Өмнөх хэсгийг энд дарж уншаарай.
Баялгийн хулгай ердөө уурхайн талбайгаас эхэлдэг. Өөрөөр хэлбэл, уул уурхайн эздийн давхар ашиг олох луйврын ажил уурхайн аль хэсгээс дээшээ шинжлүүлж байна вэ гэдгээс хамаардаг. Уул уурхайн салбарыг улам ашигтай болгодог, эздээ олон жил тэжээдэг хамгийн чухал зүйл нь дээжний шинжилгээ болчихоод байгаа. Тухайлбал, А гэх иргэн уулын ажлын төлөвлөгөөгөөр хайгуулын лиценз авахдаа уурхайнхаа хамгийн их нөөцтэй гэгдэх хэсгээс дээжээ сорчилж аваад лабораторид шинжлүүлж, нөөц ихтэй ордтой болсон гэдгээ батлуулдаг. Харин баялгаа ухаж, хилээр гаргахын тулд ашигт малтмалын дээжний шинжилгээг өгөхдөө мэргэжлийн геологич нараар тодорхойлуулсан эрдэс баялгийн агуулга багатай газраасаа лабораторид шинжлүүлэх дээжээ зориуд бэлдэж, зориулалтын уутанд хийж лацаддаг. Уул уурхайн компанийнхан уурхайн талбай дээрээ агуулга дардаг хууль бус ажлыг иймэрхүү байдлаар гардан зохион байгуулдаг байна. Тэд бэлтгэсэн уутанд хийсэн уул уурхайн дээжээ хувийн лабораторид өгч, эрдэс баялгийнхаа хагасыг нь ч болтугай бага агуулгаар гаргаж, татвар төлөхөөс зугтдаг гэх мэт аргыг сэддэг гэнэ. Энэ бол уул уурхайн салбарт нүүрлээд байгаа бодит хулгай.
Ингэж эрдэс баялгийн агуулга дарснаар үндсэн орлогоос гадна хэчнээн төгрөгийн ашиг хүртэж болохыг нэгэн жишээнд тулгуурлан тооцоолж үзье. Уул уурхайн бүтээгдэхүүний агуулга дарж, татвараас зугтана гэдэг нь тонн зэсийн баяжмал байлаа гэхэд түүнд "Маш бага мөнгөний агууламж байна" гэсэн шинжилгээний бичиг гаргаад өгчихдөг. Тэр бичгийг нь хил, гаалийнхан үндэслэж, бага татвар авдаг. Өөрөөр хэлбэл, “Танай бүтээгдэхүүнд татвар тооцох хэмжээний алт, мөнгө алга” гээд зүгээр шахуу хилээр гаргачихдаг. Уул уурхайн бүтээгдэхүүний агуулгыг хятадуудтай хуйвалдаж үйлдсэн маш ноцтой хэрэг 2016 онд гарч байсан. Тухайлбал, “Жи Пи Эф” ХХК-ийн удирдлагууд нь Геологийн төв лабораторийн удирдлагуудтай хуйвалдаж, Салхитын ордоос олборлосон баяжмалын мөнгөний агууламжийг зориудаар дарж, хуурамч шинжилгээний бичгээр хил гаргаж байсан нь ил болж байсан. Тодруулбал, Салхитын ордын нэг тонн баяжмал нь 2015 онд дунджаар 1400 грамм мөнгөний агууламж байдаг байсан. Гэтэл “Жи Пи Эф” ХХК-ийн удирдлагууд 2016 оноос Геологийн төв лабораториос “Нэг тонн нь 425 грамм агууламжтай” гэсэн хуурамч шинжилгээний хариу гаргуулан хил давуулж байсныг хууль хяналтынхан тогтоосон байдаг. 425 грамм мөнгөний агууламжтай баяжмал хил гаргах нь 1400 грамм агууламжтай баяжмал гаргахаас гурав дахин бага татвар төлдөг байсан гэсэн үг.
Одоогийн байдлаар Нью-Йоркийн хөрөнгийн биржид нэг килограмм мөнгө 960.99 ам.долларын ханштай байна. Энэ нь төгрөгөөр 3.2 сая төгрөг гэсэн үг. Тэгвэл 1400 грамм мөнгөний агуулгыг 425 болтол нь дардаг гэж үзвэл хэчнээн төгрөгийн зөрүү гарахыг бодъё.
1400*3.2=4.480
425*3.2=1.360
4.480-1.360=3120 /зөрүү/
3120*3.2=9.984 буюу нэг удаагийн гаралтаар тэрбум шахуу төгрөгийн ашгийг байгалийн баялаг гадагш нь хуйвалдаж зарагсад ашгаа болгон авдаг. Тус луйврыг сард 10 удаа хийдэг гэж үзвэл ганцхан сарын дотор үндсэн ашгаасаа гадна 10 тэрбум төгрөг олж байх жишээний. Ингээд цааш нь бүтэн жилд үржүүлбэл саятан болоод явчихад байгаа юм. Хэзээ, хаана, хэдэн төгрөг аль дансанд нууснаа мартдаг улстөрчдийн бодит жишээ иймэрхүү мөнгө угаалт, улсын баялагт санаархагчдын цаана өрнөж байдаг. Магадгүй тухайн уул уурхайн бүтээгдэхүүн агуулга ихтэй, үнэ нь илүү бол дээрх мөнгөн дүнг хэд дахин нугалж байгаа юм. Харин хилийн цаана очсон уул уурхайн бүтээгдэхүүнээ үнэн зөвөөр нь шинжлүүлж, зах зээлийн бодит үнээр зардаг байна.
Ашигт малтмалын нөөц шинжилдэг хувийн лаборатори нэмэгдэхийн хэрээр баялгийн агуулга дардаг хэрэг хэрээс хэтэрч эхэлнэ гэсэн үг. Одоогийн байдлаар “Тавантолгой” ХК, “Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс силверс ресурс” ХХК, “Монголросцветмет” ТӨҮГ, “Оюу толгой” ХХК тэргүүтэй төрийн өмчит уурхайнууд болон хувийн уурхайнуудын алт, зэс, жонш, мөнгө, нүүрсний 10 хүрэхгүй хувийг Геологийн төв лаборатори, үлдсэн 90 гаруй хувийг нэр бүхий дөрөвхөн компанийн лаборатори монопол эрхтэйгээр шинжилдэг байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн компаниудын олборлож буй нийт ашигт малтмалыг 100 хувь гэж үзвэл, “Геологийн судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ буюу Геологийн төв лаборатори 10 хувийг нь, “Хан лаб” ХХК-ийн лаборатори 20 хувь, “Алс групп” ХХК-ийн лаборатори 30 хувь, “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК-ийн лаборатори 30 хувь, “Гео-аналитик” ХХК 10 хувийг нь тус бүр шинжилдэг. Үүнээс харахад, улсдаа ганцхан байдаг Геологийн төв лаборатори хувийн лабораториудад шахагдаж, төрийн лаборатори гэх хоосон нэрээс цаашгүй болчихоод байгаа. Тэгвэл тухайн эрх бүхий лабораториудын ямар нөлөө бүхий хүмүүс байдаг болохыг манай сайтын сурвалжлах баг өмнө нь нийтэлж байсан. Тодруулбал,
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар салбарынхаа цөм болох Геологийн төв лабораторийн даргаар химич биш, геологич ч биш, хаа холын “Улаанбаатар төмөр зам”-д хамгаалагч байсан, өөрийнхөө дүүргийн ИТХ-ын төлөөлөгч залууг томилж байсан. Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Дуламсүрэнгийн Мөнхбаатар гэх залуу “УБТЗ” ХНН-т хамгаалагч, хяналтын байцаагчаар ажиллаж байсан. 2016 оноос Баянгол дүүргийн МАН-ын хороонд давхар ажиллах болж, улмаар 2020 оны орон нутгийн сонгуулиар МАН-аас Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Түүгээр зогсохгүй, Баянгол дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар, Засаг дарга Ө.Сумъяабаатарын орлогчоор тус тус давхар томилогдсон байгаа юм. Гэтэл УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарын тушаалаар 2023 оны нэгдүгээр сарын 13-нд Геологийн төв лабораторийн захирлаар томилогдож, ИТХ-ын төлөөлөгч, бүлгийн дарга, Засаг даргын орлогч, лабораторийн дарга гэх дөрвөн давхар сэтэртэй болжээ. Товчхондоо, Баянгол дүүргийн “эзэн” гэгдэх болсон УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарын “тавиул” юм.
