Морин жилийн Монголын улс төрд мөн ч ширүүхэн эхэллээ. Тэр дундаа эрх баригч МАН-ынхны фракцын “зодоон” дахин сэдэрч, хаврын улс төр хавсрагатай, ширүүсвэл Саарал ордноо хийсгэх хүртлээ өндрийг авч мэдэхээр байна.
Хаврын улс төрийн хавсаргыг Ерөнхийлөгчийн санаачилсан хууль өрдөж өгөхийг ч үгүйсгэхээргүй байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачлан өргөн мэдүүлэхээр болсноо олон нийтэд мэдэгдлээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр "Монгол Улсын Ерөнхийлөгч монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд төр ард түмний итгэлцлийг бэхжүүлэх, эв нэгдлийн хангах Үндсэн хуульд заасан чиг үүрэгтэй. Үүнийхээ хүрээнд иргэд олон нийтийн парламент дах хяналтыг нэмэгдүүлэх, сайжруулах үүднээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн барихаар болж байна” хэмээн мэдэгдсэн.
Ийн Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлж эхэлбэл 126 гишүүнтэй парламентын чамгүй олон гишүүний бүрэн эрх хөндөгдөж, “цэвэрлэгээ” хийгдэж мэдэх нь. Цаашлаад Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хууль санаачлахтай зэрэгцээд МАН-ын Бага хурлаар нэр бүхий дөрвөн гишүүнийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх мэдэгдлийг УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал хийлээ.
Ингэснээр 126 гишүүнтэй парламентын хэрэгт холбогдож, хуулийн байгууллагын хаалга сахиж байгаа нэр бүхий гишүүдийн хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, нэмээд МАН-ын цагтаа лидер урдаа барих улс төрийн боловсон хүчин болж явсан гишүүдийн улс төрийн замнал энэ хүрээд дуусах уу гэдэг асуултын өмнө тулж ирээд байна. Тэгвэл Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл батлагдал хэчнээн гишүүн, ямар асуудлаар гишүүнээсээ буцах “шаардлага”-аа хангачихаад байгааг эргэн сануулъя.

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан өнгөрсөн жилээс суудал нь өнцөгдсөн аятай Ардын намынхандаа адлуулах болсон. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Г.Занданшатартай Ардын намын даргын сунгаанд өрсөлдөнө гэдгээ зарласнаас хойш МАН-ын хагарал хурцдаж, УИХ-ын даргын суудлаа хүлээлгэж өгөөд буй. Улмаар албан тушаалын хэргээр яллагдагчаар татагдан шалгуулж эхэлсэн талаар хууль хяналтын байгууллагаас мэдэгдээд дөрвөн сарын хугацаа өнгөрөөд байна. Харин өнгөрсөн долоо хоногт МАН-ын бага хурлаар намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гишүүдийн эхний хүнээр УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг зарласан. Ийн МАН-ынхан дотоод “дайн”-аа дуусгахгүй бол Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиар эгүүлэн татагдах гишүүийн эхний эгнээг УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн нэр тэргүүлж байгаа нь тодорхой биз ээ.
.jpg)
Төрийн эрхийг хууль бусаар авах хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг мөн л МАН намаасаа хөөж байгаагаа мэдэгдсэн. УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг яллагдагчаар татсан талаар эх сурвалжууд мэдээлж эхэлсэн. Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сард УИХ-аар Ерөнхий сайдыг огцруулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дүгнэлт гарсан. Тэгвэл уг хэрэгтээ холбоотой Х.Булгантуяа, УИХ-ын ЕНБД асан Б.Баасандорж нарыг яллагдагчаар татсан гэх мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, тэднийг Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйл буюу төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэсэн заалтаар яллагдагчаар татсан гэнэ. Хуулийн заалтаар, Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах буюу Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн; төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн хуульчилсан байдаг.

Улс төрд орсон цагаасаа л дуулиан тарьж, татаастай явж ирсэн тэрбээр сонгуулийн хууль зөрчиж, гишүүн болсон гэх дуулианы эзэн болсон. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн III тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт МАН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон Э.Болормаа нэр дэвшихдээ “Ханбогд Эксплорайшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан нь мөн л хууль зөрчсөн. Цаашлаад үүнийг нь аудитын байгууллага хянаж, хуулийн зөрчлийг нь арилгуулаагүй. Сонгуулийн үеэр Э.Болормаа гаднын хөрөнгө оруулалттай компаниа авсан хандиваа буцааж шилжүүлээгүй бүрэн эрх нь хэрэгжиж эхэлснээр хууль зөрчиж, гишүүн болсон гэгдэж буй.
Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Болормаагийн гаднын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан хэргээрээ яллагдагчаар татагдаж, шүүхээс албадан ирүүлэх шаардлага хүрүүлээд байгаа юм. Харин энэ талаар тэрбээр “Энэ асуудлыг дэгдээх сонирхолтой манай намын ах нар байх шиг байна. Гаднын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан бол хуулийн дагуу нэгдүгээрт хандив өгсөн компани нь хариуцлага хүлээнэ. Хоёрдугаарт, нэр дэвшигч болон сонгуулийн штаб нь хариуцлага хүлээх ёстой. Үүнийг би санаатай үйлдэл гэж хардаг. Өөрөөр хэлбэл, энэ компани сонгуулийн хандив өгснийхөө дараа нэрээ өөрчилсөн. Энэ нь бусдыг төөрөгдүүлэх арга. Хэрвээ тийм бол тухайн сонгуулийг хариуцаж байсан ажилтнуудад торгууль ногдуулдаг зохицуулалтай. Аливаа гишүүний эгүүлэн татах хуулийн зохицуулалтгүй. Тухайн компанийг би мэдэхгүй, танихгүй. Тиймээс тухайн компанийг санаатайгаар үүнийг зохион байгуулсан байж магадгүй гээд цагдаагийн байгууллагад би хандсан” хэмээн мэдэгдээд байгаа юм.

Хөгжлийн банкны “хөө”-тэй хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хэрэг хоёр парламент дамжиж шийдэгдэхгүй явсаар өнөөдрийг хүрч байна. Угтаа бол Хөгжлийн банканд 36.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан Н.Алтанхуягийн хэргийг 2023 оны долдугаар сард СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн. Ингээд тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар нь Н.Алтанхуягийг “гэм буруугүй” хэмээн дүгнэж, цагаатгасан байдаг. Улмаар 2024 оны арванхоёрдугаар сард Улсын дээд шүүх Н.Алтанхуягийн хэргийг хянаад “Хэргийн гол нотлох баримтуудыг анхаарахгүй орхисон байна” гэж үзэж, цагаатгасан шийдвэрийг нь цуцалж, СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Өөрөөр бол, Улсын дээд шүүх “Ял авах ёстой хүнийг цагаатгаж, ямбанд нь буцаах шийдвэр гаргасан байна” гэж буцаасан байдаг.
Энэ дагуу 2025 оны есдүгээр сард анхан шатны шүүх Н.Алтанхуягийг хэргийг дахин хэлэлцсэн. Гэтэл өнөөх Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар Н.Алтанхуягийг дахиад цагаатгасан. Үндсэн хуульд “Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх заавал биелүүлнэ” гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүх “Н.Алтанхуягийг гэм буруугүй гэж үзэх, цагаатгах үндэслэлгүй байна” гэсэн эцсийн шийдвэрээ гаргачихаад байхад Ж.Болдбаатар Улсын дээд шүүхийн шийдвэрийг сөрж, Н.Алтанхуягийг дахин гэм буруугүй хэмээн дүгнэж, цагаатгачихсан гэсэн үг. Тиймээс Н.Алтанхуягийн энэ шүүх хуралд Улсын яллагчаар оролцсон дөрвөн прокурор “Анхан шатны шүүх Н.Алтанхуягийг дахин цагаатгасан нь Улсын дээд шүүхийн шийдвэртэй нийцэхгүй байна” гэх агуулгаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Өнгөрсөн сард Н.Алтанхуягийн шүүх хурал болох товтой байсан ч өмгөөлөгч нар нь өвлөж хавдсан, өөр шүүх хурал давхацсан гэх мэт шалгаанаар өнөөдрийг хүртэл хойшилсон юм. Улсын дээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэх хүртлээ томорч яваа УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг том артай юү, эсвэл эгүүлэн татагдах гишүүдийн эгнээнд орох уу гэдэг нь өнөөдөр дэнслэгдэх нь.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР
.jpg)
УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг албан тушаалын байдлыг урвуулан ашигласан, хөрөнгөө нуусан байж болзошгүй хэргээр АТГ-аас зургаан сарын хугацаанд шалгаж, прокуророос яллах дүгнэлт үйлдээд байгаагаа мэдээлсэн. Улмаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарт яллах дүгнэлтийг хүлээлгэж өгөхөөр удаа дараа хуулийн байгууллагаас дуудаж, гэрт нь очсон боловч хүлээж аваагүй. Ингээд УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хэрэгжиж байх хугацаанд хуулийн байгууллага шалгадаггүй байх хуулийн төсөл Их хуралд өргөн барьж, хөгөө чирсэн ч удаатай.
Улмаар Төрийн ордонд гардуулахаар очиход нь “Гүйцэтгэх ажиллагаа явууллаа” хэмээн чуулгаын хуралдааныг завсруулж, сүржигнэсэн удаатай. УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг АТГ-аас Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны зарим албан тушаалтан тус холбоонд бүртгэлтэй газрыг бусдад хууль бусаар шилжүүлсэн, хариуд нь хахууль авсан, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байдаг.
