• Өнөөдөр 2024-04-19

“УЛ” ГЭСНИЙГ НЬ УНАГААЧИХААД “ӨЛӨН” ГЭСНИЙГ НЬ ӨРШӨӨВӨЛ ЗОХИМЖГҮЙ ШҮҮ, ЕРӨНХИЙ САЙД АА

2022-09-28,   2640

      “Ул”-аас эхэлсэн уур “Өлөн”-гөөр өрдөгдөж, Засагтай “заргалдаж” байна, ард түмэн. Сошиалд өчигдөр “Сарангэрэл огцор” гэж давалгаалж, сандарсан Л.Оюун-Эрдэнэ Д.Сарангэрэлийн сайдын албыг сараар эцэслэсэн. Сайдын сэтрийг нь ийн хурдан хураахгүй бол “Ул айл” гэх хоёр үгээр нь УИХ-ын гишүүнээс нь ч унагааж мэдэхээр байв, ард түмэн тийм ууртай байна.
       
      Харин өнөөдөр сошиал давалгаа “Сангийн сайд огцор” болж солигдсон байна. “Ул” гэснийг нь унагааж болсон юм чинь “Өлөн” гэснийг нь өршөөхгүй байлгүй гэсэндээ тэр. Төр нь түмнээ доромжлохыг олон харсан, гэхдээ хүлцсэн. У.Хүрэлсүх нэгэнтээ “уянгалж” байхдаа “Мах, гурил байхад манай ард түмэн алзахгүй” гэх маягийн доромжлол унагаж байлаа. Н.Учрал толгой баяны ганц хүү гэсэн шиг “НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөр амьдралаа залгуулдаг айл маш олон байна” гэж доромжлохын сацуу мэдэмхийрч байлаа. Дурдвал дундрахгүй олон ч, тэр болгон тэгсхийгээд мартагдсан. Харин сүүлийн хоёр өдрийн “Ул”, “Өлөн” гэх доромжлол ард түмнийг үнэхээр бухимдууллаа. Зургаан жил Засаг барихдаа ам.долларын ханшийг “тэнгэр”-т гаргаж, ажилгүйдлийг хавтгайруулсан Ардын намынхан адагт нь ард түмнээ ул ядуу, өлөн хоосон гэж доромжилж, даапаалахаар нийгмийн бухимдал “буцлахгүй” яах билээ. 
       
       Сангийн яам, Татварын ерөнхий газрынхны сошиалд цацсан “НӨАТ-ын баримт уншуулдаг иргэн бол өлөн...”, “Өлөн иргэд нь ТҮК-ийнхэн...” гэх агуулгатай видео сурталчилгаа  бол цагаа олоогүй, цадигаа алдсан доромжлол байсан. Товч дүрсэлж үзвэл, “Ebarimt” системийн сурталчилгааных нь эхлэл “НӨАТ-ын баримт бүртгүүлдэг хүн бол өлөн” гэдэг агуулгаар эхэлж байгаа юм. Цааш үргэлжлэхдээ, хотын өнгө үзэмжийг цэвэрхэн байлгах гэж үүр хаяарахаас гэгээ тасрах хүртэл ажилладаг мөрөөрөө ТҮК-ийн ажилчдыг “Тэд бол өлөн, тиймээс НӨАТ бүртгүүлдэг” гээд харуулчихсан. Төгсгөл нь бүр ч ичмээр, өнөө “Өлөн”-өөрөө дуудуулсан ТҮК-ийн ажилчин нь НӨАТ-ын сугалаанаас мөнгө хожоод, хожсон мөнгөөрөө машин аваад, авсан машинаараа “халтуур”-нд явдаг болж байгаагаар дүрсэлсэн байгаа юм. Мөрөөрөө хөдөлмөрлөж байгаа иргэдээ "Өлөн" гэж доромжлоод зогсохгүй, "НӨАТ-ын сугалаанд машин хожоод "халтуур"-нд яв" гэж сурталддаг төр манайд л байдаг байх. Энэ бол доромжлол гэхээсээ Үндсэн хууль ноцтой зөрчсөн буюу нийгмийн байдал, хөрөнгө чинээ, ажил мэргэжлээр нь ялгаварлан гадуурхсан гэмт хэрэг. 
 
       Бас нэг хоржоонтой асуудал байна. Сангийн яам, Татварын ерөнхий газар “Өлөн” гэх видеог татвар төлөгчдийн буюу төсвийн мөнгөөр хийсэн байж таарна. Өөрөөр бол, ард түмнийг өөрсдийнх нь мөнгөөр доромжилсон гэсэн үг. Гэхдээ Татварын ерөнхий газар, Сангийн яамны энэ сарын орлого, зарлагын гүйлгээ шилэн дансанд байрших болоогүй тул эл видеонд хэчнээн төгрөг зарцуулсныг одоогоор мэдэх боломжгүй. Бид Сангийн яам, Татварын ерөнхий газрын захиалгатай, “Өлөн” гэх агуулгатай видео сурталчилгаанд тоглосон жүжигчин Б.Мишээлээс тодруулахад “Видеоны төсөв мөнгө нь хэдэн төгрөг байсныг мэдэхгүй. Оролцсон жүжигчдийн авсан цалин нууц шүү дээ” гэж тайлбарласан. Өөрөөр бол, Сангийн яам, Татварын ерөнхий газрынхан энэ видеонд тоглосон жүжигчдийнхээ цалинг өгчихсөн гэж шууд ойлгогдож байгаа юм. Харин хэдэн төгрөгөөр ард түмнээ “Өлөн” гэж доромжлуулсан нь тун удахгүй ил болж, ичээх биз. 
 
      Ямартай ч Сангийн сайд Б.Жавхлангийн огцрох “болзол” нь “Өлөн” гэх үгээр хангагдчихлаа. "Өлөн"-гөөс бусад өөр олон шалтгаан ч бий. Тоондоо сайн, толгой сайтай, тоотой нөхөрлөсөн намтартай гэж Сангийн сайдын сэнтийд заларсан Б.Жавхлан хариуцсан ажлаа сайн хийсэн үү гэвэл “сайн” гэж хариулах хүн цөөн л байх. Ам.долларын ханш 3500 хүрч, төгрөгийн ханш тартагтаа унасан, энэ 18 их наядын төсөөллийн төсөв батлаад балрах шахаж суугаа атлаа ирэх оны төсвийг 20 их наядаар төлөвлөж байгаа гээд түүний хариуцах ажилтай холбоотой таагүй мэдээлэл олон л байна. 
 
Ямартай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө баруун гар, улсын “хэтэвч”-ийг халааслаад хоёр жил болох гэж байгаа Б.Жавхлангаа огцруулж чадах эсэхийг олон нийт анхааралтай ажиглаж байна. 
 


“УЛ” ГЭСНИЙГ НЬ УНАГААЧИХААД “ӨЛӨН” ГЭСНИЙГ НЬ ӨРШӨӨВӨЛ ЗОХИМЖГҮЙ ШҮҮ, ЕРӨНХИЙ САЙД АА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188