Ашигт малтмал, газрын тосны газар гэж тэрбумтнуудыг “төрүүлдэг” байгууллага бий. Уул уурхайн хайгуул, ашиглалтын лицензүүдийг олгодог байгууллага учраас арга ч үгүй байх. Анхны дарга Д.Жаргалсайхан нь хувьдаа 30 гаруй компанитай хүн бий. Хүүхэд нь л гэхэд Монголын хамгийн том сагсан бөмбөгийн багийн эзэн гэхээр хэр бэлтэй хүн бэ гэдэг нь ойлгомжтой биз. Дараагийн дарга Лу.Болд нь УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Гадаад харилцааны сайд гэх мэтээр бүх өндөр албан тушаалын хашиж, одоо Бельгийн хаант улсад Элчин сайдаар суугаа. Дараагийн дарга Ж.Билэгсайхан нь сүүлд АТГ-ын хаалга татсан. Дараагийн дарга Д.Батхуяг нь зургаан жилийн ял аваад ачигдсан. Дараагийн дарга буюу УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн нөхөр Г.Өлзийбүрэн өдгөө толгой бизнесменүүдийн нэг болсон. Хүүхэд нь л гэхэд өнгөрсөн хоёр жил нийгэм даяараа шуурсан койны бизнесийн гол толгойлогчдын нэг байсан. Дараагийн дарга нь Д.Үүрийнтуяа гэж УИХ-ын сонгууль бүрээр нэр дэвшиж, мөнгөө үрдэг эмэгтэй бий. Дараагийн дарга Б.Баатарцогт өдгөө Цөмийн энергийн комиссын тамгыг атгаж буй. Дараагийн дарга Х.Хэрлэн нь өдгөө “УБТЗ” ХНН-ын дарга бөгөөд төрсөн дүү Х.Чингэс нь хэд хэдэн уурхайтай нэр холбогддог. Одоогийн дарга Л.Баярмандал нь ч улс төр, бизнест урт сүлжээтэй нэгэн. Товчхондоо, энэ байгууллагыг удирдсан үе үеийн дарга нарын улс төр, бизнесийн зам нь засагдаж, нэг бол хорих руу ачигдаж ирсэн.
Тэгвэл энэ удаад Ашигт малтмал, газрын тосны газрын анхны дарга Д.Жаргалсайхан гэгчийг танилцуулахаар бэлтгэлээ. Тодруулбал, УИХ-аас 1997 онд Ашигт малтмалын тухай хуулийг баталж, улмаар Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрыг анх байгуулж байв. Ингээд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын анхны даргаар 1997 оны тавдугаар сарын 30-наас 2004 оны арванхоёрдугаар сарын 29 хүртэл долоон жил гаруй хугацаанд Дугарын Жаргалсайхан гэгч ажилласан байдаг.
Тайлбар: Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын тайлбан сэтгүүл, 1997-2004 он \Архив\
Ноцтой нь, Д.Жаргалсайхан гэгч нь 1997-2004 онд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллахдаа Монголын нийт газар нутгийн 40 орчим хувьд нь 6000 гаруй хайгуулын лиценз олгосон гэх тоо бий. Өөрөөр хэлбэл, 1997-2023 он хүртэл улсын хэмжээнд хайгуулын 14 мянган лиценз олгогдсон байдгаас бараг тал нь буюу 6000 гаруй лиценз нь Д.Жаргалсайханы үед олгогджээ гэсэн үг. Жишээ нь, Д.Жаргалсайханыг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга байх үед Халзан бүргэтэйн ховор металлын ордын лиценз, Таван толгойн нүүрсний ордын лиценз, Цагаан суваргын зэс-молебдины ордын лиценз, Нарийн сухайтын нүүрсний ордын лиценз гэхчилэн олны сайн мэдэх ордуудад эздэдээ очсон түүхтэй.
Тэгвэл Д.Жаргалсайхан нь 1997-2004 онд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллах хугацаандаа ямар уурхай хувьдаа авсан бэ гэдгийг он дарааллаар нь одоо танилцуулъя.
СҮХБААТАР АЙМАГТ ОРШИХ ТӨМӨРТИЙН ОВООНЫ СТРАТЕГИЙН ОРДЫГ Д.ЖАРГАЛСАЙХАН ЭЗЭМШДЭГ
Сүхбаатар аймгийн төв, Баруун-Урт хотоос хойш 10 гаруйхан км-т үйл ажиллагаа явуулдаг “Цайрт минерал” ХХК-ийн Төмөртийн овооны цайрын уурхайг мэдэхгүй, сонсоогүй хүн ховор байх. Жилд 400 мянган тонн цайрын хүдэр олборлож, 100 мянган тонн цайрын баяжмал экспортод гаргадаг, 400 орчим уурхайчинтай нүсэр том уурхай бий. Дээрээс нь, энэхүү “Цайрт минерал” ХХК-ийн эзэмшдэг Төмөртийн овооны цайрын орд нь УИХ-аас баталсан Стратегийн 16 ордын нэг. Тэгэхээр Төмөртийн овооны цайрын орд нь ямар том, ямар чухал орд болох нь ойлгомжтой байх.
