Сингапурт суугаа “сахал” Д.Эрдэнэбилэг, саарал ордонд суугаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр хамтрагчид болчихсон байна чинээ хэн санах. Уг нь, “Сахал” Д.Эрдэнэбилэгийн “савар”-аас Эрдэнэтийг, Хөтөлийг, Дарханы төмөрлөгийг сүр дуулиантайгаар буцааж, булаахын завсраар авсан, баривчилж нэг үзээд, бүр Сингапур руу зугтах хүртэл нь шахалт үзүүлсэн, буцаад ирвэл чинь хорино шүү гээд чагталчихсан хүн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Өөрөөр бол, өнөө цагийн хамгийн том дайснууд л гэж тэднийг харж ирсэн. Атал, тэр хоёр Халзан бүрэгтэйн төсөл дээр хоршиж хамтраад эхэлчихэж. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрснөөс өөрцгүй ахынхаа өөдөөс тэрсэлж чаддаг шигээ хамгийн том дайснаа ч тэвэрч чаддаг нэгэн бололтой.
Хагас сарын өмнө Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан бүрэгтэйн орд дээр жагсаал болсон. Тайван жагсаал удалгүй танхайрал болж, хэд хэдэн хүн эмнэлгийн тусламж авсан. Хоёр хоногийн өмнө Ховдоос 20-иод хүн хотод ирж, Халзан бүрэгтэйг эсэргүүцсэн хэвлэлийн хурал хийлээ. Товчхондоо, Халзан бүрэгтэйг тойрсон асуудал намжих болоогүй, харин ч асуудал дөнгөж эхлэж буй нь тодорхой боллоо.
Гол нь, Халзан бүрэгтэйн хувь заяаг дэнслэх эрх мэдэлтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус төслийг зүтгүүлэх ба зогсоохын аль талд байгаа вэ гэдэг нь хамгийн чухал асуудал. Тэгвэл эхэнд дурдсанчлан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Халзан бүрэгтэй төсөлд “сахал” Д.Эрдэнэбилэгтэй хамтрахаар сонголтоо нэгэнт хийчихсэн дүр зураг харагдах боллоо. Тодруулбал, Халзан бүрэгтэйн төслийг зогсоохгүй, зүтгүүлэх ёстой гэсэн байр суурь ил, далдаар илэрхийлэгчид нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн талынхан, танхимынхан байна.
Уул уурхай, эрдэс баялгийн сайд Ц.Туваан- “Эсэргүүцэж байгаад нь харамсаж байна. Халзан бүрэгтэй бол хамгийн ахицтай яваа төсөл”
Уул уурхай, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны хувьд Халзан бүрэгтэйн төслийг зогсолтгүйгээр зүтгүүлэх саналтай байгаагаа ил цагаан илэрхийлсэн. Тэгэхдээ бүр жагсагчид “Сахал” Д.Эрдэнэбилэгийн ажилчдыг зодсон асуудалд үнэн сэтгэлээсээ харамсаж буйгаа ч илэрхийлсэн. Тодруулбал, Ц.Туваан өнгөрөгч долоо хоногт “Халзан бүрэгтэй төслийг хэрэгжүүлэгч компани хуулийг дагуу, ямар ч зөрчилгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл жагсагчид тухайн компани руу халдсан хэрэг гарсанд харамсаж байгаа. Манай улсад газрын ховор элементийн чиглэлээр хамгийн их ахиц, дэвшил гаргасан төсөл нь Халзан бүрэгтэй. “Уран”-тэй холбогдож, ташаа мэдээллээр иргэдийг турхирч, хувийн компанийн хөрөнгөд халдсаныг буруу гэж үзэж байгаа” гэж мэдэгдсэн.
Хүний их эмч Ц.Туваан хамтарсан засагт уул уурхайн сайдаар заларснаа азтайд тооцож, сэнтийдээ удаан суухыг л бодно. Тэгэхээр Ц.Туваанд Засгийн тэргүүнтэйгээ тэрслэх зориг ч, зорилго ч байхгүй. Дээрээс нь, 14 мега төсөл хэрэгжүүлэх асар том амбицтай байгуулагдсан Засгийн газар ам, амь нэг байхыг чухалчилж байгаа. Товчхондоо, Ц.Тувааны байр суурь бол Засгийн газрын байр суурь. Өөрөөр бол, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Халзан бүрэгтэйн асуудалд “Сахал” Д.Эрдэнэбилэгтэй нэг талд байгаа нь Уул уурхайн сайд Ц.Тувааны амаар дамжиж ийнхүү тодорхой боллоо гэсэн үг.
УИХ-ын гишүүн Э.Болормаа- “Халзан бүрэгтэйг стратегийн ордын түвшинд авч үзэх ёстой”
УИХ-ын гишүүн Э.Болормаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувь, хувьсгалын үнэнч хамтрагч. Тэд тэртээ 2015 онд АНУ-д сурч байхдаа танилцаж, хожим нь 2021 онд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болмогцоо Э.Болормааг Бээжингээс дуудан авчирч, Ажлын албаны даргаараа томилж байв. Улмаар 2022 оны намар Л.Оюун-Эрдэнэ Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар илгээсэн. Зорилго нь, Э.Болормааг олон жил гацсан Ховд дахь Эрдэнэбүрэнгийн станцын төсөл болон эсэргүүцэлтэй тулгарах нь анхнаасаа тодорхой байсан Халзан бүрэгтэйн төслийг зүтгүүлэх “автор” болгох гэж. Өөрөөр хэлбэл, Э.Болормаа ингэж Ховдын Засаг даргаар хоёр жил ажиллаж, Ховдоос УИХ-ын гишүүн болсны хувиар Эрдэнэбүрэнгийн асуудалд ч, Халзан бүрэгтэйн асуудалд ч манлайлан оролцох эрхтэй болж авсан.
Тиймдээ ч УИХ-ын гишүүн Э.Болормаа хагас сарын өмнөөс буюу Халзан бүрэгтэйн төслийн асуудал хурцдаж эхэлсэн цагаас хэвлэлд хамгийн их ярилцлага өгч байгаа. Өнгөц харвал, Э.Болормаа Халзан бүрэгтэйг эсэргүүцээд байгаа мэт. Гэхдээ үнэн хэрэгтээ Э.Болормаа Халзан бүрэгтэйн ордыг стратегийн орд болгох замаар хэн хэндээ ашигтайгаар, хэл амгүйгээр ашиглах боломжтой гэсэн санаа цухалзуулж буй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Э.Болормаа саяхан өгсөн ярилцлагадаа “Бидний хувьд газрын ховор элементийн анхны төсөл учраас гараанаас зөв гараасай гэж бодож байгаа. УИХ-ын гишүүний хувьд би юу хийж чадах вэ гэхээр хууль санаачлах. Судлаад явж байна. Миний бодлоор Халзан бүрэгтэйг стратегийн ордын түвшинд авч үзэх ёстой. Тэгж байж төрийн оролцоо, төрийн бодлого нь тодорхой болно. Тэгснээр Үндэсний баялагийн сан хэрэгжиж эхлэнэ” гэж ярьсан. Өөрөөр хэлбэл, Э.Болормаагийн энэ ярианаас “Халзан бүрэгтэйн ордыг стратегийн орд болгочихвол төр “сахал” Д.Эрдэнэбилэгтэй хамтраад хэл амгүй ашиглах боломжтой” гэсэн санаа ойлгогдож байгаа биз.
Тэгвэл томоохон ордуудыг стратегийн орд болгож, төр тэндээс хувь эзэмшиж, эзэмшил хувьд ногдох ашгаа Үндэсний баялагийн санд хуримтлуулж баяжих боломжтой гэдэг санааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн онд гаргаж, бүр хууль болгож баталсан. Тэгэхээр Халзан бүрэгтэйг стратегийн орд болгож, тэндээс төр хувь эзэмшиж, ашиг хүртэх тухай ярьж байгаа Э.Болормаагийн санаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мөрөөдөл хоёр яг мөргөж байгаа биз. Эндээс, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Сахал” Д.Эрдэнэбилэгтэй “Халзан бүрэгтэйн ордыг стратегийн орд болгоод хэн хэндээ ашигтайгаар, гол нь нутгийн иргэдийн эсэргүүцэлгүй, хэл амгүйгээр хамтарч ашиглъя” гэдэг агуулгаар гар барьсан, тиймдээ хүчтэй зүтгүүлж байж болох сэжүүрч гарч ирж байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Уянга- “Халзан бүрэгтэйг нутгийн иргэдэд зөв ойлгуулахад би бүх хүчээ дайчлахад бэлэн”
УИХ-ын гишүүн Б.Уянга бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн уул уурхайн салбарыг төлөөлүүлэн жагсаалтаар Төрийн ордонд оруулж ирсэн геологич. Тиймдээ ч Б.Уянга Халзан бүрэгтэйн асуудалд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн талд зогсож, гол нь Халзан бүрэгтэйг эсэргүүцэж буй орон нутгийн иргэдийг сэнхрүүлэхэд бүх чадлаа дайчилна гэдгээ ил цагаан илэрхийлсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Уянга өнгөрөгч долоо хоногт Ховдоос гаралтай УИХ-ын гишүүдэд “Хамтран ажиллах тухай” албан бичиг хүргүүлсэн. Тус албан бичиг нь “Газрын ховор элемент нь цаашдаа эдийн засгийн тэлэлтэд чухал ач холбогдолтой тул баруун аймгуудын иргэдэд газрын ховор элементийн тухай зөв ойлголт өгөхөд хамтран зүтгэхэд бэлэн байна” гэсэн агуулгатай байсан. Өөрөөр бол, УИХ-ын гишүүн Б.Уянга “Халзан бүрэгтэйг эсэргүүцээд байгаа орон нутгийн иргэдэд би газрын ховор элементийн ач холбогдлыг тайлбарлаж өгөе. Надтай хамтар” гэсэн хэрэг.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа- “Ураныг дэмжиж байна”
Халзан бүрэгтэйн орд ураны агууламжтай, ухаад эхэлбэл ураны цацраг ялгарч, улмаар байгаль, хүн, малыг хордуулна гэдэг гол агуулгаар нутгийн иргэд эсэргүүцэж буй. Байгаль орчинд хортой эсэх тухай асуудал яригдаж буй учраас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн байр суурь зайлшгүй чухал. Өөрөөр хэлбэл, Халзан бүрэгтэйн төслийн цаашдын хувь заяанд салбарын сайд С.Одонтуяа хэний талд байх нь хамаатай гэсэн үг. Тэгвэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа өнгөрөгч долоо хоногт өгсөн ярилцлагадаа “Ураны тухайд, Засгийн газрын зүгээс ураны олборлолтыг бүрэн дэмжиж байгаа. Эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой. Бидний хувьд байгаль орчны хяналтаа сайн тавиад явахад асуудалгүй. Халзан бүрэгтэйн тухайд олон улсын шинжээч хөлсөлж, байгаль орчинд үнэхээр сөрөг нөлөөтэй эсэхийг нь судлуулна” гэдэг хоёр өгүүлбэр хэлсэн. Тэгэхээр эндээс С.Одонтуяа хэний талд байгаа нь тун тодорхой харагдаж буй. Нэгдүгээрт, орон нутгийн иргэд Халзан бүрэгтэйг урантай гэх шалтгаанаар эсэргүүцэж байгаа. Харин С.Одонтуяа ураныг дэмжиж байгаа. Тэгэхээр С.Одонтуяа Халзан бүрэгтэйг дэмжиж байна гэсэн үг. Хоёрдугаарт, Байгаль орчны яамны захиалгаар мөнгө авч ирсэн шинжээч Ховдын Мянгад суманд суугаа малчины талд орох уу, С.Одонтуяагийн талд орох уу гэдэг асуудал. Хариулт нь ойлгомжтой биз. Товчхондоо, Халзан бүрэгтэйн асуудалд С.Одонтуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ам, амь нэг байгаа буюу “сахал” Д.Эрдэнэбилэгийн талд байна гэсэн үг.
Товчхондоо, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувь, хувьсгалын найз Э.Болормаа, түүний УИХ-д оруулж ирсэн геологич Б.Уянга, Уул уурхайн сайд Ц.Туваан, Байгаль орчны сайд С.Одонтуяа нар Халзан бүрэгтэйг үргэлжлүүлэх ёстой гэсэн байр суурь илэрхийллээ. Тэгэхээр энэ бүгд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн байр суурь гэж ойлгогдож байгаа юм.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хил даваад зугтсан “сахал” Д.Эрдэнэбилэгтэй найрамдаж, Халзан бүрэгтэйн төслийг нь зүтгүүлж эхэллээ гэхэд цаана нь ямар тохироо байх боломжтой вэ.
Таамаг 1
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн засаглах хугацаандаа 600 гаруй төсөл хэрэгжүүлэхээр зарласнаас 14 нь мега төсөл. Энэ мега төслүүдийг хэрэгжүүлэхэд түүнд 120 их наяд төгрөг шаардлагатай. Гэтэл алт, зэс, нүүрсээ аль чадахаараа худалдаж, ард иргэд, аж ахуйн нэгжийнхээ татварын нэмж байж жилд арай гэж 30 орчим их наяд төгрөгийн төсөв бүрдүүлэх гэж зүдэрч байна. Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд 120 их наяд төгрөгөө яаж бүрдүүлэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Харамсалтай нь, ухсанаа урагш нь гаргаж зарахаас өөр орлогогүй шахуу манай улсад мөнгө олох цөөхөн арга бий. Эхнийх нь, сурсан зангаараа гаднаас зээл авах. Сангийн сайд Б.Жавхлан гадаад өр 35 их наядыг хэдийнэ давчихсан байгаа ч ирэх онд 40 их наяд давуулна гэж ил цагаан зарлачихсан. Дараагийнх нь, уран, газрын ховор элемент гэх үнэтэй баялагуудаа нэн яаралтай экспортлож эхлэх. Жишээ нь, дэлхийн зах зээлд нэг грамм газрын ховор элемент 20 мянган ам.долларын үнэ хүрдэг гэх. Гэтэл нэг тонн нүүрсний үнэ 100 ам.доллар байдаг. Тэнгэр, газар шиг зөрүүтэй. Харин манайд байгаа газрын ховор элементийн ордуудаас хайгуул, судалгааны ажил нь жигдэрчихсэн, ажлаа эхлэхэд бэлэн орд нь “Сахал” Д.Эрдэнэбилэгийн Халзан бүргэтэй. Мэдээж, Халзан бүрэгтэй өнөөдөр эхэллээ гэхэд маргааш ашгаа өгчихгүй, хугацаа хэрэгтэй. Гэхдээ морь унаж, туг барьсан “галзуу” жагсагчдынхаа асуудлыг нэг тийш шийдээд, гараанаас гарах нь чухал. Энэ асуудлыг нь Л.Оюун-Эрдэнэ шийдээд өгчихвөл “сахал” Д.Эрдэнэбилэг түүнийг “гар хоосон” байлгахгүй байх. Өөрөөр бол, Л.Оюун-Эрдэнэд 600 төсөл, тэр тусмаа 14 мега төслөө хэрэгжүүлэхэд мөнгө хэрэгтэй, харин “сахал” Д.Эрдэнэбилэгт мөнгө, бас гадаад хөрөнгө оруулагчдын сүлжээ бий. Энэ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “сахал” Д.Эрдэнэбилэгтэй “тэврэлдэх” нэг шалтгаан байж болно.
Таамаг 2
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 14 мега төслийнхээ нэгийг, эсвэл хоёрыг нь “Сахал” Д.Эрдэнэбилэгт хариуцуулахаар тохирчихсон юм биш гэх хардлага байна. Хариуд нь, Халзан бүргэтэй төслийг нь хэл амгүй явуулж өгөх тохироотой байж болно. Тийм байх боломжтой.
Жишээ нь, мега төслийн тоонд орох Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг “Голомт”-ын Д.Баясгалангаар бариулсан. Тэгэхдээ түүнтэй оффтейк гэрээ гэгчийг байгуулж, нүүрсээр тооцоогоо хийсэн. Харин одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Х.Нямбаатар хоёр “Голомт”-ын Д.Баясгалангийн “Бөөрөлжүүт”-ийн станцын төслийн гол хамтрагчид нь болчихсон яваа. Хоёрхон жилийн өмнө “нүүрсний хулгайч” гэж цоллуулж явсан “Голомт”-ын Д.Баясгалан өдгөө “Бөөрөлжүүт”-ийн станцаараа Улаанбаатар хотыг тэс хөлдөхөөс аврах, бас Улаанбаатар хотын метрог цахилгаан хангах гол хүн гэгдээд аврагчийн, ардын баатарын дүртэй сууж буй.
Өөрөөр хэлбэл, Засгийн газар мега төслөө хувийн компаниар хийлгэж болдгийн хэд хэдэн бодит жишээ нь “Голомт”-ын Д.Баясгалан. Тэгэхээр Худалдаа хөгжлийн банкны эзэн “сахал” Д.Эрдэнэбилэгээр 14 мега төслийнхөө аль нэгийг хийлгэхээр тохиролцсон байх нь боломжтой таамаг. Л.Оюун-Эрдэнэд мөнгө байхгүй ч “Сахал” Д.Эрдэнэбилэгт нүүрсээр ч юм уу, зэсээр ч юм уу тооцоогоо хийх боломжтой. Дээр дурдсан Тавантолгой-Гашуунсухайт шиг. Угаасаа “сахал” Д.Эрдэнэбилэг манайдаа л мега-д тооцогдох Эрдэнэт, Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хувийнхаа компани мэтээр том сэтгэж чадаж байсан хүн. Тэгэхээр энэ таамгийг үгүйсгэх аргагүй.
Таамаг 3
Ер нь Л.Оюун-Эрдэнэ 2021 онд Ерөнхий сайд болсон цагаасаа газрын ховор элементийн ордуудаа ашиглах тухай гадаад, дотоодгүй ярьж ирсэн. Жишээ нь, 2022 онд Германтай, 2023 онд Солонгостой газрын ховор элементийн чиглэлээр хамтрахаар ярилцаж, бичиг цаас солилцож байлаа. Хамгийн сүүлд, өнгөрсөн 2023 оны наймдугаар сард АНУ-д айлчилж, тус улсын дэд ерөнхийлөгч Камала Харристай уулзах үеэрээ “Газрын ховор элементийн олборлолтын чиглэлээр АНУ-тай хамтран ажиллах сонирхолтой байна” гэсэн байдаг. Өөрөөр бол, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Манай улс тун удахгүй газрын ховор элементийн зах зээлд нэг тоглогч болно” гэж хэд хэдэн удаа дэлхий нийтэд зарлачихсан гэсэн үг.
Тэгээд болоогүй, “Алсын хараа-2050” урт хугацааны зорилтод “Газрын ховор элементийн хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлнэ” гэдэг заалт бий. Засгийн газрын 2000-2024 оны мөрийн хөтөлбөрт “Газрын ховор металийн хайгуулын ажлыг нэмэгдүүлнэ” гэсэн заалт байсан. Өнгөрөгч долдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газрынхаа ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийг батлахдаа “Газрын ховор элементийн боловсруулах үйлдвэрийг бодлогоор дэмжинэ” гэдэг заалт оруулсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн алсын амбицуудын нэг нь газрын ховор элементээ экспортод гаргах. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ гадаад, дотоодгүй зарлачихсан, алсын хараа, мөрийн хөтөлбөртөө тусгачихсан газрын ховор элементийн амбицаа гүйцэлдүүлье гэвэл “сахал” Д.Эрдэнэбилэгтэй “тэврэлдэх”-ээс аргагүй гэсэн үг.
Эцэст нь, Халзан бүргэтэйн төслийг эсэргүүцэгч УИХ-ын гишүүдийг товч дурдах нь зүйтэй. Гэхдээ эсэргүүцэж байна гэдэг нь баатар гэсэн үг биш. Тодруулбал, өнгөрөгч УИХ-ын сонгуулиар баруун бүсийн тойрог буюу Говь-алтай, Завхан, Увс, Ховд аймгаас 10 хүн УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тэднээс С.Бямбацогт, З.Мэндсайхан, Б.Пүрэвдорж, Э.Болормаа дөрөв Ховдынх. УИХ-ын гишүүн Э.Болормаагийн хувьд, дээр дурдсанчлан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувь, хувьсгалын хамтрагч учраас Халзан бүрэгтэйн төсөлд түүнийг аялдаж буй. Тэгэхээс ч аргагүй.
