• Өнөөдөр 2026-03-06

МАН-ЫН "МАНДУУЛДАГ" ХАДАГТАЙ НАРЫН ЭЭЛЖИТ ДҮР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА

          МАН-д эмэгтэйчүүдээ ээлж дараалан “мандуулах” сүрхий технолги бий. “Хатан ижий”, “Төмөр хатагтай”, “Дижитал гүнж” гэгчлэн олны дунд алдаршуулж, алба ажлыг нь дэмжээд, УИХ-д угсраад хэд хэдэн удаа дэвшүүлэх нь наад захын ажил. Улмаар сайдын суудлаар хавсарч “шагнаад”  бүүр боломгүй бол Байнгын хорооны даргаас буулгахгүй дэмждэг бичигдээгүй хууль МАН-д үйлчилж ирсэн. 

 
       Энэ мэтээр өргөмжлөгдсөн эмэгтэйчүүдийг жагсаавал багагүй жагсаалт гарна. Өөрөөр хэлбэл, өмнө нь МАН-ынхан УИХ-ын гишүүн асан Т.Ганди, Д.Оюунхорол, Д.Сарангэрэл тэргүүтэй МАН-ын үе үеийн хатагтай нарын залгамжийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ч.Номин, А.Ариунзаяа, Б.Батцэцэг  тэргүүтэй гишүүд үргэлжүүлж байлаа. 
 
   Тэгвэл МАН-ын мандуулдаг ээлжит хатагтайн дүрийг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа үргэлжүүлэх нь бололтой. Түүний хувьд өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас хойд бүсэд дэвжшиж, гишүүнээр сонгогдсон. Улмаар  МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурал болж, шинэ Ерөнхийлөгчөөр нь сонгогдоод байна. Угтаа бол УИХ дахь МАН өнгөрсөн намар хоёр хуваагдахад “Довтолгооны” буюу Ерөнхий сайд Г.Занданшатарын бүлэглэлд чамгүй үүрэгтэй оролцсон. Тиймдээ ч улс төрийн шагналаа авч, шат ахиад байна. 
 
     УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн хувьд эдийн засагч мэрэгжилтэй. Түүний хувьд улс төрд хөл тавьсан түүх нь “Эрдэнэт” ТӨҮГ-ын дарга асан Б.Бадамсүрэнтэй холбогддог. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн болохоосоо өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн санхүүг атгадаг байлаа. Гэвч түүний улс төрд хөл тавьтлаа хөрөнгө чинээтэй болсон түүх нь УИХ-ын гишүүн асан  Ц.Анандбазартай холбогддог өөр нэгэн баримт бий. 
 

       Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа “Эрдэнэт үйлдвэр” ажиллахаасаа өмнө УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын “Сод монгол групп” ХХК-ийн Худалдаа эрхэлсэн дэд захирлын албан тушаалыг давхар хаших болсон. Улмаар Д.Үүрийнтуяа 2019 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал болсноос хойш Ц.Анандбазарын “Сод Монгол групп” ХХК болон “Интер стандарт нефть” ХХК-ууд нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бензин, дизель түлш, тос, тослох материалын бүхий л том тендерүүдийг хуу хамж эхэлсэн. Ингээд 2024 он хүртэл таван жилийн хугацаанд Ц.Анандбазарын “Сод монгол групп” ХХК, “Интер стандарт нефть” ХХК-ууд нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас нийт 253 тэрбум төгрөгийн тендер авсан байдаг ажээ. Тухайлбал, Ц.Анандбазарын “Сод Монгол групп” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас

  • 2019 онд 14.6 тэрбум
  • 2020 онд 52.4 тэрбум
  • 2021 онд 23.3 тэрбум
  • 2022 онд 59.7 тэрбум 
  • 2023 онд 1.5 тэрбум
  • 2024 онд 92.8 тэрбум төгрөгийн тендер буюу 244 тэрбум төгрөгийн тендер авчээ. Харин Ц.Анандбазарын “Интерстандарт нефть” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 
  • 2019 онд 141 сая
  • 2020 онд 2.9 тэрбум
  • 2021 онд 290 сая
  • 2022 онд 200 сая
  • 2023 онд 2.7 тэрбум төгрөгийн тендер
  • 2024 онд 3.6 тэрбум төгрөгийн тендер буюу 9.8 тэрбум төгрөгийн тендер авчээ. 
   Нэгтгэж харвал, Ц.Анандбазар анхнаасаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн шатахууны тендерүүдэд монопол тогтоох зорилгоор Д.Үүрийнтуяаг 2017 онд “Эрдэнэт үйлдвэр”-т “шургуулж”, улмаар 2019 онд Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал болгосноор түүнээр дамжуулан таван жилийн хугацаанд 253 тэрбум төгрөгийн тендер авсан гэх дүр зураг гарч ирж байгаа юм. Ганцхан хүний халаасаар орсон гэхэд 253 тэрбум төгрөг хэтэрхий том тоо. Тиймээс ч АТГ-т шалгагдах ёстой тендерийн том хэрэг энэ мөн. 
       “Сод монгол групп” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Анандбазар 2020 онд Булган аймаг буюу IV тойрогт МАН-аас нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон. Гэвч УИХ-ын гишүүн болоод удалгүй Хөгжлийн банкны хэрэг, хүчингийн хэрэг, нэмээд нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон. Тэгж байтал 2023 оны хавар Засгийн газрын “шувуу” ажиллагаагаар УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг Филиппинээс баривчлан авчирсан. 
 
     Улмаар хууль хяналтынхан Т.Бадамжунайд боть шиг зузаан хавтаст хэрэг үүсгэн шалгаж эхлэх үед түүний гэмт хэргүүдийн гол хамтрагч нь Ц.Анандбазар болох нь илэрсэн. Жишээ нь, Ц.Анандбазар Богдхан уулын Бага тэнгэрийн аманд барьсан хаус хотхоноо цахилгаан, дулаанд холбохын тулд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал Д.Бямба-Очир, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал Д.Баярсайхан нарт Т.Бадамжунайгаар нөлөөлүүлж, хариуд нь Т.Бадамжунайд Бага тэнгэрийн амны хотхоноосоо хоёр хаус авлигад өгсөн нь илэрч, хамтдаа яллагдагчаар татагдаж, 2023 оны арваннэгдүгээр сараас шүүгдэж эхэлсэн байдаг. Ийнхүү Ц.Анандбазар авлигын хэргээр шүүхийн хаалга татсан учраас өнгөрөгч УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжгүй болсон. Гэхдээ Ц.Анандбазарын тойрог буюу Булган, Орхон, Хөвсгөл аймгийн IV тойрогт таамагт огт байгаагүй Д.Үүрийнтуяа нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон. Өөрөөр бол, авлигын хэрэгт холбогдож, ахиж УИХ-ын гишүүн болох боломжгүй болсон Ц.Анандбазар өөрийгөө Д.Үүрийнтуяагаар залгамжлуулсан гэж харагддаг. Товчхондоо, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа ардаа “Сод монгол групп” ХХК хэмээх асар том ашиг сонирхолтой, анхааралтай ажиглаж байх ёстой түшээдийн нэг гэж хэлж болно.
 

МАН-ЫН "МАНДУУЛДАГ" ХАДАГТАЙ НАРЫН ЭЭЛЖИТ ДҮР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188