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс, “Монголросцветмет” ТӨҮГ-ын жонш, төмрийн хүдэр, алт, “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн мөнгө, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-уудын зэсийг “Хан лаб” ХХК-ийн лаборатори шинжилдэг. Өөрөөр бол, эхэнд дурдсанчлан нийт ашигт малтмалын дээжийн 20 орчим хувийн шинжилдэг монопол компани. Тэгвэл “Хан лаб” ХХК-ийг Цэзээгийн Отгонзаяа гэх эмэгтэй эзэмшиж, удирддаг. Ц.Отгонзаяа нь Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч асан Б.Мэдрээгийн эхнэр. Б.Мэдрээ “Сахал” Д.Эрдэнэбилэгийн Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгчөөс гадна “Ажнай” Д.Бат-Эрдэнийн “Капитрон” банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нэгэн. Харин одоо Монголын банкны холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж буй. Товчхондоо, улстөрчид, уул уурхайн бизнесийнхэн дунд асар нөлөөтэй нэгэн. Тиймдээ ч түүний эхнэрийн “Хан лаб” ХХК нь лаборатори нь томорсон биз. Сонирхуулахад, “Хан лаб” ХХК нь жонш, алт, мөнгө, нүүрс шинжлэхээс гадна Гаалийн ерөнхий газрын харьяа Гаалийн төв лабораторид лабораторийн шилэн сав, урвалж бодис, дээжний сав, хэмжилтийн тоног төхөөрөмжийг нийлүүлдэг ажээ. Зөвхөн 2020 оноос хойш л гэхэд Гаалийн төв лабораторид 1.4 тэрбум төгрөгийн гэрээ хийжээ.
ХХБ-ны Ерөнхийлөгч асан Б.Мэдрээ, "Хан лаб" ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Отгонзаяа
“Эй Эл Эс” лаборатори буюу “Алс групп” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэс, “Эрдмин” компанийн катодын зэс, “Оюу толгой”-н алт, зэс, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний дээжийг шинжилдэг. Мөн л монопол эрхтэй компани. Тэгвэл “Алс групп” ХХК-ийг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй “АLS inspection UK” компани болон Ширнэнгийн Одбилэг хамтран эзэмшдэг. Харин гүйцэтгэх захирлаар Ш.Одбилэг өөрөө ажилладаг бол Санхүү, үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар нь Ш.Одбилэгийн эхнэр Ө.Наранчимэг ажилладаг аж.
“Алс групп” ХХК-ийг эзэмшигч Ш.Одбилэг нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягаас нүүрсний дээж шинжлэх 11 тендерт авч, 12.3 тэрбум төгрөгийн санхүүжилт халаасласан асуудлаараа өнгөрсөн сард “Нүүрсний хулгай”-н нээлттэй сонсголд дуудагдсаныг санаж буй байх. Хамгийн ноцтой нь, уул уурхайн бүтээгдэхүүний 30 орчим хувийг шинжилдэг “Алс групп” ХХК-ийг эзэмшигч Ш.Одбилэг нь уул уурхайн салбарын бүхий л “муу нэртэн”-үүдтэй холбоо хамааралтай нэгэн аж. Ш.Одбилэг нь Дамбадаржаагийн Наранхүүтэй “Бизнес инвестмент групп” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Мөн Цэнддоржийн Эрдэнэбаттай “Нэгди процессор” ХХК-ийг, Ц.Эрдэнэбатын эхнэр Н.Энхжаргалтай “Дижитал Номад Ди Эн” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулж байсан. Ш.Одбилэгийн бизнесийн хамтрагч Ц.Эрдэнэбат нь 1999-2008 он УИХ-ын Тамгын газарт ажиллаж байсан. Харин эхнэр Н.Энхжаргал нь 2004 оноос хойш “МCS”-ийн охин компаниудын гүйцэтгэх захирал, төслийн удирдагчаар ажиллаж иржээ. Тухайлбал, БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн “Интерпресс” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Спирт бал бурам” ХХК-ийг “MCS”-ийн харьяанд байх үед маркетинг хариуцсан дэд захирал, “М Си Эс холдинг” ХХК-ийн төслийн удирдагчаар тус тус ажиллаж байжээ.
Бид ашигт малтмалын дээж шинжилдэг хувийн лабораториудтай холбогдож, мэдээлэл авах гэсэн боловч нэг нь ч тайлбар, мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариу хэлсэн юм.
