• Өнөөдөр 2026-03-17

АН-ЫНХАН УИХ-ЫН ДАРГЫН ЭСРЭГ АКЦЛААД ЭХЭЛБЭЛ АРДАХ ЗАХИАЛАГЧ НЬ АРДЫН НАМЫНХАН ӨӨРСДӨӨ БАЙДГИЙГ ТҮҮХ ГЭРЧИЛНЭ

        АН-ынхан УИХ-ын дарга Н.Учралыг огцруулах акц эхлүүлэв. УИХ-ын чуулганы хойморт МАН-ын дарга Н.Учрал алх бариад суухаар АН-ынханд МАН-ын гишүүн болчихсон мэт тухгүй мэдрэмж төрөөд, тэвчихэд хэцүү байна гэнэ. Тиймээс ч МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлөгдтөл чуулганд суухгүй гэдгээ мэдэгдлээ, АН-ынхан. 
 
Одоогоос яг 30 жилийн өмнө 1996 онд МСДН-ын дарга Р.Гончигдорж УИХ-ын дарга болж байлаа. Дараа нь, Н.Энхбаяр 2004-2005 онд МАХН-ын дарга, УИХ-ын даргаар, З.Энхболд 2014-2016 онд АН-ын дарга, УИХ-ын даргаар, М.Энхболд 2016-2017 онд МАН-ын дарга, УИХ-ын даргаар тус тус хавсран ажиллаж байсан. Тэгэхээр МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргаар давхар ажиллаж буй нь ардчилсан парламентийн түүхэн дэх анхны тохиолдол биш, АН-ынхан ч өөрсдөө олонх байхдаа намын дарга З.Энхболдыгоо УИХ-ын дарга болгож, хос сэнтийд хөлбөрүүлж байсан. Тэгсэн мөртөө АН-ынхан одоо “Намын дарга хүн УИХ-ын дарга байж болохгүй” гэж акцлаад байгаа нь ардаа улс төрийн далд зорилготой гэж харагдаад байгаа юм. 
 
      Тэгвэл ардчилалд шилжсэнээс хойших 30 гаруй жилийн төрийн түүхийн сөхөөд үзэхээр, УИХ-ын даргыг унагаахаар АН-ын дангаараа, дур мэдэн акцалж хөдөлсөн тохиолдол байдаггүй. Тодруулбал, 1992 оноос хойших УИХ-ын дарга нараас Л.Энэбиш, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, М.Энхболд, Д.Амарбаясгалан нар бүрэн эрхийн хугацаагаа дуусгаагүй. Л.Энэбиш 2001 онд УИХ-ын дарга байхдаа нас барсан, Н.Энхбаяр 2005 онд УИХ-ын дарга байхдаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Харин Ц.Нямдорж, М.Энхболд, Д.Амарбаясгалан гурвыг унагаах ажиллагааг  МАН-ынхан өөрсдөө гардан зохион байгуулж, харин АН-ынхан ердөө л хүч нэмэгдүүлж, хамжигчаар оролцсон байдаг. 
 
Тухайлбал, 2006 оны эцсээр УИХ-ын дарга Ц.Нямдорж Ерөнхийлөгч Н.Энхбаяр хоёр толхилцож эхэлсэн. Тэдэнд тухайн үед Монголбанкны Ерөнхийлөгчийн томилгооноос эхлээд муудалцах олон шалтгаан байсан гэлцдэг. Ингээд 2007 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгч Н.Энхбаяр Л.Цог, С.Авирмэд тэргүүтэй “цэрэг”-үүдээрээ УИХ-ын дарга Ц.Нямдоржийг “хууль зассан” хэргээр ҮХЦ-д өгүүлсэн. Улмаар ҮХЦ-ээс УИХ-ын дарга Ц.Нямдоржийг Авлигын эсрэг хууль, Ашигт малтмалын тухай хуулиудын эцсийн найруулгыг УИХ-д танилцуулсныхаа дараа дур мэдэн засварлаж, Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн тул огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан. ҮХЦ-ийн энэ дүгнэлтийг Ц.Нямдорж УИХ-аар хэлэлцүүлэхгүй удаасан. Тэгмэгц нь УИХ дахь АН-ынхан УИХ-ын дарга Ц.Нямдоржийг огцруулах санал гаргаж, огцруултал нь чуулганы хуралдаанд суухгүй хэмээн акцалж эхэлсэн. Ингээд 2017 оны зургадугаар сард УИХ-ын дарга Ц.Нямдорж өөрөө өргөдлөө өгөөд огцорсон. Өөрөөр бол, УИХ-ын дарга Ц.Нямдоржийг унагаах ажиллагааг Н.Энхбаяр буюу МАН-ынхан эхлүүлж, харин АН-ынхан хамжигчаар оролцсон гэсэн үг.  
 
