• Өнөөдөр 2024-05-18

МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР

2022-02-01,   1014

             Цагаан сар. Энэ бол монголчуудын өнө эртнээс уламжлал болгон тэмдэглэж ирсэн баяр. Аливаа баяр наадмыг догдлон хүлээдэг үе бол бага нас минь байжээ. Миний хувьд хамгийн сайхан баяр гэвэл эрийн гурван наадам, цагаан сар. Хөдөө өссөн болохоор манай нутгийнхан шинэ жил, мартын найман, хүүхдийн баяр зэргийг нэг их сүр дуулиантай тэмдэглээд байсныг сайн санахгүй юм. Харин цагаан сар бол өөр л дөө. Угаасаа миний хүн болсноор тэмдэглэж үзсэн хамгийн сайхан баяр одоог хүртэл цагаан сар хэвээрээ, жилээс жилд өргөжин тэлж буй баяр. Монголчууд шинэ жилээс цагаан сараар өөрсдийн өнгө төрхийг тодорхойлж, ажил үйлсээ тэнгэр, бурхандаа даатгадаг. Үүнээс гадна цагаан сар бол асар том хүндэтгэлийн ёслол үйлдэг баяр. Тиймээс санаанаас огт гардаггүй цагаан сарын дурсамжаа хуваалцах гэж байна.

            Манай нутагт цас унасан, хавсарга салхитай хүйтэн жил тохиосон юм. Зуд зурхантай тул ихэнх малчин отор нүүдэлд явсан нутаг эл хульхан. Сум, баг хорооны хэдэн ажилтан, өндөр настнууд, сургуулийн сурагчид л сумын төвдөө аж төрж байсан гэхэд болно. Манай сум Өвөрхангай аймгийн хамгийн жижиг сумандаа ордог байх. Томхон сумын багийн төв шиг л сум. Тиймээс гудамж, талбайн гэрэлтүүлэг гээд байх юм үгүй. Айлуудын тооно, сурагчдын дотуур байрны гэрэл л шөнө хэсэгхэн од тэнгэрээс буугаад ирсэн юм шиг гэрэлтдэг байлаа. Сурагчид тэр дундаа бага ангийн сурагчид аав, ээж, гэр орноо санан дуугаа хураагаад санааширч байсан юм даг. Энэ хүүхдүүдийн нарыг гийгүүлсэн зүйл цагаан сар дөхөж малчид орон нутаг руугаа эргэн ирсэн явдал байлаа. Би тухайн үед тавдугаар ангийн сурагч байсан. Анх сургуульд орох цагаасаа л мотоциклоор наашаа цаашаа зорчдог байв. Тэр жил харин цагаан сарын амралтаар аав, дүү бид хоёрыг авахаар хөтөлгөө морьтой ирж билээ. Ихээхэн хэмжээний цас унасан болохоор техник, хэрэгсэл явах нь нүдний гэм байсан юм л даа. Ямар сайндаа л бензин зөөдөг ачааны машин тавхан километр зам туулж чадахгүй буцах билээ.
 
Аавыгаа дагаад гэр лүүгээ явах зам хамгийн сайхан нь байлаа. Уулсын оройг дамнан шогшуулж явахад хүйтэн жавар хацар хайрч байсан ч ижийдээ очих гэж яваа хүн даардаггүй юм байна лээ. Нар жаргах үесэд гэртээ ирэхэд ээж минь битүүлгээ чанаад, тавгийн идээгээ засахаар бэлдэж байв. Олон сар гэрийн бараа хараагүй дүү бид хоёр нэлээд додигор. Ээжийнхээ шинээр зэхэж хийсэн дээлийг өмсөж, ааваараа ерөөл айлдуулж, шагай тоглож битүүлэх ёсыг хүлээнэ. Сар шинийн өдрүүдэд тавгийн идээ хамгийн чухал, хамгийн сайхан байх ёстой. Энэ талаар ээж минь “Хүн хоёр хөлийнхөө улаар дэлхийн татах хүчинтэй холбогдож, энерги хүч авч, тэр хүчээ ашиглан тодорхой орон зайнаас өөр орон зай руу урагшилж байдаг. Тэр утгаар урагшлахын бэлгэдэл болгон “Ул” боов хэмээн нэрийдсэн юм. Ул боовоор таваг засдаг нь хэдэн нас зооглож байгаа, хэдэн үр хүүхэд, хэдэн ач зээ, хэдэн гуч дөчөө үзэж байгааг илэрхийлдэг бөгөөд “тэдэн улыг өнгөрүүлжээ”, “тэдэн улыг элээжээ” хэмээн туулж өнгөрүүлсэн цаг хугацаагаа нөхөхийн бэлгэдэл болгож, мөн урт нас дуудаж буй утга агуулдаг” хэмээн учирлаж билээ. Ээж минь хэдий малчин эмэгтэй ч гэлээ сонин захиалж, их уншдаг. Одоо ч тэр л хэвээрээ. Манай гэр бүлийн хамгийн их мэдээлэл, мэдлэгтэй хүн. Битүүлэх ёсон эхлэлээ. Ширээн тойрон сууж, бурхан тахилдаа зул өргөөд цай, сүүний дээжээс зооглоно. Аав битүүлэгний хишиг хувааж, манай гэр бүлийн битүүлэх ёс эхэллээ. Удалгүй айлын хүмүүс зочилж, томчууд бөх, хурдан ярьж, хүүхдүүд бид харин шагай тоглож нэгэн шөнийг өнгөрөөлөө.
 

Шинийн нэгэн

 
        Манай хот айлыг нөмөрлөж байдаг “Сүүл цохио” хэмээх өндөр уулын оройд аавыг даган гарлаа. Уулс уулсын оройг ширтэж, дун цагаан нутгаа тольдлоо. Тэнгэр цэлмэг, зүүн уулсын оройгоор нар улайран гарч ирэхүй дор эрдэнэт мал сүргийнхээ сүү, саалийг өргөж нутаг усныхан болон гэр бүлээ даатгаж, олж омог арвин байхыг хүслээ.
 

          Аав гэрийнхээ гадаа ирээд мориныхоо дэлийг засаж, эмээллээд хашаа хорооныхоо үүдийг нээв. Шинэ өглөө, шинэ нар, шинэ хувцас энэ бол шинийн нэгний өдөр. Дэлхий ертөнц, тэр дундаа монгол нутаг шинээр мэндлэх гэж буй хаврын улирлын эхний өдөр. Бүхий л зүйлс цоо шинэ. Арц хүж уугиулан гэр орон, мал ахуйгаа ариулж, сүү, цайныхаа дээжийг тэнгэр бурхандаа өргөж дуусаад золголт эхэллээ. Гэр бүлийнхээ золголтыг дуусаад аавыг даган өвөөгийнх рүү шогшуулж гарав. Дунд цагаан нутагт минь цас хайлмагтаж, уулсын орой борлон, өвсний үзүүр цухуйж эхэллээ. Нутаг усныхан гэдэг төрөл садангууд л байдаг. Тиймээс аав бид хоёр ахмад настангуудаар золгож яваад үдшийн бүрийд гэртээ ирлээ. Аавыг дагаж айл хэссэн би өвөр дүүрэн бэлэгтэй. Дүүд гайхуулах нь ойлгомжтой. "Өвөөгийн өгсөн цоо шинэ 10 мянган төгрөгийн дэвсгэрт хар даа", "Энэ гоё байна уу, Бат ахынх өгсөн юм" гэм мэт гайхуулна. Мөн шинийн нэгний орой цагаалах ёс гэж бий. Тэрхүү ёсыг дуусаад аав “Энэ жилийн хавар их сайхан байх нь дээ. Ногоо эрт ургаж, амьтад эрт ичээнээсээ гарна. Учир нь, сар их сайхан гарсан байна” гэж билээ. Энэ ч үнэн байсан юм. Тэр жил хаврын манай нутгийн малчид төл малаа бүрэн авсан даа. Өвөлдөө цастай хүйтэн байсан ч гэлээ манайх тэр жил 500 гаруй төл мал бүрэн авсан.

 
         Цагаан сар гэдэг малчид тухайн жилийнхээ өнгийг тодорхойлж мэддэг. Айл гэр, ах дүүс, хамаатан садангууд нэг дор цугладаг гэр бүлийн баяр ч юм шиг. Энэхүү бичвэрээ Их зохиолч, Д.Нацагдоржийн “Хавар” шүлгээр өндөрлөе.
 
Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэр
Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо ногоороход морь мал ханагар
 
Холхи нар ойртож хасын цас хайлахад
Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ
Хөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад
Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана
 
Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход
Гэртээ суусан малчин түүнийг чанга уярна
Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахад
Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ
 
Эелдэг урьхан амьсгал ариуханаар үнэртээд
Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ
Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд
Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг, эхээ баясгана.

 


МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-01 09:20:25
    ххх: Зохиогчийг нь нэрлэх соёл байдаггүйээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188