• Өнөөдөр 2024-04-20

Сангийн сайд Б.Жавхлан ах нарынхаа түүхийг давтаж, нэмж өр тавих нь...

2022-06-30,   437

      Монгол Улс дэлхийн 16 улсад 33.8 тэрбум ам.долларын өртэй. Ам.долларын өнөөгийн ханшаар бол 104.7 их наяд төгрөг буюу улсынхаа бүхэл бүтэн зургаан жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний өртэй гэсэн үг. Харин энэ их өрийг иргэн бүрд хуваавал Долоон буудалд байгаа Долгор, Баянхошуунд байгаа Бат, Яармагт байгаа Янжин ялгаагүй 30 сая төгрөгийн өртэй, тэр байтугай өчигдөр, өнөөдөр төрсөн хүүхдүүд ч өр “өвлөж” төрсөн болж таарна. “Гадаад өр “галав юүлэх” мэт гамшиг тарих хэмжээнд хүрээд байна” гэж учир мэдэх хүмүүс “үглэх” болсны ухагдахуун нь энэ. 
 
      Гэтэл гадаад өрөө хэрхэн төлөхөд гашилж явах ёстой Сангийн сайд Б.Жавхлан гадаадаас, тэр тусмаа Азийн хөгжлийн банкнаас 650 сая ам.долларын зээл нэмж авахаар зэхэж эхэлжээ. Зэхэх байтугай, Засгийн газраараа дэмжүүлээд, УИХ-д оруулаад ирж. Найр, наадам гэцгээн налайцгааж байх зуур хэлэлцээрийн ширээнд хэдийн суусан байх биз. Өчнөөн тэрбумаар нь өр тавьж, өөрсдөө түүнийгээ хувааж “идэж”, улсаа өрийн шаварт шигдүүлсэн өмнөх Сангийн сайд нарынхаа, нарийндаа АН, МАН-ын ах нарынхаа түүхийг тэр ч мөн давтах нь. 
 
Сангийн сайд Б.Жавхлан Азийн хөгжлийн банкнаас авна гэх 655 сая ам.долларын зээлээ зарцуулахаар төлөвлөсөн зүйл нь бүр ч хоржоонтой. 
 
Нэгдүгээрт, зээллэх 655 сая ам.долларынхоо 200 сая ам.долларыг нь төсвийн алдагдлаа нөхөхөд зарцуулахаар төлөвлөжээ. Төсвийн орлогыг дангаараа шахуу бүрдүүлдэг түүхий нүүрс нь хил дээр хэдэн сараар гацаж, төсөөллөөс давсан төсөв нь тасраад эхэлмэгц гаднаас өр тавьж, тооцоолж чадаагүй алдагдлаа нөхөх юм гэнэ. Чухамдаа халдварт тахлын нөлөөгөөр хоёр хөрш нүүрээ буруулж, хил гааль хаагдахыг тооцохгүйгээр түүхэндээ байгаагүй өндөр өртөгтэй буюу 18 их наяд төгрөгийн төсөв баталж, тонгочицгоосных нь гор гарч байна гэх юм уу даа. Орлого, зарлагаа анхнаасаа зөв тооцсон бол одоо өр тавьж төсвөө нөхөх тухай яриад суухгүй байх байсан биз. 
 
Хоёрдугаарт, үлдсэн 450 сая ам.долларыг нь “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ. Өмнөх өрөө төлж чадахгүй “чардайж” байгаа атлаа нэмж зээл авах гэж зүтгээд байгаа хоёр дахь том шалтгаан нь энэ буюу “Шинэ сэргэлтийн бодлого”-оо хэрэгжүүлэхэд зарцуулах юм байх. Элгээрээ хэвтсэн эдийн засгаа сэргээхийн тулд “Шинэ сэргэлтийн бодлого” гэгчийг боловсруулсан гэх. Гэсэн мөртөө гадаад өрөөр санхүүжүүлэх гээд байгаа ухааныг нь ухаж ойлгоход хэцүү юм. 
 
