• Өнөөдөр 2026-03-04

ТАНИЛЦ: ТӨРД ЭРХЭЛСЭН 10 ЖИЛИЙН АНДУУД

        Монголын төрийн томилгоо туслах, зөвлөх, хүү, охин, хүргэн, бэр, нутгийн дүү, нэг ангийн найз гэх мэт тулга тойрсон хүрээнд л хийгдэж байна. Жишээ нь, Боловсролын сайд П.Наранбаярын туслах М.Төртогтох нь Боловсролын зээлийн сангийн захирлаар, зөвлөх Д.Гантулга нь Боловсролын дэд сайдаар томилогдсоноос эхлээд туслах, зөвлөхүүдийн хэдэн арван жишээ дурдаж болно. УИХ-ын гишүүн Ц.Туваан гэхэд 2024 онд АҮЭБ-ийн сайд болмогцоо туслах Ш.Ганхуягаа АМГТГ-ын даргаар томилж, нөгөөх нь 2.7 тэрбум төгрөгийн авлига авчихсан, өдгөө АТГ-т шалгагдаж байгаа. Цаашилбал, Монголбанкны экс ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хүү нь Хөгжлийн банкны охин компанийн захирлаар сая томилогдлоо. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга асан Д.Тогтохсүрэнгийн хүргэн нь Төрийн банкны дэд захирлаар сая томилогдлоо, гэх мэтээр хүү, охин, хүргэн бэрийн олон томилгоо байна. Нутгийн дүү нарын хувьд, Ерөнхий сайд Г.Занданшатар Баянхонгороос нутгийн дүүгээ авчирч АҮЭБ-ийн дэд сайдаар томиллоо, ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэнгийн Увсаас авчирсан дүү нь “Амгалан дулааны станц”-ын захирлаар ажиллаж байна, гэх мэтээр үргэлжилнэ. 
 
Тэгвэл 10 жилийн найзыгаа туршлага үл харгалзан төрд шахах нь ч түгээмэл үзэгдэл болж байна. Эхэнд нь олны сайн мэдэх нэг жишээг дурдахад, МАН-ын дарга асан М.Энхболдын 10 жилийн найз Л.Бямбасүрэн нь 2016 онд Эрүүл мэндийн дэд сайд, 2020 онд ЭМДЕГ-ын дарга болж байлаа. Гэвч Л.Бямбасүрэн нь ЭМДЕГ-ын даргаар дөрвөн жил ажиллахдаа Эрүүл мэндийн даатгалын санг хуу тонож, хагартлаа хөрөнгөжсөн нь 2024 оны намар илэрч, АТГ-ын хаалга татаж байв. Энэ ганцхан томилгооны балгаар эцэст нь Эрүүл мэндийн даатгалын сан хоосорч, эмнэлгүүд санхүүжилтгүй болсон буюу хууль бус томилгоо ямар хортойг харуулах тод жишээ юм. 
ЭХ-НИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН АТГ-Т ШАЛГАГДАЖ БУЙ 10 ЖИЛИЙН НАЙЗ Д.БЯМБАСҮРЭН
 
       Өнгөрсөн нэгдүгээр сард АТГ-аас “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨХК-ийн захирал Д.Бямбасүрэнг авлигын хэргээр баривчилж, гэрээс нь их хэмжээний валют, үнэт эдлэл сэлтийг хурааж авсан байдаг. Улмаар Д.Бямбасүрэн нэг сарын хугацаатай цагдан хорьсон ч хугацаанаас нь өмнө сулласан. Одоогоор хилийн хориг тавьж, гадуур шалгаж буй гэх. 
 
Тэгвэл “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨХК-ийн захирал Д.Бямбасүрэн нь ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэнгийн 10 жилийн найз. Тодруулбал, Д.Бямбасүрэн 1988 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн II сургуулийг ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэнтэй хамт төгссөн. Түүнээс хойш Б.Бямбасүрэн туж Б.Чойжилсүрэнгээс хормойдож яваа. Жишээ нь, 2016 онд Б.Чойжилсүрэн Сангийн сайд болмогцоо Б.Бямбасүрэнг яамныхаа харьяа Төрийн банкны орлогч захирлаар томилж, сард 10 сая төгрөгөөр цалинжуулж байлаа. Дараа нь, 2022 оны наймдугаар сард Б.Чойжилсүрэн ЭХ-ний сайд болмогцоо Б.Бямбасүрэнг яамныхаа харьяа "Эрчим хүчний үндэсний төв" ТӨХК-ийн захирлаар томилсон байдаг. 
 
АРДЧИЛСАН ХУВЬСГАЛТАЙ НАС ЧАЦУУ “ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ”-ЫН ТӨСЛИЙГ Н.ТАВИНБЭХИЙН 10 ЖИЛИЙН НАЙЗ УДИРДАЖ БАЙНА
 
       Тэртээ 1991 оноос хойш 35 яригдаж буй Засгийн газрын 14 мега төслийн нэг “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг Мягмаржавын Баттулга гэгч удирдаж буй.  Тэгвэл “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.Баттулга нь ЭХ-ний сайд асан, АТГ-т шалгагдаж буй Н.Тавинбэхтэй нэг байранд, нэг орцонд, нэг давхарт хөршилж өссөн, Багануурын 64-р сургуулийг нэг ангид хамт сурч төгссөн унаган багын найз нь. Тиймдээ ч Н.Тавинбэх ЭХ-ний сайд байхдаа буюу 2022 оны нэгдүгээр сард багын найз М.Баттулгыг “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилж, өдгөө дөрөв дэх жилдээ ажиллуулж буй. 
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙГ НЭГ АНГИЙН НАЙЗУУД ЭЭЛЖЛЭН УДИРДАЖ БУЙ НЬ ТОХИОЛДОЛ УУ
 
       Өнгөрөгч 2025 онд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн захирлаар одоогийн МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учралын зөвлөх Б.Дөлгөөн ажилласан. 
 
Харин өнгөрөгч 2025 оны арванхоёрдугаар сард “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн захирлаар Даваацэрэнгийн Мөнхбат гэгчийг томилсон. Тэгвэл “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн өмнөх захирал Б.Дөлгөөн, одоогийн захирал Д.Мөнхбат хоёр нь 2001 онд Монгол-Туркийн хамтарсан дунд сургуулийг нэг ангид төгссөн 10 жилийн андууд. Өөрөөр хэлбэл, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 10 жилийн хоёр найз ээлжлэн удирдаж байна гэсэн үг юм. 
 ТӨРИЙН ЯАМЫГ 10 ЖИЛИЙН НАЙЗТАЙГАА НИЙЛЖ УДИРДСАН “ТҮҮХЭН” ТОХИОЛДОЛ
 
     Өмнөх Засгийн газарт Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамыг нэг ангийн хоёр найз нийлж удирдсан түүхэн тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал, 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулагдаж, АН-аас УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар томилогдсон. Улмаар Ж.Батсуурь яамныхаа Төрийн нарийн бичгийн даргаар С.Төмөрхүү гэгчийг томилуулж байв.  
 
Тэгвэл Ж.Батсуурь, С.Төмөрхүү хоёр 1989 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 1-р сургуулийг хамт төгссөн, сурагчийн ширээний найзууд. 2020 оны УИХ-ын сонгуулиар Ж.Батсуурь Сүхбаатар аймагтаа анх нэр дэвшихэд С.Төмөрхүү сонгуулийн ерөнхий менежерээр нь ажилласан. Улмаар сонгуулийн дараа Ж.Батсуурь С.Төмөрхүүгээ өөрийн зөвлөхөөр томилж, төрийн ордонд оруулж ирж байв.  Дараа нь, 2024 оны УИХ-ын сонгуулиар Ж.Батсуурь АН-ын жагсаалтад бичигдэж, харин С.Төмөрхүү нь АН-аас зүүн бүсийн тойрог буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт нэр дэвшсэн. Мэдээж, жагсаалтад багтсан Ж.Батсуурь УИХ-ын гишүүнээрээ улирсан. Харин С.Төмөрхүү нь сураггүй ялагдсан. Гэсэн ч Хамтарсан Засгийн газарт Ж.Батсуурь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд болж, найз С.Төмөрхүүгээ яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга болгож байв. 
   
 

ТАНИЛЦ: ТӨРД ЭРХЭЛСЭН 10 ЖИЛИЙН АНДУУД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188