чадаагүй өнгөрсөн байна. Гэхдээ саналын эцсийн үр дүнг санаатайгаар өөрчилсөн байна гэдэг нь шалгалтынханд ойлгомжтой байсан ч нотолж чадаагүй учир нөгөө тал нь "ялсан" юм. 2000 онд хэн ерөнхийлөгч болох вэ гэсэн асуудлын хувь заяаг шийдсэн Florida мужид үнэхээр Ж.Буш сонгогчдын олонхийн саналыг авч ялсан уу гэдэг том асуулт нээлттэй үлдсэн билээ... Үүний дараахан буюу 2001 оны есдүгээр сарын 11-нд аймшигт явдал болж, энэ бүхэн бараг мартагдсан юм. 

Ирландад 2004 онд Засгийн газар нь Голландаас худалдаж авсан сонгуулийн 7000 Nedap машинаа сонгуульд хэрэглэхгүй гэх шийдвэр гаргасан юм. Учир нь, сонгуулийн санал тоолох компьютерийн программыг “Арга заль хэрэглэсэн программ хангамжаар” сэм солиход ердөө хоёрхон минут зарцуулна гэсэн Дублины их сургуулийн шинжээчдийн дүгнэлтийг Засгийн газар нь зөвшөөрч, хуудас тоолуулахгүй байх саналыг хүлээн авсан юм.

Германд 2005 оны Бундестагийн сонгуулийг машинаар өгсөн хоёр сая гаруй сонгогч сонгуулийн компьютерт алдаа гарснаас болж дахин сонгууль явуулж хуучин үзэг цаас барьдаг аргаараа дахин өгөх хэрэгтэй болж байсан байна.
2006 онд АНУ-ын Конгрессын сонгуулиар олон тооны электрон сонгуулийн машинд эвдрэл, алдаа доголдол гарсан байна. Ганцхан Ohio мужид л гэхэд 250 ноцтой алдаа гарсан гэж мэдэгдсэн юм. Virginia мужид бүүр FBI (холбооны мөрдөх товчоо) энэ асуудлыг мөрдөх хэрэгтэй болж байсан байна...(4)

2006 онд Германы ССС (Chaos Computer Club-нийт 3000 гаруй гишүүнтэй, АНУ-ын Nasa, T-Com, Nedap, GSM-д нэвтэрч байсан хакеруудын групп) Nedap сонгуулийн машины үйлдвэрлэгчдийн хийж байсан “Хакерууд манай машиныг яаж ч чадахгүй, зөвхөн найдвартай сонгууль явуулахад зориулсан хамгаалалт маш өндөртэй техник…” гэсэн мэдэгдлийг бүрэн няцааж, Голландын хакер клубтэй хамтарч телевизийн шууд нэвтрүүлгээр Nedap санал тоолох машины программ хангамжид тавхан минутын дотор нэвтэрч, ноцтой өөрчлөлтүүд хийж, бүүр шатар хүртэл тоглож үзүүлсэн ажээ. 

2006 оны аравдугаар сард мөн энэ ССС хакер бүлгийн залуус хэдхэн минутын дотор сонгуулийн машины санал нэгтгэн тоологчийг нь янзалж, эхний тест саналуудыг зөв тоолуулж шалгалтад тэнцсэний дараа бодит саналуудыг нэгтгэн тоологчид оруулж, нэг намын авсан саналаас хасаж, өөр намын санал дээр тоог нь нэмж, тоолж эхэлдэг болтол нь өөрчилж болох боломжийг батлан үзүүлсэн байна. 

2008 оны наймдугаар сард Premier Election Solution (хуучин Diebold) сонгуулийн машин үйлдвэрлэгч фирмийг Ohio муж шүүхэд өгснөөр сонгуулийн машины программ дахь “алдаа” нь илчлэгдэж, тэр “алдаа” нь 10 жилийн хугацаанд сонгогчдын саналыг буруу тоолж ирсэн нь баримтаар нотлогдож, фирм нь ч үүнийгээ хүлээн зөвшөөрч байжээ. 
Шотланд Улс 2008 онд, одоо Монголд хэрэглэж байгаа санал тоолох машинтай ижил төстэй машинаар буюу сонгуулийн хуудсыг сканерддаг машинаар сонгууль явуулсны дараа санал тоололт нь худлаа болсон гэдэг нь батлагдсан байна. Гэхдээ тэд сүүлийн мөчид орон нутгийн парламентын дүнг буруу гарахаас аварч чадсан байна. Цахим сонгуулийн систем нь ингэж итгэл найдварыг өндөр хэмжээнд алдсаны эцэст Шотландын Засгийн газар дараа дараагийн сонгуулийг цаас харандаагаар авахаар тогтож хуульчилсан байна. 

“Dominion voting” компанийн машинууд АНУ-д сонгуулийн том луйвар хийсэн нэг жишээ бол 2008 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Жон Маккейнд өгсөн санал Барак Обамад нэмэгдэж байна" эсвэл бүүр "Өгсөн санал эсрэгээр бүртгэгдээд байна” гэсэн гомдол сонгогчдоос маш их гарч байсан учир олон нийтийн зүгээс мөрдөн шалгалт явуулж, Жон Маккейнд өгсөн 11 мянган саналыг хүчингүй болгуулж байв.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн есдүгээр хэсгийн хороонд санал тоолох машин нь гэнэт гацсанаар зэргэлдээ сумаас нөөц санал тоолох машин авчирсан байна. Гэтэл тэр машин нь өмнөх санал тоолох машины саналыг 60-аар зөрүүлж, ялалт байгуулж явсан УИХ-ын гишүүн Н.Ганбямба ялагдал хүлээж байлаа.

Мөн УИХ-ын 23 дугаар тойргийн долдугаар хэсгийн хороонд нэрсийн жагсаалтад 1771 сонгогч бүртгэгдэж, яг санал хураалтад 1230 хүн оролцсон юм. Гэтэл сонгуульд оролцсон хүний тоог санал тоолох автомат машин 1760 гэж гаргажээ. Энэ бол тэнд 530 “амьгүй албат” хаанаас ч юм сэм гарч ирж “хэрэгтэй хүндээ саналаа өгсөн” гэсэн үг юм.

Харин 2012 оны Орон нутгийн сонгуулийн анхны “факт” Өвөрхангай аймагт гарав. Тус аймгийн Баруунбаян-Улаан сумын Таацын багт хурууны хээ уншиж бүртгэл гаргадаг машин нь гацсан байна. Тиймээс цаг алдахгүйн тулд аймгийн ИБМА-наас өөр машин авч сум руу хүргэж өгчээ. Энэ хугацаанд хурууны хээ авах ажиллагааг гар ажиллагаанд шилжүүлэн ажилласан ажээ.

Санал тоолох машиныг олон арван тэрбум төгрөгөөр худалдан авч оруулж ирж байх үед "Сонгуулийн эцсийн дүн нэг цаг хүрэхгүй хугацаанд нэгтгэгдэж гарна" гэж амлаж сурталчилж байсан билээ. Гэтэл СЕХ  2012 оны сонгуулиар нэгдсэн дүнгээ өмнө нь гараар тоолж байснаас ч удаан буюу бүр тав хоногийн дараа албан ёсоор мэдээлж байв. 


Хар машины хар төрүүлэхээс аргагүй баримтууд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-15 15:00:00
    Zochin: Minii hovor namd ogson sanal delgersend garch ireegui
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188