• Өнөөдөр 2026-03-12

ГОМДОГСДЫН ФРАКЦЫГ УИХ-ЫН ДАРГА НАМДАА АМИЛУУЛАХЫН ЦААД УЧИР

2026-03-12,   147

      Намаасаа, эх орноосоо явсан МАН-ын гомдогсодын улс төрд эргэж ирэх гүүрийг нь МАН-ын дарга Н.Учрал эхнээс нь засаж өглөө. “60 тэрбум”-ын хэрэгт буруутгагдан, шалгуулсан НИТХ-ын дарга асан Ц.Сандуйг зөвлөхөөр томилсон дуулиан дэгдээд удалгүй нүүрсний хулгайн хэрэгт буруутгагдаж, эх орноосоо явсан УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат намын Бага хуралдаа урилга, заллагатай заларсан.


      Удалгүй нүүрсний хулгайн гол буруутан гэгдэх УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы цагдан хоригдох хугацаа дуусаж, суллагдмагцаа улс төрийн мэдэгдэл  хийгээд эргэн ирснээ олны өмнө зарлаад байна. Төрд орох эрх нь бүрэн нээгдээгүй ч, айдгаа авдартаа хийчихээд гараад ирсэн гэдгээ журмын нөхөддөө дуу шуутайхан сануулсан.

       Улсаасаа оргон зайлж, интерполоор эрэн сурвалжлагдаж, гавтай “ачигдаж” ирсэн ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай хуулийн байгууллагаар шалгуулах нь битгий хэл хэргээ “замхруулж”, намдаа эргэн ирэх бэлтгэлээ эхлүүлсэн гэх яриа Саарал байранд нисэх боллоо. Улмаар ирэх сонгуулийн зураглалыг Т.Бадамжунай УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатаар дамжуулж гаргах төлөвлөгөө боловсруулж эхэлсэн гэх бор шувуу ч нисэх болов. Цаашлаад  Монголын төрийн дайсан мэтээр цоллуулж, газрын наймааны гол буруутан болж явсан УИХ-ын дарга асан М.Энхболд гавьяат эдийн засагч болж, шагнуулснаар нэрээ “цэвэрлэсэн”.

      Ингээд өнгөрсөн найман жилийн хугацаанд намдаа гологдож, хясаж, хавчигдаж, улс төрөө завсарлага авсан хууччуул нь намын шинэ дарга Н.Учралын хаяаг түшиж, улс төр буцаж ирлээ.  Саяхныг хүртэл Монголын дайсан мэтээр цоллуулж явсан Ардын намын хууччуул дуу нэгтэйгээр ингэж эргэн ирж буй цаад шалтгааныг тодруулж үзье. Улс төрийн хайчин дунд хэрчигдэж, сөрөг хүчнээр биш намынхаа гишүүд дундаас сулгалуулан байж, туг тахиулж, жийгдээд байсан тэднийг улс төрд оруулахдаа том тохироо хийсэн нь лавтай.  

Нэгдүгээрт,  ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулийг зурлах улс төрийн наймаагаа тэд эхлүүлсэн нь гарцаагүй. Учир нь, УИХ-ын дарга Н.Учралын улс төрийн гараа одоо эхэлж байна. Цаашид намаа удирдаж, улс төрд удаан оршин тогтнох уу, 80-аад оныхны жишгээрээ намын даргаа хүлээлгэж өгөөд “хөөгдөх” үү гэдэг сонголтыг ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиар дэнсэлнэ. Тиймээс Ардын намын шинэ дарга нам доорх “бослого оо” дарах нь эхний “даалгавар” –аа давахаар улайрч эхэлсэн гэсэн үг.

         Одоогийн байдлаар МАН-ын дотоод хагарал нь хүч тэнцүү өрнөж байгаа. Хэн хэн нь цагаан тугаа барьчихаагүй байгаа энэ цаг үед дайснаа дарах дархан мэхийг уралдуулж байгаа гэсэн үг. УИХ-ын дарга Н.Учралын учраа таарсан өрсөлдөгчид нь 80-аад оны журмын нөхөд найман жилийн хугацаанд хүчээ зузаатгасан Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар. Үүнийг ч Ерөнхий сайдын суудлаа хүлээлгэж өгснөөсөө хойш нуувчиндаа орчихоод гарч ирэхгүй байсан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өчигдөрхөн олны дунд хүлээлт үүсгээд байсан хэвлэлд ярилцлага өгөхдөө онцолж харагдана лээ. Өөрөөр хэлбэл, “УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Х.Блугантуяа нарыг Н.Учрал намаас хөөсөн нь улс төрийн шахаанд орсон” хэмээн мэдэгдсэн.

        Мэдээж Д.Амарбаясгаланг эсвэл Х.Булгантуяаг намаасаа хөөгөөд найман жил тасралтгүй угсарсан, хүчээ зузаатгасан схемийг Н.Учрал эсвэл Я.Содбаатар задалж чадахгүй. Тиймийн тулд өнгөрсөн хугацаанд халаасандаа салаавчтай явсан “Хотын фракц”-ынхныг намдаа оруулж, гомдогсдын армийг тэдний эсрэг чиглүүлэх нь гарцаагүй болж байна. Намаасаа ичгэвтэртээгээр хөөгдсөн тэднийг бодлогоор зөвлөхөөр томилж, олон нийтэд цацах зурагныхаа ард онцолж оруулар болсон нь санамсаргүй тохиолдол биш.

           Хамгийн гол нь тэд аль аль нь айдгаа авдартаа хийчихсэн учраас алдахгүй зүйлгүй онь холбоно. Тэд намаасаа хэрхэн хөөгдөж, нийгмэд матруулсныхаа хариуг хантлаа авах цагаа хүлээж байснаас гарцаагүй. Эсрэгээрээ олны өмнө байр сууриа батлах гэж яарахгүй, ард түмэнд таалагдах, эс таалагдах нь хорь, гучдугаар асуудал учраас нам дотор зодооноо нэг мөр цэгцлэхээр Хотын фракцаар хүч нэмсэн нь энэ.

        Эрх мэдэл байр сууриа хамгаалахын төлөө чөтгөртэй нөхцсөн ч хамаагүй болдог улс төрийн зарчим хойно гарсан жимээрээ л явж байгаа гэсэн үг. Хамгийн ойрын жишээгээр бодож үзэхэд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр оймстойгоо ачигдаад одоогийн МАН-ын томчуудын нүүрэн дээр салаавч өгч явлаа. Харин өнөөдөр салаавчны “эзэд”-ийнхээ сугад хавчуулагдаж хүүгээ “давхар дээл”-тэй сайдын  суудалд суулгачихаад өөрөө зөвлөхийн сэнтийд чимээгүйхэн шигдэж сууна.  Яг л энэ жишгээр УИХ-ын дарга Н.Учрал намаасаа хөөсөн хууччуулаа буцаан залж, эхний даваагаа давахаар хаяагаа мануулж сууна.

               Ерөнхийлөгчийн сонгуульд МАН өрсөлдөгчгүй орж ялалт байгуулах хар зургаа зурж эхэлсэн.  Тэрхүү үүргийг намын шинэ дарга Н.Учрал гүйцэлдүүлж, бусад нь чихээгүйхэн ажиглаж сууна.  Тиймээс УИХ-д суудалтай намуудаас хүчтэй өрсөлдөгч гаргахгүй тулд багачуудыг нь хагаралдуулж, томчуудыг нь замаас зайлуулах компанит ажлууд өрнүүлснийг мэдэх биз.   Үнэндээ эрх баригч намынхан ингэж өрсөлдөгчгүй сонгуульд орох гэж улайрхын цаад шалтгаан нь лидер улстөрч үгүйлэгдэж байгаагийн дохио. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хуулиараа дахин нэр дэвших боломжгүй. Өөрөө ч нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгууль МАН ялахын тулд замаа засахаас аргагүй байдалд орчихсон нь энэ.

         Эцэст нь, нийслэлийн МАН-д одоогоор хотын дарга Х.Нямбаатар эзэн сууж, хаашаа ч хөдлөхгүй хүчээ зузаатгасан. Х.Нямбаатарын эсрэг хотын фракцынхнаас өөр хөдлөх хүчин одоогоор МАН-д алга. Энэ мэтээр УИХ-ын дарга Н.Учрал байр сууриа хамгаалахын хамгийн боломжит хувилбар нь намдаа гомдогсдыг амилуулах юм.

 


ГОМДОГСДЫН ФРАКЦЫГ УИХ-ЫН ДАРГА НАМДАА АМИЛУУЛАХЫН ЦААД УЧИР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188