Харин Ховдын үлдсэн гурван гишүүн буюу УИХ-ын гишүүн С.Бямбацогт, З.Мэндсайхан, Б.Пүрэвдорж гурав гурвуулаа Халзан бүрэгтэйн төслийг эсэргүүцэж байгаа. Тэр тусмаа УИХ-ын гишүүн С.Бямбацогт, З.Мэндсайхан хоёр Халзан бүрэгтэй орд байрлах Ховд аймгийн Мянгад сумынх, Б.Пүрэвдорж холгүйхэн Зэрэг сумынх. Тиймдээ ч С.Бямбацогт, З.Мэндсайхан, Б.Пүрэвдорж гурав яг адилхан буюу “Нутгийн иргэдийн эрх ашиг нэгдүгээрт байх ёстой” гэсэн байр сууриар эсэргүүцэж буй. Энэ логикоор харвал, С.Бямбацогт, З.Мэндсайхан, Б.Пүрэвдорж гурав Ховдын сонгогчдынхоо саналыг хадгалж үлдэхийн тулд Халзан бүрэгтэйг эсэргүүцэж, иргэдтэйгээ нэг талд зогсож буй мэт “дүр эсгэж” байж болзошгүй харагдаж байгаа юм. Өөрөөр бол, хэрвээ Халзан бүрэгтэйн төслийг дэмжиж, Ховдын сонгогчдоосоо нүүр буруулж, тал алдчихвал дараагийн сонгуулиар тойроггүй болно гэх айдас нь тэднийг эсэргүүцэгч болгосон байж болзошгүй гэсэн үг. Ингээд тэд Халзан бүрэгтэйн талаар юу ярьсныг нь сийрүүлье.
- С.Бямбацогт “Нэгдүгээрт, энэ ордыг ашигласнаар өөрсдийнх нь амьдралд, байгаль орчинд хортой эсэхийг Ховд аймгийн Мянгад суманд амьдарч байгаа иргэд мэдэхийг хүсэж байна. Тэд баттай мэдэх ёстой. Хоёрдугаарт, энэ төслийн ашгийг тэнд амьдарч байгаа иргэд хүртэх ёстой. Хэрвээ энэ хоёр нөхцөл хангагдсан бол Халзан бүрэгтэйг ашиглаж болно” гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, С.Бямбацогт “Орон нутгийн иргэд дэмжвэл би дэмжинэ, үгүй бол үгүй” гээд чагталчихлаа гэсэн үг.
З.Мэндсайхан- “Аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд Халзан бүрэгтэйг эсэргүүцэж байгаа иргэдийг гадаадын санхүүжилттэй, шантаажчид гэж цоллож байна. Цөмийн энергийн комиссынхон Халзан бүрэгтэйн орчимд цацрагийн хэмжээ нь 7-8 дахин их байна гээд дүгнэлт гаргачихсан. Тиймээс л орон нутгийн иргэд эсэргүүцээд жагсаад байгаа юм шүү дээ. Үнэхээр хортой юу, үгүй юу гэдэгт нь Уул уурхай, эрдэс баялгийн сайд Ц.Туваан газар дээр нь очоод баттай мэдээлэл өгөх хэрэгтэй. Мянгад сумын иргэдийг Ц.Туваан хэтэрхий жижигхэн гэж хараад байх шиг байна” гэж омогдсон.
Б.Пүрэвдорж- “Манай Мянгадын ард түмэн Халзан бүргэтэйг ухахын эсрэг байгаа. Халзан бүрэгтэйг ухахыг эсэргүүцсэн жагсаалыг би дэмжиж байгаа. Миний байр суурь цаашид ч өөрчлөгдөхгүй. Халзан бүргэтэйн тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой гэсэн шаардлагыг би Ховд аймгийн Засаг даргад гурван удаа хүргүүлсэн. Засаг даргад эрх мэдэл нь байгаа” гэж мэдэгдсэн.
ТАНИЛЦ: “САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙН ХАЛЗАН БҮРЭГТЭЙН ТӨСЛИЙГ ЗҮТГҮҮЛЖ БУЙ ЗАСГИЙН ТЭРГҮҮНИЙ ТАЛЫНХАН |
|