• Өнөөдөр 2026-03-23

АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ

2026-03-23,   314

       Өнгөрсөн 10 жил Ардын намын албан тушаалын бялууны хамгийн амттай хэрчим нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар\ХХҮЕГ\ байж ирсэн. Асар их мөнгө эргэлддэг газар учраас Ардын намынхан амтанд нь орчихсон хэрэг л дээ. Ингэхдээ Ардын намын дэргэдэх НАМЗХ\одоогийн СДМЗХ\-ныхон ХХҮЕГ-ыг ээлжлэн удирдаж ирсэн. Анх 2016 онд НАМЗХ-ны экс Ерөнхийлөгч Н.Номтойбаяр ХНХ-ын сайд болмогцоо өөрийн “Монголын алт” ХХК-ийн дэд захирал Б.Нямдавааг ХХҮЕГ-ын даргаар томилж байлаа. Гэтэл 2020 онд ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шүүхээс гурван жилийн ял сонссон. 
 
Түүний дараа 2020 онд НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учралын баруун гар, НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч Л.Дашдэмбэрэлийг ХХҮЕГ-ын даргаар томилсон. Гэтэл Л.Дашдэмбэрэл нь 600 сая төгрөг завшсан хэрэгт холбогдсон. Эргэн санавал, 2022 оны тавдугаар сард ЭЦА-ынхан Л.Дашдэмбэрэлийн өрөөнд нэгжлэг хийж багагүй бөөн л дуулиан болж байлаа. Гэвч 600 сая төгрөгийн хэрэгт холбогдсон Л.Дашдэмбэрэл юу ч болоогүй юм шиг ХХҮЕГ-ын даргын ажлаа өгчихөөд Н.Учралын Ахлах зөвлөх болж, өдгөө УИХ-ын Тамгын газрын дэд болоод томорчихсон суугаа. Дараа нь, НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч асан Х.Булгантуяа ХНХ-ын сайдаар томилогдож, Ардын намын хуульчаар ажиллаж асан З.Энхболд гэгчийг ХХҮЕГ-ын даргаар томилж байв. Харин өнгөрсөн онд Баян-Өлгий аймгийн НАМЗХ-ны дарга асан Т.Аубакир ГБХНХ-ын сайдаар томилдсон. Тэгмэгцээ Баян-Өлгий аймгийн НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж асан З.Бауыржан гэгчийг ХХҮЕГ-ын даргаар томилсон. Товчхондоо, ХХҮЕГ гэх байгууллага Ардын намын дэргэдэх НАМЗХ-ныхны шахааны талбар байж ирсэн. 
 
      Тэгвэл хэд хоногийн өмнө хурлын зааландаа хавтгай архидаж, шалан дээрээ шалбааг тогттол нь шээчихээд халтирч унаж буй ХХҮЕГ-ын Ажиллах хүч, шилжилт хөдөлгөөн зохицуулалтын газрын дарга А.Сэрээтэр, Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Эрдэнэбулган хоёрын бичлэг сошиалд цацагдаж, нийгмийг бухимдуулсан. Гэтэл А.Сэрээтэр, М.Эрдэнэбулган хоёр төрд орж ирэхээсээ өмнө өнөөх л Ардын намын дэргэдэх НАМЗХ-нд ажилладаг байжээ. Тодруулбал, А.Сэрээтэр нь Нийслэлийн НАМЗХ-ны Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бол, М.Эрдэнэбулган нь СБД-ийн НАМЗХ-ны даргаар ажиллаж байжээ. Өөрөөр бол, Ардын намын дэргэдэх НАМЗХ-ныхон ХХҮЕГ-ыг эрхшээж буйдаа эрдэж, эцэст нь хурлын өрөөндөө архидаж, шалан дээрээ шээтлээ назгайрч буй ажээ.  

ХХҮЕГ-ын Ажиллах хүч, шилжилт хөдөлгөөн зохицуулалтын газрын дарга А.Сэрээтэр анх Нийслэлийн НАМЗХ-ны Нарийн бичгийн дарга байсан

 
         А.Сэрээтэр нь одоогийн Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярыг НАМЗХ-ны Ерөнхийлөгч байх үед НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн НАМЗХ-ны Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тиймдээ ч НАМЗХ-ныхоо буянаар төрд орж иржээ. 
Тайлбар: Нийслэлийн НАМЗХ-ны удирдлагууд, Нарийн бичгийн дарга А.Сэрээтэр
Түүх сөхвөл, 2012 оны УИХ-ын сонгуулиар АН үнэмлэхүй ялж, Ардын намынхан ажилгүй болж “гудамж”-нд гарцгаасан. Аз болж, 2014 оны арванхоёрдугаар сард Ч.Сайханбилэг хамтарсан Засгийн газар байгуулж, Ардын нам зургаан сайдтай болсон. Гэвч 2015 оны зургадугаар сараас АН-ынхан зангаа хувиргаж, Ардын намын зургаан сайдыг Засгийн газраас хөөх асуудлыг ярьж эхэлсэн. Удахгүй хөөгдөнө гэдгээ мэдсэн Ардын намын сайдууд салбар салбартаа намынхаа ажилгүйчүүдийг даргаар томилж эхэлсэн. Тухайлбал, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг 2015 оны зургадугаар сарын 2-нд намынхаа ажилгүйчүүдээс 18 хүнийг аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар томилсон. Жишээ нь, Нийслэлийн НАМЗХ-ны Нарийн бичгийн дарга А.Сэрээтэрийг Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар томилсон байдаг.  Ингээд хоёр сарын дараа буюу 2025 оны наймдугаар 6-нд Ардын намын зургаан сайд Засгийн газраас хөөгдсөн. Ингээд Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр С.Эрдэнэ томилогдож, тэр даруйдаа С.Чинзоригийн томилсон 18 хүнийг ажлаас нь чөлөөлсөн. Товчхондоо, Нийслэлийн НАМЗХ-ны Нарийн бичгийн дарга А.Сэрээтэр намынхаа буянаар төрд дарга болсон ч хоёрхон сар болоод халагдсан байдаг. 
 