       2018 оноос УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр таарч тохирохоо больсон.  УИХ дахь МАН-ын бүлгийнхэн М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын талд 32, 33-аараа хуваагдчихсан байсныг санаж буй байх. Ингэж явсаар 2018 оны арванхоёрдугаар сард У.Хүрэлсүхийн талаас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан гурав манлайлан УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан жагсаалыг төв талбайд эхлүүлсэн. Тэр гурав дээр АН-аас Лу.Болд, Ж.Батзандан хоёр нэмэлт хүч болж орж ирсэн. 
 
Ингээд УИХ дахь АН-ын бүлгээс “УИХ-ын дарга М.Энхболд огцрох өргөдлөө өгөхгүй бол УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зурна” гэх мэдэгдэл гаргаж, өнөөх “Шударга-5”-ынханд галын дэмжлэг үзүүлсэн. Нөгөө талаас, Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд М.Энхболдыг огцруулах заалт буюу “УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг огцруулах тухай саналыг УИХ-д албан ёсоор гаргавал нэн яаралтай журмаар хэлэлцүүлнэ” гэж нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж, батлуулсан. Ингээд өнөөх МАН, АН-ын “Шударга-5”-аар толгойлуулсан УИХ-ын 39 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах саналыг УИХ-д оруулж, УИХ-ын гишүүдийн 66 хувийн саналаар М.Энхболд унаж байлаа. Товчхондоо, УИХ-ын дарга М.Энхболдыг унагаах ажиллагааг МАН-ынхан өөрсдөө санаачлан эхлүүлж, харин АН-ынхан хүч нэмэгдүүлж хамтарсан байдаг. 
 
     Өнгөрөгч 2025 оны зургадугаар сараас УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар хоёрын МАН-ын даргын төлөөх зодоон эхэлсэн. Халуунаараа шахуу байгаа шинэхэн түүх учраас дэлгэрэнгүй нурших илүүц биз. Ингэж явсаар 2025 оны аравдугаар сард УИХ-ын гишүүн З.Мэндсайхан тэргүүтэй УИХ-ын 67 гишүүн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах саналыг УИХ-д өргөн барьсан. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах саналд АН-ын 31 гишүүн гарын үсэг зурсан байдаг. Ингээд Д.Амарбаясгалан өөрөө өргөдлөө өгч УИХ-ын даргаас чөлөөлөгдөж байв. Товчхондоо, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг унагаах ажиллагаанд АН-ынхан ахиад л МАН-ын удирдлагуудтай хавсайдаж оролцсон гэсэн үг.  
 
       Харин өчигдөр АН-ынхан МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлөгдтөл чуулганд суухгүй гэх акц эхлүүллээ. Дээр дурдсанчлан, АН-ынхан дангаараа, дур мэдэн УИХ-ын даргыг унагаах акц эхлүүлж асан түүх үгүй. Тэгэхээр АН-ынхан УИХ-ын дарга Н.Учралын эсрэг энэ удаагийн акцыг ч Ардын намтай хамтран өрнүүлж байж болзошгүй гэсэн үг. Нэг талаас, Н.Учрал “УИХ-ын даргаас унаад Ерөнхий сайд болъё” гэсэн тооцоололтойгоор АН-ынханд өөрийнхөө эсрэг акцыг “захиалсан” байж болно. Нөгөө талаас, МАН-ын өмнөх удирдлагууд Н.Учрал, Г.Занданшатар нарыг эхнээс нь намнахаар АН-ынхантай хамтарч байж болно. Ямартай ч энэ долоо хоногт АН-ынхан акцын “захиалагч” нь тодорхой болох биз ээ. 
 

АН-ЫНХАН УИХ-ЫН ДАРГЫН ЭСРЭГ АКЦЛААД ЭХЭЛБЭЛ АРДАХ ЗАХИАЛАГЧ НЬ АРДЫН НАМЫНХАН ӨӨРСДӨӨ БАЙДГИЙГ ТҮҮХ ГЭРЧИЛНЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188