• Өнөөдөр 2024-05-06

ТАНИЛЦ: АВИЛГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГ, ЁС ЗҮЙН ДУТАГДЛААРАА ПАРЛАМЕНТАД ТЭНЦЭХГҮЙ, НЭР ДЭВШИХ ЭРХЭЭ ХАСУУЛАХ МАН-ЫН ГИШҮҮД

2024-04-24,   586

         МАН-ынхан энэ парламентад үнэмлэхүй олонх гэсэн шиг “дүрэм”-гүй суулаа. Угтаа бол хамгийн сахилга хариуцлагагүй, ёс зүйн зөрчилтэй парламент байж мэдэх түүхэн рекордыг тэд эвдлээ. Хамгийн олон яллагдагчтай, авилга албан тушаалын хэрэгт олонх нь нэр холбогдсон гээд намынхаа дарга нарын чихнээс “хонх” уясан олон асуудал гарч ирсэн ч үнэмлэхүй олонхын хүчээр асуудлыг дэвэргэлгүй дарж, бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байна.

       “Концесчин”, “тендерчин”, “нүүрсчин”, “Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч” гээд хэд хэдэн ангилалд багтах МАН-ынхан намын даргынхаа хэлснээр авилга албан тушаалын хэрэгтнүүдээ чин шудрагаар нэр дэвшүүлэхгүй гэвэл энэ парламентаас лав нэр дэвших хүн олдохгүй биз. Цаашлаад Ардын намынхан ёс зүйн дутагдалтай гишүүддээ өндөр хариуцлага хүлээлгэнэ гэж ам гарч байсан шигээ хэлсэндээ хүрсэн бол өнөөдөр олонх нь ёс зүйн хариуцлага хүлээж, ард түмний өмнө “бөхөлзөж”, уучлалт гуйх гишүүн олон байлаа. Гэвч тэд намын дүрэмдээ зөвхөн шүүхээр таслагдаж, гэм буруутай нь тогтоогдсон гишүүддээ хариуцлага тооцно гэх үгээр ам таглаад, үнэг хуурч сууна. Угтаа бол шүүхэд итгэх иргэдийн итгэл буурч, тэр тусмаа улс төрийн том хэргүүд үнэн зөвөөр шийдэгдэж чадаж байгаа эсэх энэ цаг үед МАН-ыг ёс зүйн хариуцлага тооцохыг хүлээвэл “Бухын доодохыг харж үнэг турж үхэв” гэгч болох юм байна. Тэгвэл авилга, албан тушаалын хэрэг, ёс зүйн дутагдлаараа парламентад тэнцэхгүй, нэр дэвших эрхээ хасуулах МАН-ын гишүүдийг танилцуулж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.НАРАНБААТАР

      УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, Улсын ерөнхий прокуророос бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүртэл орж байсан. Улмаар МАН, АН гэлтгүй түүнийг “хамгаалж” бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн авч үлдэж байлаа.

            Өмнөговь аймгийн Засаг даргаас УИх-ын гишүүн болж дэвшсэн тэрбээр 2020 оны сонгуулиар намынхаа санхүүжилтэд багагүй дэмжлэг үзүүлсэн гэгддэг. Тиймдээ ч нүүрсний хулгайд нэр холбогдоход нь намынх нь гишүүд авч үлдсэн гэх яриа ч олны дунд бий. Н.Наранбаатар гишүүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж яллагдагчаар татсан хэмээн Улсын ерөнхий прокурор мэдэгдэж байлаа. Хэдийгээр нэг удаа бүрэн эрхээ дуустал суух эрх өвөртөлсөн ч дараагийн удаа дэвших эрхээ хязгаарлуулсан гэх. Энэ парламентад чимээгүй кнопны эрхийг гүйцэтгэсээр бүрэн эрхээ дуусгах нь бололтой.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН

Нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдан шалгуулж, шүх дээр хэрэг нь “гацсан” Б.Энх-Амгалан ирэх сонгуулиар нэр дэвших эрхээ хасуулах нь бололтой.

         УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нар нүүрсний хэргээр шүүхэд дуудагдсан ч удаа дараа шүүх хурал нь хойшилж буй.

    Тэднийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан үндэслэлээр буруутган, яллагдагчаар татан Авлигатай тэмцэх газарт шалгаж байсан юм. Улмаар хэрэг нь прокурор руу шилжиж, шүүхэд шилжсэн.

      УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгаланг 2019-2020 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татсан байдаг. Харин З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАР

       Нүүрсний хулгайн хэргийг АТГ-аас зарлахад УИХ-ын нэр бүхий долоон гишүүний зарлаж байсны тав нь эрх баригч намынх байв. Түүн дотор УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гэх хэргээр шалгагдаж байсан юм. Ёс зүйн асуудлаар шүүх, цагдаад дээр шалгагдаж байсан ч хэргээсээ “мултарч” чадсан ч нүүрсний хулгайн хэрэг дахин дуулиан дэгдсэн.

       Хэдийгээр тэрбээр өөрөө УИХ-д дахин нэр дэвшихээ илэрхийлсэн ч дэвшүүлэхгүй байх магадлалтай. Монголын толгой баячуудын нэг гэгдэх тэрбээр намынхаа гол санхүүжүүлэгчдийн нэг гэдгээрээ дахин горилж байх магадлалтай. Нүүрсний дуулианаас чимээгүй мултарч амжсан тэрбээр ирэх хавар газрын асуудлаар УИХ-д дууда магадлалтай. Тодруулбал,  Ц.Анандбазар Дархан цаазат Богдхан уулын Бага тэнгэрийн амыг баячуудын “бяцхан” хот болгож, их наяд төгрөг давсан асар их ашиг олсон.

       Тооцож үзвэл, Ц.Анандбазар Бага тэнгэрийн аманд тансаг зэрэглэлийн 160 айлын амины хаус барьж, нэг бүрийг нь 4-5 тэрбум төгрөгөөр буюу нийт 720 тэрбум төгрөгөөр худалдсан. Нэмээд 172 айлын гурван орон сууц барьсан гэхээр, нийлүүлж тооцвол олсон ашиг нь их наяд төгрөг давсан гэсэн үг. Өдгөө Бага тэнгэрийн ам Ц.Анандбазарын “хаант улс” мэт болж, цэрэг эрээн хувцастай хамгаалагч нар хаусны эздээс бусад хэнийг ч оруулахгүй, хавьтсан, ойртсон болгоныг хөөж туудаг болсон. Бага тэнгэрийг амыг ийн эзэгнэхийн сацуу “Сод монгол” компаниараа төрийн байгууллагуудад шатахуун “шахаж”, тэрбум давсан өртөгтэй тендерүүдийг тэр л ганцаараа шахуу түүдэг болсон. Тэр байтугай, “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн 38 тэрбум төгрөгийн тендерт шалгарахын тулд хуурамч бичиг баримт үйлдсэн хэрэгт ч холбогдож амжсан.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР

        Банк санхүүгийн асуудал ярихаараа Б.Баттөмөрийг МАН урдаа барьдаг байлаа. Банкны хүн гэсэндээ “санхүүгийн аргаар” нүүрсний хэрэгт холбогдсон гэх нь ч бий. АТГ-аас нүүрсний хэргийг зарлахад тэргүүн эгнээнд бичигдсэн гишүүдийн нэг нь Б.Баттөмөр. Гэвч тэрбээр “Би нүүрс хулгайлах нь битгий хэл нүүрс гэж юу байдгийг мэдэхгүй” хэмээн мэлзсэн ч удаатай.

      Түүний хувьд шатахууны бизнест шил даран зогсох МАН-ын санхүүжүүлэгчдийн нэг. Түүний “Тэс петролиум” ХХК нь төсвийн байгууллагууд, төрийн өмчит үйлдвэр, уурхай, компаниудыг шатахуунаар хангах 82 тендерт оролцож, талд нь шалгарсан. Нүүрсний хулгайн хэрэгт холбогдож муу нэр зүүхээсээ өмнө ЖДҮ-ийн зээлд нэр холбогдсон: Ёс зүйн байнгын хороог даргалж байгаа тэрбээр өөрөө ч ёс зүйн хариуцлага хүлээж мэдэх нэгэн.

УИХ-ЫН ГИШҮҮН Ё.БААТАРБИЛЭГ

      Хөгжлийн банкны хэргээр МАН-аас туг тахиулсан Ё.Баатарбилэг анхан шатны шүүх хуралдаанаар зургаан жилийн ял авч, нийтийн албанд томилогдох эрхээ дөрвөн жил хасуулсан ч, давж заалдах шатны шүүхээр хэргээ цагаатгуулсан.  Анх УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг бусдаас их хэмжээний авлига авсан, албан тушаал, эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас шалгаж, яллагдагчаар татсан байдаг.

       Тодруулбал, шалгалтын явцад 2017 онд Хөгжлийн банкнаас “НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэг нь  21 сая ам.долларын зээл авахад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг оролцож, туслалцаа үзүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, түүнийг яллагдагчаар татаж, эцэст нь шүүхээс зургаан жилийн хорих ял оноосон юм. Улмаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр түүнд холбогдох хэргийг цагаатгаснаар сонгуульд горилох эрх нь бүрдсэн ч нам нь хүлээж авахгүй нь бололтой.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН

         Г.Амартүвшин 2019 оны сүүлийн хагаст Монголын Улсын Хөгжлийн банкны захирлаар ажилласан хугацаандаа 327 тэрбум төгрөгийн зээлийг толгой мэдэн гаргасан. Тухайн үеийн зээлдэгчдийнх нь дунд 33 тэрбум төгрөгийн зээл авсан “Вертекс майнинг сервис” гэх компани багтсан байгаа юм. Тус компани гурван хувьцаа эзэмшигчтэй  бөгөөд 2018 онд автомашины засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр байгуулагдсан байдаг.

        УИХ-ын гишүүн Г.Дамдинням, “Глобал майнинг сервис” ХХК, Дэлхийгээр аялагчид” группийн үүсгэн байгуулагч, аялагч Ө.Батбаяр нар байсан Улсын Бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны мэдээлэлд “Вертекс майнинг сервис” компанийн  гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай овог нэгт Хассуурийн Хашчимэг гэгч ажилладаг.  Х.Хашчимэг болон УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нар бол төрсөн ах дүү. Х.Ганхуяг нь “Хэра инженеринг”-ийн 50 хувийг эзэмшдэг бол түүний охин компани “Хера инвенстмент”-ийн 10 хувийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням эзэмшдэг. Ийм ашиг сонирхол нэгтэйгээр Хөгжлийн банкны хэрэгт холбогдож байсан түүхтэй.

Г.Амартүвшингийн хувьд МАН-ын шинэ залуу боловсон хүчин гэгдэж байсан ч УИХ-д суух хугацаандаа Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон. Угтаа бол авилга, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон МАН-ын “муу” нэртүүдийн нэг юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БОЛОРЧУЛУУН

       ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны ЖДҮ-гийн дуулиан дарагдаагүй хэвээр байна. Дорнодын гурил ХХК-иараа дамжуулж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гэгдэг ч өдгөө салбарын сайдаар нь томилогдох хүртлээ намдаа нөлөөлж чадсан. Хэдийгээрээ түүнийг давхар дээлтэй сайдын суудлаар шагнасан ч дахин сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэх яриа бий.

      Тэрбээр боодол өвс, ууттай хэвэг тараахын тулд зудтай цагт бүхэл бүтэн яамаар, том машин хөлөглөн малчдад төвөг удсан гэх дуулианы гол бай болоод байна

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР

      АТГ-ын мөрдөгчид “хулхи ногоон”-уудын хэргийг мөрдөн шалгасны эцэст шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон. Өнгөрсөн хугацаанд АТГ-аас 141 хүнийг “хулхи ногоон”-ы хэрэгт гэрчээр дуудаж байцаасан. Эцэст нь, “хулхи ногоон”-ы хуйвалдаанд Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар тэргүүтэй 27 албан тушаалтан оролцсон нь хөдөлшгүй баримтаар тогтоогдож, улмаар шүүхэд шилжүүлж буй аж.

 Мөн хулхи ногоон”-ы хэргээс болж 134,5 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 11.9 тэрбум төгрөгийн бэлнээр төлүүлсэн, бусдаасаа арай дөнгүүр гэж үзсэн 46.1 тэрбум төгрөгийн автобуснуудыг нийслэлийн өмчид хүлээж авсан гэх. “Хулхи ногоон” автобусны нэг бүр нь 400 сая төгрөгийн үнэтэй гэхээр 46 тэрбум төгрөг нь 115 ширхэг автобус гэсэн үг юм. Харин үлдсэн 74.5 тэрбум төгрөгийг төлүүлэхийн тулд “Тэнүүн-Огоо” ХХК-ийн өмчлөлийн барилга, байгууламж, автобус, агуулах баазыг лацадаад байна. Энэ хэргийн “гол буруутан” нь УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар болоод байна. Тэр сайдын суудлаасаа бууж, гишүүний суудлаасаа зууран барин шалгуулж байгаа юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УНДРАМ

       Ёс зүйн хариуцлага хүлээж нэр дэвших эрхээ хасуулах гишүүдийн эгнээнд УИХ-ын гишүүн Ч.Ундрам бичигдэх нь тодорхой. Угтаа бол цахим сүлжээнд түүний хүүхдүүдтэйгээ харилцаж буй бичлэг цацагдсан нь ийн түүний улс төрийн карьераас хойш чангаах болсон гэнэ.

     Ерөнхий сайд хэлсэндээ хүрч гишүүддээ ёс зүйн хариуцлага тооцвол намаасаа хатуу сануулга авах гишүүдийн нэг гэгддэг. Түүгээр ч зогсохгүй Ч.Ундрамын аав буюу “Өсөх зоос”-ийн Ч.Чинбат уул уурхайн том бизнесүүдийн төлөөлөл. УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбат өдгөө “Өсөх зоос” ХХК-аараа Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байх Хүрэн шандын нүүрсний уурхай, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байх Эрвэй хошууны уурхай болон Дорноговь аймгийн Даланжаргал сумын нутагт байх Бор толгойн орд, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт байх Хөх булагийн ордыг тус тус эзэмшиж буй. Хөх булагийн ордоо ухаж эхлэхийн тулд Хөгжлийн банкнаас 10 тэрбумын зээл авсан байсан ч 2022 онд илчлэгдэж, олон нийт охин Ч.Ундрам руу нь “дайраад” эхэлмэгц өдөр нь шахуу төлчихсөн байдаг. Илүү ноцтой нь, Ч.Чинбат 2018 онд Тавантолгойн уурхайгаас Цагаандэл уулын боомт хүртэлх 270 км авто замын концессыг авч, Засгийн газартай гэрээлсэн. Энэ төслөө улс төрийн гацаагүй урагшлуулахын тулд охин Ч.Ундрамыгаа УИХ-ын гишүүн болгуулсан ч гэдэг.


УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭРДЭНЭБАТ

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс, найз Х.Бат-Эрдэнэ нартайгаа хуйвалдаж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Нарийн сухайтын нүүрсний уурхайн хажууд байх Улаан сайр-II гэх ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг өөрсдийн болгосон нь илчлэгдэж, торны цаана сууж байсан. Тодруулбал, Засгийн газраас Өмнөговь аймгийн Тост, Тосон бумба, Сэлэнгэ аймгийн Ноён уул болон Булган аймгийн Тэшиг сумын нутгийн зарим хэсгийг улсын тусгай хамгаалалтад авч, тухайн байршлуудад олгогдсон байсан уул уурхайн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан. Улмаар тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан компаниудад нөхөн олговор хэлбэрээр өөр байршилд тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу Ж.Эрдэнэбат 2017 оны есдүгээр сарын 13-нд нөхөн олговрын зориулалтаар олгох тусгай зөвшөөрлийн талбайн солбицол батлах тухай тогтоол гаргаж, улмаар “Элбэг орд” ХХК-д Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт XV-20923 дугаартай Улаан сайр-I , XV-20922 дугаартай Улаан сайр-II талбайг олгосон байдаг.