Тэгвэл Төмөртэйн овооны цайрын ордыг эзэмшигч “Цайрт минерал” ХХК-ийг “Металл импэкс” ХХК эзэмшдэг. Харин “Металл-Импэкс” ХХК-ийг эзэмшигч нь Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын анхны дарга Дугарын Жаргалсайхан гэгч ажээ.
Түүх сөхвөл, Д.Жаргалсайхан 1997 оны тавдугаар сарын 30-нд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон. Ингээд хоёрхон сарын дараа буюу 1997 оны наймдугаар сард “Металл-импэкс” ХХК Төмөртий овооны цайрын стратегийн ордын ашиглалтын лицензийг эзэмшилдээ авсан. Мэдээж энэ том ордыг ухаж эхлэхэд мөнгө хэрэгтэй. Харин ухах мөнгөө хятадуудаас авахаар болсон. Иймд 1998 онд “Металл-импэкс” ХХК-ийнхаа харьяанд “Цайрт минерал” ХХК-ийг Хятадын “NFC” компанитай хамтран байгуулсан. Нэмээд Сүхбаатар аймгийн уугуул Ч.Улааныг Сангийн сайд болмогц буюу 2000 онд Засгийн газраар Хятадаас 200 сая юанийн зээл авхуулж, Төмөртийн овооны уурхайн бэлтгэл ажилдаа зарцуулжээ. Ийнхүү санхүүжилтээ шийдэж, цахилгаанаа татаж, ажилчдын байр, үйлдвэрлэлийн барилга байгууламжуудаа барьж дууссаны эцэст Д.Жаргалсайханыг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалаа өгсний дараа жил буюу 2005 онд Төмөртэйн овооны цайрын уурхай албан ёсоор нээгдсэн түүхтэй.
.JPG)
Тайлбар: "Металл-Импэкс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Хосбаяр, Д.Жаргалсайхан, "Майн-инфо" ХХК-ийн Ерөнхий менежер асан Д.Төрбат, "Майн-Инфо" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Батсайхан
ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫН ЛИЦЕНЗИЙН АНХНЫ ЭЗЭН БОЛЖ, “ЭНЕРЖИ РЕСУРС” ХХК-ИЙН ШАНГ ТАТСАН ХҮН НЬ Д.ЖАРГАЛСАЙХАН
Д.Жаргалсайхан 1997 онд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга болохтойгоо яг зэрэгцээд “Майн инфо” ХХК-ийг байгуулжээ. Улмаар 1999 оны аравдугаар сард “Майн инфо” ХХК-аараа Таван толгойн нүүрсний ордын 1900Х, 1901Х дугаартай хайгуулын лицензүүдийг авсан. Ингээд Д.Жаргалсайхан 2004 онд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаас чөлөөлөгдсөн.
Ноцтой нь, дараа жил нь буюу 2005 онд Д.Жаргалсайхан нь Ерөнхийлөгч асан П.Очирбат, Ерөнхий сайд асан Сү.Батболд, MCS-ийн Д.Оджаргал, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд асан Ц.Цэнгэл, “Моннис”-ийн Б.Чулуунбаатар, “Шунхлай”-н Г.Батхүү агсан, “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл агсан, УИХ-ын гишүүн асан Ц.Идэвхтэн, Хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр нартай хамтран өнөөх хав дарсан Таван толгойн ордын лицензүүдээ ашиглахаар “Энержи ресурс” ХХК-ийг байгуулсан түүхтэй. Өөрөөр бол, “Энержи ресурс” ХХК-ийг түүхийг олон нийт Сү.Батболд, MCS-ийн Д.Оджаргалаар төлөөлж ирсэн. Тэгвэл өдгөө төсвийг тэжээж буй “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн эзэмшдэг Таван толгойн нүүрсний ордын анхны монгол эзэн, цаашилбал “Энержи ресурс” ХХК-ийн шанг татсан, гол зохион байгуулагч нь Д.Жаргалсайхан гэгч байжээ гэсэн үг. Ингэж монголын нэгэн цаг үеийн бүх олигархиудыг нэгтгэж байгуулагдсан “Энержи ресурс” ХХК явцын дунд МCS гэдэг толгойтой болсон. Харин анхны хувьцаа эзэмшигчид буюу Д.Жаргалсайхан, Сү.Батболд, П.Очирбат, Т.Бадамжунай тэргүүтнүүд хэр хэмжээгээр хэтэвчээ дүүргээд “Энержи ресурс” ХХК-ийг орхисон нь зөвхөн тэдний мэдэх нууц хэвээр үлдсэн. Өдгөө “Энержи ресурс” ХХК нь Таван толгойн нүүрсний ордын хамгийн сайн чанарыг коксжих нүүрстэй хэсэг буюу Ухаа худагийн лицензийг эзэмшиж, үйл ажиллагаа явуулдгийн цаадах түүх товчхондоо ийм.
Нэгтгэж харвал, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар долоон жил ажилласан Д.Жаргалсайхан Монголын стратегийн хамгийн том нүүрсний орд болох Таван толгойн ордын лицензийн анхны эзэмшигч болж байсан бол өдгөө стратегийн 16 ордоос цайрын ганц орд болох Төмөртийн овооны ордоос хувь хүртэж суугаа ажээ.
Үргэлжлэл бий.
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД |
|