С.Ганбаатарын хувьд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хоёрхон компанитай гэж мэдүүлсэн байдаг. Гэвч эхнэр Б.Тунгалагийнхаа нэр дээр үйл ажиллагаа явуулдаг 29 орчим компани, ТББ бүртгүүлжээ. Тухайлбал, аялал жуулчлалын чиглэлээр 2005 онд байгуулсан “Андискауред Монголиа” ХХК-ийг эхнэр Б.Тунгалагтайгаа хамтран эзэмшдэг ч, хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй байх жишээтэй. Цаашлаад гадаад худалдаа, бизнесийн зөвөлгөө өгөх чиглэлээр байгуулсан “Дархан ургах наран зүг” ХХК, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Альпс ПНҮ”, “Ворлд плас файв”, “Монгол малын бэлчээрийн менежмент” ХХК, “Боорчи баатар” ХХК, “Адвант трейд” ХХК зэрэг компаниа эхнэр Б.Тунгалагийнхаа нэрээр удирддаг байна. Гэвч эхнэрийнхээ нэр дээрх бүртгэлтэй 20 гаруй компани, ТББ-ын алийг нь ч тэр хөрөнгө орлоготоо дурдаагүй бөгөөд хөрөнгөө нуун дарагдуулсан ноцтой баримтын сэжүүр эндээс олджээ. Одоогийн байдлаар хууль хяналтын байгууллагаас С.Ганбаатар, Б.Тунгалаг нар дээр нэр дурдагдсан 29 компани, аж ахуйн нэгжид хэрхэн оролцоотой ажиллаж, амьдарч байсныг нь дэлгэрүүлэн шалгаж байгааг хуулийн байгууллагаас мэдээлж байлаа. Харин түүний хэрэг өнгөрсөн хугацаанд МАН-ын зодоон дунд нам дарагдаад байна.
.jpg)
МАН-ын “зодоон” дунд нам дарагдсан хэргүүдийн нэг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн хэрэг. Түүнийг албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалжууд мэдээллээд эхэллээ. Цаашлаад Х.Тэмүүжингийн ил хэрэгт 2012-2014 онд Хууль зүйн сайдаар ажиллаж байхад нь яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Мөнхбат, тухайн үед Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга байсан Б.Цолмон нарыг холбогдуулсан аж. Тэднийг 2012-2014 оны үед цагдаагийн байгууллага, тэр дундаа замын цагдаагийнханд олгосон бэлэн бус торгуулийн систем зэргийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа ашиглаж бусдад давуу байдал олгосон, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн буруутгаж эхэлсэн гэх мэдээлэл бий. Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ил хэргийн талаар “Мэдэхгүй, хуулийн байгууллагаас шалгаж байгаа зүйл алга” хэмээн хэвлэлд ярьж байсан удаатай. Ямартай ч 10-аад жил хуулийнхны “сефэнд” дараатай байсан Х.Тэмүүжингийн хэрэг өнгөрсөн намраас сөхөгдөж эхэлсэн ч хэсэг намжаад байна.

УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарыг Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдуулан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны долоодугаар сард Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэснийг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Цаашлаад Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхээс Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн оролцогчдод хуралдааны тогтоолыг 2025 хоёрдугаар эхлэн гардуулж өгсөн ч УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар шүүхийн тогтоолын хүлээж аваагүй гэх шалтгаанаар түшээдийн суудлаасаа буухгүй хэмээн даналзаж яваа.
Булавч бултай нь, даравч далдайна гэгчээр зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар УИХ-ын гишүүний бүрэн эрхээ дуусах хүртэл ял эдлэх хугацааг хойшлуулж өгөх хүсэлт гаргасан гэгдэж буй. Угтаа бол тэрбээр “УИХ-ын гишүүн болсноосоо хойш хэрэг үйлдээгүй” хэмээн хууль батлалцаж суугаа хэрэгт холбогдсон гишүүдийн нэг юм.

Аж үйлдвэр Эрдэс баялагийн сайд асан Ц.Туваан шадар туслахуудаараа дамжуулан авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон байж болзошгүй талаар бид мэдээлсэн.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Туваан Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайдаар ажиллаж байх үедээ Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар томилогдсон Ш.Ганхуяг “Алтжин” группын захирал агсан Г.Алтангийн хүү Э.Сүрэнгээс 2.5 тэрбум төгрөгийн авлига авсан байж болзошгүй хэргээр шалгагдаж байна. Уг авлигын хэргийг УИХ-ын гишүүн Ц.Туваан зуучлан, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга асан Ш.Ганхуягтай хуйвалдаж, адуучин дүү, Дорнодын газрын тосны 19 дүгээр талбайн Засгийн газрын төлөөлөгч Г.Ган-Одынхоо дансаар дамжуулсан байж болзошгүй хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн аж.
