Эргэлт.мн мэдээллийн сайт улирч буй 2024 оны онцлох 10 тоогоор дамжуулан улс төр, нийгмийн халуун үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
УИХ-ын 126 гишүүн
УИХ-ын 76 гишүүн гэж хэлж дадсан бид 126 гишүүн гэж хэлж хэвших хэрэгтэй болов, энэ онд. Өөрөөр бол, өнгөрсөн оны зургадугаар сард баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ оны зургадугаар сард анхны 126 гишүүнтэй УИХ бүрдлээ. Энэ удаагийн сонгуульд 19 нам, хоёр эвслээс тойрогт 927, жагсаалтаар 372, бие дааж 42 хүн нэр дэвшсэнээс УИХ-ын 126 гишүүний 68 нь МАН-аас, 42 нь АН-аас, найм нь ХҮН намаас, дөрөв нь ИЗНН-аас, дөрөв нь Үндэсний эвслээс бүрдсэн. МАН-ын хувьд, найман жил тасралтгүй засагласан ч энэ нь эргээд сул тал нь болж, асар айдастай оролцсон ч гурав дахь ялалтаа байгуулж чадсан. Гэхдээ С.Зоригийн хэргээс эхлээд улиг болсон хуучин тактикуудаа хүртэл шавхсаныг нь дурдах нь зүйтэй. Харин АН-ын хувьд дөрвөн жил дотроо хэрүүл, хагаралтай байсан гэхэд чамлахааргүй амжилттай байсан гэж хэлж болно. ХҮН намын хувьд, хотын сонгогчдодоо хэт найдаж, орон нутаг руу хүч хаясан ч төсөөлөл, төлөвлөгөөнийхөө талд ч хүрээгүй. ИЗНН-ын хувьд, өөрсдөө ч гайхмаар үр дүнд хүрсэн. Үндэсний эвслийн хувьд үндсэн зорилгоо л биелүүлсэн гэж дүгнэхээр байв.
Статистикийн хувьд, шинэ УИХ-ын 126 гишүүний хамгийн залуу нь 27 настай С.Цэнгүүн, хамгийн ахмад нь 73 настай Г.Рэгдэл байв. Мэргэжлийн хувьд, инженер 17, хуульч 29, эдийн засаг, санхүүгийн 40, хэд судлал, гадаад харилцааны найм, багш найм, эмч тав, сэтгүүлч тав, улс төр судлаач дөрөв, улс төр судлаач дөрөв, үлдсэн нь геологич, дизайнер, жүжигчин, зураагч, социологич, физикч мэргэжилтэй хүмүүс сонгогдсон.
Ямартай ч, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байгуулагдсан анхны 126 гишүүнтэй УИХ анхны төсвийнхөө ард гарснаас арай гэж гарснаас өөр гойдын гавьяагүйгээр энэ оныг дуусгаж байна.
100 жил
Энэ онд сошиал сүлжээнд ч, саарал ордонд ч хамгийн "гал дагуулсан" сэдэв нь гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалт агуулсан Хөрөнгө оруулалтын тухай хууль байсан. Тодруулбал, өнгөрөгч 2023 оны зургадугаар сард Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Улмаар энэ оны нэгдүгээр сард УИХ-аар Ч.Хүрэлбаатарын Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн байдаг. Ноцтой нь, Хөрөнгө оруулалтын тухай хуульд "Гадаадын хөрөнгө оруулагчид газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, эзэмшүүлэх, хугацааг гэрээний анхны нөхцлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах" заалт орсон байсан нь асуудал дагуулсан. Өөрөөр бол, гадаадын иргэнд газрыг эхлээд 60, дараа нь 40 буюу нийт 100 жилээр эзэмшүүлдэг болох энэ заалт энэ оны хамгийн халуун сэдэв болж ийнхүү дэгдсэн.
Улмаар Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт хаяглан Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгасан гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг эсэргүүцсэн шаардах бичгийг хүргүүлж, МоАХ-ноос ч хэдэнтээ хэвлэлийн хурал хийсэн. Мөн гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэхтэй холбоотой заалтыг тойрсон хэрүүлийн хамгийн сонирхолтой хэсэг нь Х.Баттулга ба энэ хуулийн төслийн "автор" Ч.Хүрэлбаатар хоёрын "хятад цус"-ны хэрүүл байсныг санаж буй байх.
Гол нь, иргэн Н.Номун-Эрдэнэ “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” агуулгатай нийтийн өргөдлийг Улсын Их Хурлын албан ёсны цахим системд гаргасныг 100,167 иргэн дэмжиж саналаа өгсөн байдаг. Түүхэндээ анх удаа 100 мянган иргэний гарын үсэг цахимаар цугласан, ингэхдээ газрыг 100 жилээр эзэмшүүлэхийг эсэргүүцэж ийнхүү нэгдсэн нь онцлох үйл явдал болсон.
Ингээд энэ оны дөрөвдүгээр сард УИХ-аас Хөрөнгө оруулалтын тухай хуулиас гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг хасаж баталсан. Тухайн үед УИХ-ын дарга Г.Занданшатар "Үндсэн хуулийн заалтыг амьдралд хэрэгжүүлж, 100.000 иргэдийн санал Монголын түүхэнд анх удаа хууль болон батлагдаж байна" хэмээн онцолж байв.
3.9 жил
Хоёр жил гаруй хугацаанд хэвлэлүүдийн нүүрэнд “заларч”, хууль хяналтынхны толгойг гашилгаж, олны, бас ордны “тамхины цэг”-ийн ярианы сэдэв байсан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хоёр энэ оны есдүгээр сард 3.9, 2.6 жилийн ял авцгаалаа. Уг нь энэ оны нэгдүгээр сард Анхан шатны шүүхээс Б.Ганхуягт 5.9 жил, Т.Аюурсайханд 3 жилийн хорих ял оноосон. Гэсэн ч тэд давж заалдсанаар Б.Ганхуяг хорих ялаа хоёр жилээр, харин Т.Аюурсайхан дөрвөн сараар хасуулж дөнгөсөн нь энэ.
Ингэснээр “нүүрсний хулгай”-н хэрэгт төр ч, түмэн ч цэг хатгав. Уг нь “нүүрсний хулгай”-н хэрэгт Б.Ганхуяг, Т.Аюурсайхан хоёрын араас ачигдах ёстой АН, МАН-ын томчууд олон бий. Гэхдээ тал нь түшээ, тал нь шувуу болчихсон учраас Б.Ганхуяг, Т.Аюурсайхан хоёр ийнхүү “нүүрсний хулгай”-н хэргийг хувааж үүрээд явцгаалаа. Дээрээс нь, Б.Ганхуяг, Т.Аюурсайхан хоёр бусадтайгаа харьцуулахад хэтэрхий сагасан, салан задгай байсан.
Хотын захад хоёр давхар жижигхэн цэцэрлэгтэй байсан Б.Ганхуяг хотын төвд шилэн барилгатай, бүр хувийн хотхонтой болсон. Хөөрөгний чулууны наймаачин байсан Т.Аюурсайхан хурдан моринд мөнгө хайрлахаа больсон. Тэгэхээр “туг тахигдах” замаа өөрсдөө засацгаасан гэхэд хилсдэхгүй.
38 мянган зуух
Утаагүй зуух тараалт Х.Нямбаатарт удамшиж ирлээ. Тодруулбал, 2010-2016 онд гадаад зээл, тусламж, улсын төсвийн 160 гаруй тэрбум төгрөгөөр Улаанбаатар даяар 170 мянган утаагүй зуух тарааж байлаа. Гэвч утаагүй буураагүй. Улмаар 2018 онд “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулж, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, өнөөх утаагүй зуухандаа зургаан жил түллээ. Бас л утаагүй буурсангүй, улам ч өтгөрөх янзтай.
Гэтэл Хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн түүхээ давтаж, энэ онл гэр хорооллын 82,500 айлын зуухыг солих шийдвэр гаргалаа. Улсын эхний ээлжинд улсын төсвийн 28 тэрбум төгрөгөөр 32 мянган зуух худалдан авч, гэр хорооллын айлуудад зээлээр тараахаар болж, энэ сарын 2-нд тендерээ зарлаад амжсан.
Ноцтой нь, Хотын дарга Х.Нямбаатар, Байгаль орчны сайд С.Одонтуяа хоёр "Нүүдэлчин" гэх нэртэй зуухыг сонгож тараахаар болсноо хоёр хоногийн өмнө нийтэд зарласан. Гэтэл "Нүүдэлчин" нэртэй зуухыг нийлүүлэгч нь “Эко ресурс” ХХК гэж бий. "Эко ресурс" ХХК-ийг Цэрэндоржийн Мөнхбаатар, Паламын Баярцог гэх хоёр хүн эзэмшдэг, эцсийн өмчлөгчөөр нь ч хоёулаа бүртгэлтэй байдаг. Гэтэл "Эко ресурс" ХХК-ийг эзэмшигч, эцсийн өмчлөгч П.Баярцог гэгч нь Байгаль орчны сайд С.Одонтуяагийн хүү Ө.Үнэнбүрэнгийн эхнэр буюу бэр Батбаярын Алтантариатай “Веллком” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Тэгэхээр Улаанбаатар хотод тараах 32 мянган зуухыг Байгаль орчны сайд С.Одонтуяа Хотын дарга Х.Нямбаатарт "шахаж" байж болзошгүй маш ноцтой сэжүүр гарч ирж байгаа юм.
Ямартай ч, он гармагц тараагдаж эхлэх 32 мянган зуухны асуудал араасаа "Ногоон автобус"-ны хэрэгтэй дүйцэхүйц асар том асуудал дагуулж мэдэхээр буй.
14 мега төсөл
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Лу.Гантөмөр, ХҮН-ын дарга Т.Доржханд гурав нэг хөгжилд орж, өөрсдийгөө Хамтарсан Засгийн газар гэж нэрлэсэн. Улмаар Хамтарсан Засгийн газар цаасан дээр царцсан 14 мега төслийг ирэх оноос хэрэгжүүлж эхлэхээ зарласан. Өөрөөр бол, 14 мега төслийг хамтдаа хэрэгжүүлж, хожим ирэх ял, ямбаа хамтарч үүрнэ гэсэн санаагаар ийнхүү Хамтарсан Засгийн газар байгуулсан гэсэн үг.
Тухайлбал, хамгийн эхлээд Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбосон 32.7 км хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлнэ. Энэ төслийг Хятадын тал хариуцаж хэрэгжүүлнэ, гагцхүү төлбөрт нь бид юу өгөх вэ гэдэг нь энэ оны улс төрийн хаалтын халуун сэдэв болоод буй. Араас нь, Монгол-Францын хамтарсан Ураны төслийг хэрэгжүүлж эхэлнэ. Эрчим хүчний салбарт, Тавантолгойн ДЦС, Эрдэнэбүрэн болон Эгийн УЦС-ын төслүүд хэрэгжинэ. Жишээ нь, 1964 оноос хойш яригдсан Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг Хятадын 253 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болж, ирэх хавар бүтээн байгуулалтын ажил нь эхлэхэд бэлэн болоод буй. Цаашилбал, хангайгаас говь руу ус татах Хэрлэн-Тооно, Орхон-Онги төслүүд, Эрээнцав-Чойбалсан-Баруун урт-Бичигт чиглэлийн авто замын төсөл, Сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийн төсөл, Нүүрс-хими, Кокс-химийн цогцолбор, Зэс боловсруулах цогцолбор, Гангийн үйлдвэр, Газрын тос боловсруулах үйлдвэр, Алт цэвэршүүлэх үйлдвэр, Үндэсний хиймэл дагуул гэсэн төслүүд багтаж буй.

Онцгойн гурван алба хаагч
Энэ оны нэгдүгээр сарын 24-ний шөнө БЗД-ийн 26-р хороо, “Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар дээр "Дашваанжил" ХХК-ийн 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин БХЯ-ны эзэмшлийн Nissan patrol маркийн автомашинтай мөргөлдөж, улмаар их хэмжээний газ агаарт алдагдсаны улмаас дэлбэрэлт болсон. Дэлбэрэлтийн голомтод онцгой байдлын байгууллагын нийслэл дэх 13 анги, үндэсний аврах бригадын 200 гаруй албан хаагч, 50 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажилласан. Харамсалтай нь, онцгой байдлын албан хаагчдын дэлбэрэлтийн голомтод ажиллаж байх үед 60 тонны сав буюу ёмкость хүчтэй дэлбэрэлтийн улмаас 40 метр зайд шидэгдэж, Баянзүрх дүүрэг дэх Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гурван албан хаагч өртөж амь насаа алдсан. Амиа алдсан албан хаагчид онцгой байдлын албанд 4-7 жил үүрэг гүйцэтгэсэн 28-30 насны залуус байсан.
Дэлбэрэлтэд амиа алдсан албан хаагчдыг нэгдүгээр сарын 29-нд эцсийн замд нь үлдсэн бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян, тухайн үеийн НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Хотын даргын орлогч П.Сайнзориг болон онцгой байдлын албаны ангиуд, ар гэрийнхэн нь оролцож хүндэтгэл үзүүлж байв.
Ийнхүү идэр залуухан гурван албан хаагч Улаанбаатар хот ямар ч стандартгүй, дүрэм, журамгүй, амьд явах баталгаагүй байгааг амиараа харуулаад одсон.
33.5 их наяд
Шинэ УИХ ирэх 2025 оны төсвийг халуун намраас хүйтэн өвөл дамнуулан хэлэлцэж, хоёр удаа баталж байж арай л гэж албажуулав.
Эргэн сануулбал, Засгийн газраас 2025 оны төсвийн төслийг наймдугаар сарын 30-нд УИХ-д өргөн барьсан. Ингэхдээ орлогыг 33.8 их наяд, зарлагыг 35.7 их наяд, алдагдал 1.9 их наяд байхаар тусгасан. Гэвч хэтэрхий үрэлгэн төсөв боллоо гэж шүүмжлүүлсэн. Арга ч үгүй, албан томилолтын зардал 111.7 тэрбумд хүрч дөрөв дахин, Тавилга, эд хогшлийн зардал 267.9 тэрбумд хүрч 2.2 дахин, Тоног төхөөрөмжийн зардал 817.5 тэрбумд хүрч 3.4 дахин өссөн, гэх мэтээр. Мөн үргэлгэн зарлагын "топ" жишээгээр Соёлын сайд Ч.Номингийн 18 тэрбум төгрөгийн ваучерыг тодорсон. Ингээд, иргэдийн шүүмжлэлийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Ж.Баярмаа тэргүүтнүүд соргогоор өлгөн авч, 2025 оны төсвийн зарлагыг 3.6 их наяд төгрөгөөр танах шаардлага тавьж, тэр хэрээр олон нийтээс оноо аваад амжсан.
Улмаар арваннэгдүгээр сарын 8-нд УИХ-аас 2025 оны төсвийг баталсан. Гэвч арваннэгдүгээр сарын 20-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Ингээд Засгийн газраас 2025 оны төсвийн орлогыг 394 тэрбум төгрөгөөр бууруулж, 2.3 их наяд төгрөгийн зарлага хасаж, улмаар орлогыг 33.5 их наяд, зарлагыг 33.5 их наяд буюу алдагдалгүй байхаар шинэчлэн боловсруулж, энэ сарын 4-нд УИХ-д дахин өргөн барьсан. Хугацаа үлдээгүй учраас УИХ-аас энэ сарын 12-нд 2025 оны төсвийг хоёр дахь удаагаа баталсан.
Ямартай ч, он шувтрахтай зэрэгцээд Засгийн газар хэл ам, хэрүүл шуугиантайгаар ч болов төсвөө батлуулж авлаа.
135 мянга
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д өргөн барьж, энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд батлуулсан. Энэ сарын 20-ны байдлаар Үндэсний баялгийн сангийн Ирээдүйн өв санд 4.0 их наяд төгрөг, Хөгжлийн санд 240 тэрбум төгрөг төвлөрөөд буй бол, Хуримтлалын санд 495 тэрбум төгрөг буюу иргэн бүрд 135 мянган төгрөгийн хадгаламж үүсээд буйг Засгийн газар зарласан. Иргэд энэхүү хадгаламжаа боловсрол, эрүүл мэнд, орон сууцандаа бэлэн бусаар захиран зарцуулах боломжтой.
Сонирхуулахад, Засгийн газрын өгсөн амлалтаар бол 14 мега төсөл хэрэгжсэнээр 2030 он гэхэд Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд 18-20 их наяд төгрөг төвлөрөх тооцоо бий. Тэгэхээр иргэн бүрд 5.4 сая орчим төгрөгийн хадгаламж болно гэсэн үг.
Дөрвөн сонсгол
Өнгөрсөн онд Хөгжлийн банкны, Нүүрсний хулгайн нээлттэй сонсголыг Төрийн ордонд зохион байгуулж, ёстой л бужигнаж байлаа. “Нүүрсний хулгай”-н сонсголд л гэхэд шувуу болоод нисчихсэн Н.Удаанжаргал, шоронд байгаа Б.Ганхуяг тэргүүтэй гол хүмүүс нь оролцоогүй боловч Х.Баттулга, Д.Баясгалан тэргүүтэй “домог”-ууд оролцсон. Хоорондоо хэрхэн хуйвалдаж, яаж хулгай хийсныг нь яриулах эгдүүцмээр, бас эмгэнэмээр байсан.
Харин энэ онд Эмийн, Ногоон автобусны, Ашигт малтмалын, Эрүүдэн шүүлтийн гэсэн дөрвөн сонсголыг Төрийн ордонд зохион байгуулсан. Ногоон автобусны сонсгол 98 гэрч, Ашигт малтмалын лицензийн сонсголд 105 гэрч, Эмийн сонсголд 150 гэрч, Эрүүдэн шүүлтийн сонсголд 50 хүн оролцсон. Уг нь оролцсон хүнийх нь тоо олон боловч эдгээр сонсголууд нийгэмд сонсогдоогүй. Өөрөөр бол, тоогдолгүй өнгөрсөн. Ялангуяа, Хотын дарга асан Д.Сумъяабазар, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар хоёрыг "хөтлөлцүүлээд" суудлаад нь буулгасан, ЖДҮ-тэй дүйцэхүйц ил цагаан хулгай гэгдэж асан "Ногоон автобус"-ны хэргийн нээлттэй сонсгол ч олны анхааралд орж чадаагүй.
Түүнчлэн, энэ онд М.Энхболдоос эхлээд Д.Сумъяабазар хүртэлх үе үеийн Хотын дарга нар газраар хэрхэн хөлжсөнийг сонсох Газрын наймааны сонсгол явуулах товтой, бас хүлээлттэй байсан ч талаар болов.
Харин он гармагц, хоёрдугаар сард Утааны сонсгол хүлээгдэж буй.
20 минутын хот
Хотын дарга Х.Нямбаатар "20 минутын хот" мөрийн хөтөлбөр дэвшүүлж, намаа НИТХ-д олонх болгож чадлаа.
Гол агуулга нь, нийслэл Улаанбаатар хотыг Улсын зэрэглэлтэй хоёр хот, орон нутгийн зэрэглэлтэй 14 хот, дагуул хотуудад хуваан, бие даан хөгжүүлэх замаар иргэн бүр нийгэм, төрийн үйлчилгээг 20 минут алхах зайд авах цахим төлөвлөлт бүхий нэгдсэн стандарттай болгох. Тодруулбал, Улаанбаатар хот дотор Хан-Уул хот, Яармаг хот, Буянт-Ухаа хот, Сонгинохайрхан хот, Баянхошуу хот, Толгойт хот, Өнөр хот, Баянгол хот, Чингэлтэй хот, Сэлбэ хот, Сүхбаатар хот, Баянзүрх хот, Дарь-Эх хот, Амгалан хот гэсэн 14 хоттой болно. Жишээ нь, Хан-Уул хотын иргэн гэрээсээ гараад 20 минут алхаад эмнэлэг, сургууль, төрийн байгууллагын бүх үйлчилгээг авах боломжтой гэсэн үг. 20 минут алхаад хүрэх газарт бүх үйлчилгээг ойртуулчихвал автомашины хэрэглээ багасна, ингэснээр түгжрэлийг бууруулна гэсэн санаа. 
Мөн "20 минутын хот" хөтөлбөрт Бага тойруу-Хөшигийн хөндийг дүүжин гүүр болон туннелээр холбож, 20 минутын дотор Төрийн ордноос “Чингис хаан” нисэх онгоцны буудалд шууд очдог болох төсөл ч багтсан. Энэ хүрээнд Хөшигийн хөндий чиглэлд Богдхан уулыг нүхлэж, туннел барих ТЭЗҮ боловсруулах 55.3 тэрбум төгрөгийн тендерийг өнгөрөгч арваннэгдүгээр сар зарлаад буй.
Ямартай ч, ирэх оны эхнээс Хотын дарга Х.Нямбаатар, Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн хоёрын гардан хэрэгжүүлэх "20 минутын хот" хөтөлбөр ордны ч, олон нийтийн ч хамгийн халуун сэдэв байх нь одооноос тодорхой болоод байна.
ОНЫ ОНЦЛОХ: 2024 ОНД ОЛНЫ АНХААРАЛД БАЙСАН 10 ТОО |
|