Тухайлбал, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан төслүүдээс: 
 
- Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай чиглэлийн цахилгаан дамжуулан шугам барих ажилд 140 сая ам.доллар
 
- Бүс нутгийн автозамыг хөгжүүлэх буюу баруун бүсийн автозамын төслүүдэд 150 сая ам.доллар
 
- Хилийн боомтуудын шинэчлэлд 100 сая ам.доллар
 
- Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад 50 сая ам.доллар тус тус зарцуулах гэнэ. 
      АН, МАН ээлжилж төр барьсан 12 жилийн хугацаанд гадаад өр 4.5 дахин буюу хамгийн их нэмэгдсэн. Үечилж харвал, 2012, 2017, 2019 онуудад буюу гурван удаа гадаад өр огцом өссөн. Ялангуяа хамгийн сүүлд буюу 2019 оны сүүлээс эхэлсэн халдварт тахлын “шуурга”-ыг далимдуулж, нүүр өгсөн, наашаа гэсэн болгоноос нь зээл, тусламж авсан. Хаана, хаанаас хэдэн сая ам.доллар авснаа яг таг тайлагнаагүй л байгаа. Гэтэл халдварт тахлаас гэтлэв үү, үгүй юу төсвийн алдагдлаа нөхөх, “Шинэ сэргэлтийн бодлого”-оо хэрэгжүүлэх нэрээр нэмж зээл авах тухай яриад сууж байх.  Уг нь бид нэмж зээл авах тухай биш авсан зээлээ төлөхөд анхаарах ёстой байлтай. Ирэх гурван жилд л гэхэд манай улс 13.3 тэрбум ам.долларын өр төлөх хуваарьтай байгаа. Энэ их мөнгийг хаанаас гаргах тухай тооцоо байхгүй, “төлнө дөө” гэх тэнгэр харсан төлөвлөгөөтэй яваа гэхэд хилсдэхгүй. 
 
Эцэст нь, Б.Жавхлан өр тавихгүйгээр өөрөөр яаж мөнгө олж болох тухай тооцоо, төлөвлөгөө Сангийн сайд Б.Жавхланд алга бололтой. Өгч л байвал нь аваад, өнөөдрөө аргацаагаад, гагцхүү маргаашаа мартчихдаг МАН-ын ах нарынх нь архаг зан түүнд ч бас “өвлөгдчихсөн” юм байна. Ер нь ч Сангийн сайдын сэнтийд заларснаасаа хойш сайн нэр зүүж, сайрхах гавьяа байгуулсан нь ховор. Эсрэгээрээ хувьсгалын биш хувийн ашиг сонирхлоо тэргүүнд тавьсан ноцтой баримтууд нь хэчнээн ч дэлгэгдэв. Түүнийг сайд болсноос хойш төрсөн эгч Б.Сэргэлэн нь Соёлын яаманд дарга болж дэвшсэн нь наад захын жишээ. Цаашилбал, эхнэр А.Соёлмаагаараа дамжуулан төрд 280 тэрбум төгрөгийн өртэй Чингис хаан банктай хэрхэн холбогддог, хаацайлж, хамгаалдаг тухай хөдлөшгүй баримтуудыг нь ч бид дэлгэсэн. Дэлгэрүүлэхгүй орхисон баримтууд ч бий. Жишээ нь, Сангийн сайд Б.Жавхлан нь Ц.Амарсанаа гэгчтэй хамаатан садны хэмжээнд тун ч ойроор холбогддог. Тухайлбал, Ц.Амарсанаа нь “Спейшлайзд карьер консалтинг” ХХК гэх  "Оюутолгой"-д ажилчин нийлүүлдэг компаниараа дамжуулан Б.Жавхлангийн 2020 оны сонгуулийн зардалд нь 10 сая төгрөгийн хандив өгсөн байдаг. Илүү сонирхолтой нь, “Спейшлайзд карьер консалтинг” ХХК-ийн охин компани болох “Гобирокс” ХХК нь “Өмнөговь аймаг, Ханбогд сум, 3-р баг, Жавхлант-Гоёот, 8-1 тоот” хаяг дээр бүртгэлтэй байдаг. Гэтэл энэ хаяг дээр УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн “Хера инвестмент” ХХК-ийн эзэмшлийн, УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “Прокон майнинг монголиа” ХХК давхар бүртгэлтэй байдаг юм билээ. Хөгжлийн банкны 33 тэрбумын гэх "Гурвал"-тай Сангийн сайд нь холбоо, сүлбээтэй байх нь "Авлига, албан тушаалын хэрэгтнүүдтэй хатуу тэмцэнэ" гэх Ардын намын дүрэмд харшлах нь лавтай. 
 
 
 

Сангийн сайд Б.Жавхлан ах нарынхаа түүхийг давтаж, нэмж өр тавих нь...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-30 16:12:05
    ард : үйлдвэр байгуулахгүй бол өрөөр яах вэ төслүүдийг чинь харахад олигтой тустай юм алга
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188