Ардчилсан намын дуулиантай дотоод сонгуулийн дүн эцэслэгдэж, шувтрах шатандаа орлоо. 21 аймаг, есөн дүүргийн намын даргын нарын нэрс тодорч, 378 квотод нэр дэвшсэн Үндэсний бодлогын хорооны гишүүдийн нэрс эхнээсээ зарлагдав. Одоо тэд намын Их хурлаараа баталгаажуулснаар ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлээд УИХ-ын сонгуульд хэний фракцаас, хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ зураглана гэсэн үг.
Мэдээж Ардчилсан намын дотоод сонгууль эхэлсэн цагаасаа дуусах хүртлээ, хэл ам хэрүүл дуулианаар тасарсангүй. Мөнгө тараасан л гэнэ, царцаа нүүлгэсэн гэнэ, танихгүй гишүүд санал өгсөн гэнэ. Тэр байтугай МАН-ын гишүүд АН руу орсон гэнэ. Хэзээний фракцын зодоонтой сонгууль хийж, тайзан дээрээ зодоонтой байсан тэдний дотоод сонгууль энэ удаад илүү сүр дуулиантай болов. Сонгуулийн үеэр гишүүд нь лайвдаж, саналаа өгч чадсангүй хэмээн уйлж байхад, нөгөө хэсэг нь “царцаа” болон нисэж ирээд саналынхаа хуудаснаас их санал авсан гэх явган яриа ч гарч амжлаа.
Шинээр сонгогдсон дунд шатны дарга нарын олонх нь УИХ-ын гишүүд байгаа нь олны дунд дахиад л хэрүүл алим тарих нь. Өөрөөр хэлбэл, өнөөдөр УИХ 42 суудалтай Ардчилсан намынхан МАН-ын даргаар УИХ-ыг удирдахуулахгүй гээд УИХ-ын дарга Н.Учралыг бойктолж, чуулганы хуралдаандаа оролцохгүй байгаа. Гэтэл тэд үнэн чанар дээрээ УИХ-ын гишүүдийнх нь намынхаа дунд шатны намын удирдлага гэх давхар дээлийг өмсчихлөө. МАН-ынхан барьцуул барьцахаар л асуудлыг тэд улаан цайм өөрсдөө бэлдэж өгсөн нь тэр. Тодруулбал, 21 аймаг есөн дүүргийн 30 дунд шатны намын удирдлагаас найм нь УИХ-ын гишүүн буюу “давхар дээл”-тэй болчихлоо.
Тухайлбал, Архангай аймгийн Ардчилсан намын даргаар УИХ-ын П.Мөнхтулга сонгогдсон. Түүний хувьд 2024 оны сонгуулиар Хангайн бүсээс УИХ-д нэр дэвшиж, гишүүн болсон. Улс төрд орж ирсэн замнал нь аав Ө.Пүрэвбаатартай нь холбоотой. Өөрөөр хэлбэл, түүний аав Ө.Пүрэвбаатар Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Ардчилалын анхдагчдын нэг. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягтай Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намыг төвхнүүлсэн . Тиймдээ ч Ардчилсан намын “Алтан гадас” фракцын өв залгамжлагч гэдэг нь улс төрийн угшилаас нь уншигдаж байгаа биз.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд ирэх дөрвөн жилд Дархан-Уул аймгийн Ардчилсан намыг удирдах даргаар сонгогдлоо. Улс төрийн угшил нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой салшгүй холбоогоор холбогддог ч өнгөрсөн сонгуулиар Төвийн бүсэд нэр дэвшиж, Х.Баттулгын МоАХ фракцынхныг түшиж, УИХ-д гарч ирсэн. Өдгөө АН-ын “Морьтон” фракцын гол төлөөлөл гэгдэж байгаа ч, Ардчилсан намын шинэ дарга О.Цогтгэрэлийн ойрын хүн болсон гэх яриа АН-ынхан дунд гарч эхэлсэн нь ор үндэсгүй цуурхал ч биш байж мэднэ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн намар Ардчилсан намын даргын сунгааныг зохион байгуулахад Дотоод сонгуулийн хорооны гол хүн нь болж, О.Цогтгэрэлийг намын даргын сунгаанд ялалт байгуулахад чамгүй үүрэгтэй оролцсон гэх нь ч бий.
Өвөрхангай аймгийн Ардчилсан намын даргаар УИХ-ын гишүүн П.Батчимэг сонгогдсон. “АПУ”-гийн гэх тодотголтой П.Батчимэгийн хувьд УИХ-ын сонгуульд Өвөрхангайгаас нэр дэвшээд өвдөг шороодож, Дорнодод мөн унаж байлаа. Эцэст нь, 2024 онд АН-ын жагсаалтад багтаж, гишүүн болсон. Тэгвэл нэмээд ирэх сонгуулиар Өвөрхангай аймгийн АН-ыг удирдаж, орох нь тодорхой боллоо. АН-ын дотоод сонгуулийн гол будилаан нийслэлд өрнөж, нийслэлийн дүүргүүдээс чамгүй олон УИХ-ын гишүүд намын дунд шатны дарга болж дэвшиж гарч ирлээ.
Түүнээс хамгийн их анхаарал татсан нь Баянгол дүүргийн АН-ын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар байв. Түүний хувьд Баруун бүс буюу УИХ-ын сонгуулийн III тойргоос УИХ-д сонгогдсон. Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажилласан гэхээс өөрөөр төрд ажилласан туршлага багатай, нэмээд өнгөрсөн найман жил Баянгол дүүрэгт ноёрхлоо тогтоож ирсэн С.Эрдэнийн бүлэглэлийнхнийг давж, Баянгол дүүргийн намын дарга болсон гэдэг нь олны анхаарлыг татаж, шуугиулж байна, үнэндээ. Тэр тусмаа хамгийн их “царцаа” нүүлгэсэн гэх дуулианы гол бай болоод байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар намын даргаар О.Цогтгэрэлийг болгоход хамгийн их хөлсөө дуслуулж гүйсэн шагналаа хүртсэн гэхэд хилсдэхээргүй байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийг АН-ын даргаас огцруулах акц зохион байгуулж, гардаж хийсэн ганц төлөөлөгч нь О.Амгаланбаатар. Тиймдээ ч намын даргаасаа бэлгээ авч, БГД-ийн АН-ын даргыг “царцаа”-даж байгаад авсан гэдэг нь ор үндэсгүй мэдээлэл ч биш болов уу.
Түүний араас олны анхаарлыг татсан нь УИХ-ын гишүүн А.Ганбаатар Баянзүрх дүүргийн АН-ын даргаар сонгогдсонд байв. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд Баянзүрх дүүргийн АН-ыг Х.Баттулгын МоАХ фракцынхан буюу Ц.Батцогт хоёр сонгууль дараалж, удирдаж, өдгөө Нийслэлийн АН-ын даргаар болтлоо томорсон. Мөн л энэ удаагийн АН-ын дотоод сонгуулийн үеэр хамгийн их хор найруулсан дуулиантай дүүргээр Баянзүрх дүүрэг нэрлэгдэж байна. УИХ-ын гишүүн, Баянзүрх дүүргийн АН-ын даргаар сонгогдсон А.Ганбаатарын хувьд ажилласан намтраараа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой салшгүй сэжмээр холбогддог.
Нийслэлийн Төвийн дүүрэг болох Сүхбаатар дүүрэг хуучнаа салж чадсангүй. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар дүүргийн АН-ын ахиад л Х.Болормаа дөрвөн жил удирдах нь тодорхой боллоо. УИХ-ын гишүүн Х.Болормаагийн хувьд 2024 оны сонгуулиар МАН-ынхантай санал “наймалцаж” гэх дуулианд нэр холбогдсон удаатай.
Түүнчлэн Чингэлтэй дүүргийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн Ц.Баатархүү сонгогдлоо. Уг гарал улс төрийн замналаараа Хотын дарга асан Э.Бат-Үүлийн улс төрд бойжуулсан улстөрч мөнөөс мөн. Гэвч сүүлийн үед Э.Бат-Үүл даргаасаа харилцаагаа тасалж, Х.Баттулгын фракцынхантай сүжрэх болсон. Цаашлаад Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газарт сайд болж дэвшснээсээ хойш МАН-ын “БЭТ” болтлоо төрөл арилжсан гэх нь ч бий.
УИХ-ын гишүүн Б.Түвшин Хан-Уул дүүргийн АН-ыг удирдахаар боллоо. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуутай өрсөлдөж, ялалт байгуулснаар тус дүүргийн АН-ын дарга болсон. Тэдний хувьд аль аль нь MCS-ын гаралтай гишүүд. АН-ын дотоод сонгуулиас Сэлэнгэ аймгийн АН-ын даргаар Сангийн сайд С.Баярцогт сонгогдсон нь олны анхаарал татлаа. Ийн АН доторх MCS-ын бүлэглэлийнх ч ганзага хоосонгүй АН-д хэдэн даргын суудалтай байна.
Баянхонгор, Булган, Дорноговь, Дундговь, Дорнод, Баян-Өлгий, Төв аймаг, Сонгинохайрхан гэхчлэн дунд шатны намын даргаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гэх тодотголтой улстөрчид ялалт байгуулсан . Үндсэндээ Үндэсний бодлогын хороодын гишүүдийн олонх нь МоАХ-ын угшилтай улстөрчид байна. Ингээд харвал АН-ын дотоод сонгуулиар Х.Баттулгынхан хүчээ зузаатгаж, О.Цогтгэрэл царцаа нүүлгээд ч арай дутуудлаа даа.
| АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |