• Өнөөдөр 2024-05-01

ХИЧЭЭЛ, ЗҮТГЭЛ БҮХЭНД ЧИНЬ БАЯРЛАЛАА,О.ПҮРЭВ

2023-08-13,   534

           Амьдралд ч, тулааны талбарт ч  хангалттай хичээлээ, тэр. Долоон настай байхаасаа л эхлэн нүүрс үүрч, арав гаруйхан наснаасаа зах дээр бор цай зарж эхэлсэн хүү холимог тулаанаар хичээллэн амжилт гаргаж байсныг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Үүрийн гэгээнээр үдшийн бүрий хүртэл сайхан амьдралд хүрэх, ялалт байгуулах хүсэл мөрөөдлийнхөө төлөө хэнээс ч, юу ч гуйхгүй, хэнд ч ялархаж гомдолгүй зүтгэж явсан холимог тулааны ирээдүйтэй сайн тамирчин, халамжит хань, сайн аав байсан.

          Амьдралын хатуу хүтүү өдөр хоногуудтай тэмцэж, өөрийнхөөрөө өндийж, бор зүрхээрээ зүтгэхийн хажуугаар бэлтгэлээ тууштай хийж, олон ч тулаанд нулимстай ялж зогссон. Гэхдээ энэ бол зөвхөн түүний зориг, тэвчээр, хөдөлмөрөөс ургасан ялалт байсан. Хэн ч дэмжиж, хичээл зүтгэлийг нь үнэлээгүй. Зах дээр наймаа хийж, олсон орлогоороо тэмцээндээ оролцож, өөрөө л бүх зүйлийнхээ төлөө шүдээ зуун тэмцсэн.

Ингэж тэмцэхэд, өдөр шөнөгүй ийн хөдөлмөрлөхөд түүнд ямар хэцүү байсан бол оо. Гэхдээ тэр болгоно, бүтээнэ, хөдөлмөрлөсөн хүнийг амьдрал хэзээ нэг өдөр шагнана гэсэн итгэлийг тээн инээмсэглэн зүтгэсээр л байсан.

Гэсэн ч энэ бүхний эцэст цэл залуухан насандаа харамсалтайгаар хорвоогоос буцлаа.

Илүү ч авьяасаа гаргах талбар, араасаа хөврөх амжилтууд байлаа. Даанч хүсэж мөрөөдөж, түүнийхээ төлөө хичээж зүтгэж явсан бүхнийхээ үзүүрээс атгаад л буцчихлаа. Хангалттай их хичээж зүтгэсэн шүү, О.Пүрэв ээ. “Би тулаанч төрөөгүй, амьдрал намайг тулаанч болгосон” гэж гэгээхэн инээмсэглээд, “Одоо гэр бүлийнхээ төлөө улам ч хичээнэ” гээд аз жаргалтайгаар үрсээ тойруулан ярьж суусан нь саяхан. Тайзнаа гурван тулаан хийхдээ нэг ч амраагүй амжилтыг үзүүлж, ард түмний хайрыг татаж ардын хүү болсон тэрээр амьдралынхаа ч шантардаггүй, хэзээ ч зогсдоггүй, юунаас ч халширдаггүй тулаанч байсан. Өөрөө л хичээхгүй бол амьдрал болохгүй гэдгийг өөрийнхөөрөө үлгэрлэн харуулж, залууст том үлгэр дуурайлал болж ч байсан дайчин нэгэн.

           Холимог тулааны 57 кг жингийн хошой аварга "One championship" холбооны тулаанч О.Пүрэв Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн бөгөөд Улаанбаатарын Улаанхуарангийн 68 дугаар сургуульд наймдугаар анги хүртэл суралцаж, Үйлдвэр урлалын коллежийг аялал жуулчлалын хөтөч, тайлбарлагч мэргэжлээр төгссөн байна. Анх зах дээр “Чөлөөт бөхөд үнэгүй сургана” гэх зараар очин хичээллэж эхэлсэн түүнийг “One championship” холбооны дэлхийн аварга асан, Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг багш шавиа болгон авснаар 2007 оноос холимог тулаанаар хичээллэж, нийтдээ найман ялалт байгуулсан амжилттай. Сүүлд гаргасан амжилтаас нь дурдвал, Азийн холимог тулааны One championship холбооны хамгийн сүүлийн тулаандаа Бразил Улсын тамирчин Микаэл Де Жесусийг ялсан билээ.

            Тэр ялалт бүрийнхээ ард сэтгэл догдлон “Намайг дэмжих гэж ирсэн монгол ахан дүүсдээ баярлалаа. Долоон, найман настайгаасаа би нүүрс түүж эхэлсэн, арван настайгаасаа эхлэн зах дээр ажилласнаас хойш өдий зэрэгт хүрсэн. Энэ бол ард түмэн та бүхний минь хүч” гэж чин сэтгээлээ хэлээд нулимстай зогсож байсан ардын хүү. Зорилгынхоо төлөө тууштай явж, нэг зорилгоо биелүүлээд, дараагийн зорилгоо төлөвлөдөг, түүндээ хүрэхийн тулд хамаг чадлаараа хөдөлмөрлөдөг нь хичээж байгаагаас нь илт харагддаг. Гэсэн ч энэ удаад дэлхийн аварга болох мөрөөдлөө, эхнэр, хоёр хүүхэдтэйгээ байр, орон сууцад оруулах зорилгоо биелүүлж амжилгүй явлаа. Тиймээс эхнэр, хүүхдээ баярлуулах хүслийг нь биелүүлэхээр аян өрнүүлж байгаа аж.

         Нээрээ л тэр өөрөө байсан бол энэ бүхнийг хэнээс ч гуйхгүйгээр амжуулж, зорьсондоо хүрэх байсан. Тийм чадвартай, чадалтай, хичээл зүтгэлтэй гэдгээ арван настай байхаасаа эхлэн харуулж, хөдөлмөрөөрөө ялсаар ирсэн. Тамирчин хүн тасралтгүй бэлтгэл сургуулилттай байхаас гадна амралт, сэтгэлзүй гээд олон талын зүйлээс хамааран амжилт гаргадаг. Гэтэл О.Пүрэв өглөөнөөс орой хүртэл зах дээр зогсож бараагаа зарчихаад үлдсэн цагт нь бэлтгэлээ хийж, өрх гэрээ тэргүүлж явсан. Бусад шиг ялархаагүй, “Би зөвхөн бэлтгэлээ л хиймээр байна” гэж гомдоллоогүй. Мэдээж дан ганц бэлтгэлдээ хамаг цагаа зарцуулдаг, өөр юу ч бодож санах зүйл үгүй байсан бол үүнээс ч илүү амжилтын эзэн болохыг үгүйсгэхгүй.  Гэхдээ түүнийг даана гээд амьдрал их ачааг өгч, тэр ч дааж, амжилттай үүрч дүүрч, даваа нугачаа бүрийг нь даван туулсан. Гэхдээ дотроо бол гомдож, цөхөрч, хэдэнтээ нуран унаж, бүхнээс шантармаар үе байсан л байх. Гэсэн ч шантралгүй тэмцсээр ардын хүү байж чадсан юм. Тиймээс түүнд одоо л туслаж, дэмжиж, тулааны авьяас, мэдрэмж, эр зориг, тэсвэр тэвчээрийг нь хүндэтгэн гэр бүлд нь тусалж, хүслийг нь биелүүлэхэд туслаарай.


ХИЧЭЭЛ, ЗҮТГЭЛ БҮХЭНД ЧИНЬ БАЯРЛАЛАА,О.ПҮРЭВ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188