"Алс групп" ХХК-ийг эзэмшигч Ш.Одбилэг
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НҮҮРС, “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ЗЭСИЙГ ШИНЖИЛДЭГ “ЭС ЖИ ЭС АЙ ЭМ ЭМ И МОНГОЛИА” ХХК-ИЙГ ОФФШОРТ БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИ ЭЗЭМШДЭГ
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийн тал хувийг “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК шинжилдэг. Тэгвэл “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК-ийг оффшор бүс буюу Швейцарт бүртгэлтэй “SGS SA” компани эзэмшдэг. Харин гүйцэтгэх захирлаар нь БНХАУ-ын иргэн Ян Ян Ли Шин гэгч ажилладаг бол үйл ажиллагаа хариуцсан менежерээр нь Л.Анхбаяр гэх эмэгтэй ажилладаг аж. Ноцтой нь, “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК нь “нүүрсний хулгай”-н хэрэгт хутгалдчихсан явж байгаа. Тодруулбал, “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК нь “Элгэн” ХХК, “Литопро” ХХК, “Инженер геодези” ХХК-уудтай “Хамтарсан түншлэл” байгуулан, 2022 оны аравдугаар сарын 25-нд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягтай 69.7 тэрбум төгрөгийн дүнтэй “Тавантолгой ордын далд уурхайн хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Улмаар энэ гэрээгээ улсын нууцад оруулж хав дарсан байсныг Засгийн газраас ил болгосон байдаг.
“Гео аналитик” ХХК-ийг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор асан Э.Хүрэлбаатарын төрсөн дүү Э.Мөнхбаатар эзэмшдэг. Харин “Гео аналитик” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Э.Хүрэлбаатарын охин Х.Мөнхзул ажилладаг. Э.Хүрэлбаатар нь Г.Мөнхбаярыг Хотын дарга байх үед буюу 2010-2012 онд Улаанбаатар хотын Ерөнхий архитектороор томилогдон ажиллаж байсан, “Хотын фракц”-ын нэг төлөөлөл. Өдгөө “Гео-Аналитик” ХХК нь Э.Хүрэлбаатарын эзэмшдэг Улаанбаатар чуулгын хажуугийн “Архитектор ордон”-д байрлаж, үйл ажиллагаа явуулдаг.
"Гео-Аналитик" ХХК-ийг эзэмшигч Э.Мөнхбаатар
Хилээр гаргаж буй уул уурхайн бүтээгдэхүүний дээжинд ГЕГ-ын харьяа Гаалийн төв лаборатори ёс төдий шинжилгээ хийдэг. ГЕГ-ын харьяа Гаалийн төв лабораторийн даргаар Сэд-Очирын Цэрэнчимэд гэх эмэгтэй ажилладаг. Харин С.Цэрэнчимэд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хадам ах, ОБЕГ-ын дэд дарга Л.Болдбаатарын эхнэр юм.
Тиймээс ашигт малтмалын дээж шинжилдэг хувийн лабараториуд ихэссэн энэ үед төрийн өмчит лабораториуд хэрхэн ажиллах ёстой талаар Геологийн төв лабораторийн захирал асан судлаач, инженер Э.Тэгшжаргалаас тодрууллаа. Тэрбээр “Уул уурхайн лаборатори ирүүлсэн дээжийн элементийн агуулга, эрдсийн агуулга хоёрыг тодорхойлж өгдөг. Лабораторийн гаргасан шинжилгээ уул уурхайн бүтээгдэхүүнийг олборлохоос өгсүүлээд хилээр гарах хүртэлх бүх процест ашиглагддаг. Тиймээс лабораторийн шинжилгээ яалт ч үгүй үнэн зөв байх ёстой. Тухайн шинжилгээнд үндэслэж, ордууд нөөцөө тогтооно, баяжуулалтынхаа технологийг боловсруулна шүү дээ. Лабораторийн үр дүнг үнэн байлгахын тулд 100 дээжний 10 хувийг нь хөндлөнгийн лабораториор хянуулж байх ёстой. Мөн ашигт малтмалын дээж шинжилдэг хувийн компаниуд олшрох нь Монголын эдийн засаг, уул уурхайн салбарт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь одоог хүртэл асуултын тэмдэгтэй байгаа. Лаборатори байгуулах процесс нь хүртэл хялбар болчихсон байна” гэсэн юм.