Г.Ган-Од гэгч нь Ц.Тувааны хуурай дүү, Дорнод аймгийн Матад сумын харьяат. Алдарт уяач Ц.Тувааны мориных нь зүчээг хариуцаж, адууных нь ажлыг хийдэг байсан. Ингээд Ц.Тувааныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болоход нь Дорнод аймгийн Матад, Халхгол сумын нутагт газрын тосны үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн газрын тосны 19 дүгээр талбайг хянах Засгийн газрын төлөөлөгчөөр томилжээ. Өөрөөр хэлбэл, уг талбайд Монголын талын эрх ашгийг хамгаалах, хяналт тавих маш чухал үүргийг гүйцэтгэх албан тушаалд адуучин дүү Г.Ган-Одыгоо томилсон байж таарах нь. Тэгвэл АМГТГ-ын дарга асан Ш.Ганхуягтай хоршиж, дансаараа их хэмжээний мөнгө авсан байж болзошгүй Г.Ган-Од нь мэдүүлгээ хэрхэн өгч, дансаараа дамжсан мөнгөө тайлбарлахаас УИХ-ын гишүүн Ц.Тувааны авилга албан тушаалын хэрэг хэрхэн нь тодорхой болох сурагтай. Ийн түүний хэрэг хэсэг намжсан ч УИХ-ын гишүүдийн бүрэн эрх хөндөгдөж эхэлбэл, хэрэг нь сөхөгдөх ээлжит гишүүдийн нэг болоод байна.
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг санаачилахдаа авилга албан тушаалын хэргээс гадна парламентыг ёс зүйн өндөр хариуцлагатай байх, өргөсөн тангарагтаа үнэнч байхыг сануулан хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр болсон гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас танилцуулж байлаа. Тэгвэл 126 гишүүнтэй парламентад сахилга хариуцлага, ёс зүйн сануулга авсан гишүүд цөөнгүй бий. Тэр дундаа ёс зүйтэй байх сануулга удаа дараа авсан УИХ-ын гишүүдээр ИЗНН-ын гишүүн М.Нара-Нарантуяа, Ардчилсан намын гишүүн Ц.Мөнтуяа нар нэрлэгдэж байна. Хэрэв зээ Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийн төсөл хэрэгжиж эхэлбэл ёс зүйн хариуцлага хүлээх гишүүдээр дээрх гишүүдийн нэрс тодорч мэдэх нь.
| ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД |
|
Улсын харцага Б.Зоригтбаатар “Эх орончдын өдөр”-ийн барилдаанд түрүүллээ
2026-03-02 08:34:50
Э.Ариунтунгалаг 2026 оны цанын улсын аварга боллоо
2026-03-02 08:15:25
“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийнхан Япон багштай бэлтгэл хийлээ
2026-03-02 07:20:00
Хөвсгөлийн багш нарын дунд спортын онол арга зүйн хэлэлцүүлэг болжээ
2026-03-02 07:10:00
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД
2026-03-02 07:00:00
Г.БААСАНСҮРЭН: ИТАЛИАС МОНГОЛ ХҮРЭХ ДУГУЙН АЯЛАЛ МААНЬ БИДЭНД ӨӨРСДИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ, БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХҮНИЙ САЙНТАЙ МЭДРЭХ ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА
2026-03-02 07:00:00
“МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМПЫН ОНЦЛОХ ДУУЛИАН, ШУУГИАН
2026-03-02 07:00:00
Э.БАТШУГАРЫН БУСДААС НУУСАН БУДЛИАНТАЙ ХӨРӨНГӨ
2026-03-02 07:00:00
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөлийн Цагааннуур суманд ажиллалаа
2026-03-01 16:36:39
Сумын заан Б.Баасантогтох, нэгийн даваанд улсын арслан Э.Батмагнайг давлаа
2026-03-01 16:03:14
Академич С.Чулуун Наполи Дорно дахины их сургуульд лекц уншлаа
2026-03-01 15:32:03
“МИАТ”-ийн нислэгийн багийн 14 гишүүн Бахрейн Улсаас гарч чадахгүй байна
2026-03-01 15:01:18
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 13:41:51
Таеквондо-гийн 2026 оны хар бүсний эхний шалгалт боллоо
2026-03-01 09:34:57
Х.Билгүүнсайхан “СТРАНДЖА-2026”-гаас хүрэл медаль хүртлээ
2026-03-01 09:25:54
Э.Батмагнай арслан Булганы таван аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
2026-03-01 07:20:00
“ЭРИЙН САЙН ХАН ХАРАНГУЙ” туулийг хайллаа
2026-03-01 07:10:00
М.Намуун, Э.Номундарь нар “Странджа-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-03-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |