“Тэвэр дүүрэн цэцэг өгч
Сэтгэл гаргах сайхан байдаг ч
Багадах биш үү
Тэнгисээр хамтдаа аялна гэж
Амлалт өгөх өчнөөн гайхам ч
Дутуу биш үү...” гээд л дуулцгааж байна даа, ойрдоо.
Энэ бол МУГЖ Т.Ариунаагийн хитүүдийн нэг болох “Чамтай бас чамгүй”. “Morningstar”-тай хамтарсан шинэхэн хувилбар нь энэ намрын хит болоод буй юм. Бид түүний хоршихоор сонгосон уран бүтээлч болох “Morningstar” буюу Б.Аззаяагийн талаар уншигч танд хүргэж байна. Үүний урьд, уншигч та хаа нэгтээ, эсвэл бүр нэг зорьж,
“Бодлын гүнээс бороо болж орооч
Чи далайн тусгалд сар болон амилаач
Сэрүүхэн салхиар
Сэтгэлээ дайлаач...”
“Ертөнцийн үзэх тусгал
Мянга мянган оддын дундаас
Чи миний мэдэх
Цор ганц гялалзах гэрэлт од...”
“Сонсооч, сүүлийн удаа
Сонголт минь чамайг алдсан гэж үү
Хэлээч, яагаад гэдгийг
Дэргэд байхгүй чиний сүнс хайчсан бэ” гэх дуунуудыг нь сонссон байх. Түүний дууг сонсохоор оддын дунд “аялж”, огторгуйн цээлд хөвж яваа мэт мэдрэмж төрдөг. Тэр хайр, чин сэтгэл, мөрөөдлийг зүрхнийхээ гүнээс эгшиглүүлдэг. Нүдээ аниад л дуундаа орох нь дагаад үзэгч, сонсогчдыг ч уран бүтээлийнхээ ертөнцөд автуулж, чаддаг. Өөрийн гэсэн өнгө аяс, мэдрэмж, үзэл бодол, дуулалт, ер бусын татах чадвар түүнийх. СУИС-д менежмент мэргэжлээр суралцан, төгссөн тэрбээр арван жилээсээ эхлэн дуу бичиж эхэлжээ. “Morningstar” хамтлагаа ердөө хоёрхон жилийн өмнө болох 2023 онд байгуулсан ч уран бүтээлүүд нь бүр нэг удаан хугацаанд сонссон мэт сэтгэлд хоногшиж, хит болж чадсан.
2019 онд өөрийн нэртэй анхны дуугаа хүргэж, түүний араас “Pluto planet”, “Night star”, “No Place To Find ft The C”, “Side effect ft The C”, “Бодлын гүнээс”, “Мэдэхгүй”, “Chihiro” тэргүүтэй олон дуу гаргаж, цөм үзэгч, сонсогчдын сонсох дуртай бүтээл болсон. Амьд хөгжмийн гайхамшгийг мэдэрч, түүний хүч чадалд дурлагч “хөвгүүд”-ийн нэг түүнийг тайзнаа дуулж зогсоог нь харахад нэг тийм гүн харизм мэдрэгддэг. Өөрөө ч нэг тийм өөр төлөвт очиж, өөрийгөө давхар чагнаж, зүрх сэтгэлээ дуундаа бүрэн шингээж чаддаг нь ч илт байдаг. Үгс нь түүний дотоод ертөнц, юу мэдэрч, хүмүүст юу мэдрүүлэх гэж байгааг хэлдэг. Дуулж байхдаа найгаж, бас тэсэрч, галзуурч, дотогш нэвтэрч, өөрийгөө уран бүтээлдээ бүрэн өгч хүргэдэг. Дуунд тийм хайртай, дуу хөгжмийн төлөө бүхнээ өгсөн залуу артистын уран бүтээлийг сонсож буй нэгэнд ч тийм нэг урам зориг, эдгэрэл, тэнхрэлийн ер бусын хүч чадал төрөх шиг санагдаж, тэтгэгддэг нь гарцаагүй.
Дуу хуур ч түүнийг өдий хүртэл үгээр хэлэхийн аргагүй хүч чадлаар өрдөн дулаацуулж, хөдөлгөж ирсэн байх. Тиймээс цаашид ч олон уран бүтээлээр биднийг өрдөн дулаацуулна гэдэгт итгэлтэй байна.
АМЬД ХӨГЖМИЙН ГАЙХАМШГИЙГ МЭДЭРЧ, ТҮҮНИЙ ХҮЧ ЧАДАЛД ДУРЛАГЧ "ХӨВГҮҮН" |
|