Монголыг тэжээж буй гэгдэг “Оюу толгой”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хоёр зэсийн баяжмал гаргаж байгаа. Зэсийн баяжмалыг заавал алт, мөнгө дагаж байдаг гэдэг. Тухайн ордуудын байгалийн баялагыг хилээр гаргаж буй нь эдийн засагт хэрхэн үр өгөөжтэй байгаа талаар эдийн засагч Т.Балжиннямаас тодрууллаа. Тэрбээр “Тухайн ордуудын зэсийг дагаж хэчнээн мөнгө, хэчнээн алт гарч байна вэ гэдгийг манай төр засаг, хууль хяналтын байгууллага хянаж чадаж байгаа юу, үгүй юү гэдэгт анхаарах хэрэгтэй. Хувилдаад хуваагаад авчихаж байж мэдэх хүн олон бий. Уг нь, Уул уурхайн яам, Мэргэлжийн хяналтын Ерөнхий газрын байцаагч нар ашиглаж буй уурхай бүрд очиж хяналт тавьдаг байсан. Мөн дагалдах элементүүдийг хилээр гаргахын тулд төлбөр төлөх шаардлагатай эсэх нэгдсэн стандарт байдаг. Тун бага элемент агуулагдаж байгаа бол төлбөр татвар төлөх шаардлагагүй гэсэн үг. Манай улс Ззэсийн баяжмал гаргаж буй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюу толгой” ХХК-д хяналт тавих хэрэгтэй. Уг нь, эрдэс баялаг дотор Д.Менделеевийн үелэх системийн бараг бүх элемент байдаг” гэв. “Таван толгой”, “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн нүүрс ихэвчлэн том оврийн машинаар Гашуун сухайт Ганц модны боомтоор гардаг. Харин “Оюу толгой” ХХК-аас бусад төрийн болон хувийн уул уурхайн үйлдвэрийн зэс, нүүрс, жонш, цайр, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн түүхий эдийг Замын-Үүд-Эрээний төмөр замаар экспортолдог байна.
Байгалийн баялгийг баруун, солгойгүй ухдаг, зөөдөг, хувьдаа завшдаг, худал сорьц, агуулга дардаг хүмүүст яаралтай арга хэмжээ авч, улсаараа хяналт тавихгүй бол хулгайчид өдөр өдрөөр даамжирч, уул уурхайн салбар тэр чигтээ SOS зарлачихаад байна. Өнгөрсөн жил нүүрсний хулгайн гэх хэрэг дуулиан дэгдээхэд нүүрс ухдаггүй, тээвэрлэдэггүй УИХ-ын гишүүн бараг байгаагүйтэй адил алт, зэсний хулгайчид Монголын баялгийг чимээгүйхэн мөлжиж дууслаа. Бид дараагийн дугаартаа агуулга дардаг, даруулдаг байж болзошгүй сүлжээний гол эздийн талаарх баримтуудыг дэлгэх болно.
Үргэлжлэл бий.
БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ ЦӨЛМӨГСӨД ЛАБОРАТОРИУДТАЙ ХУЙВАЛДАЖ, АШИГТ МАЛТМАЛЫН СОРЬЦЫГ ЗОРИУДААР БАГАСГАЖ, ХИЛИЙН ЦААНА ХЭДЭН ЗУУН ИХ НАЯДЫН МӨНГӨ УГААЖ БУЙ ГЭМТ ХЭРГИЙН МӨРӨӨР-II |
|
2025-02-05 12:58:45
2025-02-05 12:05:52
2025-02-05 10:42:29
2025-02-05 10:41:42
2025-02-05 10:36:02
2025-02-05 10:00:00
2025-02-05 09:53:41
2025-02-05 09:35:59
2025-02-05 09:13:00
2025-02-05 08:36:36
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 06:00:00
2025-02-04 16:37:18
2025-02-04 16:05:43
2025-02-04 15:49:12
2025-02-04 15:44:23
2025-02-04 15:40:52
2025-02-04 15:27:54
2025-02-04 14:05:37
2025-02-04 13:47:16
2025-02-04 13:29:04
2025-02-04 12:27:23
2025-02-04 12:17:34
2025-02-04 11:48:11
2025-02-04 11:36:26
2025-02-04 11:17:30
2025-02-04 11:16:42
2025-02-04 10:28:30
2025-02-04 10:18:23
2025-02-04 09:44:30
2025-02-04 09:37:51
2025-02-04 08:48:33
2025-02-04 08:40:53
2025-02-04 07:20:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |