• Өнөөдөр 2024-04-29

ОХУ-ЫН КРОКУС СИТИ ХОЛЛЫН КОНЦЕРТЫН ТАНХИМД АЛАН ХЯДАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ГЭХ ИСЛАМЫН УЛС БҮЛЭГЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ

2024-03-25,   822

ОХУ-ын нийслэл Москва хотын зэргэлдээ орших Красногорскийн Крокус Сити Холлын концертын танхимд өнгөрсөн долоо хоногт халдлага болж, 100 гаруй хүн амиа алдаж, 200 орчим хүн шархдаад буй. Тухайлбал, халдлагыг 4-5 хүн зохион байгуулсан бөгөөд Крокрус Сити Холл руу автомат буугаар шүршиж, концертын танхимд гал тавьж, тус төв рүү ирсэн автомашиндаа тэсрэх бөмбөг суурилуулаад зугтсан байжээ. Тусгай албаныхан бөмбөгийг салгаж, аюулгүй болгосон бөгөөд халдлага үйлдсэн этгээдүүдийг Украины хилийн ойролцоох Брянск мужаас баривчилсан талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдээд байна.

КРОКУС СИТИ ХОЛЛЫН ХАЛДЛАГЫН ЭРГЭН ТОЙРОНД:

Крокус Сити Холл нь нийслэл Москва хотоос 20 километрийн зайд орших Краногорск хотод оршдог бөгөөд халдлага орон нутгийн цагаар өнгөрсөн баасан гарагийн 20:00 цагийн үед эхэлжээ. Тус төвийн концертын танхимд “Picnic” нэртэй рок хамтлагийн тоглолт эхлэх гэж байхтай зэрэгцэн автомат буугаар зэвсэглэсэн дөрвөн этгээд танхимд орж ирэн үзэгчид рүү гал нээсэн байна. Халдлага эхлэхийн өмнө шууд дамжуулалт хийж байсан орон нутгийн “112” телевизийн камерын дуранд үлдсэнээр алан хядагчид үзэгчид рүү галласны зэрэгцээ шатамхай шингэн ашиглаж, концертын танхимд гал тавьсан бөгөөд эх сурвалжийн мэдээллээр халдлага 20 орчим минут үргэлжилсэн гэнэ. ОХУ-ын Мөрдөн байцаах товчооны мэдээлснээр алан хядагчид “Клашников” маркийн галт зэвсгээр зэвсэглэж, тусгай зориулалтын шатамхай шингэнтэй концертын танхим руу нэвтэрчээ.

Тусгай албаныхан алан хядагчдыг Крокус Сити Холлын гадна очсон автомашиндаа тэсрэх бөмбөг суулгаж, “Renault” загварын автомашинтай зугтсан талаар мэдээлсэн. Үүнтэй зэрэгцэн ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас дээрх халдлагыг алан хядах ажиллагаа гэж үзэн гэмт этгээдүүд Москва руу нэвтрэхээс сэргийлж, нийслэл рүү нэвтрэх зам, нисэх онгоцны буудал, галт тэрэгний өртөөнүүдийн хамгаалалтыг нэмэгдүүлж, Улаан талбайг бүрэн бүслэлтэд аваад байв. Харин алан хядах ажиллагаа зохион байгуулсан этгээдүүдийг өчигдөр буюу гуравдугаар сарын 24-нд Украины хилтэй 100 км зайд оршдог Брянск мужид байхад нь баривчилжээ. Холбогдох албанаас алан хядах ажиллагааг зохион байгуулахад нийт зургаан хүн оролцсон бөгөөд бүгд Тажикстан гаралтай Исламын улс бүлэглэлийн гишүүд байсан талаар мэдээлээд байна.

                         Мөн алан хядагчид Крокус Сити Холлын концертын танхимд гал тавьсны улмаас тус төвийн дээвэр нурж, барилга бүхэлдээ галд автжээ. Галыг унтраахаар нийслэлийн 20, бусад мужийн 30 түргэн тусламж, гал унтраах ангийн албан хаагчид хэргийн газарт очиж ажилласан бөгөөд төвийн дээрээс нисдэг тэргээр 160 тонн ус асгаж, 10 цаг ажилласны эцэст бямба гарагийн өглөө унтраажээ. Крокус Сити Холл нь долоон давхар барилга бөгөөд концертын танхим нь 10 мянга орчим хүний суудалтай гэнэ. Халдлага болсон өдөр “Picnic” хамтлагийн тоглолтыг үзэхээр 6000 гаруй хүн тасалбар авсан бөгөөд халдлагын улмаас шархадсан 140 гаруй хүн ойролцоох эмнэлгүүдэд хүргэгдсэний 10 орчим нь бага насны хүүхэд байгаа талаар ОХУ-ын Эрүүл мэндийн сайт Михаил Мурашко мэдээлжээ. Харин алан хядах ажиллагааны улмаас амиа алдагсдын тоо 133-т хүрээд байгааг Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн байна.

