• Өнөөдөр 2024-05-04

ИЗРАИЛ, ИРАН ҮЙ ОЛНООР НЬ ХӨНӨӨХ ЗЭВСЭГ АШИГЛАВАЛ ЦӨМИЙН ДАЙН БОДИТ АЮУЛ БОЛНО ГЭВ

2024-04-22,   272

Исламын Бүгд Найрамдах Иран Улс Газын зурваст дайтаж буй Израилын хотууд руу гэнэтийн дайралт хийснээс хойших найм дахь өдөр...

                              Дамаскын бөмбөгдөлттэй холбоотойгоор “Үнэн амлалт” нэртэй өшөө авах ажиллагаагаа дуусгасан талаар Тегеран мэдэгдээд байгаа ч Израилын тал ямар хариу өгөх тухай дэлхий таамаг дэвшүүлж байна. Тэр дундаас тус улсын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн “Израил Иран руу дайрахад бэлэн. Бид хариу арга хэмжээ авах болно” гэсэн мэдэгдэлтэй холбоотойгоор Израилын тал Ираны Хувьсгалтын гвардын төвүүдийг бөмбөгдөх таамаг биелж болзошгүй гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж буй. Харин хоёр орон энэ хурцадмал байдалд үй олноор нь хөнөөх зэвсэг ашиглавал дэлхийн томоохон гүрнүүд, олон улсын байгууллагууд оролцож, цөмийн дайн бодит болж болзошгүй талаар анхааруулжээ.

- “ҮНЭН АМЛАЛТ” БУЮУ ИРАНЫ ӨШӨӨ АВАХ АЖИЛЛАГАА-

Өнгөрсөн 2023 оны аравдугаар сарын 7-нд Палестины хэт даврагч “ХАМАС” бүлэглэл Израилын хотууд руу халдсаны улмаас Израилын арми дайн зарлаж, Газын зурваст дайтаж байгаа. Мөн үүнтэй холбоотойгоор “ХАМАС”-ын гол байрнууд байрладаг болон тус хэт даврагч бүлэглэлтэй хамтын ажиллагаатай хотууд руу цохилт өгсний нэг нь дөрөвдүгээр сарын 1-нд Сирийн нийслэл Дамаск хотод өгсөн агаарын цохилт байсан. Гэсэн ч Израилын армийн агаарын цохилтод Дамаск хотод байрладаг Сири дэх Ираны консулын газар өртөж, 10 гаруй хүн амиа алдсан. Түүний дотор Ираны армийн удирдагчдын нэг бригадын генерал Мохаммад Реза Захеди болон түүний орлогч, генерал Хажи Рахими нар байсан бөгөөд улсынхаа зэвсэгт хүчний хоёр өндөр цолтныг алдсан Ираны талаас өшөө авах дайралт хийх тухай мэдээлсэн байдаг.

Тухайлбал, Ираны цэргийн хоёр генерал амиа алдсан консулын газрын дайралтын дараа Сири дэх Ираны Элчин сайд Хоссейн Акбари “Израилд ижил хэмжээ, хатуу хариу өгөх болно” хэмээн мэдэгдсэн. Мөн Ираны эрх баригчид “Израил дипломат хэм хэмжээ, олон улсын гэрээг зөрчиж, олон улсын дайны гэмт хэрэг үйлдсэн” хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн бөгөөд Сири дэх Элчин сайдын адилаар өшөө авах зорилгоор дайралт хийж болзошгүй тухайгаа мэдэгдэж байв. Хэдий барууны хэвлэлүүд Иран дайралт, мөргөлдөөнөөс зайлсхийж, өшөө авахын оронд Израилд шахалт үзүүлж, Газын зурваст гал зогсоож, энхийн гэрээ байгуулах асуудлаар туслалцаа үзүүлж, АНУ-тай харилцаа холбоотой байгаа гэж мэдээлж байсан ч Ираны тал Израилд агаарын цохилт үзүүлжээ. Түүнчлэн Израилд өгсөн агаарын цохилтын талаар Ираны Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Мохаммад Хоссейн Багери “Израилын эсрэг хийсэн “Үнэн амлалт” нэртэй ажиллагаа дууссан. Бид зорилгоо биелүүлсэн. Иран дайралтаа үргэлжлүүлэх төлөвлөгөөгүй байгаа” хэмээн мэдэгдсэн байна.

ИЗРАИЛ ИРАНЫ ЭСРЭГ ЯМАР ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ:

Израилын хэвлэлийн мэдээллээр Иран талаас хоёрдугаар сарын 14-ний өглөө цохилт өгчээ. Тодруулбал, орон нутгийн хэвлэлүүд Иран 100 гаруй дунд тусгалын пуужин, баллистик, пуужин харваж, 300 гаруй бөмбөг хаяг дроноор агаарын дайралт хийсэн байна. Дайралтын гол бай нь Тель-Авив, Баруун Иерусалим байсан бөгөөд Израил АНУ, Их Британи, Йордан, Саудын Арабын нисэх хүчин болон агаарын довтолгооноос хамгаалах системийн тусламжтайгаар бага хохирол амссан гэнэ. Харин агаарын довтолгоо, дэлбэрэлтийн чичиргээ, чимээ Иерусалим, Беершеба, Димона болон түүний ойролцоох хотуудад мэдрэгдсэн байна. Хэдий Ираны тал өнгөрсөн амралтын өдөр хийсэн дайралтаараа өшөө авалтаа эцэс болгосон гэж мэдэгдсэн ч Израилын тал үгүйсгэжээ. Тухайлбал, Ираны дайралтын талаар Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галлант “Агаарын довтолгооноос хамгаалах системийн тусламжтайгаар хохирлын хэмжээ маш бага гарсан. Гэхдээ дайралт, довтолгоонууд хараахан дуусаагүй байна. Бид бэлтгэлтэй байх хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн байна.

 

Мөн Израилын Ерөнхий сайд шинэ мэдэгдэл хийж, Иран руу дайрахад бэлэн байгаа тухайгаа мэдээлжээ. Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “Сүүлийн хэдэн долоо хоногийн турш Израил Улс Иранаас хийх дайралтад бэлтгэж байсан. Бид хамгаалалтын систем байрлуулж, хамгаалалтаа бататгаснаас гадна олон улс Израилыг дэмжиж байгаад талархаж байна. Израил хамгаалалт, довтолгооны аль алинд бэлэн байгаа. Гэхдээ бид тодорхой зарчмыг баримтална. Хэн бидэнд хор хөнөөл учруулна. Хор хөнөөлийг нь эргүүлэн учруулах болно. Израил Улс Иран руу дайрахад бэлэн байгаа. Бид хариу арга хэмжээ авах болно” гэжээ.

 

-ДЭЛХИЙН ХАНДЛАГА БУЮУ ЦӨМИЙН ДАЙНЫ АЮУЛ-

Зүүн Европт өрнөж буй ОХУ, Украины дайн, “ХАМАС”, Израилын дундах Газын дайнаас гадна Ираны тал Израил руу ийн довтолсон нь бүс нутаг дахь сөргөлдөгч талуудын хооронд удаан үргэлжилсэн далд дайныг улам хурцатгасан явдал болж буйг “CNN”-ийн тоймчид онцолжээ. Тэгвэл Ираны гэнэтийн дайралт болон Израилын авч болзошгүй хариу цохилттой холбоотойгоор дэлхийн томоохон гүрнүүд хөдөлж эхэлж байна.

                                Израилын талын өгсөн мэдээллээр Ираны агаарын цохилтод Ирак, Йемен зэрэг орон тусламж үзүүлсэн гэнэ. Мөн Ираны ашигласан бөмбөг хаягч дронууд нь Оросын Украинд ашиглаж байгаа дрон болохыг баталсан гэж мэдэгдээд байгаа аж. Тэгвэл Ираны талын Израилын хотуудад өгсөн гэнэтийн дайралттай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүй зөвлөл шуурхай хуралдахаар болсон байна. Мөн Ираны талаас мэдээлэл хүргүүлж байсан гэх АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд Аюулгүй байдлын зөвлөлтэй хуралдсан бөгөөд энэ долоо хоногт “Их долоо”-гийн бүлэгтэй яаралтай хуралдаан зохион байгуулахаар ярилцаж байгаа гэнэ. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр Ираны Израилд өгсөн гэнэтийн цохилтод АНУ, Европын холбоо оролцож, хөдөлж эхлэх бөгөөд Израилын ямар хөдөлгөөн хийхээс шалтгаалж Иран, Израилын нөхцөл байдал хурцдаж, ОХУ, Украины дайныг ч давсан дэлхийн хэмжээний асуудал болж, дайн эхэлж болзошгүй хэмээн анхааруулж байна. Мөн Израилын талаас хэрэгжүүлэх хариу арга хэмжээнээс хамаарч хийх Ираны үйлдэл аюултай байж болзошгүй бөгөөд дэлхийн олон орон Иран цөмийн зэвсэгтэй орон болохыг сануулж буй.

Харин Израилын талаас Иранд өгөх хариу цохилтын талаар “BBC” агентлагийн шинжээчид “Израилын талаас хариу өгөх эхний байнууд нь пуужин хөөргөсөн Ираны цэргийн баазууд байх магадлал өндөр. Цаашлаад Израил Ираны орон даяар тархсан Хувьсгалт Гвардын сургалтын төв, цэргийн баазад цохилт өгч, хүний амь, эд материалын томоохон хохирол учруулахаар шийдэхийг ч үгүйсгэхгүй. Дэлхийн геополитикт нөлөөлж болзошгүй хоёр орны нөхцөл байдал аюулын шатандаа явж байна” хэмээн дүгнэжээ.

 

 


ИЗРАИЛ, ИРАН ҮЙ ОЛНООР НЬ ХӨНӨӨХ ЗЭВСЭГ АШИГЛАВАЛ ЦӨМИЙН ДАЙН БОДИТ АЮУЛ БОЛНО ГЭВ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188