             Гэтэл үүнээс гурван сарын дараа буюу 2017 оны арванхоёрдугаар сарын 21-нд “Элбэг орд” ХХК нь XV-20922 дугаартай, 1463.8 га талбай бүхий Улаан сайр- II хайгуулын тусгай зөвшөөрлөө Ж.Эрдэнэбат, түүний Ж.Эрдэнэтөгс хоёрын хамтран эзэмшдэг “Хэрх-Илч” ХХК-д шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд байхдаа Нарийн сухайтын нүүрсний уурхайтай хаяа залгаа Улаан сайр-II ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Элбэг орд” ХХК-д өгч, улмаар Ерөнхий сайдаас буусныхаа дараа тус орд газрыг төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэйгөө хамтран эзэмшдэг “Хэрх-Илч” ХХК-даа шилжүүлж авсан гэсэн үг. Товчхондоо, Ж.Эрдэнэбат Улаан сайр-II тусгай зөвшөөрлийг өөрийн болгохын тулд “Элбэг орд” ХХК-ийн нэрийг ашигласан.

           Ж.Эрдэнэбат, Ж.Эрдэнэтөгс нар Улаан сайр-II тусгай зөвшөөрлийг өөрсдийн болгосон ч хайгуулын ажлаа эхлүүлэх санхүүжилт хэрэгтэй болсон. Тиймээс Ж.Эрдэнэбат 2018 оны долдугаар сарын 5-нд XV-20922 дугаартай, Улаан сайр-II  тусгай зөвшөөрлөө өөрийн найз “Алтай групп”-ийн Ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан “Бэст лэнд майнинг” ХХК-д шилжүүлсэн. “Бэст лэнд майнинг” ХХК нь энэ тусгай зөвшөөрлийг шилжүүлж авахаасаа хоёрхон сарын өмнө  буюу 2018 оны тавдугаар сард байгуулагдсан компани байсан. Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбат, Х.Бат-Эрдэнэ нар Улаан сайр-II тусгай зөвшөөрлийг ашиглахад зориулж, “Бэст лэнд майнинг” ХХК-ийг байгуулсан гэдэг.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭН

       УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар урилга заллагатай ирсэн хэмээн томордогч сайдын суудалд суух гэж хамгийн их хэл ам хийсэн нь түүнийг гэдэг.  “10 хувийн” гэх нэр хоч зүүтлээ, улс төрд “шантааж хийдэг Ц.Даваасүрэн Барилга хот байгуулалтын салбарт мөн л хийсэн ажлаасаа илүүтэй хэлсэн үг нь ихэдсэн гэх шүүмжлэл ч олны дунд байсаар байна.

Ийн Ардын нам ёс зүйн өндөрлөгөө эргэж харахгүй бол парламентын босго улам бүр намсаж, түүний гороор авилга албан тушаалын хэрэг улс төрд цэцэглэх боллоо.

 

 


ТАНИЛЦ: АВИЛГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГ, ЁС ЗҮЙН ДУТАГДЛААРАА ПАРЛАМЕНТАД ТЭНЦЭХГҮЙ, НЭР ДЭВШИХ ЭРХЭЭ ХАСУУЛАХ МАН-ЫН ГИШҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-24 21:12:49
    мөнх : Эрдэнэбат Болорчулуун Даваасүрэн ер нь бүгдийг нь зайлуулдаг хэний хүчинд эд. нар явдагийг сануулцгаая ард түмэн минь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-24 19:06:26
    Новшнууд: Ундрамаас эхлээд новшнууд зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө л явжээ. Өөрсдийнхөө төлөө биш бусдын төлөө, ард иргэд, төр улсын зүтгэх ёстой юм. Тэгсэн бол улс маань босоод ирнэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-24 12:19:16
    ард: Цаазын ял сэргэсэг цагт Монгол Улс хөгжинөө Өлөн тураалууд дуусахгүй Монголыг самарч дууслаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-24 10:01:04
    элбэгдорж: энэ ундрам гэгчээс царайнаас нь л точиго үнэртээд байх шиг сонин наль наль хүүхэн шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-24 09:43:03
    зууна: Ундрам завхайрал, хүчирхийлэл, концесс, зээл,ээс гадна вакцины мөнгөнөөс хулгайлсан байдаг 9 шид бүрдсэн хүүхэн дээ нөхөрөө ам руу нь 10 тэрбум Д гэх муисын багшид 1 тэрбум өгөөд амыг нь барьсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-24 08:36:07
    Зочин: Дутуу л байна даа, Хотын газар, концесс, тендерчин, БЗС, лиценз гээд бусдыг нь яагаад орхиод байгаа юм бол бичих бол бүгдийг л ялгаварлан гадуурхахгүй бүгдийг л бичил дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188