-УКРАИН АЛАХ ХЯДАХ АЖИЛЛАГААНД ХАМААРАЛГҮЙГЭЭ МЭДЭГДЭЖ, ИСЛАМЫН УЛС БҮЛЭГЛЭЛ ҮЙЛДСЭН ГЭВ-

Красногорск хотын Крокус Сити Холлын концертын танхимд болсон алан хядах ажиллагаатай холбоотойгоор хэн зохион байгуулж, үйлдсэн талаар олон таамаг гарсан. Хамгийн эхний таамаг нь ОХУ-тай дайтаж байгаа Украин Улсын хийсэн зүйл байж болзошгүй гэсэн таамаг байв. Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев “Хэрэв энэ халдлагыг Украин үйлдсэн нь тогтоогдвол бүгдийг нь алан хядагч гэж үзэн хариу арга хэмжээ авах болно” гэдгээ мэдэгдсэн. Харин Украины Ерөнхийлөгчийн Тамгын газраас удалгүй хариу өгч, “Крокус Сити Холлд болсон халдлагад Украин Улс ямарч холбоогүй” талаар тухайгаа мэдэгджээ. АНУ-ын талаас халдлагад Украин оролцсон гэх шинж тэмдэггүй байгаа талаар мэдээлсэн бөгөөд алан хядах ажиллагаа зохион байгуулсан этгээдүүдийг баривчилсны дараа Исламын улс бүлэглэл байсныг тогтоосон байна. Украины хилийн ойролцоо баривчлагдсан алан хядагчид нь Исламын улс бүлэглэлийн Афганистан дахь салбарын гишүүд бөгөөд ОХУ-ын талаас Исламын улс бүлэглэлийн тус салбар зохион байгуулалттайгаар алан хядах ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа юм.

ОЛОН УЛСЫН ХАНДЛАГА:

Халдлагын мэдээлэлтэй зэрэгцэн Москва дахь Элчин сайдын яамдууд иргэддээ “Халдлага гарч болзошгүй учир гадагш гарч болохгүйг анхааруулсан” мэдэгдэл хийж байсан талаар орон нутгийн зарим хэвлэл мэдээлжээ. Тухайлбал, энэ сарын 7-нд ОХУ-д суух АНУ-ын Элчин сайдын яам “Нийслэлд халдлага гарч болзошгүй учир олон нийтийн газраар зорчихгүй байхыг анхааруулж байна” гэсэн утгатай анхааруулга иргэддээ өгсөн байна. Үүнтэй адилаар Их Британи, Дани зэрэг 10-аад улс иргэддээ сэрэмжлүүлэг өгч байсантай холбоотойгоор барууны орнууд халдлагын талаар мэдээлэлтэй байсан байж болзошгүй гэх хардлага гарчээ.

                          Харин Крокус Сити Холлд болсон халдлагатай холбоотойгоор Цагаан ордон ОХУ-ын иргэдэд эмгэнэл илэрхийлж, дээрх хэрэгтэй холбоотой өөрсдийн мэдэх бүх мэдээллээ ОХУ-тай хуваалсан гэдгээ мэдэгдсэн. Гэсэн ч АНУ гуравдугаар сар гарснаас хойш алан хядах ажиллагаанд бэлдэж, иргэддээ анхааруулга хүргэж байсан нь асуудал дагуулж байгаа талаар ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна. Түүнчлэн халдлагатай холбоотойгоор ОХУ-ын нөхөрсөг ба нөхөрсөг бус гэж ангилсан орнууд эмгэнэл илэрхийлж байгаа бөгөөд Итали, Герман, Серби, Кавар, Иран, Турк, БНХАУ, Саудын Араб, Франц, Тажикстан, Израил, Энэтхэг, Япон зэрэг орон янз бүрийн түвшинд алан хядах ажиллагааг буруушааж, эмгэнэл илэрхийлжээ.

-ИСЛАМЫН УЛС БҮЛЭГЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ-

Крокус Сити Холлд алан хядах ажиллагаа явуулсан гэгдэж буй Исламын улс бүлэглэл нь ихэвчлэн Ирак, Сирийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Исламын Коран судрын сургаалиудад суурилсан байгууллага гэнэ. Анх Ирак ба Левантын Исламын Улс гэсэн нэртэй байсан бөгөөд 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ч олон улсад зөвшөөрөгдөөгүйн улмаас хүлээн зөвшөөрөгдөөгүй улс гэгдэх болж. Исламын улс бүлэглэл нь 2014 оноос хойш Ирак, Сирийн газар нутагт үйл ажиллагаа явуулж, 100 мянга гаруй ам км талбайг эзлэн авсан бөгөөд тус нутаг дэвсгэр дэх бүх мөргөлдөөн, хэт даврагчдын үйл ажиллагаанд их, бага хэмжээгээр оролцож байжээ. Харин Исламын улс бүлэглэлийг анх байгуулсан удирдагч Абу Бакр Аль-Багдади 2019 оны аравдугаар сард АНУ-ын агаарын цэргийн цохилтод өртөж, амиа алдсан байдаг. Гэсэн Исламын улс бүлэглэл удирдагчаа алдсанаас хойш хэд хэдэн том террорист ажиллагаанд оролцсон нь Ирак дахь АНУ-ын цэргийн бааз, Афганистаны нийслэл дэх нисэх онгоцны буудалд бөмбөг дэлбэлсэн явдал байв. Исламын улс бүлэглэлийн одоогийн удирдагчийг Франц, Турк, Талибаны Засгийн газар устгасан гэж мэдэгдэж байсан ч үхсэн, амьд эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байгаа юм байна.

 


ОХУ-ЫН КРОКУС СИТИ ХОЛЛЫН КОНЦЕРТЫН ТАНХИМД АЛАН ХЯДАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ГЭХ ИСЛАМЫН УЛС БҮЛЭГЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188