       2016 оны УИХ-ын сонгуулиар Ардын нам үнэмлэхүй ялж, Засгийн эрхийг авсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар НАМЗХ-ны экс Ерөнхийлөгч Н.Номтойбаяр томилогдсон. Ингээд Н.Номтойбаярыг НАМЗХ-ны Ерөнхийлөгч байх үед Удирдах зөвлөлийнх нь гишүүн, Нийслэлийн НАМЗХ-ны Нарийн бичгийн дарга байсан өнөөх А.Сэрээтэр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдож эргэн ирсэн. 
 
      Өнгөрөгч 2025 онд Т.Аубакир Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон. Тэгмэгцээ Т.Аубакир З.Бауыржаныг ХХҮЕГ-ын даргаар томилсон. Харин З.Бауыржан нь Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэрийг ХХҮЕГ-ын Ажиллах хүч, шилжилт хөдөлгөөн зохицуулалтын газрын дарга болгож дэвшүүлсэн. 
 
Тэгвэл сайд Т.Аубакир Баян-Өлгий аймгийн НАМЗХ-ны даргаар ажиллаж байсан. З.Бауыржан Баян-Өлгий аймгийн НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. А.Сэрээтэр Нийслэлийн НАМЗХ-ны Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Өөрөөр бол, Т.Аубакир, З.Бауыржан, А.Сэрээтэр гурав гурвуулаа НАМЗХ-ны угшилтай учраас нэг нэгнийгээ дарга болгож томилсон гэсэн үг. 

ХХҮЕГ-ын Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Эрдэнэбулган анх СБД-ийн НАМЗХ-ны дарга байсан

 
       М.Эрдэнэбулган нь СБД-ийн НАМЗХ-ны даргаар ажиллаж байсан. Тиймдээ ч НАМЗХ-ныхоо буянаар хэд хэдэн удаа даргын суудал дамжжээ. Тодруулбал, М.Эрдэнэбулган 2019 онд одоогийн БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаярт СБД-ийн НАМЗХ-ны даргын албан тушаалаа шилжүүлж өгөөд, өөрөө “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн Газрын менежментийн хэлтсийн даргаар томилогджээ. 
Тайлбар: СБД-ийн НАМЗХ-ныхон, дарга М.Эрдэнэбулган
         2021 онд НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учралын зөвлөх М.Говьсайхан “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож, М.Эрдэнэбулган шадар хамтрагч нь болсон. Тэгээд болоогүй, М.Эрдэнэбулган 2021 онд “Нийслэлийн орон сууцны корпораци”-д ажиллахын хажуугаар НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учралын “Рояаль” олон улсын сургуулийн Төрийн удирдлагын магистрын ангид хүргэн А.Чингүүнтэй нь хамт суралцаж төгсжээ. 
 
        2022 онд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Байгаль орчны сайд болсон. Ингээд сайд Б.Бат-Эрдэнэ М.Эрдэнэбулганыг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргаар томилсон. Учир нь, Б.Бат-Эрдэнэ, М.Эрдэнэбулган хоёр Эрдэнэтийнх, мөн Б.Бат-Эрдэнэ НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, М.Эрдэнэбулган СБД-ийн НАМЗХ-ны дарга байсан. 
         2024 оны арваннэгдүгээр сард Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга М.Эрдэнэбулган ХХҮЕГ-ын Халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдсон. Тухайн үед ХХҮЕГ-ын даргаар Х.Булгантуяагийн томилгооны хүн болох З.Энхболд ажиллаж байсан. Харин Х.Булгантуяа НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тэгэхээр М.Эрдэнэбулган өнөөх л НАМЗХ-д ажиллаж байсан намтраараа ХХҮЕГ-т хэлтсийн дарга болж очсон гэсэн үг. 
 
      2025 онд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Т.Аубакир томилогдсон. Улмаар Т.Аубакир ХХҮЕГ-ын даргаар З.Бауыржаныг томилсон. Харин З.Бауыржан нь М.Эрдэнэбулганыг ХХҮЕГ-ын Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болгож дэвшүүлсэн. Дээр дурдсанчлан, Т.Аубакир Баян-Өлгий аймгийн НАМЗХ-ны даргаар, З.Бауыржан нь Баян-Өлгий аймгийн НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Харин М.Эрдэнэбулган  СБД-ийн НАМЗХ-ны даргаар ажиллаж байсан. Тэгэхээр Т.Аубазир, З.Бауыржан хоёр М.Эрдэнэбулганыг СБД-ийн НАМЗХ-ны дарга байсных нь хувиар ХХҮЕГ-ын Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болгож дэвшүүлсэн гэсэн үг. 
 

АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-23 07:54:30
    түүхч: НАМЗХ гдг сургалтын газраас баах шээх, шаах эрхээ авсан гсн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-23 07:27:50
    зочин: БАуыржанг халах ёстой , хариуцлага алдаж зөв удирдаагүй гэж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-23 07:20:09
    зочин: бузрын луйврын МАН-ын сүлжээ төрийг баллаж дууслаа даа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188